A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • СПОРТЫГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ (Засгийн газрын 2020 оны 169 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 23 дугаар
   тогтоолын хавсралт

 

СПОРТЫГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ
ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

(Засгийн газрын 2020 оны 169 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 217 дугаар зүйлд заасан Спортыг дэмжих сан (цаашид “Сан” гэх)-гийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Сан нь үйл ажиллагаандаа Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг баримтална.

1.3. Сангийн хөрөнгийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний жил бүрийн төсвийн багцад тусгана.

1.4. Сан нь зохих журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хоёр. Сангийн удирдлага, зохион байгуулалт

2.1. Сангийн үйл ажиллагааг Сангийн удирдах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) удирдах бөгөөд Зөвлөлийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.

2.2. Зөвлөл нь дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдэнэ. Зөвлөл нь 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага, эрдэмтэн, судлаачид, биеийн тамир, спортын мэргэжлийн байгууллага, холбоодын төлөөллийг оролцуулна.

2.3. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно. Шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

2.4. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 болон түүнээс дээш хувийн саналаар шийдвэрлэнэ.

2.5. Зөвлөлийн хуралдаанаас тогтоол гаргах бөгөөд тогтоолд Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

2.6. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын биеийн тамир, спортын асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлнэ.

2.7. Сангийн Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

2.7.1. сангийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, хяналт тавих;

2.7.2. сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах;

2.7.3. сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;

2.7.4. сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах;

2.7.5. сангийн төсөв, орлого, зарлагын төлөвлөгөө, түүний тайлан мэдээг хэлэлцэн батлах;

2.7.6. сангаас санхүүжүүлсэн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын байдалд хяналт тавих.

2.8. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын биеийн тамир, спортын асуудал хариуцсан нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.8.1. сангаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналыг хүлээн авч, сонгон шалгаруулах, хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг зохион байгуулах;

2.8.2. батлагдсан төсвийн хүрээнд төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах, хяналт тавих;

2.8.3. шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын зөвлөгөө авах, хөндлөнгийн дүгнэлт гаргуулах ажлыг гэрээний үндсэн дээр хийх.

Гурав. Сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалт

3.1. Сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

3.1.1. улсын төсвийн хөрөнгө;

3.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн буцалтгүй тусламж, хандив;

3.1.3. гадаад улс, олон улсын байгууллагаас  Засгийн газрын шугамаар олгосон зээл.

3.2. Сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

3.2.1. нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;

3.2.2. өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
3.2.3. үндэсний спортын төрлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

3.2.4. үндэсний хэмжээний тэмцээн, наадмын сэргээшийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэх, сэргээшийн эсрэг үйл ажиллагааны сургалт, сурталчилгааг зохион байгуулах.

3.3. Сангийн хөрөнгийг зарцуулах шийдвэрийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

3.4. Сангийн хөрөнгийг хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрт зааснаас бусад зориулалтаар болон хэтрүүлэн зарцуулахыг хориглоно.

Дөрөв. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл,
          хөтөлбөрийг сонгон шалгаруулах

4.1. Хуулийн этгээд сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтээ тухайн төсвийн жилийн 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бичгээр хүргүүлнэ.

4.2. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн санал нь энэ журмын 3.2-т заасан чиглэлээс гадна дараах ерөнхий шаардлагад нийцсэн байна:

4.2.1. биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын зорилтод нийцсэн;

4.2.2. биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийн зорилтод нийцсэн;

4.2.3. төсөл, арга хэмжээ хэрэгжих боломжтой,  урьдчилсан үр дүнгийн төсөөлөл бүхий;

4.2.4. төсөл хэрэгжүүлэх байгууллага, багийн хүний нөөц, санхүүгийн чадавхийн талаарх мэдээлэл бүхий;

4.2.5. төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, санхүүгийн тооцоолол хийсэн.

4.3. Биеийн тамир, спортын асуудал  хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сангаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналыг энэ журмын      4.1-д заасан хугацаанд хүлээн авч, ажлын 30 хоногт багтаан дүгнэлт гаргана.

4.4. Энэ журмын 4.3-т заасны дагуу биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын биеийн тамир, спортын асуудал хариуцсан нэгжийн дүгнэлт бүхий төсөл, хөтөлбөрийн саналыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан сонгон шалгаруулна.

4.5. Зөвлөлийн хуралдаанаар төсөл, хөтөлбөрийн саналыг хэлэлцэн сонгон шалгаруулах журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
4.6. Энэ журмын 4.4-т заасны дагуу шалгаруулсан төсөл, хөтөлбөрийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталгаажуулж санхүүжүүлнэ.

4.7. Сангаас санхүүжилт авахаар батлагдсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагатай биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ажил гүйцэтгэх гэрээ байгуулна.

4.8. Энэ журмын 4.7-д заасан ажил гүйцэтгэх гэрээнд дараах зүйлийг тусгана:

4.8.1. үйл ажиллагааны тайлан ирүүлэх хугацаа;

4.8.2. сангаас санхүүжилт өгөх хуваарь;

4.8.3. санхүүгийн тайлан ирүүлэх хугацаа;

4.8.4. төсөл, арга хэмжээний үр дүнгийн биелэлт, гүйцэтгэлийн тайлан ирүүлэх.

       Тав. Сангийн хөрөнгийн зарцуулалтад
хяналт тавих, тайлагнах

5.1. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргана. 

5.2. Сангийн орлого, зарлагын хагас жилийн тайланг дараа сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор тус тус гаргаж, биеийн тамир, спортын болон санхүүгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

5.3. Сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудитын дүгнэлт гаргуулсан байна.

Зургаа. Бусад

6.1. Сан нь дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

6.1.1. санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрөлгүйгээр байгууллага, хуулийн этгээдээс зээл авах, хамтарсан үйл ажиллагаа явуулах;

6.1.2. сангийн хөрөнгийг бусдад барьцаалах, сангийн хөрөнгөөр баталгаа гаргах;

6.1.3. сангийн хөрөнгөөр хандив өргөх, төрөл бүрийн арга хэмжээг ивээн тэтгэх, санхүүжүүлэх.

6.2. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээд нь гүйцэтгэсэн ажлынхаа төсвийн зарцуулалт, хүрсэн үр дүн, түүний үр нөлөөнд хийсэн дүгнэлт, гүйцэтгэлийн нэгдсэн тайланг энэхүү журмын 4.7-д заасан гэрээний хугацаанд Зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
6.3. Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, ашигласан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

---о0о---