A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ САНГИЙН МЭДЭЭГ АШИГЛУУЛАХ, ТҮГЭЭХ, ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ, ОРЛОГЫГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ /БОАЖС, СС-ын 2018 оны А/128/108 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС, СС-ын 2018 оны А/128/108 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Байгаль орчны сайд, Сангийн сайдын

1999 оны 154/201 тоот тушаалын хавсралт

 

БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ САНГИЙН МЭДЭЭГ АШИГЛУУЛАХ, ТҮГЭЭХ, ОРЛОГО БҮРДҮҮЛЭХ, ОРЛОГЫГ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Байгаль орчны мэдээллийн төв санд /цаашид сан гэх/ бүрдүүлсэн мэдээ, зураг, баримт, тайлан, зохиогчийн эрхэд хамаарах бүтээл зэргийг /цаашид мэдээ баримт гэх/ үнэлэх, ашиглуулах, хэрэглэгчдэд түгээх, мэдээллийн сангийн орлого бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2.Сангийн үйл ажиллагааг хариуцагч байгууллага, албан тушаалтан тухайн жилийн орлого, зарлагын төлөвлөгөөний төслийг "Төсвийн тухай хууль"-д заасан хугацаанд холбогдох танилцуулга тооцооны хамт, Сангийн яаманд хүргүүлж, Монгол улсын төвлөрсөн төсвийн төсөл, гүйцэтгэлийн тайланд тусгуулж байна.

 

Хоёр.Байгаль орчны мэдээллийн төв сангийн захирагчийн эрх үүрэг

2.1.Байгаль орчны мэдээллийн төв санд бүрдүүлсэн орлогыг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан /цаашид захирагч гэх/-г Мэдээллийн төв санг бүрдүүлэх журмын 3 дугаар зүйлийн 23 дугаар заалтын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар томилогдоно.

2.2.Захирагч нь хэрэглэгчдийн шаардлага сонирхолд нийцүүлэн мэдээг ашиглуулах үйл ажиллагааг зохион байгуулах, үр ашгийг нь дээшлүүлэх, сурталчлах, хэрэглэгчдийн хүрээг өргөтгөх, мэдээг шинэчлэх, өөрчлөх, нууцлах, хадгалах, архивлах, ашиглуулах, худалдах, худалдан авах зөвшөөрөл олгох, орлогыг захиран зарцуулах талаар шийдвэр гаргах эрхтэй.

2.3.Захирагч нь тус сангийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлт хийх, мэдээллийн үзүүлэлт, жагсаалт, аргачлал, зааврыг батлах, зөвшөөрөл олгох зэрэг асуудлаар шийдвэр гаргана.

2.4.Захирагч нь мэдээлэл боловсруулалтанд шаардлагатай баримт бичиг үйлдэх, анхдагч бүртгэл хөтлөх, үнэн зөв мэдээлэл гаргаж хэрэглэгчдийг хангах талаар зөвөлгөө өгөх, захирамж гаргах эрхтэй болно.

2.5.Сангийн захирагч нь албан үйл ажиллагаандаа Байгаль орчны яамны албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдгийг хэрэглэж болно.

2.6.Мэдээллийн төв сангийн үйлчилгээний төлбөр, хураамжийг шилжүүлгээр болон бэлнээр авч, орлогыг хуримтлуулах бөгөөд санхүүжилтын ажлын зарлага, гүйлгээг Сангийн яамны зөвшөөрлөөр банкны байгууллагад нээсэн тусгай харилцах дансаар хийж гүйцэтгэнэ.

2.7.Санд бүрдүүлсэн мэдээг үнэлэх, ашиглуулах, үйлчилгээний үнийн төслийг боловсруулах шалгуурыг зохиох үүрэг бүхий мэдээллийн магадлан шалгах зөвлөлийг захирагчийн санал болгосноор байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.

2.8.Магадлан шалгах зөвлөлийн гишүүдэд хагас болон жилийн эцэст тухайн гишүүдийн ажлын үр дүнг үндэслэн, захирагчийн шийдвэрээр мэдээллийн төв сангийн орлогоос зохих хэмжээний мөнгөн урамшууллыг олгож болно.

 

Гурав.Мэдээллийн төв санд бүрдүүлсэн мэдээг ашиглуулах, түгээх үйл ажиллагаа

3.1.Мэдээллийн төв санд бүрдүүлсэн байгаль орчин, экологийн эрх зүйн тусгай обьектууд /газар, газрын хэвлийн, түүний нөөц баялаг, ой, ус, амьтан, ургамал, агаар, хөрс/ тэдгээрийн холбогдолтой бүх төрлийн мэдээ, мэдээлэл төрийн өмч байна.

3.2.Мэдээллийн төв санд бүрдүүлсэн мэдээ, мэдээлэл, баримт, зураг зохиогчийн эрхэд хамаарах бүтээл зэрэг сангийн өмчийг Мэдээлэл тооцооллын төв, тухайн асуудлыг хариуцсан албан тушаалтан захирагчийн зөвшөөрлөөр зориулалтын дагуу баяжуулан шинэчлэх, ашиглуулах, хамгаалах, нууцлалыг хадгалах үүрэг хүлээнэ.

3.3.Мэдээний ашиглалтын талаар мэдээллийн санг хариуцагч нь хэрэглэгчидтэй гэрээ хийж, энэхүү журамд дурьдсан хариуцлагыг харилцан хүлээх талаар тохиролцоно.

3.4.Мэдээгээр үйлчлүүлэгчид, хэрэглэгчид нь мэдээний бүрэн бүтэн байдал, хадгалалт, нууцлалыг хариуцахаас гадна уг мэдээг агуулсан файл, диск, зураг, тайлан зэргийг бусдад дамжуулах, худалдах, өөрчлөх, хувилан олшруулах, зохиогчийн эрхийг хөндөх зэргээр ашиглахыг хориглоно.

3.5.Мэдээг бүтээл туурвих, судалгаа, сурталчилгаа хийх зорилгоор ашиглахдаа ашиглагч нь уг мэдээгээр үйлчилсэн мэдээллийн сангийн нэр, хаяг, мэдээ эзэмшигчийн нэрийг заавал ишлэл авч байна.

3.6.Мэдээг ашиглагч нь эх мэдээний зохиогчийн гаргасан гол утга санааг өөрчлөхгүйгээр шинэ мэдээгээр баяжуулан, дүн шинжилгээ хийх үүднээс боловсруулалт хийж засварлан хэрэглэж болно.

3.7.Мэдээг дараахь тохиолдолд үнэ төлбөргүй ашиглуулна. Үүнд:

3.7.1.Улсын болон хүн амын аюулгүй байдалтай холбоотой, улс орны чухал ач холбогдолтой стратегийн чухал асуудлыг шийдэх, Засгийн газрын үндсэн үүрэг болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардагдах байгаль цаг уурын онц аюултай өөрчлөлт, байгалийн гамшгийн мэдээгээр холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэ төлбөргүй үйлчилнэ.

3.7.2.Төрийн захиргааны болон тэдгээрийн харьяа байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд, коллежууд зэрэг төсвийн болон улс орны нийгэм эдийн засаг байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа байгууллагуудад улсын төсвөөр бүрдүүлсэн мэдээллээр үнэ төлбөргүй үйлчилнэ.

3.8.Байгаль орчны болон "БОХ" маягтын статистик мэдээллийг албан ёсны бус хэрэгцээнд авч ашиглагч нь мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй.

 

Дөрөв.Мэдээллийн сангийн мэдээг үнэлэх, орлогыг бүрдүүлэх, зарцуулах

4.1.Мэдээг холбогдох хуулиуд болон төв санг бүрдүүлэх журмын 20 дугаар заалтын дагуу тус сангийн мэдээ баримтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулахын тулд мэдээний ач холбогдлоос хамааран ялгаатай үнэ тогтооно.

4.1.1.Мэдээний тойм үнийн дээд, доод хязгаарыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

4.1.2.Судалгаа шинжилгээний буюу нарийн дүн шинжилгээ хийж боловсруулагдсан, чухал ач холбогдолтой мэдээг түүнийг боловсруулахад гарсан зардал, хугацаа, өртөгийг харгалзан энэхүү журмын 2.7 дугаар заалтын дагуу магадлан шалгах зөвлөлийн гаргасан санал дүгнэлтийг үндэслэн тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон хязгаарт багтаан үнэ тогтооно.

4.1.3.Зохиогчийн эрхэд хамаарах мэдээ болон бүтээлийн үнийг тогтоохдоо, магадлан шалгах зөвлөл зохиогчтой зөвшилцөж гаргасан үнийн саналыг Байгаль орчны сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж батлана.

4.1.4.Төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны бүх шатны байгууллага, түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн байгаль орчны холбогдолтой судалгаа шинжилгээний ажлын тайлан, мэдээ, баримт, зураг, бүртгэл, тооцоо, бүтээл зэргийг мэдээллийн санд үнэ төлбөргүйгээр хүлээн авч, бүртгэсний дараа мэдээллийн төрлөөр ялган үнэ тогтооно.

4.1.5.Мэдээ баримт ашиглуулсны төлбөр нь мэдээг ямар зориулалтаар ашиглаж байгаа болон эрэлт хэрэгцээ, шаардлагаас хамаарч уян хатан байж болох бөгөөд жил бүр өөрчлөлт хийж болно.

4.2.Мэдээллийн сангийн орлого нь байгаль орчны холбогдолтой мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хангах, мэдээг судалгаа шинжилгээ явуулах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ өгөх, төсөл боловсруулах ажилд ашиглуулах үйлчилгээний төлбөрийн орлогоос бүрдэнэ.

4.3.Байгаль орчны мэдээллийн төв санд орлого хуримтлуулах эх үүсвэр, орлогын хэмжээг харгалзан сангийн орлогоос тухайн жилд зарцуулах, ашиглах хөрөнгийн хэмжээг зориулалт тус бүрээр нь сан хариуцагч гаргах бөгөөд уг төсвийг сангийн яамтай зөвшилцөн Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.4.Санд хуримтлуулсан орлогын хэмжээнээс хамааран мэдээллийн төв санд мэдээ бүрдүүлэхэд шаардагдах тухайн жилийн зардлыг нөхөн санхүүжүүлж, үлдэх хэсгийг уг журамд заасан зориулалтаар зарцуулж болно.

4.5.Сангийн үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар баталгаажуулж, мөрдүүлэх бөгөөд уг үйлчилгээнээс олсон орлогоос байгаль орчны мэдээллийн төв санд бүрдүүлэх мэдээ, зураг, баримтыг худалдан авахад зориулан зарцуулж болно.

4.6.Мэдээллийн сангийн мэдээ, мэдээллийн ашиглалт, үйлчилгээнээс олсон орлогыг дараахь үйл ажиллагаанд зарцуулна.Үүнд:

4.6.1.Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний талаархи төсвийн бус хөрөнгөөр буй болсон шаардлагатай чухал мэдээг худалдан авах;

4.6.2.Нэн чухал зурган болон ховор мэдээг сэргээн засварлах, шинээр олшруулах, хувилах, хэвлэх, шинэчлэх;

4.6.3.Программ хангамж, техник, технологийг сайжруулах, мэдээ, мэдээллийг найдвартай хадгалах, зөөвөрлөх, дамжуулах, нууцлах зориулалтын техник хэрэгслэлийг худалдан авах, суурилуулах, засвар үйлчилгээний төлбөрийг төлөх;

4.6.4.Байгалийн баялгийн нөөц, байгаль орчны төлөв байдлын хувьсал өөрчлөлтийн байдлыг судлан тогтооход шаардлагатай мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүгнэлт, шийдэл гаргах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

4.6.5.Байгаль орчны төв мэдээллийн санд мэдээ бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ховор мэдээ, зураг бүрдүүлж өгсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах;

4.6.6.Экологийн боловсрол, мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

4.6.7.Байгаль орчны мэдээллийн сангийн үйл ажиллагаатай холбогдсон семинар, сургалт, уулзалт, хурал зохион байгуулах, орон нутгийн мэдээллийн дэд сангуудын үйл ажиллагааг дэмжих;

4.6.8.Байгаль орчны мэдээллээр үйлчилгээ явуулах, мэдээллийн эмхтгэл танилцуулга, сангийн бусад баримт бичгийг хэвлэн нийтлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх;

4.6.9.Иргэн, төрийн өмчийн бус, аж ахуйн нэгж байгууллагын өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн буюу улсын захиалга, олон улсын байгууллага, гадаад орны тусламжийн хөрөнгөөр гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлын тайлан, зураг, төсөл, байгалийн баялгийн ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн талаархи мэдээг, мэдээллийн төв санд болон тухайн асуудалд хамаарах дэд, төрөлжсөн дэд сангуудад Төрийн захиргааны төв байгууллага болон зохих шатны Засаг даргын тамгын газар, экспертийн зөвлөлийн санал дүгнэлт болон сангийн захирагчийн зөвшөөрлөөр, зохих үнэ төлбөртэйгээр хүлээн авна.

 

Бусад зүйл

5.Байгаль орчны мэдээллийн төв сангийн орлогын зарцуулалтын үйл ажиллагаанд тус яамны төрийн захиргаа, үнэлгээ мэдээллийн газар хяналт шинжилгээ хийж, дүгнэлт гарган үнэлгээ өгч, төв сангийн захирагч ерөнхийд нь хяналт тавина.

6.Сангийн орлогыг төвлөрүүлж байгаа байгууллага буюу хариуцсан албан тушаалтан, сангийн орлогоос захирагчийн зөвшөөрөлгүй дур мэдэн зарцуулахыг хориглоно.

7.Захирагч нь мэдээллийнтөв сангийн орлогыг энэхүү журамд заагдаагүй буюу зориулалтын бус зүйлд зарцуулсан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

 

 

---------оОо-------