- Нүүр
- Сайдын тушаал
- Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ хийх журам
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 3697 дугаар тушаалын хавсралт
Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ хийх журам
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар Монгол Улсын нутаг дэвсгэрт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эрүүл мэндийн байгууллагад нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоогдсон эсэхийг тодорхойлох зорилгоор эмгэг судлалын шинжилгээ хийхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Цогцсын эмгэг судлалын шинжилгээг (autopsy) эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагаас авч эмчилгээ, оношилгоо хийлгэж байгаад нас барсан тохиолдолд нас барагчийн цогцсыг эмнэлгийн бичиг баримт (өвчний түүх, эрүүл мэндийн дэвтэр)-ыг үндэслэн шинжилж, үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор хийнэ.
1.3.Эрүүл мэндийн байгууллага нь эмчилгээ, оношилгооны баталгаат байдлыг хангах, нотолгоонд суурилсан оношийг тавихад эмнэл зүйн болон лабораторийн шинжилгээ, оношилгооны холбогдох баримтуудаар эмгэг судлаач эмч нарыг хангах үүрэгтэй.
1.4.Эмгэг судлаач эмч нь өвчний түүх, эрүүл мэндийн дэвтэр, амбулаторийн карт, эмгэгэд, эсийн материалыг ашиглан шинжилгээ хийж, төгсгөлийн оношийг нотолж, дүгнэлт гарган,тэмдэглэл үйлдэж, бүртгэнэ.
1.5.Эмгэг судлалын шинжилгээ хийсэн тухайт эмдэглэл нь дугаар, бүртгэл, нас барагчийн талаарх мэдээлэл, эмнэл зүйн явц, төгсгөлийн онош, эмгэг судлалын шинжилгээгээр тогтоосон эрхтэн тогтолцооны эмгэг, эдэсийн шинжилгээгээр илэрсэн эмгэг бүтцийн өөрчлөлтүүд, эмгэг судлалын төгсгөлийн онош, дүгнэлт гэсэн хэсгээс бүрдэнэ.
Хоёр. Цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх
2.1.Эмнэлэгт нас барагчийн цогцост эмгэг судлалын эмч үндсэн өвчин, үхэлд хүргэсэн шууд шалтгааныг тогтоох зорилгоор эмгэг судлалын шинжилгээг хийнэ.
2.2.Цогцост хийх эмгэг судлалын шинжилгээг дараахь тохиолдолд зайлшгүй хийнэ.
2.2.1.Эмнэл зүйн онош тодорхой бус, үндсэн өвчин, түүний хүндрэл,үхэлд хүргэсэн шалтгааныг бүрэн тогтоогоогүй тохиолдол;
2.2.2.Мэдээ алдуулалт, мэс засал, мэс ажилбарын үед болон түүний дараа нас барсан бүх тохиолдол;
2.2.3.Цус сэлбэлттэй холбоотой бүх тохиолдол;
2.2.4.Эрүүл мэндийн байгууллагад 24 цаг хүртэл хугацаанд эмчлүүлж байгаад нас барсан болон энэхүү журмын 2.3.6-д зааснаас бусад тохиолдол;
2.2.5.Эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлж байгаад гэнэт нас барсан бүх тохиолдол;
2.2.6.Эхийн эндэгдлийн бүх тохиолдол;
2.2.7.Эмнэл зүйн эмч нар төгсгөлийн оношийг нийлмэл үндсэн өвчний хэлбэрээр тавьсан тохиолдол;
2.2.8.Амьгүй ураг(жирэмсний 22 долоо хоногоос дээш, 500 гр-аас дээш жинтэй), нярай;
2.2.9.18 хүртэлх насны хүүхэд нас барсан болон энэхүү журмын 2.3.5-д зааснаас бусад тохиолдол;
2.2.10.Эмнэлзүйн болон лабораторийн шинжилгээгээр батлагдаагүй халдварт өвчний тохиолдол;
2.2.11.Амьд сорьцын шинжилгээгээр батлагдаагүй хавдрын бүх тохиолдол.
2.3.Эмгэгсудлалыншинжилгээхийхгүйбайхтохиолдол:
2.3.1.Зоонозын халдварт (тарваган тахал, боом), олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг өвчнүүд, олон эмийн дасалтай сүрьеэ болон уг өвчний онош нь эмнэл зүй, тархвар судлал, бактериологийн шинжилгээгээр батлагдсан;
2.3.2.ХДХВ-ийн халдвар эмнэл зүйн лабораторийн шинжилгээгээр батлагдаж, түүний хүндрэлээр нас барсан;
2.3.3.Амьд ахуйдаа эмнэл зүйгээр онош нь батлагдсан 75-аас дээш настай нас барагчийн цогцост;
2.3.3.Амьгүй донорт;
2.3.4.Амьд ахуйдаа эд эсийн шинжилгээгээр онош нотлогдон хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авч байгаад нас барсан;
2.3.5.Эмнэл зүйн онош нь оношилгооны өндөр мэдрэг багажийн (MRI, CT) шинжилгээгээр батлагдсан тархины цус харвалт;
2.3.6.Гадны хүч хэргэлсэн сэжигтэй цогцост эмгэг судлалын шинжилгээ хийхгүй, шүүх эмнэлгийн шинжилгээ хийнэ.
2.4.Нас барагчийн цогцост эмгэг судлалын шинжилгээний зохицуулалт:
2.4.1.Энэхүү журмын 2.2-т заасан тохиолдолд эмгэг судлалын шинжилгээ хийгээгүйгээс үүсэх асуудлыг эрүүл мэндийн байгууллага хариуцна.
2.4.2.Эхийн эндэгдэл болон эмчлэх, сувилах, эм барих, эх барих үйл ажиллагааны явцад холбоотой байж болзошгүй асуудал тулгарвал 3-аас доошгүй эмчийн бүрэлдэхүүнийг томилж, цогцост эмгэг судлалын шинжилгээг хийнэ.
2.4.3.Амьгүй ураг, перинатал эндэгдлийн эмгэг судлалын шинжилгээнд эмгэг судлаач эмчээс гадна эмчлэгч эмч, эмэгтэйчүүдийн эмч, боломжтой тохиолдолд жирэмсний хяналтын эмч, эх баригч заавал оролцоно.
2.4.4.Амьсгалын цочмог аюулт халдварт өвчин, галзуу, тарваган тахал, урвах тахал, нас барсан сэжигтэй тохиолдолд эмгэг судлалын шинжилгээнд тархвар судлаач эмчийг заавал байлцуулна.
2.5.Эмгэг судлалын шинжилгээ хийхэд дараахь шаардлагуудыг хангана:
2.5.1.Нас барагчийн өвчний түүхийг эмгэг судлалын нэгжид заавал ирүүлнэ.
Нас барагчийн өвчний түүх, нярай бол төрөлтийн түүхэнд төгсгөлийн онош, дүгнэлтийг бичиж, эмнэлзүйн оношийг олон улсын өвчний ангиллын дагуу монгол хэлээр кодын хамт тавьж, холбогдох шинжилгээний эх хувийг хавсаргасан байна.
2.5.2.Цогцост эмгэг судлалын шинжилгээ хийлгүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр, зөвшөөрөлд тухайн эрүүл мэндийн байгууллагын (дарга, захирал), ерөнхий эмч, эмчлэгч эмч гарын үсэг зурж, тэмдэг дарж, баталгаажуулалт хийсэн байна.
2.5.6.Нас барагчийн өвчний түүхийг эмчлэгч эмч нь эмгэг судлалын нэгжид танилцуулна. Тухайн цогцост эмгэг судлаач эмч нь дараа өдрийн 12 цагаас өмнө эмгэг судлалын шинжилгээг хийнэ.
2.5.7.Цогцост хийх эмгэг судлалын шинжилгээг нас барснаас хойш 24цагийн дотор хийсэн байна. Энэхүү хугацаанд нас барагчийн цогцост эмгэг судлалын шинжилгээ хийгээгүйн хариуцлагыг тухайн эрүүл мэндийн байгууллага хүлээнэ.
2.6.Нас барагчийн цогцост үхлийн шалтгааныг тодорхойлох эмгэг судлаач эмчийн үүрэг:
2.6.1.Эмгэг судлаач эмч нь эмгэг судлалын шинжилгээг хийж дууссаны дараа нас барагчийн үхлийн шалтгаан, үндсэн өвчин, түүний хүндрэлийн талаар эмчлэгч эмчид урьдчилсан байдлаар танилцуулна. Хэрэв оношийн зөрүү гарсан тохиолдолд түүний шалтгааныг тайлбарлаж өгнө.
2.6.2.Эмгэг гистологийн шинжилгээгээр оношийг баталгаажуулан нас барагчийн өвчний түүхэнд тэмдэглэнэ.
2.6.3.Эмгэг судлаач эмч нь эмгэг судлалын онош, дүгнэлтийг хуанлийн 21 хоногийн дотор гаргасан байна. Онош тавихад зайлшгүй шаардлагатай нэмэлт шинжилгээ /гистохими, дархлаа эд химийн г.м/-г хийх нөхцөл гарвал хариуцсан эмгэг судлалын нэгжийн эрхлэгч эмгэг судлалын шинжилгээ хийх хугацааг сунгасан талаар тухайн эрүүл мэндийн байгууллагын захиргаанд мэдэгдэнэ.
2.6.4.Зоонозын, шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөр нас барагчийн цогцост эмгэг судлалын шинжилгээг хийж, нэмэлтээр хийсэн нян судлал, дархлал судлал, вирүслогийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн эмгэг судлалын оношийг тавина.
2.6.5.Шаардлагатай тохиолдолд өвчний шалтгааныг тодорхойлох зорилгоор эд судлал, нян судлал, ийлдэс судлал, зайлшгүй тохиолдолд молекул-биологийн аргуудыг хэрэглэнэ.
2.6.6.Халдварт өвчнөөр нас барсан буюу сэжигтэй тохиолдолд цогцсын шинжилгээ хийхдээ халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны дэглэмийг баримтлан гүйцэтгэнэ.
2.6.7.Амьгүй ураг, нас барсан эрт үеийн нярайг ихсийн хамт эмгэг судлалын нэгжид хүргүүлнэ. Ихэс байхгүй ураг ирүүлсэн тохиолдолд эмгэг судлалын эмч төрөх тасаг, амаржих газрын ерөнхий эмчид мэдэгдэнэ.
Гурав.Эмгэг судлалын үндэсний төв бусад эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагаа
3.1.Эмгэг судлалын шинжилгээний байр, шинжилгээний багаж, тоног төхөөрөмж, бэхжүүлэгч бодисын хангамжийг тухайн эрүүл мэндийн байгууллага буюу эмнэлэг хариуцна.
3.2.Тухайн эмнэлэг нь цогцост эмгэг судлалын шинжилгээ хийх байр, шинжилгээний багаж, тоног төхөөрөмжгүй тохиолдолд оршин буй нутаг дэвсгэрийнхээ нэгдсэн эмнэлэг буюу эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан, эмгэг судлалын шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж өгнө.
3.3.Эмгэг судлалын шинжилгээ хийлгүүлэхээр эмгэг судлаач эмчийг ажиллуулах тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллага нь өөрийн тээврийн хэрэгслээр үйлчилнэ.
3.4.Аймаг, сумын эрүүл мэндийн байгууллага нь эмгэг судлалын шинжилгээ хийлгүүлэхтэй холбоотой хүсэлт гаргаж, эмгэг судлаач эмчийг ажиллуулах тохиолдолд байрлах байр, хоол, унааны зардлыг бүрэн хариуцна.
3.5.Аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмгэг судлаач эмч, лаборант нарыг томилолтоор болон солилцуулан ажиллуулах хэлбэрээр ажлын дадал, ур чадвараа дээшлүүлэхэд нь тусалж, харилцан туршлага судлуулж, хамтран ажиллана.
3.6.Эмгэг судлалын туслах ажилтан нь тухайн эрүүл мэндийн байгууллага буюу эмнэлгийн харьяанд байж, цогцост шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх, бүртгэх, хадгалах, ар гэрт нь буцаан хүлээлгэн өгөх зэрэг үйл ажиллагааг хариуцан ажиллана.
Дөрөв. Цогцсыг цэгцлэх
4.1.Цогцост эмгэг судлалын шинжилгээ хийсний дараа нас барагчийн эрхтнүүдийг анатомийн байрлалд буцаан хийж, битүүлэн оёж цэгцэлнэ.
4.2.Цогцсын хөндийнүүд дэх шингэнийг бүрэн юүлж, эрхтнүүдийг хуурайшуулж хуурай даавуун материалаар ороож хийнэ. Арьсны зүслэгийн ирмэгийг сайтар нийлүүлж зөөлөн эдийг дотогш нь оруулж, оёдлын завсраар эд цухуйх, шингэн зүйл гоожихгүй байхаар зориулалтын бүдүүн утастай зүүгээр хөвөрдөж оёно.
4.3.Цогцсыг цэгцэлж дууссаны дараа цогцос хадгалах хөргөгчид хадгална.
Тав.Цогцсыг шарил хадгалах газартзөөвөрлөх, хүлээн авах ажиллагаа
5.1.Өвчтөнийг нас барснаас хойш 2 цагийн дараа тухайн тасгийн жижүүрээр ажиллаж буй ээлжийн сувилагч, асрагч нар цогцос хадгалах газарт хүргэнэ.
5.2.Эмч, сувилагч нь нас барагчийн овог, нэр (нярайд эхийн нэр, дугаар), нас, хүйс, нас барсан өдөр, цаг, минут, өвчний түүхийн дугаар, нэгжийн нэр, дугаар, зэргийг зузаан цаас болон хулдаасан дээр тод гаргацтай бичиж, баруун дээд мөчний шуун дээр хаягдахгүй байхаар бэхэлсэн байна.
5.3.Цогцос хадгалах газар хүргэгдэж ирсэн цогцсыг туслах ажилтан бүртгэн хүлээн авна. Хэрэв туслах ажилтан байхгүй тохиолдолд цогцсыг хүргэсэн сувилагч, асрагч нь бүртгэлийн дэвтэрт бүртгэнэ.
Зургаа.Цогцсыг хадгалах
6.1.Цогцос хадгалах байранд хадгалагдаж байгаа цогцсыг түүний төрөл саданд нь хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд цогцостой холбоотой ямарваа нэгэн асуудлыг тухайн эмгэг судлалын туслах ажилтан хариуцна.
6.2.Цогцост эмгэг судлалын шинжилгээ хийснээс хойш дулааны улиралд 72 цаг, хүйтний улиралд 96 цаг хүртэл хадгална.
6.3.Эмгэг судлалын туслах ажилтан болон томилогдсон ажилтан нь цогцост эмгэг судлалын шинжилгээ хийсний дараа олгохын өмнө цэвэрлэгээ, засал хийсэн байна.
6.4.Цогцсыг хэвтээ дээшээ харсан байдлаар байрлуулж, хадгална.
6.5.Амьгүй ураг, нас барсан нярайн цогцсыг хадгалах эцсийн хугацаа 14 хоногоос илүүгүй байна. Ураг, нярайн цогцсыг 14 хоногийн дотор аваагүй тохиолдолд тухайн эрүүл мэндийн байгууллагын (дарга, захирал)-ын шийдвэрээр томилогдсон эмч, ажилтнууд устгаж, тэр тухай (ураг, нярайн эх, эцгийн овог нэр төрсөн, авсан он, сар, өдөр, төрсөн тасаг, өрөө, хариуцсан эх баригч, эмч, сувилагч нарын нэрс) тэмдэглэлд тусган, ахлагч, гишүүд нь гарын үсэг зурж, архивт хадгална. Нэг хувь баримт бичгийг тухайн эмгэг судлалын байгууллага өөрийн архивтаа хадгална.
6.6.Ар гэрийн хүсэлтээр (эцэг, эхийн аль алины, эцэг байгаагүй буюу тодорхойгүй бол эхийн) устгасан ураг, нярайн талаарх гомдол, саналыг тухайн эмнэлэг хүлээж авахгүй.
Долоо. Цогцсыг олгох
7.1.Эмгэг судлалын шинжилгээ хийлгэсэн, цэгцэлсэн цогцсыг төрөл садан буюу хууль ёсны этгээдэд хүлээлгэн өгөхдөө бүртгэлийн дэвтэрт цогцос хүлээн авагчийн овог, нэр, хаяг, утасны дугаар, нас барагчийг оршуулах газрын нэр, дугаарыг баримт бичгийг үндэслэн тодорхой гаргацтай бичиж, хүлээн авсан хүний гарын үсгээр баримтжуулна.
7.2.Хэрэв нас барагчийн цогцос олгох ажилтангүй тохиолдолд эмчилж байсан эрүүл мэндийн байгууллага буюу эмнэлгийн ажилтан хариуцаж олгоно.
7.3.Нас барагчийг хувцаслах, нүүр толгойд нь засал хийх ажлыг төрөл садангийн санал, хүсэлтийн дагуу туслах ажилтан болон эмнэлгийн ажилтан гардан гүйцэтгэнэ.
7.4.Нас барагчийг эмгэнэл-ёслолын танхимд байрлуулж, салах ёс гүйцэтгэх боломжоор хангана.
7.5.Гарын үсэг зурж цогцсыг хүлээн авсны дараа гарсан аливаа хариуцлагыг эмгэг судлалын нэгж хүлээхгүй.
7.6.Эрүүл мэндийн байгууллагад нас барсан орон гэргүй, нэр хаяггүй, гэр бүл, төрөл садан нь тогтоогдоогүй тохиолдолд түүний цогцсыг орон нутгийн захиргаа, цагдаагийн газарт мэдэгдэж, оршуулах асуудлыг тухайн эмнэлэг хариуцна.
7.7.Ураг, нярайн цогцсыг оршуулах ажлыг гэр бүлийн гишүүд нь хариуцна.
Найм.Бусад
8.1.Хоёр болон түүнээс дээш үндсэн өвчний оношийн аль нэг нь зөрсөн бол оношийн зөрүү гэнэ.
8.2.Оношийн зөрүүний шалтгаан нь бодит байвал эмчийн үйл ажиллагааны дутагдалд үл тооцно.
Текст томруулах
A
A
A