A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 80 дугаар
  тогтоолын хавсралт

 

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БАЙГУУЛАЛТЫГ 2020 ОН
ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-ийг баталж, энэхүү баримт бичигт нийцүүлэн Монгол Улсын батлан хамгаалахын тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай зэрэг хуулиудыг шинэчлэн баталж, Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны эрх зүйн орчин бүрэн шинэчлэгдсэн. 

Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны төлөв байдал, орчин үеийн цэргийн урлагийн хөгжилд гарч байгаа өөрчлөлт, энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлага, сургамжид үндэслэн “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс”-т тусгагдсан зэвсэгт хүчнийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх, зэвсэгт хүчний өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх чадвартай болгон хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

“Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” нь (цаашид “хөтөлбөр” гэх)  Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичиг мөн.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Хөтөлбөрийн зорилго нь өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн цэрэгт суурилсан орчин үеийн зэвсэглэл, техникээр хангагдсан чадварлаг зэвсэгт хүчинтэй болох  замаар зэвсэгт хүчний хөгжлийг эрчимжүүлэн улс орныг батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд оршино. 

2.2. Хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:

       2.2.1. зэвсэгт хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгож, стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэн мөрдүүлэх; 

       2.2.2. зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого, цэргийн сургалт, бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох;

       2.2.3. зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах; 

       2.2.4. зэвсэгт хүчний материал, техникийн хангалтын тогтолцоог шинэчилж, бие бүрэлдэхүүний алба хаах орчин, нөхцөлийг сайжруулах.  

Гурав. Хөтөлбөрийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

3.1. Зэвсэгт хүчний эрх зүйн орчныг боловсронгуй болгож, стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэн мөрдүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 

     3.1.1. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол, Батлан хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд боловсруулан батлуулах;

     3.1.2. зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалыг бэхжүүлэх;

     3.1.3. зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүдийг шинэчлэн мөрдүүлэх;

     3.1.4. төрийн цэргийн байгууллагуудын нэгдсэн ажиллагаа, төлөвлөлтийг шинэчлэн, уялдаа холбоог хангах;

     3.1.5. Монгол Улсын агаарын хил, орон зайн хяналт, нийслэлийг болзошгүй агаарын довтолгооноос хамгаалах үйл ажиллагааг сайжруулах;

     3.1.6. улс орныг батлан хамгаалах хэрэгцээ, шаардлага, нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн ам зүйн бодлоготой уялдуулан цэргийн дайчилгааны тогтолцоог боловсронгуй болгох;

     3.1.7. цэргийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд үндэслэн  цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн байлдааны дүрэм, заавар, цэргийн нийтлэг дүрмүүдийг шинэчлэн мөрдүүлэх.

3.2. Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого, цэргийн сургалт, бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

     3.2.1. хуурай замын цэрэг, агаарын цэргийг ашиглах үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгож хөгжүүлэх;

     3.2.2. агаарын цэргийн анги, салбаруудын байлдааны жижүүрлэлтийг тасралтгүй явуулах боломжийг нэмэгдүүлэх;

     3.2.3. хуурай замын цэргийн бүтцэд түргэн байрлах хүчний нэгжийг байгуулж, байнгын бэлэн байдлыг хангах;

     3.2.4. зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавх, оролцоог нэмэгдүүлэх;

     3.2.5. чадварлаг мэргэжилтэн, өндөр хүчин чадал бүхий техник, хэрэгслээр хангагдсан кибер аюулгүй байдлын төвийг зэвсэгт хүчний бүтцэд байгуулах;

     3.2.6. зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлогыг шинэчилж, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчийн зохистой харьцааг тогтоож мөрдүүлэх;

     3.2.7. цэргийн сургалтын тогтолцоог боловсронгуй болгож, цэргийн алба хаагчийн албан тушаалын болон цэргийн мэргэжлийн зэргийн үндсэн шалгуур үзүүлэлтийг шинэчлэн тогтоож мөрдүүлэх;

     3.2.8. цэргийн сургалтын материаллаг баазыг үе шаттайгаар шинэчилж бэхжүүлэх;

     3.2.9. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, сургалтын агуулга, хэлбэрийг шинэчлэх.

3.3. Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техник, материал хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 

     3.3.1. орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан цэргийн удирдлага, холбоо, автоматжуулалтын системийг нэвтрүүлэх;

     3.3.2. цэргийн удирдлага, холбоо, автоматжуулалтын системийг тоон технологид шилжүүлэх ажлыг эхлүүлж, орчин үеийн суурин болон хөдөлгөөнт техник, хэрэгслээр хангах;

     3.3.3. зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн болон тусгай зориулалтын техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах төсөл, хөтөлбөрийг улс орны эдийн засгийн боломжтой уялдуулан боловсруулж хэрэгжүүлэх;

     3.3.4. агаарын цэргийн зэвсэглэл, техник технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж, агаарын довтолгооноос хамгаалах цогцолбор, нисэх онгоц, агаарын тагнуулын хэрэгсэлтэй болж, агаарын хил, орон зайн хяналтыг сайжруулж, болзошгүй агаарын довтолгооноос хамгаалах боломжийг нэмэгдүүлэх.

3.4. Зэвсэгт хүчний материал, техникийн хангалтын тогтолцоог шинэчилж, бие бүрэлдэхүүний алба хаах орчин, нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:  

       3.4.1. зэвсэгт хүчний материал, техникийн хангалтын тогтолцоонд баазын системийг нэвтрүүлж, бүсчлэн зохион байгуулах арга хэмжээг эхлүүлэх;

       3.4.2. батлан хамгаалах материаллаг нөөцийн хэмжээ, байршлыг шинэчлэн тогтоож, нөөцийг байршуулах, шинэчлэх, дахин бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;   

       3.4.3. цэргийн зарим хангалт, үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр зохион байгуулах;
      
       3.4.4. цэргийн алба хаагчдын байлдааны болон тусгай үүрэг гүйцэтгэхэд нь зохицсон материалын хангалтын норм, стандарт, хэмжээг шинэчлэн тогтоож мөрдүүлэх;
       3.4.5. цэргийн хүрээ, хотхоны стандартыг шинэчилж, анги, байгууллагын тохижилтыг сайжруулах;

       3.4.6. цэргийн алба хаагч, тэдгээрийн гэр бүлд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх;

       3.4.7. Цэргийн төв эмнэлэг, зэвсэгт хүчний нэгтгэл, анги, тусгай салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчилж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийн санхүүжилт

4.1. Хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс  санхүүжүүлнэ:

     4.1.1. улсын төсөв;

     4.1.2. Зэвсэгт хүчний хөгжлийн сан;

     4.1.3. гадаадын зээл, тусламж;

     4.1.4. бусад эх үүсвэр.

Тав. Хөтөлбөрийн үр дүн

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

        5.1.1. мэргэшсэн, чадварлаг зэвсэгт хүчинтэй болж, Монгол Улсын батлан хамгаалах чадавх улам бэхжсэн байна;

        5.1.2. зэвсэгт хүчний хуурай замын болон агаарын цэргийн командлал,  цэргийн нэгтгэл, анги, салбарын бүтэц, орон тоо шинэчлэгдэж хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ;

        5.1.3. зэвсэгт хүчний хүний нөөцийн бодлого шинэчлэгдэж, цэргийн сургалт, бэлтгэлийн тогтолцоог мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг зэвсэгт хүчинтэй болох зорилтод нийцүүлнэ;

         5.1.4. улсын агаарын хил, орон зайн хяналт болон нийслэл, стратегийн чухал обьектуудыг болзошгүй агаарын довтолгооноос хамгаалах боломж нэмэгдэнэ;

         5.1.5. цэргийн удирдлагын холбоо, автоматжуулалтын систем шинэчлэгдэх эхлэл тавигдаж, зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын төвтэй болно;

         5.1.6. зэвсэгт хүчний материал, техникийн хангалтын тогтолцоо бүсчилсэн байдлаар зохион байгуулагдаж эхэлнэ;

         5.1.7. цэргийн алба хаагчийн цалин хөлс, хангамж, нийгмийн халамж үйлчилгээ нэмэгдэнэ;

         5.1.8. зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавх дээшилнэ.

Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, уялдуулан зохицуулах үүргийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

6.2. Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрлийн цэргийн командлал, зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагууд нь хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байна.

Долоо. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

   7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зорилт, үйл ажиллагааны үр дүнгээр нь үнэлэх бөгөөд жил бүр Зэвсэгт хүчний Жанжин штаб хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулна.

   7.2. Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг жил бүр Засгийн газарт танилцуулна.

 

---oOo---