- Нүүр
- Сайдын тушаал
- БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН БАЙЦААГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ГАЛТ ЗЭВСЭГ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Монгол Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын
хамтарсан А/03 А/04 дүгээр тушаалын хавсралт
БАЙГАЛЬ ОРЧНЫ УЛСЫН БАЙЦААГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ ГАЛТ ЗЭВСЭГ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ зааврын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Байгаль орчны улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, аймаг, нийслэл, сум, дүүргийн орон тооны улсын байцаагч /цаашид “Улсын байцаагч” гэх/, байгаль хамгаалагч нар Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих, албан үүргээ гүйцэтгэхдээ галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх, ашиглахад чиглэгдэнэ.
Хоёр. Галт зэвсэг хэрэглэх
2.1.Улсын байцаагч, байгаль хамгаалагч нь Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар галт зэвсгийг албаны үүрэг гүйцэтгэх хугацаанд эзэмшиж болно.
2.2.Улсын байцаагч, байгаль хамгаалагч хээрийн нөхцөлд хяналт, шалгалт хийх үедээ илэрсэн зөрчил, гадны халдлагыг өөр арга хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий нөхцөл байдал үүссэн тохиолдолд галт зэвсэг хэрэглэнэ.
2.3.Галт зэвсгийг зөвхөн энэ зааврын 2.2 дахь хэсэгт зааснаар гэмт этгээдийн довтолгоо бодитой байх нөхцөлд аргагүй хамгаалалтын хүрээнд хэрэглэх бөгөөд бусад тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
2.4.Улсын байцаагч, байгаль хамгаалагч галт зэвсэг хэрэглэхийн өмнө боломжтой бол гэмт этгээдэд довтолгооноо зогсоохыг шаардах, “зогс, буудлаа” гэсэн анхааруулга өгөх, агаарт хий буудах зэрэг бололцоотой бүх арга хэмжээг авна.
2.5.Улсын байцаагч, байгаль хамгаалагч Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна. Сургалтад хамрагдаж, гэрчилгээ аваагүй Улсын байцаагч, байгаль хамгаалагчид галт зэвсэг тавьж олгохыг хориглоно.
2.6.Улсын байцаагч, байгаль хамгаалагч Галт зэвсгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар галт зэвсгийг цагдаагийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр бүртгүүлж, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авсан байна.
2.7.Улсын байцаагч, байгаль хамгаалагч Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д зааснаар галт зэвсэг эзэмшүүлэх гэрээг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгүүлнэ.
Гурав. Тусгай хэрэгсэл хэрэглэх
3.1.Улсын байцаагч, байгаль хамгаалагч резинэн болон цахилгаан бороохой, нэг хүнд нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, резинэн буюу хуванцар сумтай бууны аль нэгийг дараах тохиолдолд хэрэглэж болно. Үүнд:
3.1.1.Зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд саад болсон буруутай үйлдлийг таслан зогсоох талаар улсын байцаагч, байгаль хамгаалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн;
3.1.2.Улсын байцаагч, байгаль хамгаалагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар завдсан, халдсан;
3.1.3.Зөрчил гаргагч зугтаж зайлах илт оролдлого хийсэн;
3.1.4.Улсын байцаагч, байгаль хамгаалагчийг ажлын бус цагаар орон байр, гудамж талбай, хээр явахад албан үүрэгтэй нь холбогдуулан халдсан.
3.2.Улсын байцаагч, байгаль хамгаалагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийн өмнө бололцоотой бүх тохиолдолд холбогдох этгээдээс зөрчил, халдлагаа зогсоохыг урьдчилан сануулж, шаардсан байвал зохино.
3.3.Тусгай хэрэгслийг хэрэглэхдээ энэ зааврыг баримтлахын зэрэгцээ үйлдвэрлэгчийн гаргасан ашиглах зааврыг мөрдөнө.
3.4.Анх удаа томилогдсон ажилтныг нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх ажиллагаанд сургаж, зааврыг судлуулан шалгалт авсны үндсэн дээр тусгай хэрэгсэл хэрэглэх эрх үүснэ.
3.5.Улсын байцаагч, байгаль хамгаалагч галт зэвсэг, тусгай хэрэгслийг үндэслэлгүй буюу буруу хэрэглэсэн, гээгдүүлж үрэгдүүлсэн, бусдад шилжүүлсэн тохиолдолд улсын байцаагч, байгаль хамгаалагч болон тэднийг томилсон байгууллага нь цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
3.6.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэсний улмаас зөрчил гаргагч этгээдийн гэмтсэн, нас барсан тохиолдолд улсын байцаагч, байгаль хамгаалагч дараах арга хэмжээг авна. Үүнд:
3.6.1.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэснээс зөрчил гаргагч хохирсон, гэмтсэн тохиолдолд эмнэлгийн анхны тусламж яаралтай үзүүлэх;
3.6.2.Зөрчил гаргагч гэмтсэн тохиолдолд гэр бүлд нь мэдэгдэх;
3.6.3.Зөрчил гаргагч нас барсан тохиолдолд Цагдаа болон Прокурорын байгууллагад мэдэгдэж, цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн ирэх хүртэл цогцос болон хэргийн газрыг хамгаалах.
3.7.Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 17.3 дахь хэсэгт зааснаар нэг бүрийн тусгай хэрэгслийг Цагдаагийн ерөнхий газраас бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаадаас оруулж ирэх, олж авах, борлуулахыг хориглоно.
Дөрөв. Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглох тохиолдол
4.1.Дор дурьдсан тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.
4.1.1.Хүний амь насанд аюултайгаар халдсан, зэвсэглэн эсэргүүцсэн, довтолсон, бүлэглэн дайрснаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй болох нь тодорхой, эсхүл бие махбодийн хөгжлийн бэрхшээлтэй нь илт мэдэгдэж байгаа этгээдэд;
4.1.2.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэсний үр дүнд түүнийг дахин хэрэглэх үндэслэл арилсан;
4.1.3.Толгой, давсаг, бүсэлхий, бөөрний тус газар резинэн бороохой, нүүр, биеийн ил хэсэгт цахилгаан бороохой хэрэглэх;
4.1.4.Нэг хүнд нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, резинэн ба хуванцар сумтай буугаар үйлдвэрлэлийн зааварт заасан зайнаас ойр зайд нүүр рүү шууд чиглүүлж буудах.
4.2.Улсын байцаагч, байгаль хамгаалагчийн амь насыг хөнөөх, биеийг гэмтээх бодит аюул бүхий шууд довтолгооны үед энэ зааврын 4.1.1- 4.1.4-т заасан хориг үл хамаарна.
Тав. Галт зэвсэг, тусгай хэрэгслийн хангамж, хадгалалт
5.1.Тусгай хэрэгслийг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын санал, цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг авч, нэгдсэн захиалга, гэрээ байгуулах арга хэмжээг төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
5.2.Галт зэвсэг, тусгай хэрэгслийг эзэмшигч нь “Галт зэвсгийн тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлд заасны дагуу галт зэвсэг, тусгай хэрэгслийг хадгалж, эзэмшигч нэг бүрт тэмдэглэл хөтөлж олгох ба сар бүр тоолж шалгана. Галт зэвсэг, тусгай хэрэгслийг алдах, гээх зэргээр үрэгдүүлэхээс сэргийлэх арга хэмжээ авч, алдсан, гээсэн бол цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэнэ.
Зургаа. Хяналт тавих
6.1.Энэ зааврын биелэлтэд улсын байцаагч, байгаль хамгаалагчийг томилсон болон түүний дээд шатны байгууллага, цагдаагийн байгууллага хяналт тавина. Улсын байцаагч, байгаль хамгаалагч чөлөөлөгдсөн, халагдсан, шилжсэн, шинээр томилогдсон тухай мэдээг тухай бүр цагдаагийн байгууллагад албан бичгээр танилцуулгын хамт ирүүлж байх үүрэгтэй.
6.2.Галт зэвсэг,сум тусгай хэрэгслийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийг шалгахаар эрх бүхий албан тушаалтнаас шаардсан тухай бүр холбогдох мэдээ, баримтыг саадгүй гарган өгч шалгуулна.
6.3.Улсын байцаагч, байгаль хамгаалагч нь байгаль хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэсэн тохиолдолд энэ тухай хэзээ, хаана, хэнд ямар зэвсэг, тусгай хэрэгсэл, ямар үндэслэлээр хэрэглэсэн, үр дагавар зэргийг бичгээр болон амаар Цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэнэ.
6.4.Улсын байцаагч, байгаль хамгаалагчийн нэг бүрийн тусгай хэрэгсэл, сум хэрэглэсэн, зарцуулсан байдлыг тэднийг томилсон байгууллага жил бүрийн 6, 12 дугаар сард тооцож дүнг аймаг, нийслэлийн цагдаагийн байгууллагад мэдээлнэ.
Долоо. Хариуцлага
7.1.Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль, энэ зааварт заасан үндэслэл, журмыг зөрчсөн улсын байцаагч, байгаль хамгаалагчид хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A