- Нүүр
- Сайдын тушаал
- УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧИНД АЮУЛ, ХОХИРОЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ
Зам , тээвэр , аялал жуулчлалын сайдын 2006 оны 4 сарын 5-ны өдрийн дугаар 45 тушаалын хавсралт
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧИНД АЮУЛ, ХОХИРОЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь усан замын тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачааг /цаашид “аюултай ачаа” гэнэ/ аюулгүй тээвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Усан замын тээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэлтийг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэд /цаашид тээвэрлэгч гэнэ/ гүйцэтгэнэ.
1.3. Энэхүү журмын хэрэгжилтэд Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын газар болон эдгээр байгууллагаас томилогдсон усан замын тээврийн улсын байцаагч нар хяналт тавьж ажиллана.
2. Аюултай ачааны ангилал ба түүнийг тээвэрлэхтэй холбогдсон тoдорхойлолтууд
2.1. Аюултай ачаа гэж усан замаар тээвэрлэх үед өөрийн шинж чанараараа хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө болон хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй бүх биет зүйлс болон бодисыг:
2.2. Ачааны оноосон нэр гэж тээврийн баримт бичиг, ачааны мэдэгдэл, баглаа боодолд тухайн бодис болон эд зүйлийг аюултай ачааны техникийн зааварчилгад дурьдсаны дагуу тодорхойлон бичсэнийг:
2.3. Баглаа боодол гэж аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан шаардлагыг хангасан хайрцаг сав болон түүний бүрэлдэхүүн хэсгийг:
2.4. Гадуур баглаа боодол гэж нэг буюу хэд хэдэн ачааг зөөх, хадгалах, тээвэрлэхэд тохиромжтой байхаар нэг нэгж болгон боож баглахыг:
2.5. Нэгдсэн үндэстний дугаар гэж аюултай эд зүйлс болон бодисыг ангилах зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын хяналтын хороогоор батлагдсан 4 оронтой тоог:
2.6. Ачиж буулгах төхөөрөмж гэж зогсоол дээр буюу усан замын тээврийн хэрэгслийн тавцан дээр байрлах ачааг ачиж буулгахад зориулагдсан төхөөрөмжийг:
2.7. Савлалт гэж эд зүйлс болон бодисыг хайрцаг саванд хийж найдвартай, аюулгүй болгох үйл ажиллагааг:
2.8. Аюултай ачааны техникийн зааварчилга гэж аюултай ачааг усан замаар болон бусад тээврийн хэрэгслээр аюулгүй тээвэрлэхэд зориулан Олон улсын байгууллагаас батлан гаргасан хүчин төгөлдөр баримт бичгийг тус тус хэлнэ.
2.9. Аюултай ачааг дараах байдлаар ангилна. Үүнд:
2.9.1. 1 дүгээр ангилал - тэсрэмтгий бодис
а) тэсрэмтгий бодисууд ( үүнд давамгайлах аюул нь өөр ангид хамаарах тэсрэх бодис орохгүй ):
б) тэсрэх зүйлс ( үүнд шатах зэрэглэл нь уг хэрэгслээс ангид, тусгал нь ямар нэг хэмжээгээр илрэхээргүй тэсрэх бодис агуулсан зүйлс орохгүй ):
в) энэ ангиллын а), б)-д дурьдаагүй, тэсрэх буюу пиротехник ажиллагаанд зориулж хийгдсэн зүйл болон бодисууд.
2.9.2. 2 дугаар ангилал - хий
а) 500C-т 300 кПа-аас дээш даралт үүсгэх бодис:
б) 101,3 кПа стандарт даралт болон 200C-т хийн төлөвт бүрэн шилжих бодис.
2.9.3. 3 дугаар ангилал - шатамхай шингэн
Энэ ангилалд бүх төрлийн шатамхай шингэн орох ба 350C хэмээс дээш шатах цэг бүхий суспенз, эсхүл уусмал байдалд шилжүүлсэн шингэн, эсхүл дараах холимог шинж бүхий шингэнүүдийг шатамхай шингэний төрөлд оруулахгүй.
а) аюултай ачааны техникийн зааварчлагын дагуу шатах чанарын туршилтад оруулахад тэдгээр нь шаталтыг өдөөдөггүй:
б) шатах цэг нь ISO 2592-ын дагуу 1000С хэмээс дээш:
в) найрлагын 90-ээс дээш хувь нь ус бүхий холимог уусмал.
2.9.4. 4 дүгээр ангиллын аюултай ачаа
а) тээвэрлэлтийн явцад үүсэж болзошгүй нөхцөл байдлын улмаас амархан шатах буюу үрэлтийн улмаас гал гаргах буюу өдөөх шинж чанар бүхий хатуу биет:
б) хүчтэй термик урвалд орох чадвар бүхий өөрөө урвал үүсгэдэг бодис болон энэ төрлийн бодисууд:
в) зохих хэмжээгээр шингэрүүлээгүй тохиолдолд дэлбэрч болох мэдрэмтгий чанарыг нь бууруулсан тэсрэх бодис:
г) тээвэрлэлтийн явцад тохиолдож болзошгүй үрэлтийн улмаас өөрөө халах, эсхүл агаартай харилцан үйлчилсний үр дүнд халах, гал авалцах чадвар бүхий бодисууд:
д) устай урвалд орсны үр дүнд өөрөө аяндаа шатах, гал авалцах, эсхүл гал авалцах хий ялгаруулах шинж чанар бүхий бодисууд.
2.9.5. 5 дугаар ангилал – исэлдэгч болон органик бодисууд
а) өөрөө шатамхай биш боловч хүчилтөрөгч ялгаруулах замаар бусад материалын шаталт үүсгэх буюу шаталтыг даамжруулах шинж чанар бүхий бодисууд:
б) нэг буюу хоёр устөрөгчийн атом нь органик радикалаар 0-0 бивалент бүтэц бүхий устөрөгчийн хэт ислийн дериватив гэж тооцогддог органик нэгдлүүд.
2.9.6. 6 дугаар ангиллын аюултай ачаа
а) үнэртэх, залгих, эсхүл хүрэх тохиолдолд хүний эрүүл мэндэд хор хөнөөл, гэмтэл учруулах, эсхүл үхэлд хүргэх аюул бүхий бодисууд:
б) амьд амьтан болон хүний биед халдварт өвчин тарааж болзошгүй бактери, мөөгөнцөр, нян, рахит, шимэгч, рекомбинант, гибрид, мутант гэх мэтийн бичил биетийг агуулж буй бодисууд.
2.9.7. 7 дугаар ангилал – цацраг идэвхит бодисууд
Энэ ангилалд 70 кБк/кг – аас дээш идэвхжилт бүхий аливаа бодис багтана.
2.9.8. 8 дугаар ангилал – зэврүүлэгч бодис
Урсаж, гоожсон тохиолдолд дор дурьдсан хохирол учруулах чанар бүхий бодисууд энэ ангилалд багтана.
а) амьд эд эсэд үйлчлэхдээ химийн аргаар ноцтой гэмтэл учруулах:
б) тээврийн хэрэгсэл болон бусад ачаанд материаллаг гэмтэл учруулах.
2.9.9. 9 дүгээр ангиллын аюултай ачаа
Усан замын тээвэрлэлтийн явцад аюул учруулж болзошгүй, бусад ангилалд тусгагдаагүй бодисууд энэ ангилалд багтана.
2.10. Аюултай ачааны ангилал тус бүрийг аюултай ачааны техникийн зааварчилгад заасны дагуу бүлэглэнэ.
3. Аюултай ачааны тээвэрлэлтэд тавигдах шаардлагууд
3.1. Аюултай ачааг тээвэрлэгч буюу тээвэрлүүлэгч нь дор дурдсан тээвэрлэлтийн шаардлагыг заавал хангасан байна. Үүнд:
3.1.1. Аюултай ачааны тээвэрлэлттэй холбогдсон үйл ажиллагаанд оролцох аливаа этгээд нь усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдсан байна.
3.1.2. Аюултай ачаатай холбогдсон зөрчил, осол гарсан тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх журамтай байна.
3.1.3. Тээвэрлүүлэгч нь аюултай ачааг аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу ангилан, тээврийн баримт бичгийг бүрэн зөв бүрдүүлэн эрх бүхий этгээдээр баталгаажуулсан, савлаж боосон, зохих таних тэмдэг, тэмдэглэгээ болон шошгоор хангасан байна.
3.1.4. Аюултай ачааг тээвэрлэлтэд зориулан савлаж буй этгээд нь тэдгээрийг аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу бүлэглэж савласан байна.
3.1.5. Аюултай ачаанд зориулагдсан хайрцаг, сав, баглаа, боодол болон гадуур баглаа боодол нь аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу үйлдвэрлэгдэж, бэлтгэгдэж, засварлагдсан байна.
3.1.6. Савлагдсан аюултай ачаанд таних тэмдэг, тэмдэглэгээ болон шошго хийж тавьж буй этгээд нь таних тэмдэг, тэмдэглэгээ болон шошгийг аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу хийж тавьсан байх ба эрх бүхий этгээдээр шалгуулан баталгаажуулсан байна.
3.1.7. Аюултай ачааны таних тэмдэг, тэмдэглэгээнд аюултай ачааны оноосон нэр, нэгдсэн үндэстний дугаар (өмнө нь UN үсгийг тавина), аюултай ачааг илгээгч болон хүлээн авагчийн нэр хаяг, аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан бусад тэмдэглэгээнүүдийг тусгасан байна.
3.1.8. Аюултай ачаа агуулсан хайрцаг сав, баглаа боодол болон гадуур баглаа боодлын шошго нь тухайн ачааны нэр төрлийг заасан байх ба шошгон дээр аюулын талаарх анхааруулгыг монгол болон англи хэл дээр бичсэн байна.
3.1.9. Аюултай ачааг усан замаар тээвэрлүүлэхээр санал болгож буй аливаа этгээд нь эрх бүхий этгээдээр баталгаажуулсан тээврийн баримт бичгийг хоёр хувь үйлдэж тээвэрлэгчид хүлээлгэн өгөх ба тээврийн баримт бичигт ачааны оноосон нэр, ачааны ангилал ба бүлэг, нэгдсэн үндэстний дугаар (өмнө нь UN үсгийг тавина), савлалтын багц зэрэг бусад мэдээллүүдийг тусгасан байна.
3.1.10. Аюултай ачааны техникийн зааварчилгад дурьдсан ерөнхий ба нэмэлт шаардлагуудыг болон энэхүү журамд тусгасан шаардлагуудыг дагаж мөрдөн тэдгээрийн шаардлагуудыг хангасан тухай баталгааг бичгээр гаргасан байна.
3.1.11. Тээвэрлэгч багийн гишүүд, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох бүх ажиллагсад болон хяналт тавьж буй томилогдсон төлөөлөгчдөд аюултай ачаатай холбогдон үүсэж болох онцгой нөхцөл байдлын үед авах арга хэмжээний зааварчилга, аюултай ачааны техникийн зааварчилгад тусгагдсан шаардлагатай бусад мэдээлэл зэргээр хангасан байна.
3.1.12. Аюултай ачаа тээвэрлэх маршрутыг Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын газар, Улсын онцгой байдлын ерөнхий газар, тэдгээрийн эрх олгосон байгууллага, албан тушаалтнаар батлуулсан байна.
3.1.13. Аюултай ачаа тээвэрлэх буюу ачиж буулгах үйл ажиллагааны үед тухайн аюултай ачааны ангиллаас нь хамааруулан бүхий л аюулгүй байдлыг хангахад шаардлагатай багаж хэрэгсэл, эд зүйлсийг бэлтгэн хангасан байна.
3.1.14. Аюултай ачааг ачиж буулгах үйл ажиллагааг зөвхөн өдрийн цагаар хийж гүйцэтгэх буюу болзошгүй аюул ослоос сэргийлэх арга хэмжээг урьдчилан авсан байна.
3.2. Аюултай ачааг усан замын тээврийн хэрэгсэлд ачаалах, түүнээс буулгах болон тээвэрлэлтийн явцад эвдэрч гэмтсэн болон асгарч гоожсон тохиолдолд ачааг ачсан онгоцны тавцан, эсхүл ачиж буулгах төхөөрөмжийн бохирдол, гэмтлийг шалгаж аюул учруулж болзошгүй бохирдол, гэмтлийг арилгах, цацраг идэвхт болон халдварт бодис зэрэг хор, аюулын өндөр зэрэгтэй бодис асгарч гоожсон тохиолдолд аливаа үйл ажиллагааг зогсоож энэ тухай холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх зэрэг арга хэмжээг авах ба бохирдлыг цэвэрлэхэд хэрэглэсэн цэвэрлэх бодис болон бохир усыг гол, мөрөн, нуурын усан санд болон газрын хөрсөнд ил орхилгүй аюулгүй байдлыг хангах шаардлагатай хэмжээнүүдийг авсан байна.
3.3. Аюултай ачааны техникийн зааварчилгад тухайн аюултай ачааг бусад ачааны хамт тээвэрлэхийг хориглосон байвал тухайн аюултай ачааг агуулан тээвэрлэж буй хэсэгт хамт тээвэрлэхийг хориглох буюу тухайн усан замын тээврийн хэрэгсэл дээр өөр өөр хэсэгт тээвэрлэх боломжгүй тохиолдолд мөн адил хамт тээвэрлэхийг хатуу хориглоно.
3.4. Зорчигчдыг болон ахуйн хэрэгцээний, хүнсний зориулалттай ачааг аливаа ангиллын аюултай ачаатай хамт тээвэрлэхийг хатуу хориглоно.
3.5. Аюултай ачааны техникийн зааварчилгад заагаагүй бол бусад тохиолдолд бүх төрлийн аюултай ачааг багийн гишүүд болон зорчигчдын гар тээш болон биед нь авч явахыг хориглоно.
3.6. Аюултай ачааг тухайн аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу ачааг ачиж тээвэрлэхээр тусгайлан тоноглон бэлтгэсэн буюу зориулалтын усан замын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
4. Тээвэрлэгчийн бүрэн эрх
4.1. Тээвэрлэгч дараах тохиолдолд тухайн аюултай ачааг тээвэрлэлтэд хүлээн авахаас татгалзана. Үүнд:
4.1.1. Тухайн аюултай ачааг хүлээн авах, хадгалах, болон ачиж зөөвөрлөх үйл ажиллагаа нь аюултай ачааны техникийн зааварчилгын дагуу явагдах боломжгүй буюу түүний техникийн зааварчилгад усан замаар тээвэрлэхийг хориглосон байвал:
4.1.2. Аюултай ачааны баталгаажсан тээврийн баримт бичиг, тэмдэг тэмдэглэгээ, шошго болон бусад нарийвчилсан тодорхойлолтуудыг тээвэрлүүлэгчээс шаардаж эдгээр нь бүрэн бус байвал:
4.2. Тээвэрлэлтэд хүлээн авсан, эсхүл тээвэрлүүлэхээр санал болгосон аюултай ачаа нь энэхүү журмын шаардлагуудад нийцэх эсэх нь эргэлзээтэй байгаа тохиолдолд холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэн шинжилгээ хийлгэх, шалгуулж тодруулж болно.
4.3. Аюултай ачааг хүлээж авсан тээвэрлэгч нь уг ачааг ачиж буулгах, хурааж байрлуулах болон тээвэрлэхдээ аюултай ачааны техникийн зааварчилгад заасны дагуу салгах, тусгаарлах зэргээр аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлагыг дагаж мөрдөн ажиллах ба тээвэрлэгч багийн ахлагч нь гишүүддээ аюултай ачааны шинж чанар, хүрээлэн байгаа орчинд учруулж болзошгүй хор хохирлыг мэдүүлэх, тэдгээрийг ачих, буулгах болон тээвэрлэх үед баримтлах шаардлага, аюултай ачаа тээвэрлэх техникийн зааварчилга, нөхцөл, стандартыг урьдчилан танилцуулж зааварчилгаа өгсөн байх ба эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэрэг зохих мэдлэг чадвартай болгосон байна.
4.4. Усан замын тээврийн хэрэгсэлд аюултай ачааг ачаалахдаа тэдгээрийн сав, баглаа, боодол бүрийг хөдөлгөөн эхлэх, хүчээ авах, эргэх, тойрох, тооромслох, давалгаатай үеийн хазайлт зэрэгт тавцан дээр хөдөлгөөнгүй байлгахын тулд тавцан дээр найдвартай сайн бэхэлж тогтооно. Хэрэв давхарлаж ачих шаардлага гарвал доорх ачаагаа гэмтээхгүйгээр бат бэх, найдвартай сайн зориулалтын жийрэглэх материалаар жийрэглэж ачина.
4.5. Аюултай ачааны тээвэрлэлтийн үед асгарч гоожсон тохиолдолд өөр хоорондоо урвалд орох зэргээр аюул учруулж болзошгүй эд зүйл болон бодисыг нэг дор ачаалахгүй байна.
4.6. Аюултай ачааг усан замын тээврийн хэрэгсэлд ачаалахаас буюу түүнээс буулгахаас өмнө тухайн ачааг агуулсан баглаа боодол болон ачих буулгах төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгасан байна.
4.7. Аюултай ачааны тээвэрлэлт эхлэхээс өмнө аюултай ачаатай холбогдсон мэдээлэл, осол зөрчлийн үед авах арга хэмжээний талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдээлэл өгсөн байна.
4.8. Аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдсон хууль тогтоомж, дүрэм, журам, техникийн нөхцөл, стандартыг мөрдөж ажиллана.
5. Тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих байгууллагын бүрэн эрх
5.1. Аюултай ачаа тээвэрлэх тусгай зөвшөөрлийг энэхүү журам, усан замын тээврийн хэрэгслээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам болон бусад тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шаардлагыг хангаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгоно.
5.2. Нэг удаагийн аюултай ачааны тээвэрлэлт хийх зөвшөөрлийг усан замын тээврийн хэрэгслээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд аймаг, хот, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын усан замын тээврийн асуудал хариуцсан албан тушаалтан, тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын алба болон эдгээр байгууллагаас томилогдсон усан замын тээврийн улсын байцаагч олгож, тухайн тээвэрлэлттэй холбогдох баримт бичиг, мэдээллийг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 21 хоногийн дотор ирүүлнэ.
5.3. Усан замын тээврийн хэрэгслээр ачаа болон аюултай ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдсон гарын авлага, аргачлал, арга зүйн зөвлөгөөгөөр тогтмол хангаж, буруу тээвэрлэснээс үүдэн гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр жилд 1-ээс доошгүй удаа сургалт зохион байгуулна.
5.4. Тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөлгүй буюу зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан усан замын тээврийн хэрэгслээр аюултай ачааны тээвэрлэлт хийлгүүлэхгүй байх хяналтыг Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын газар болон эдгээр байгууллагаас томилогдсон усан замын тээврийн улсын байцаагч нар хавсран хэрэгжүүлнэ.
5.5. Аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдсон зөрчлийг илрүүлсэн тохиолдолд Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын газар болон эдгээр байгууллагаас томилогдсон усан замын тээврийн улсын байцаагч нар Улсын онцгой байдлын ерөнхий газар болон бусад хууль хяналтын байгууллагатай яаралтай холбоо тогтоож болзошгүй аюул, ослыг таслан зогсоох арга хэмжээг хамтран авна.
5.6. Аюултай ачаа тээвэрлэх түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаатай холбогдсон маргааныг Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Улсын мэргэжлийн хяналтын газар болон холбогдох дээд байгууллага хүлээн авч хянан шийдвэрлэнэ.
5.7. Энэхүү журмын шаардлагуудыг зөрчсөн болон аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдсон аливаа зөрчил дутагдал гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд Монгол Улсын Усан замын тээврийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
________о0о_______
Текст томруулах
A
A
A