A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ, АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН УСАН ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН УГСРАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/

                                                        

  Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2006 оны 06 дугаар сарын

30 -ны өдрийн 111 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ, АЧАА ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН УСАН ЗАМЫН ДОХИО, ТЭМДГИЙН УГСРАЛТ, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

1. Нийтлэг үндэслэл 

1.1. Энэхүү журам нь Монгол Улсын нутаг дэвсгэрт усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ болон усан замын дохио, тэмдгийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх иргэн ба хуулийн этгээдэд холбогдох ажил үйлчилгээ эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг (цаашид ”тусгай зөвшөөрөл” гэнэ) олгох, түүнийг эзэмшихтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Тусгай зөвшөөрлийг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

1.3. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тусгай зөвшөөрөл олгохдоо Монгол Улсын ”Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг тус тус баримтална.

2. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

2.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараахь баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд: 

2.1.1. тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацаа, нутаг дэвсгэрийг тодорхой дурьдах/;

2.1.2. тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.1.3. усан замын тээврийн хэрэгслээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүсэгч нь энэхүү журмын 3.1.2-т заасан шаардлагыг хангасан усан замын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээ;        

2.1.4. усан замын дохио, тэмдгийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүсэгч нь энэхүү журмын 3.2-т заасан шаардлагыг хангасан баримт бичиг;

2.1.5. усан замын тээврийн хэрэгслээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүсэгч нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааны туршид заавал даатгуулах даатгалд /хариуцлагын болон эд хөрөнгийн/ даатгуулсан байх ба даатгалын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.1.6. усан замын тээврийн хэрэгслийн жолоодогч, мөн багийн гишүүдээс нэг хүн  усчин бөгөөд аврагч гэснийг гэрчилсэн гэрчилгээ болон түүнтэй адилтгах баримт бичиг;

2.1.7. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

3. Тусгай зөвшөөрөл олгох түүнийг олгоход тавигдах шаардлага

3.1. Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүсэгч нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.1.1. “Усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дүрэм” болон “Усан замын тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн шаардлагууд; 

3.1.2. “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн бүртгэлийн гэрчилгээ авсан байх ба техникийн болон экологийн хяналтын үзлэг хийлгүүлэн тэнцсэн үнэлгээ авч тэмдэглүүлсэн байх;

3.1.3. “Усан замын тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-ын шаардлагууд;

3.1.4. усан замын тээврийн хэрэгслийн жолоодогч нь усан замын тээврийн хэрэгсэл жолоодох дадлага туршлагатай байх ба түүнийг гэрчилсэн мэргэжлийн үнэмлэх болон холбогдох байгууллагаас зохион байгуулсан сургалтад оролцож гэрчилгээ болон түүнтэй адилтгах баримт бичиг авсан байх;

3.1.5.“Усан замын зогсоол байгуулах, түүнийг ашиглах журам”-ын шаардлагуудыг хангасан усан замын зогсоолуудыг ашиглахаар эзэмшигчидтэй нь албан ёсоор тохиролцсон байх буюу зохих журмын дагуу барьж байгуулсан байх;

3.2. Усан замын дохио, тэмдгийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.2.1.тухайн үйлдвэрлэл, үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэх талаар тусгасан гэрээний төсөл боловсруулсан байх /уг гэрээний төслийг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан үзэж уг журмын 4.2-т заасны дагуу мөрдөгдөнө/;

3.2.2. мэргэжлийн боловсон хүчин болон тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хэрхэн хангагдсан тухайгаа энэхүү журмын 1, 2 дугаар хавсралтын дагуу  үнэн зөв мэдүүлсэн байх;

3.2.3. энэхүү журмын  дагуу тавигдах бусад шаардлагыг хангасан байх;

4. Тусгай зөвшөөрөл олгох байгууллагын  болон эзэмшигчийн бүрэн  эрх                                                      

4.1. Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ”Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, ”Усан замын тээврийн тухай” хуулиуд болон бусад холбогдох дүрэм, журмыг үндэслэн хүсэлт гаргагчийн өргөдөл, түүний хавсралт материалыг хянан үзэж тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэрийг  гаргана.          

4.2. Тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг үндэслэн тусгай зөвшөөрөл хүсэгчтэй усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу түүний эрх олгосон байгууллага гэрээ байгуулна. Уг гэрээ нь тусгай зөвшөөрлийн салшгүй хэсэг байх бөгөөд тусгай зөвшөөрөл нь гэрээний хамт хүчинтэй байна.

4.3. Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тусгай зөвшөөрөл олгосны дараа түүнийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох буюу сэргээх үйл ажиллагааг ”Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн хүрээнд шийдвэрлэж байна. 

4.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү журмын 4.1.-д заасан хууль тогтоомж, дүрэм, журам болон 4.2.-т заасан гэрээний нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдол нь тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох үндэслэл болно.

4.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү журмын болон гэрээнд дурьдсан нөхцөл, шаардлагыг биелүүлж, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг эрхлэх үүрэгтэй.

4.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг өөрчлөх шаардлага гарсан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагатай зөвшилцөж болно.

 

__оОо__