- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮҮХДИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/49 дугаар тушаалын хавсралт
ХҮҮХДИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэ журам нь гадаадад зорчих Монгол Улсын иргэн 18 нас хүртэлх хүүхдэд хамаарна.
Хоёр. Улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа
2.1.Хүүхдийг хил нэвтрэх эрхийн баримт бичгээс гадна дараахь баримт бичгийг аль тохирохыг үндэслэн улсын хилээр нэвтрүүлэх бөгөөд зөвхөн Монгол Улсаас гарах чиглэлд хамаарна.
2.1.1.Эцэг, эхийн аль нэгээр овоглоогүй бол гэр бүлийн гишүүний хамт зорчих үед хүүхдийн төрсний гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг /төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл цахим лавлагаа/;
/Энэ хэсгийг 2020 оны А/96 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
2.1.2.Хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон тухай сум, дүүргийн Засаг даргын захирамж, шүүхийн шийдвэр;
2.1.3.Эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих хүүхдэд эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
2.1.4.Олон улсын уралдаан, тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, сурагч, оюутан солилцоогоор сургалтад хүүхэд оролцуулж байгаа сургууль, спорт клуб, урлаг соёлын байгууллагыг тухайн харьяа нэгжийн Цагдаагийн хэлтэс, тасаг нь шалгаж зөвшөөрөл олгоно. Орон нутгаас дээрх арга хэмжээнд хүүхэд оролцуулахаар бол тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл олгоно;
/Энэ хэсгийг 2020 оны А/96 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
2.1.5.Энэ журмын 2.1.4-т заасан зөвшөөрлийг олгохдоо цагдаагийн байгууллага тухайн байгууллагын үйл ажиллагаатай биечлэн танилцах бөгөөд бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэнэ.
/Энэ хэсгийг 2020 оны А/96 дугаар тушаалаар нэмсэн./
2.2.Энэ журмын 2.1.3-д итгэмжлэлд хүүхдийн өөрийнх нь болон хамт явах хүний зорчих улсын хүчинтэй виз, бичгээр гаргасан үндэслэл бүхий тайлбарыг хавсаргасан байна. Тухайн хүүхдийн эцэг, эх нь гадаадад байгаа бол Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн итгэмжлэл байна.
2.3.Энэ журмын 2.1.1, 2.1.2, 2.1.3-т заасан баримт бичгүүдийн 1 хувийг хилийн боомтод хураан авч, архивын нэгж болгон 5 хүртэл жилийн хугацаагаар хадгална.
/Энэ хэсгийг 2020 оны А/96 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
2.4.Хил хамгаалах байгууллага нь Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.5.Хүүхдийн хамт хил нэвтэрсэн этгээд нь хүүхдийг гадаад улсад үлдээсэн тохиолдолд гадаад улсад байгаа эцэг, эх болон бусад хүлээн авсан хүний баримт бичгийн хуулбар, хүүхдийг хүлээн авсан тэмдэглэл, хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийн мэдээлэл зэргийг авчирна. Энэ тухай хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан хилээр гарах үед тухайн этгээдэд сануулна.
2.6.Гадаадад зорчих хүүхдийн нотлох баримт бичгүүдийг хуурамчаар бүрдүүлсэн болон бусад үндэслэлээр хил дамжуулан худалдаалах болзошгүй сэжиг илэрвэл шалган нэвтрүүлэх албаны ажилтан цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны А/96 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
2.7.Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий нэгж нь хил хамгаалах байгууллагаас ирүүлсэн мэдээллийг хүлээн авч, хяналт тавьж ажиллана.
/Энэ хэсгийг 2020 оны А/96 дугаар тушаалаар нэмсэн./
Гурав.Хүүхдийн Монгол Улсын хилээр нэвтэрсэн бүртгэл хөтлөх, хяналт тавих
3.1.Хүүхдийг хилээр нэвтэрсэн тухай бүртгэлийг хил хамгаалах байгууллага хөтөлж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлнэ.
3.2.Гадаад улсад зорчих хүүхэд ганцаараа, эсвэл хамт яваа хүн нь энэ журмын 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4-д заасан баримт бичиггүй тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхгүй буцааж, энэ талаарх зөрчлийг мэдээллийн санд бүртгэнэ.
3.3.Гадаад улсад зорчих хүүхдийн гадаадад зорчих аяллын зорилго, хүлээн авагч тодорхойгүй бол хилээр нэвтрүүлэхгүй.
3.4.Хил хамгаалах байгууллага хилийн боомтод бүртгэгдсэн энэ журмын 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.2, 2.5, 2.6-д заасан зөрчлийн судалгааг сар бүр цагдаагийн хууль зүйн болон хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны А/96 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
3.5.Хүүхдийг гадаадад зорчсон, буцаж ирсэн эсэхэд хил хамгаалах байгууллага хяналт тавьж, цагдаагийн байгуулагатай мэдээлэл солилцон хамтран ажиллана.
3.6.Улсын хилээр хамт нэвтэрсэн хүүхдийг хилийн гадна үлдээсэн тохиолдолд эргэж ирээгүй шалтгааныг нь тодруулах, шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлнэ.
3.7.Журмын 3.2-т заасан зөрчлийн судалгааны мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч хилийн гадна үлдээсэн, эцэг, эх, мөн хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хил нэвтрэхээр завдсан хүүхдийн шалтгааныг тодруулах, хаана байгааг тогтоох зорилгоор хянан шалгах ажиллагааг явуулж, нөхцөл байдлын талаар хил хамгаалах байгууллагад мэдэгдэж, нэгдсэн санд бүртгүүлнэ.
3.8.Журмын 2.6-д заасан сэжигтэй тохиолдлыг шалгуулахаар шилжүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэсний дараа холбогдох мэдээллийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хил хамгаалах байгууллагад тус тус хүргүүлнэ.
3.9.Монгол Улсаас гадаадын иргэн, гадаадын гэр бүлд үрчлэгдсэн Монгол Улсын харьяат хүүхдийг хилээр нэвтрэхэд Гадаадын иргэн, харьяатын газрын холбогдох албан тушаалтанд мэдэгдэнэ.
/3.7-3.9 дэх хэсгийг 2020 оны А/96 дугаар тушаалаар нэмсэн./
Текст томруулах
A
A
A