A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 214 дүгээр
            тогтоолын хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН ГЭР ХОРООЛЛЫН ӨРХӨД ЦАХИЛГААНЫ
ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 
Нэг. Нийтлэг үндэслэл

  1.1. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Хөнгөлөлтөд хамрах хүрээ

2.1. Агаарын тухай хуулийн 14.1-д заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар бууруулж, хөнгөлөлт үзүүлнэ.

2.2. Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулан Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.

2.3. Цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацааг 21.00 цагаас   06.00 цагийн хооронд тооцно.

2.4. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргатай хамтран жил бүр шинэчлэн тогтоож, хүйтний улирлын өмнө нийтэд мэдээлнэ.

Гурав. Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага,
хэрэглэгчийн эрх, үүрэг

3.1. Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага нийслэлийн гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөж, шинэчлэхтэй холбогдсон судалгаа, тооцоог хийсний үндсэн дээр цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авна.

3.2. Цахилгаан эрчим хүчээр хангагч байгууллага нь цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлсэн мэдээг гаргаж, холбогдох газарт тайлагнана.

3.3. Хэрэглэгч нь хүйтний улирлын орой, шөнийн цагт зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар цахилгаан хэрэглэнэ.

3.4. Хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд цахилгааны болон галын аюулгүй ажиллагааг хангасан байна.


Дөрөв. Хяналт тавих, хариуцлага

4.1. Нийслэлийн мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал хариуцсан байгууллага хэрэглэгчийн цахилгаан тоноглолын аюулгүй байдалд хяналт тавина.

4.2. Цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх асуудалтай холбоотой маргааныг Эрчим хүчний зохицуулах хороо хүлээн авч, зохих журмын дагуу дүгнэлт гаргана.

4.3. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрвөл шүүхэд хандаж болно.

4.4. Энэхүү журмыг зөрчсөн хэрэглэгч, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

 


-  оОо  -