A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 18 дугаар
                                                     тогтоолын хавсралт

 

ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж (цаашид “хүүхдийн мөнгө” гэх) олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Хүүхдийн мөнгийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд (цаашид “хүүхэд” гэх), эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

1.3. Хүүхэд болон хүүхдийг төлөөлөн хүүхдийн мөнгө авах эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд үйлчлүүлэх банкийг өөрөө сонгоно. Тухайн хүүхдэд хүүхдийн мөнгө олгох зөвхөн нэг банкийг сонгож, уг банкинд өөр эзэмшигч ашиглаж байгаагүй зөвхөн нэг данс нээлгэнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

Хоёр. Хүүхдийн мөнгө авах иргэний хүсэлтийг
хүлээн авах, хянан шийдвэрлэх

2.1. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах эрхтэй. Хүүхдийн мөнгө авах хүсэлтийг сум, хорооны нийгмийн ажилтанд хандан өөрийн биеэр, эсхүл нийгмийн халамжийн нэгдсэн системд хандан цахим хэлбэрээр гаргана. (Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 351 дүгээр тогтоолоор нэмэлт орсон. Мөн Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

2.2. Энэхүү журмын 2.1-д заасан иргэн сонгосон банкны салбарт биеэр очиж хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргана. Хүсэлт гаргахдаа дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж банкны ажилтанд өгнө:

2.2.1. хүүхдийг төлөөлөн хүүхдийн мөнгө авах эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэх; (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
   
2.2.2. хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх;

2.2.3. Гэр бүлийн тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч шаардлагатай тохиолдолд мөн хуулийн 66.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр томилсон тухай сум, дүүргийн Засаг даргын захирамж.

2.3. Банкны ажилтан нь энэхүү журмын 2.2.1-2.2.3-т заасан баримт бичгийг хүлээн авч өргөдлийн маягтыг цахим хэлбэрээр бөглөн хүсэлт гаргасан иргэнээр гарын үсэг зуруулж баталгаажуулан, хүсэлтийг хүлээн авсан хугацааг өргөдөлд тодорхой бичнэ. Өргөдлийн маягтыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.

2.4. Энэхүү журмын 2.3-т заасан өргөдлийн маягт дахь мэдээллийн үнэн зөв байдлыг тухайн банк бүрэн хариуцна.

2.5. Энэхүү журмын 2.1-д заасан иргэн хүүхдийн мөнгө авах дансыг  хүүхэд тус бүрээр нээлгэх бөгөөд эдгээр дансыг нэгтгэн нэг дансаар хүүхдийн мөнгө авах хүсэлтэй бол тухайн банк нь уг иргэний дансанд холболт хийнэ. 

2.6. Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан иргэний мэдээллийг банкны салбарын ажилтан тухайн банкинд, банк нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

2.7. Банк мэдээллийн санд шинээр нэмэгдсэн, дансны мэдээлэлд нь өөрчлөлт орсон хүүхдийн мэдээллийг тухай бүр нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлж баталгаажуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

2.8. Банкнаас ирүүлсэн хүүхдийн мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдал, нэгдмэл байдлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

2.9. Улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага шинээр төрсөн, нас барсан, харьяатаас гарсан зэрэг 0-18 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаар, овог, нэр, оршин суугаа хаягийн мэдээллийг тухай бүр төрийн байгууллагатай мэдээлэл солилцох системээр дамжуулан нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

2.10. Энэхүү журмын 2.9-т заасан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүйгээс учирсан хохирлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

2.11. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэхүү журмын 2.7, 2.9-д заасан мэдээллийг Өрхийн мэдээллийн нэгдсэн сантай тулган хүүхдийн мөнгө олгох хүүхдийн нэрсийн жагсаалтыг тухайн сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын Төрийн сангийн газар (цаашид “Төрийн сангийн газар” гэх)-т цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2019 оны 367 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон. Мөн Засгийн газрын 2019 оны 470 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг 2020-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

2.12. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүүхдийн мөнгө олгох хүүхдийн нэрсийн жагсаалтын мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдал, нэгдмэл байдлыг Төрийн сангийн газар хариуцна. (Засгийн газрын 2019 оны 367 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

2.13.Төрийн сангийн газар нь нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүүхдийн мөнгө олгох хүүхдийн нэрсийн жагсаалтыг үндэслэн төсвийн хуваарьт багтааж холбогдох санхүүжилтийг Төрийн сан дахь нийгмийн халамжийн сангийн дансанд шилжүүлж, зарцуулах эрхийг нээнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 367 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан) 

2.14. Төрийн сангийн газраас хүүхдийн мөнгөнд олгосон санхүүжилт тухайн сард банкуудад шилжүүлэх хөрөнгөөс илүү гарсан тохиолдолд үлдэгдэл мөнгийг Төрийн сангийн газрын дансанд буцаана. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 367 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2.15. Төрийн сангийн газраас хүүхдийн мөнгөнд олгосон  санхүүжилт тухайн сард банкуудад шилжүүлэх хөрөнгөөс бага байгаа тохиолдолд бүрэн санхүүжүүлэх үүргийг Төрийн сангийн газар хүлээнэ.(Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 367 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон) 

2.16.Төрийн сангийн газар нь энэхүү журмын 2.13-т заасан хөрөнгө бүрэн байршсан тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүүхдийн мөнгө олгох нэрсийн жагсаалт болон төлбөрийн хүсэлт /ТТ1 маягт/-ийг үндэслэн арилжааны банк дахь тухайн хүүхэд бүрийн дансанд мөнгийг сар бүрийн 20-ны өдрийн дотор бүрэн байршуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 367 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

2.17. Тухайн иргэн хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ны өдрөөс хойш өөрийн сонгосон банкнаас авна.

2.18.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүүхдийн мөнгөний олголтын мэдээллийг сар бүр хянаж, баталгаажуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 367 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

2.19. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүүхдийн мөнгөний олголт, зарцуулсан хөрөнгийн мэдээг дараа сарын 4-ний дотор санхүү, төсвийн болон нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.

2.20. Энэхүү журмын 2.2-т заасны дагуу иргэн хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан боловч хүүхдийн мөнгө тухайн ондоо багтан дансанд нь ороогүй тохиолдолд дараа оны төсвөөс нөхөн олгоно.

2.21. Хүүхдийн мөнгө авахаар нэгээс дээш банкинд данс нээлгэх хүсэлт гаргасан нөхцөлд иргэний хамгийн сүүлд хүсэлт гаргасан банкны дансаар хүүхдийн мөнгийг олгоно.

2.22. Сум, хорооны нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт гаргасан иргэнд бүрдүүлэх баримт бичиг, тухайн өрх нь Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн эсэх, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны талаар үнэн зөв мэдээлэл өгч ажиллана.(Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 351 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2.23. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь асрамжийн газарт амьдарч байгаа хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, регистрийн дугаар, шилжилт хөдөлгөөний мэдээллийг сар бүрийн 5-ны дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.(Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 351 дүгээр тогтоолоор нэмсэн)

2.24. Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан өрхийн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас тооцон олгож өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ. (Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 351 дүгээр тогтоолоор нэмсэн. Засгийн газрын 2019 оны 470 дугаар тогтоолооор өөрчлөн найруулсан бөгөөд үүнийг Засгийн газрын  2020-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

Гурав. Хүүхдийн мөнгө олгох

3.1. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрх, иргэний хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас тооцон сар бүр олгоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2017 оны 361 дүгээр тогтоолын дагуу 2017 онд дагаж мөрдөхгүй байхаар тогтсон. Мөн Засгийн газрын 2019 оны 470 дугаар тогтоолоор хассан бөгөөд үүнийг 2020-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

3.2. Иргэн хүүхдийн мөнгө авч байгаа банкийг солих хүсэлтэй бол сонгосон банкны ажилтанд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргана.

3.3. Иргэн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид бүрмөсөн шилжин суурьшсан тохиолдолд шилжин очсон нутаг дэвсгэрийн банкны салбараас хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авна.  Хэрэв тухайн банкны салбар нь шилжин очсон нутаг дэвсгэрт байхгүй бол энэхүү журмын 3.2-т заасны дагуу хүсэлтээ гаргана.

3.4. Бүтэн өнчин, эцэг эхгүй болон асран хамгаалагч томилогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт асруулж байгаа хүүхдийн мөнгийг асрамжийн газар нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн асрамжийн газрын байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг 16 нас хүрч иргэний үнэмлэх авсны дараа өөрт нь хүлээлгэн өгнө. Хэрэв хүүхэд нас барсан тохиолдолд түүний хадгаламжийн дэвтрийг өв залгамжлагчид нь хууль тогтоомжид заасны дагуу хүлээлгэн өгнө.

3.5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа анги, байгууллагад ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа хүүхдийн мөнгийг тухайн хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг  тухайн хорих ангийн байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг суллагдсаны дараа өөрт нь хүлээлгэн өгнө. Хэрэв хүүхэд 16 насанд хүрээгүй тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, нас барсан тохиолдолд өв залгамжлагчид нь хууль тогтоомжид заасны дагуу дэвтрийг хүлээлгэн өгнө. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

3.6. Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг  төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа  Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно.

3.7.  Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж хоёрдмол харьяалалтай болсон иргэний хүүхдэд хүүхдийн мөнгө олгохгүй.

3.8. Хүүхэд шинээр төрсөн, үрчлэгдсэн, нас барсан зэргээр тухайн гэр бүлд амьдарч байгаа хүүхдийн тоо өөрчлөгдсөн тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь энэ тухай сонгосон банк болон тухайн орон нутгийн улсын бүртгэлийн байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд бичгээр мэдэгдэнэ.(Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 351 дүгээр тогтоол, Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

3.9. Тухайн өрхийн амжиргааны түвшний оноо нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасны дагуу нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан босго шугамаас доогуур байгаа тохиолдолд хүүхдэд нийгмийн халамжийн сангаас сар бүр хүүхдийн мөнгийг бэлэн мөнгөөр олгох ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 470 дугаар тогтоолоор хассан бөгөөд үүнийг 2020-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

3.9. Бүтэн өнчин, эцэг, эхгүй болон асран хамгаалагч тогтоогдоогүй шалтгаанаар асрамжийн газарт амьдарч байгаа хүүхдийн мөнгийг энэ журмын 2.23-т заасны дагуу хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг харгалзахгүйгээр олгоно.(Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 351 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан бөгөөд заалтын дугаарыг Засгийн газрын 2019 оны 470 дугаар тогтоолоор өөрчилсөн. Мөн энэ заалтад Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

                                                                                                             
Дөрөв. Хүүхдийн мөнгө олгохыг зогсоох

4.1. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоох шийдвэр гаргана:

         4.1.1. хүүхэд 18 нас хүрсэн;

         4.1.2. хүүхэд нас барсан;

         4.1.3.  Монгол Улсын харьяатаас гарсан.

4.2. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага  дараах тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг түр зогсоох шийдвэр гаргана:

           4.2.1. хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэл өгөх, хүүхдийн мөнгө авахаар нэгээс дээш банкинд санаатайгаар давхар данс нээлгэх зэргээр хүүхдийн мөнгө  авсан нь тогтоогдсон;

           4.2.2. регистрийн дугаар давхардах зэрэг өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгө илүү олгогдсон;

           4.2.3. тухайн өрхийн ам бүлийн тоо гурав болон түүнээс дээш гишүүнээр өөрчлөгдсөн;

           4.2.4. хүүхдийн мөнгө авч байгаа өрх нь сум, дүүрэг, аймаг хооронд шилжилт хөдөлгөөн хийсэн;

           4.2.5. эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор нэмсэн)

           4.2.6. эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор нэмсэн)
 

4.3. Энэхүү журмын 4.2.1-д заасны дагуу түр зогсоосон хүүхдийн мөнгийг нөхөн олгохгүй.

4.4. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлэх ажлыг Засгийн газрын 2014 оны 404 дүгээр тогтоолоор баталсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам”-ын дагуу зохион байгуулна.

4.5. Энэ журмын 4.2.3, 4.2.4-т заасны дагуу хүүхдийн мөнгөний олголтыг түр зогсоосон өрхийн мэдээллийг шинэчилж өрхийн амьжиргааны түвшинг үнэлсний дараа тухайн өрх нь хүүхдийн мөнгө авах нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд үргэлжлүүлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны өрхийн амьжиргааны түвшинг үнэлсэн сараас эхлэн тооцож олгоно.(Энэ заалтад Засгийн газрын 2018 оны 351 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

4.6. Энэ журмын 4.2.5-д заасны дагуу хүүхдийн мөнгөний олголтыг түр зогсоосон тохиолдолд харьяа сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн хүүхдийн мөнгийг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

4.7. Энэ журмын 4.2.6-д заасны дагуу хүүхдийн мөнгөний олголтыг түр зогсоосон тохиолдолд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хүүхдийн мөнгийг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

 

Тав. Бусад

5.1. Иргэн энэхүү журмын 2.2-т заасан баримт бичгийг хуурамчаар үйлдэж хүүхдийн мөнгө авсан, эсхүл 3.8-д заасан өөрчлөлтийг мэдэгдээгүй, мөн журмын 4.2-т заасан нөхцөл үүссэн бол илүү авсан хүүхдийн мөнгийг эхний удаа нөхөн төлүүлж дараа сарынх нь хүүхдийн мөнгөнөөс суутгана.

5.2. Энэхүү журмын 5.1-д заасан суутгалыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын  мэдэгдлийг үндэслэн банк гүйцэтгэж, холбогдох дансанд төвлөрүүлэн энэ тухай мэдээллийг энэхүү журмын 2.7-д заасан жагсаалтын хамт хүргүүлнэ.

5.3. Нийгмийн халамжийн болон улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, банкны ажилтны гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5.4. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг барьцаалж зээл авах, банкны зээлд суутгахыг хориглоно. (Энэ заалтад Засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)

 


------оОо------