- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ОЮУТАН-ЦЭРЭГ”-Т ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТЫН ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 32 дугаар
тогтоолын хавсралт
“ОЮУТАН-ЦЭРЭГ”-Т ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ОЛГОХ
СУРГАЛТЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Цэргийн сургуулиас бусад их, дээд сургууль, коллежийн эрэгтэй оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагч сурч байх хугацаандаа цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдан цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. “Оюутан-цэрэг” сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана. “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах оюутан, суралцагч нь 18 нас хүрсэн байна.
1.3. “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдан цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан оюутан, суралцагчийг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.
Хоёр. “Оюутан-цэрэг” сургалтад бүртгэх, элсүүлэх
2.1. “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагч тухайн жилийн 3 дугаар сарын 10-ны дотор суралцаж байгаа сургалтын байгууллага нь орших аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штабт бүртгүүлнэ. Оюутан, суралцагч бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна:
2.1.1. иргэний үнэмлэх;
2.1.2. оюутны үнэмлэх;
2.1.3. эрүүл мэндийн даатгалын дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх);
2.1.4. сургуулийн тодорхойлолт (сургуулийн захиргаанаас “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт);
2.1.5. сурлагын дүнгийн хүснэгт;
2.1.6. сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл.
2.2. Сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн оюутан, суралцагчийг элсүүлэх сонгон шалгаруулалтыг аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штаб батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хяналтын тоонд багтаан жил бүрийн 3 дугаар сарын 20-ны дотор зохион байгуулна.
2.3. Оюутан, суралцагчийг сонгон шалгаруулахдаа тэдний сурлагын голч дүн (2,8-аас дээш), бие бялдрын хөгжлийн түвшин, эрүүл мэндийн байдлыг гол шалгуур үзүүлэлт болгоно.
2.4. Сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан, суралцагч нь “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтын 2 багц цагийн төлбөрийг төлсөн байна.
2.5. Сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан, суралцагчийн нэрсийн жагсаалтыг аймаг, нийслэлийн Цэргийн штаб жил бүрийн 3 дугаар сарын 25-ны дотор батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Гурав. “Оюутан-цэрэг” сургалтын зохион байгуулалт
3.1. “Оюутан-цэрэг” сургалт нь цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтаас бүрдэнэ.
3.2. Цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сургалт хариуцсан нэгж хамтран боловсруулж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга батална.
3.3. Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт (2 багц цаг буюу 96 цагийн хичээл)-ыг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс Бямба, Ням гарагуудад аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, тухайн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран танхимын сургалтын хэлбэрээр зохион байгуулна.
3.4. Оюутан-цэрэг нь цэргийн ерөнхий бэлтгэл шатны төгсгөлд шүүлэг өгч тэнцсэн тохиолдолд цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад хамрагдана.
3.5. Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт (14 багц цаг буюу 560 цагийн хичээл)-ыг 6 дугаар сараас эхлэн 2 сарын хугацаатайгаар цэргийн анги, байгууллагын сургалтын төвийг түшиглэн танхимын болон хээрийн дадлага, сургуулийн хэлбэрээр зохион байгуулна.
3.6. “Оюутан-цэрэг” сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан оюутан, суралцагч нь цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтын төгсгөлд Цэргийн тангараг өргөнө.
3.7. “Оюутан-цэрэг” сургалтын үйл ажиллагааны ерөнхий удирдлага, хяналтыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
Дөрөв. Оюутан-цэргийн бүрэн эрх, хариуцлага
4.1. Оюутан-цэрэг нь дор дурдсан эрхтэй байна:
4.1.1. цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад хамрагдаж байх хугацаандаа хугацаат цэргийн алба хаагчийн нэгэн адил материал хэрэгслийн хангалт болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардагдах нөхцөлөөр хангагдах;
4.1.2. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйл, цэргийн дүрэмд заасан хугацаат цэргийн алба хаагчид хамаарах эрхийг цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад хамрагдах хугацаандаа эдлэх;
4.1.3. цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад хамрагдаж байгаад хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл нас барсан тохиолдолд түүнд олгох тэтгэмжийг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулуулах.
4.2. Оюутан-цэрэг нь дор дурдсан үүрэгтэй байна:
4.2.1. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйл, цэргийн дүрэмд заасан цэргийн алба хаагчийн үүрэг, хариуцлагыг хүлээх;
4.2.2. “Цэргийн сахилгын дүрэм”-ийг биелүүлэх;
4.2.3. сургалтын явцад цэргийн зэвсэг, техник, эд хөрөнгөд хохирол учруулсан бол Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх.
4.3. “Оюутан-цэрэг” сургалтаас дор дурдсан үндэслэлээр бүрмөсөн хасна:
4.3.1. өөрийн хүсэлтээр сургалтаас гарахыг хүссэн;
4.3.2. цэргийн мэргэжлийн бэлтгэл шатанд хүндэтгэх шалтгаангүйгээр хээрийн сургалтын төвийг орхин явсан;
4.3.3. цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн;
4.3.4. гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол гарсан;
4.3.5. эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй дүгнэлт гарсан.
4.4. Энэ журмын 4.3.1-4.3.4-т заасан үндэслэлээр сургалтаас хасагдсан тохиолдолд оюутан, суралцагч нь суралцсан хугацааны зардлыг нөхөн төлнө.
Тав. Оюутан-цэргийг цэргийн бүртгэлд бүртгэх
5.1. “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдан цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаж, цэргийн тангараг өргөсөн оюутан-цэргийн “Цэргийн үүрэгтний үнэмлэх” дээр аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штаб цэргийн алба хааж, цэргийн мэргэжил эзэмшсэн тухай тэмдэглэл хийж баталгаажуулна.
Энэхүү заалтад “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдсан оюутан, суралцагчид нэгэн адил хамаарна.
5.2. Аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штаб “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдаж цэргийн бүртгэлд бүртгэгдсэн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний нэрсийн жагсаалтыг Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлнэ.
Зургаа. Бусад зүйл
6.1. Оюутан-цэрэг нь сургалтад хамрагдах хугацаандаа энэ журмын 2.4-т зааснаас өөр төлбөр, хураамж төлөхгүй.
6.2. Энэ журмын 4.3-т заасан үндэслэлээр хасагдсан оюутан, суралцагчийг “Оюутан-цэрэг” сургалтад дахин хамруулахгүй.
6.3. “Оюутан-цэрэг” сургалтыг зохион байгуулах Ерөнхий зохицуулагчийг Батлан хамгаалахын сайдын шийдвэрээр томилон ажиллуулна.
---оОо---
Текст томруулах
A
A
A