A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТАЙ ӨВЧИН ГАРСАН БОЛОН ГАРЧ БОЛЗОШГҮЙ НУТАГ ДЭВСГЭРИЙН ТУХАЙ НИЙТЭД ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ /ХХААХҮС-ын 2019 оны А-16-р тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

 /ХХААХҮС-ын 2019 оны А-16-р тушаалаар хүчингүй/

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1994 оны 3-р сарын 19-ний өдрийн А/10 дугаар тушаалын II хавсралт

 

МАЛ, АМЬТНЫ ХАЛДВАРТАЙ ӨВЧИН ГАРСАН БОЛОН ГАРЧ БОЛЗОШГҮЙ НУТАГ ДЭВСГЭРИЙН ТУХАЙ НИЙТЭД ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ

 

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.Энэхүү журам нь Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл, бусад зүйлсээр дамжин халдвар тархан дэлгэрэх, үүний улмаас улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндэд хохирол учруулахаас сэргийлэх зорилгоор халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн тухай нийтэд зарлан мэдээлэхтэй холбогдон үүсэх нийтлэг харилцаа, үйл ажиллагааг зохицуулна.

2.Мал, амьтны халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн /цаашид “нутаг дэвсгэр” гэнэ/ тухай нийтэд зарлан мэдээлэхэд мэдээллийн бүх төрлийн арга, хэрэгслийг ашиглаж болно.

3.Мал, амьтны өвчний талаарх судалгаа, баримт, лабораторийн шинжилгээний дүгнэлтэд үндэслэн халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлнэ. 

4.Шүлхий, үхрийн мялзан, цээж, хонь ямааны цэцэг, гахайн мялзан, шувууны тахал болон Олон улсын “А” ангилалд хамаарах бусад гоц халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийг нийтэд зарлан мэдээлэх асуудлыг Улсын мал эмнэлгийн албаны ерөнхий газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн дүгнэлт, саналыг үндэслэн ХАА-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

5.Боом, галзуу, бруцеллёз, сүрьеэ, ям, годрон, хорт салт халуурал, дуут хавдар, цусан халдварт, халдварт цус багадах, ёлом, гударга, лейкоз, цэцэг /хонь ямааныхаас бусад/, томуу, сохор догол, хулгана яр, лептоспироз, листериоз, уушиг-гялтангийн хавьталт халдварт үрэвсэл, ку-чичрэг, хамуу зэрэг өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийг тухайн шатны Засаг дарга, Улсын мал эмнэлгийн байгууллагууд нийтэд зарлан мэдээлнэ. Эдгээр өвчин хэд хэдэн аймаг, хот, эсвэл улсын чанартай автозам, төмөр замын боомт зэргийг хамран тархаж болзошгүй үед ХАА-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу Улсын мал эмнэлгийн албаны ерөнхий газар зарлан мэдээлэх арга хэмжээ хэрэгжүүлнэ.

 

ХОЁР. Мал, амьтны халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэхэд Засаг дарга, мал эмнэлгийн байгууллагууд, нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах үүрэг, хариуцлага хүлээж ажиллана.

 

6.Засаг даргын үүрэг.

1/ Мал, амьтны халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэх арга хэмжээг мал эмнэлгийн байгууллагын санал дүгнэлтэд тулгуурлан шийдвэрлэх;

 

2/ Халдвартай өвчин гарсан нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс малын хөдөлгөөн хийх, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг зах зээлд борлуулахыг зогсоох, хязгаарлах зэргээр хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

 

7.Мал эмнэлгийн байгуулагын үүрэг.

1/ Мал, амьтны халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн талаар мэргэжлийн санал, дүгнэлт гаргах;

2/ Мал, амьтны халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэх, үүний дагуу авах арга хэмжээг орон нутгийн Засаг захиргааны удирдлагатай хамтран зохион байгуулах;

8.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг.

1/ Энэ журмыг хэрэгжүүлэх зорилгоор Засаг захиргаа, мал эмнэлгийн байгууллага, мэргэжилтнүүдээс зохион байгуулж буй ажилд оролцох, тэдгээрийн гаргасан шийдвэр, тавьсан шаардлага, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулинд хорио цээрийн талаар заасан заалтууд /гуравдугаар бүлэг, II-р зүйлийн 5, 6/-ыг биелүүлэх;

2/ Орон нутгийн удирдлага, мал эмнэлгийн мэргэжилтнүүдэд мал, амьтны өвчний талаар үнэн, зөв мэдээлэл өгөх;

3/ Мал, амьтны халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай зохих журмын дагуу мэдээлэхийг холбогдох байгууллагаас шаардах.

9. Мал, амьтны халдвартай өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэх журмын биелэлтэд тухайн шатны Засаг дарга, мал эмнэлгийн улсын байцаагч нар хяналт тавина.

                 Жич: Халдвартай өвчнөөс гадна эндемик өвчин гарч болзошгүй нутаг дэвсгэрийн талаар зохих байгууллагууд энэ журманд заасны дагуу зарлан мэдээлнэ.

 

ГУРАВ. Хариуцлага

10. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол уг этгээдэд Монгол Улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7”, “8”, “9”, захиргааны хариуцлагын тухай хуулийн 32, 42, 45 дугаар зүйлүүд болон бусад хууль тогтоомжид заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэнэ.