- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРӨӨС МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖЛИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО /2017-2025/
Засгийн газрын 2017 оны 47 дугаар
тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖЛИЙН
ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
/2017-2025/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Бодлого боловсруулах үндэслэл, шаардлага
Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх чиглэлээр 1999-2016 онд “Мэдээлэл, холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал” (1999-2010), “Mонгол Улсын мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги” (2002-2006), “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр (2005-2012), “Цахим засаг” үндэсний хөтөлбөр (2012-2016), “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр” (2010-2015), “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр” (2011-2015) зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг батлан үндсэнд нь амжилттай хэрэгжүүлээд байна. Үүний үр дүнд манай улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарт хувийн хэвшлийн үйл ажиллагаа давамгайлж, хувьчлал, зах зээлийн либералчлал, өрсөлдөөнийг дэмжих бодлого тууштай хэрэгжин тус салбарын үр ашиг, орлого өсч, өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 2.4 хувийг эзэлж байна. Түүнчлэн улсын эдийн засаг, нийгмийн бүх салбар, иргэдийн амьдралд мэдээлэл, харилцаа холбооны салбарын дэвшилтэт технологи нэвтэрч, өдөр тутмын хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагааных нь салшгүй хэсэг болсон байна.
Цаашид мэдээлэл, харилцаа холбооны зөөлөн болон хатуу дэд бүтэц, технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, инновацид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тус салбарын эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагааг эрчимжүүлэх, өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, мэдээллийн технологийн болон программ хангамжийн кластер байгуулах зэрэг асуудал тулгарч байна.
Иймд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийгмийн харилцаа, хүмүүсийн өдөр тутмын амьдралд үзүүлэх бодит эерэг нөлөө болон олон улс, бүс нутгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан тухайн салбарын улс орны эдийн засаг, нийгмийн бусад салбар, олон талт харилцаанд гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд мэдээлэл, харилцаа холбооны салбарыг цаашид хөгжүүлэх бодлогыг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх тодорхой зорилт тусгагдсан нь төрөөс баримтлах энэхүү бодлогыг боловсруулах үндэслэл болж байна.
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг баталж хэрэгжүүлснээр мэдээллийн технологи, харилцаа холбооны
хөгжлийг дэлхийн нийтийн чиг хандлагад нийцүүлэх, цахим засгийг хөгжүүлэх, бусад салбарын үйл ажиллагааг цахимжуулах, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, цаг алдалгүй шуурхай хүргэх зэрэг үр дүн гарах юм.
1.2. Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын шинжилгээ
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд салбарын үйл ажиллагаанд хийсэн дараах шинжилгээнд тулгуурлаж байна:
1.2.1. Давуу тал:
1.2.1.1. мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц бүхэлдээ тоон технологид шилжсэн;
1.2.1.2. олон улстай шилэн кабелиар болон сансрын холбоогоор холбогдох гарцтай болсон;
1.2.1.3. мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц нь аль нэг улсаас дангаар хараат бусаар ажиллах боломжтой;
1.2.1.4. харилцаа холбооны зах зээл нь өрсөлдөөнт хэлбэрт шилжиж либеральчлагдсан;
1.2.1.5. бүх нийтийн үйлчилгээний сан байгуулах эрх зүйн орчин бүрдсэн;
1.2.1.6. өөрийн хиймэл дагуул хөөргөх сансрын байршилтай;
1.2.1.7. Үндэсний дата төвийг байгуулан ашиглаж байгаа;
1.2.1.8. зах зээлийн багтаамж өндөртэй хөрш орнуудтай;
1.2.1.9. улсын хэмжээнд хүн ам, айл өрх кабелийн, утасгүй кабелийн, эфирийн, сансрын, интернэт протоколд суурилсан телевизийн сүлжээгээр телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах болсон.
1.2.2. Сул тал:
1.2.2.1. мэдээлэл, харилцаа холбоо, технологийн зөөлөн болон хатуу дэд бүтцийн технологи, тоног төхөөрөмж угсралтын үйлдвэрлэл байхгүй;
1.2.2.2. мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх дагнасан байгууллага байхгүй;
1.2.2.3. улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн өндөр ур чадвар бүхий хүний нөөцийн хөгжил хангагдаагүй;
1.2.2.4. гадаад, дотоодын зах зээлд цахим худалдаа хийх эрх зүйн орчин бүрдээгүй;
1.2.2.5. дотоодын зах зээлийн багтаамж бага, ядуурал их байгаагийн улмаас мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ хүргэх, хүлээн авах боломж хязгаарлагдмал.
1.3. Бодлогын хамрах хүрээ
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын нийт газар нутгийг хамруулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд хамрах хүрээг дараах байдлаар тодорхойлж байна:
1.3.1. бүх шатны төрийн байгууллага;
1.3.2. төрийн өмчит болон төрийн өмчит оролцоотой хуулийн этгээд;
1.3.3. хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага;
1.3.4. иргэний нийгмийн байгууллага болон төрийн бус байгууллага;
1.3.5. иргэд.
1.4. Бодлогыг хэрэгжүүлэх зарчим
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг дараах зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ:
1.4.1. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашигт нийцсэн байх;
1.4.2. төр, шинжлэх ухаан, бизнесийн үр ашигтай хамтын ажиллагаанд тулгуурласан, харилцан уялдаатай нэгдмэл цогц байх;
1.4.3. хүний эрүүл мэндэд харшлахгүй, байгаль орчинд ээлтэй байх;
1.4.4. мэдээлэл, харилцаа холбоог хөгжүүлэх замаар хувь хүний хөгжлийг дэмжиж, нийгэм, эдийн засгийн бүх салбар, бүс нутаг, иргэн бүрт хүртээмжтэй байх;
1.4.5. олон улсад өрсөлдөх чадвартай экспортод чиглэсэн дэвшилтэт техник технологи, инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжсэн байх.
Хоёр. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын алсын хараа, зорилго, зорилт
2.1. Алсын хараа
Мэдээлэл, харилцаа холбооны хөгжил, дэвшил нь Монгол Улсын хөгжлийн хурдасгуур байна.
2.2. Зорилго
Мэдээлэл, харилцаа холбооны дэвшлийг бүх нийтийн хүртээл болгох, мэдлэг шингэсэн өндөр технологи, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын хөгжлийг хурдасгахад энэхүү бодлогын баримт бичгийн гол зорилго оршино.
2.3. Бодлогын зорилгыг хэрэгжүүлэх зорилгоор дараах зорилтыг дэвшүүлж байна:
2.3.1. мэдээлэл, харилцаа холбооны салбарын эрх зүйн тогтолцоо, зохион байгуулалтыг оновчтой болгох замаар салбарын хөгжлийн таатай орчинг бүрдүүлнэ;
2.3.2. бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний өсөн нэмэгдэх хэрэгцээ, шаардлагыг хангах мэдээлэл, харилцаа холбооны үндэсний суурь сүлжээ, дэд бүтцийг төрийн дэмжлэг, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулна;
2.3.3. мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээний төрөл, хүртээмж, чанарыг нэмэгдүүлнэ;
2.3.4. мэдээлэл, харилцаа холбооны судалгаа-хөгжлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинжлэх ухаан технологийн парк байгуулах арга хэмжээ авч Монгол Улсад инноваци, судалгаа-хөгжлийн нэгдсэн тогтолцоо бий болгоно;
2.3.5. мэдээлэл, харилцаа холбооны технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний тоон контент, программ хангамжийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэлийн үйл явц, удирдлага, хяналтад мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх замаар олон улсын зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлнэ;
2.3.6. эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулах, өндөр өртөгтэй, үр өгөөжтэй тоног төхөөрөмжийг суурилуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлнэ;
2.3.7. үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, байгууллагын мэдээллийн бүрэн бүтэн байдал, үнэн зөв, хамгаалалттай, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах замаар мэдээллийн аюулгүй байдлыг хангана;
2.3.8. төрийн байгууллагын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалын ардчилсан, нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай байдлыг идэвхижүүлэх, инновацийг дэмжиж, цахим засгийн хөгжлийг боловсронгуй болгох замаар цахим засаглалыг хөгжүүлнэ.
Гурав. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах
бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
3.1. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогод дэвшүүлсэн зорилтыг дараах чиглэлд тулгуурлан хэрэгжүүлнэ:
3.1.1. мэдээлэл, харилцаа холбооны эрх зүйн тогтолцоо, зохицуулалт;
3.1.2. мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц;
3.1.3. мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ;
3.1.4. мэдээлэл, харилцаа холбооны инноваци, судалгаа;
3.1.5. мэдээлэл, харилцаа холбооны үйлдвэрлэл;
3.1.6. мэдээлэл, харилцаа холбооны зах зээл, хөрөнгө оруулалт, өрсөлдөөний орчин;
3.1.7. мэдээллийн аюулгүй байдал;
3.1.8. мэдээлэл, харилцаа холбооны дэвшилд суурилсан цахим засаглал.
3.2. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын эрх зүйн тогтолцоо, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох замаар салбарын хөгжлийн таатай орчинг бүрдүүлэх зорилтын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны эрх зүйн тогтолцоо, зохицуулалтын талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.2.1. мэдээлэл, харилцаа холбооны салбарын эрх зүйн актыг боловсронгуй болгож, Монгол Улсын хууль болон олон улсын гэрээнд нийцүүлэн шинэчлэн боловсруулж мөрдүүлнэ;
3.2.2. бизнес эрхлэх үр ашигтай өрсөлдөөнийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтаар хангаж, шударгаар өрсөлдөх орчинг сайжруулна;
3.2.3. салбарын стандартчилал, баталгаажуулалтыг олон улсын технологийн дэвшилтэй уялдуулж боловсронгуй болгоно;
3.2.4. Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны салбарын удирдлага, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоог оновчтой болгоно.
3.3. Бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний өсөн нэмэгдэх хэрэгцээ шаардлагыг хангах мэдээлэл, харилцаа холбооны үндэсний суурь сүлжээ, дэд бүтцийг төрийн дэмжлэг, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулах зорилтын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.3.1. мэдээлэл, харилцаа холбооны бүх төрлийн үйлчилгээг улсын хэмжээнд нэвтрүүлэхэд шаардагдах мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийг төрийн зохих дэмжлэгтэйгээр хувийн хэвшилд тулгуурлан хөгжүүлнэ;
3.3.2. зам, тээвэр, газрын харилцаа, барилга, хот байгуулалт, эрчим хүчний дэд бүтцийн төлөвлөлт, улсыг батлан хамгаалах эрх ашиг, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалттай уялдуулан мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, түүний дэд бүтцийг төлөвлөж байгуулна;
3.3.3. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, газар зүйн байршлын хувьд ялгаатай хоёроос дээш олон улсын транзит урсгал дамжуулах сүлжээг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлан байгуулна;
3.3.4. Бүх аймаг, сум, суурин газар болон аялал жуулчлалын бүс нутагт өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх боломж бүхий хот хоорондын дамжуулах сүлжээг өргөтгөн хөгжүүлнэ.
3.3.5. хот, суурин газрын доторх мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн байгууламжийг өргөтгөнө.
3.3.6. өргөн нэвтрүүлгийн нөөц сүлжээ бий болгоно;
3.3.7. радио долгионы зохицуулалт, төлөвлөлтийг сайжруулж, үр ашигтай хуваарилалтыг бий болгоно;
3.3.8. шуудангийн бүх төрлийн үйлчилгээг Монгол Улсын бүх иргэн, өрх, байгууллага бүрт тэгш хүртээмжтэй хүргэх боломж бүхий шуудангийн сүлжээг төрийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшилд тулгуурлан өргөтгөн хөгжүүлнэ;
3.3.9. харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулыг хөөргөж ашиглана;
3.3.10. хаягжилтын системийн уялдааг сайжруулж нэгдмэл болгоно.
3.4. Мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан үйлчилгээний төрөл, хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.4.1. дараа үеийн суурин болон хөдөлгөөнт холбооны технологид суурилсан үйлчилгээ нэвтрүүлнэ;
3.4.2. суурин болон хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээг өргөжүүлнэ;
3.4.3. телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулна;
3.4.4. хаягжилтын нэгдсэн системд суурилсан шуудангийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлнэ;
3.4.5. хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ;
3.4.6. гамшгийн болон байгаль, цаг уурын онцгой нөхцөл байдал үүссэн үеийн харилцаа холбооны найдвартай үйл ажиллагааг хангана;
3.4.7. харилцаа холбооны нэмүү өртөг шингэсэн үйлчилгээ нэвтрүүлэх таатай орчин бүрдүүлнэ;
3.4.8. гео-орон зайн мэдээллийн дэд бүтцийг ашиглан төрийн байгууллага, иргэдэд үнэн зөв, нарийвчлалтай мэдээлэлд үндэслэсэн орон зайн дүн шинжилгээ, ухаалаг төлөвлөлт хийх боломжийг бүрдүүлнэ.
3.5. Мэдээлэл, харилцаа холбооны судалгаа-хөгжлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шинжлэх ухаан технологийн парк байгуулах арга хэмжээ авч Монгол Улсад инноваци, судалгаа хөгжлийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны инноваци, судалгаа хөгжлийн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.5.1. мэдээлэл, харилцаа холбооны судалгаа-хөгжил, инновацийн чиглэлээр бодлогын болон бизнесийн таатай орчинг бүрдүүлнэ;
3.5.2. инновацийг дэмжихэд оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхижүүлж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлнэ;
3.5.3. cудалгаа-хөгжил, инновацийг хөгжүүлэх дэд бүтцийг байгаль орчинд ээлтэй хөгжүүлнэ;
3.5.4. мэдээлэл, харилцаа холбооны судалгаа-хөгжил, инновацийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ;
3.5.5. их сургууль-үйлдвэрийн судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлж мэдлэгт суурилсан инновацийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжинэ.
3.6. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үндэсний тоон контент, программ хангамжийн үйлдвэрлэлийг дэмжих, үйлдвэрлэлийн үйл явц, удирдлага, хяналтад мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлэх замаар олон улсын зах зээлд өрсөлдөх чадавхийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Мэдээлэл, харилцаа холбооны үйлдвэрлэлийн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.6.1. байгаль орчинд ээлтэй өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ;
3.6.2. үндэсний тоон контент үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлнэ;
3.6.3. үндэсний программ хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ;
3.6.4. үйлдвэрлэлийн үйл явц, удирдлага, хяналтад мэдээлэл, харилцаа холбооны технологийг нэвтрүүлж хөгжүүлнэ.
3.7. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулах, өндөр өртөгтэй, үр өгөөжтэй тоног төхөөрөмжийг суурилуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хөрөнгө оруулалтад дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны зах зээл, хөрөнгө оруулалт, өрсөлдөөний орчинг сайжруулах талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.7.1. мэдээлэл, харилцаа холбооны салбарт хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлнэ;
3.7.2. мэдээлэл, харилцаа холбооны салбарт шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлнэ;
3.7.3. мэдээлэл, харилцаа холбооны салбарын татварын зохистой орчинг бий болгоно;
3.7.4. мэдээлэл, харилцаа холбооны салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлнэ.
3.8. Үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр, иргэн, байгууллагын мэдээллийн бүрэн бүтэн болон, үнэн зөв, хамгаалалттай, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах замаар мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.8.1. мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль эрх зүйн зохицуулалтын орчинг бүрдүүлнэ;
3.8.2. үндэсний мэдээллийн дэд бүтцэд халдах зэрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг бий болгоно;
3.8.3. төрийн болон онц чухал дэд бүтэц бүхий байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалахад мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана;
3.8.4. мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлнэ;
3.8.5. мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлж, соёлтой хэрэглээг бий болгоно.
3.9. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалын ардчилсан, нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай байдлыг идэвхижүүлэх, төрийн үйл ажиллагааны инновацийг дэмжиж, цахим засгийн хөгжлийг боловсронгуй болгох замаар цахим засаглалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилд суурилсан цахим засаглалын талаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
3.9.1. бүх нийтийг тоон бичиг үсэгтэн болгоно;
3.9.2. цахим засгийн хууль, эрх зүйн орчинг бүрдүүлнэ;
3.9.3. цахим заcгийг тасралтгүй хөгжүүлэх тогтолцоог боловсронгуй болгож, хатуу болон зөөлөн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн бодлоготой хөгжүүлнэ;
3.9.4. төрийн цахим ой санамж болох мэдээллийн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгож хөгжүүлнэ;
3.9.5. иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд мэдээлэл, харилцаа холбооны дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо, үйл ажиллагааг дэмжинэ;
3.9.6. цахим оролцоог хөгжүүлж, төрийн байгууллагын шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, ил тод байдлыг хангана;
3.9.7. мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бүрдүүлнэ;
3.9.8. төрийн бүх шатны байгууллага, ажилтанд мэдээлэл, харилцаа холбооны технологийн зохистой, ёс зүйтэй хэрэглээг төлөвшүүлнэ;
3.9.9. монгол хүний хөгжлийг дэмжиж, эдийн засаг, нийгмийн дараах салбарт мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инновацийг нэвтрүүлэх замаар хөгжлийг хурдасган бүтээмж, үр ашгийг дээшлүүлнэ:
3.9.9.1. Монгол Улсын хүн амын хөгжил, амьдралын чанар, иргэн бүрийн нийгмийн баталгааг хангах, хөдөлмөр эрхлэлтийг мэдээллийн технологийн дэвшилд тулгуурлан хөгжүүлнэ;
3.9.9.2. эрүүл мэндийн аюулгүй чанартай оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлэх, монгол хүний эрүүл мэндийг хамгаалахад мэдээллийн технологийн дэвшлийг түлхүү нэвтрүүлнэ;
3.9.9.3. монгол хүний боловсрол, мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж дэмжинэ;
3.9.9.4. банк санхүүгийн үйлчилгээг мэдээллийн технологийн дэвшлээр дэмжинэ;
3.9.9.5. уул уурхай, геологи, эрдэс баялгийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулахад мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлнэ;
3.9.9.6. хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын түүхий эдийн нөөцийг зохистой ашиглах, тус салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүн амыг аюулгүй хүнсээр хангах зорилтод мэдээллийн технологийн ололт, дэвшлийг түлхүү ашиглана;
3.9.9.7. зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, ая тухтай тээврийн үйлчилгээний нөхцөлийг бий болгох үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж хөгжүүлнэ;
3.9.9.8. байгаль орчин, экосистемийн тэнцвэрийг хадгалах, нөөцийн хомсдолыг хязгаарлан зогсоох, ойн болон усны сан, нөөцийн ашиглалтыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг мэдээллийн технологийн дэвшлээр дэмжинэ;
3.9.9.9. эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах, эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, эрчим хүчний шинэ технологийг хөгжүүлэх үйл ажиллагаанд мэдээллийн технологи, инновацийг нэвтрүүлж хөгжүүлнэ;
3.9.9.10. олон улсын терроризм, хүний наймаа, хар тамхи, мансууруулах бодис, хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх болон хүний эрх, эрх чөлөөг хангах үйл ажиллагааг мэдээллийн технологийн дэвшлээр дэмжинэ;
3.9.9.11. иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, ядуурлыг бууруулах үйл ажиллагааг мэдээллийн технологийн дэвшлээр дэмжинэ;
3.9.9.12. бусад салбарын үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх замаар нийгэм, эдийн засгийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлнэ.
Дөрөв. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хугацаа
4.1. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг дунд хугацааны болон урт хугацааны 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
4.1.1. Дунд хугацааны буюу 2017-2020 он: Энэ үе шатанд мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийг эрчимжүүлэх, инноваци, мэдлэг оюунд тулгуурласан экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх, өндөр ур чадвар бүхий боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх, инноваци, мэдээллийн технологийн кластер байгуулах замаар салбарын өсөлтийг дээшлүүлэх, шинэ зах зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болох боломж нөхцөлийг бүрдүүлнэ.
4.1.2. Урт хугаацааны буюу 2021-2025 он: Энэ үе шатанд мэдээлэл, харилцаа холбооны салбарын өсөлтийг баталгаажуулах, өндөр технологи, инновацид суурилсан эдийн засгийн үр ашигтай, үйлдвэрлэлийн шинэ салбарыг төлөвшүүлэх, улс орны эдийн засаг, нийгэм, хүний хөгжилд оруулах үр нөлөөг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, технологи нэвтрүүлэх ажлыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлт, иргэд, байгууллага, салбарын хөгжлийг дэмжин, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, тоон эдийн засгийн секторын эзлэх хувийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Тав. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн
Бодлогын зорилтуудын хэрэгжилтийг 2016 оны түвшин, үзүүлэлттэй харьцуулан хүрэх үр дүнг хэмжинэ.
№ |
Зорилт |
Шалгуур үзүүлэлт |
Хэмжих нэгж |
Суурь түвшин |
Зорил-тот түвшин, 2020 |
Зорилтот түвшин, 2025 |
Мэдээллийн эх сурвалж |
|
Үзүүлэлт |
|
|||||||
1 |
Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, дэд бүтэц |
Ази, Европыг холбосон өндөр хурдны сүлжээний мэдээллийн урсгалын хэмжээ |
Гбит/сек |
120 |
10 дахин өснө |
80 дахин өснө |
Салбарын судалгаа |
|
Бүх аймгийг хамарсан нөөц тойруу холболт бүхий үндсэн сүлжээний багтаамж |
Гбит/сек |
10 |
100 |
500 |
Салбарын судалгаа |
|
||
Аймгийн төвийн өндөр хурдны өргөн зурвасын сүлжээний холболт |
Гбит/сек |
1 |
10 |
20 |
Салбарын судалгаа |
|
||
Сум суурин газрын багтаамж |
Мбит/сек |
155 |
516 |
2048 |
Салбарын судалгаа |
|
||
2 |
Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ |
Өргөн зурвасын интернэтэд холбогдсон өрхийн нэвтрэлтийн түвшин |
хувь |
29 |
50 |
70 |
ОУЦХБ |
|
Интернэт ашигладаг хүн амын нэвтрэлтийн түвшин |
хувь |
27 |
60 |
90 |
ОУЦХБ |
|
||
Дараа үеийн технологийг ашигладаг хөдөлгөөнт холбооны нийт идэвхтэй хэрэглэгчийн нэвтрэлтийн түвшин |
хувь |
4.53 |
40 |
70 |
ХХЗХ |
|
||
3 |
Мэдээлэл, харилцаа холбооны инноваци, судалгаа-хөгжил |
Оюуны өмч, биет бус хөрөнгө барьцаалан зээл олголт |
Зээл авсан төслийн тоо |
1 |
10 |
25 |
Банк |
|
Технологийн туршилт, шалгалт баталгаажуулал-тын лаборатори бий эсэх |
Тоо |
0 |
- |
1 |
ХХМТГ |
|
||
4 |
Мэдээлэл, харилцаа холбооны үйлдвэрлэл |
Өндөр технологи, харилцаа холбооны бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн өсөлт |
хувь |
0.02 |
1 |
3 |
Үндэсний хөгжлийн газар |
|
Үндэсний программ хангамжийн компанийн брэнд бүтээгдэхүүний нийлүүлэлт |
тоо |
9 |
20 |
40 |
МОСА |
|
||
Монгол хэл дээрх үндэсний тоон контентийн нийлүүлэлт |
хувь |
9 |
25 |
50 |
МОСА |
|
||
5 |
Мэдээлэл, харилцаа холбооны зах зээл, хөрөнгө оруулалт, өрсөлдөө-ний орчныг сайжруулах |
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалтын өсөлтийн хувь |
хувь |
8 |
12 |
20 |
Салбарын судалгаа |
|
Мэдээлэл харилцаа холбооны салбарын орлогын өсөлтийн хувь |
хувь |
8 |
12 |
20 |
Салбарын судалгаа |
|
||
6 |
Мэдээллийн аюулгүй байдал |
ОУЦХБ-ын Кибер аюулгүй байдлын санал асуулгын техник, үйл ажиллагааны индекс |
индексийн үзүүлэлт |
0.83 |
0.87 |
0.9 |
ОУЦХБ-ын Кибер аюулгүй байдлын санал асуулга |
|
ОУЦХБ-ын Кибер аюулгүй байдлын санал асуулгын хамтын ажиллагааны индекс |
индексийн үзүүлэлт |
0.63 |
0.67 |
0.7 |
ОУЦХБ-ын Кибер аюулгүй байдлын санал асуулга |
|
||
7 |
Мэдээлэл, харилцаа холбооны дэвшилд суурилсан Ухаалаг засаг
|
Цахим үйлчилгээний индекс |
индексийн үзүүлэлт |
0.51 |
0.57 |
0.7 |
НҮБ-ын цахим засгийн судалгаа |
|
Цахим оролцооны индекс |
индексийн үзүүлэлт |
0.71 |
0.74 |
0.8 |
НҮБ-ын цахим засгийн судалгаа |
|
||
Нэгдсэн мэдээллийн сангийн тоо |
Тоо |
0 |
- |
1 |
Бодлогын судалгаа |
|
||
Иргэдийн тоон бичиг үсгийн чадавх |
% |
32 |
45 |
60 |
БНҮҮС-ийн судалгаа |
|
Зургаа. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр
6.1. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгана.
6.2. Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан дараах эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
6.2.1. улсын болон орон нутгийн төсөв;
6.2.2. гадаадын зээл, тусламж;
6.2.3. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;
6.2.4. бусад эх үүсвэр.
Долоо. Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээ
7.1. Мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь бодлогын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, 4 жил тутам хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж тайланг Засгийн газарт танилцуулна.
7.2. Бодлогыг хэрэгжүүлэгч бүх талууд мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тайлан, мэдээллийн шалгуур, үзүүлэлт тус бүрээр заасан хугацаанд хүргүүлнэ.
7.3. Мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага бодлогын хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулан, уялдуулж тайлагнана.
7.4. Бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайлан мэдээллийг олон нийтэд мэдээлж сурталчилна.
----оо0оо----
Текст томруулах
A
A
A