- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НАСНЫ ХИШИГ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 31 дүгээр
тогтоолын хавсралт
НАСНЫ ХИШИГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. ахмад настанд улсын төсвөөс насны хишиг олгохтой холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.(Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
1.2. Насны хишгийг Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн ахмад настанд олгоно. Ахмад настан нь насны хишгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан авч болно. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
1.3. Ахмад настан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч насны хишгийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан банкаар дамжуулан авна.
1.4. Ахмад настны насыг тооцохдоо регистрийн дугаарын төрсөн он, сар, өдрийг үндэслэнэ.
Хоёр. Насны хишиг авах ахмад настны хүсэлтийг
хүлээн авах, хянан шийдвэрлэх
2.1. Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн ахмад настан, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн ахмад настны оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтанд хандан насны хишиг авах хүсэлт гаргана. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
Хүсэлт гаргахдаа дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлж өгнө:
2.1.1. ахмад настны иргэний үнэмлэх, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа;
2.1.2. итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, эсхүл иргэний үнэмлэхийн лавлагаа;
2.1.3. Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд байнга оршин суугчийн үнэмлэх. (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор нэмсэн)
2.2. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу гэрчлүүлнэ. Суманд нотариатч ажиллаагүй тохиолдолд сумын Засаг даргын Тамгын газрын дарга Нотариатын тухай хуулийн 10.2-т заасны дагуу итгэмжлэлийг гэрчилнэ.
2.3. Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэхүү журмын 2.1.1, 2.1.2, 2.1.3-т заасан баримт бичгийг хүлээн авч тухайн иргэний мэдээллийг энэхүү журмын хавсралтаар баталсан өргөдлийн маягтыг цахим хэлбэрээр бөглөн журмын 2.1-д заасан иргэнээр гарын үсэг зуруулж баталгаажуулан уг хүсэлтийг хүлээн авсан хугацааг өргөдөлд тодорхой бичнэ.(Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор нэмэлт орсон)
2.4. Сум, хорооны нийгмийн ажилтан энэхүү журмын 2.1.1, 2.1.2, 2.1.3-т заасан бичиг баримтыг хуулбарлан өргөдөлд хавсарган анхан шатны баримт бүрдүүлэн аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.(Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор нэмсэн)
2.5. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь анхан шатны баримтыг үндэслэн Нийгмийн халамжийн мэдээллийн систем (WAIS)-д бүртгэж, тухайн аймаг, дүүргийн хэмжээнд насны хишиг авах ахмад настны нэрсийн жагсаалтыг гаргана.
2.6. Аймаг, дүүргийн улсын бүртгэлийн байгууллага нь нас барсан, харьяатаас гарсан иргэний талаарх мэдээллийг тухайн жилийн 1 болон 6 дугаар сарын 15-ны дотор аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.7. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага насны хишиг авах ахмад настны нэрсийн жагсаалтыг энэхүү журмын 2.6-д заасан мэдээлэлтэй тулгаж, шалган баталгаажуулж нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан банкинд 1 болон 6 дугаар сарын 20-ны дотор цахим хэлбэрээр хүргүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.8. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн газар насны хишиг олгох санхүүжилтийг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын халамжийн сангийн дансанд 1 болон 6 дугаар сарын 20-ны дотор шилжүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.9. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад бүртгэлтэй насны хишиг авах ахмад настны нэрсийн жагсаалтыг үндэслэн санхүүжилтийг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад 1 болон 6 дугаар сарын 23-ны дотор шилжүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.10. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь насны хишиг олгох санхүүжилтийг 1 болон 6 дугаар сарын 25-ны дотор гэрээт банкинд шилжүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.11. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмад настан тухайн асрамжийн байгууллага байрлаж байгаа орон нутгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад энэхүү журамд заасны дагуу насны хишиг авах хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ.
2.12. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн иргэний мэдээллийг эдгээр байгууллага нь байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад 1 болон 6 дугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2.13. Ахмад настан нь засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьшсан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас хасалт хийлгэж, шилжин очсон нутаг дэвсгэрийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад бүртгүүлэн насны хишгээ үргэлжлүүлэн авна.
Гурав. Насны хишиг олгох
3.1. Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сарын шинийн 3-ны өдөр болон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр 7 дугаар сарын 15-ны өдрөөр тооцон Ахмад настны тухай хуулийн 12.2-т заасан насанд хүрсэн ахмад настанд мөн хуулийн 12.3.1-12.3.4-т заасны дагуу насны хишиг олгоно. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.2. Энэхүү журмын 3.1-д заасан ахмад настан, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн жилийн 1 болон 6 дугаар сарын 25-ны өдрөөс хойш нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан банкаар дамжуулан насны хишгийг авна. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
3.3. Тухайн банк нь ахмад настанд насны хишиг олгохдоо доод үлдэгдэлгүй нэрийн дансыг үнэ төлбөргүй нээх бөгөөд гүйлгээний шимтгэл, цахим карт олгосны болон бусад төрлийн хураамж авахыг хориглоно.
3.4. Ахмад настан хүсэлт гаргасан тохиолдолд шинээр данс нээхгүйгээр тухайн банк дахь нэрийн дансанд нь насны хишгийг шилжүүлж болно.
3.5. Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа ахмад настан насны хишгийг банкнаас өөрийн биеэр очиж авах боломжгүй тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авч болно.
3.6. Энэхүү журмын 2.12-т заасан ахмад настны насны хишиг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн банкинд тухайн иргэний нэрийн дансанд хуримтлагдах бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах тохиолдолд хорих ангийн дарга итгэмжлэл олгоно.
3.7. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний насны хишгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно.
3.8. Ахмад настан 6 дугаар сарын 30-наас хойш хүсэлт гаргасан тохиолдолд тухайн онд ногдох насны хишгийг олгохгүй бөгөөд дараа оноос эхлэн олгоно.
3.9. Энэхүү журмын 2.6-д заасан мэдээллийг хүргүүлснээс хойшхи хугацаанд нас барсан ахмад настанд Ахмад настны тухай хуулийн 12.2-т зааснаар тухайн удаагийн насны хишгийг олгоно. (Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор нэмсэн)
Дөрөв. Насны хишиг олгохыг зогсоох
4.1. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага дараах тохиолдолд насны хишгийг зогсоох шийдвэр гаргана: (Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
4.1.1. нас барсан;
4.1.2. Монгол Улсын харьяатаас гарсан.
4.2. Иргэн хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэл өгөх зэргээр насны хишгийг авсан нь хяналт шалгалтаар тогтоогдвол аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын шийдвэрээр насны хишиг олгохыг түр зогсооно. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
4.3. Энэхүү журмын 4.2-т заасны дагуу түр зогсоосон насны хишгийг нөхөж олгохгүй.
Тав. Бусад
5.1. Энэхүү журмын 4.2-т заасны дагуу илүү авсан мөнгийг суутгах, эсхүл буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Суутгалыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын мэдэгдлийг үндэслэн банк суутгаж, холбогдох дансанд төвлөрүүлэн энэ талаар халамжийн байгууллагад мэдээлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
5.2. Банк насны хишгийг тухайн иргэний авсан өндөр насны тэтгэврийн зээл болон бусад зээл, зээлийн хүүд суутгахыг хориглоно.
5.3. Нийгмийн халамжийн болон улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, банкны ажилтны гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 383 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
------oOo------
Текст томруулах
A
A
A