- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДААГИЙН БАГА, ДУНД, АХЛАХ ЦОЛ ОЛГОХ, БУУРУУЛАХ, ХУРААН АВАХ, СЭРГЭЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 72 дугаар
тогтоолын хавсралт
ЦАГДААГИЙН БАГА, ДУНД, АХЛАХ ЦОЛ ОЛГОХ, БУУРУУЛАХ,
ХУРААН АВАХ, СЭРГЭЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Цагдаагийн бага, дунд, ахлах цол (цаашид “цагдаагийн цол” гэх) олгох, бууруулах, хураан авах, сэргээхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Цагдаагийн цол нь цагдаагийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг илэрхийлнэ.
1.3. Цагдаагийн цолыг Цагдаагийн албаны тухай хуулийн 73.2-т заасны дагуу тогтоосон цолны албан тушаалын ангилал, зэрэглэлийг үндэслэн олгоно.
1.4. Дадлагажих ажилтан, туршилтын хугацаагаар түр томилогдсон ажилтанд цагдаагийн бага цол олгож болно.
1.5. Хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, тэтгэвэр тогтоолгосон алба хаагчийг чөлөөнд гарахад цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр эдэлж байсан цагдаагийн цолыг нь хадгалуулна.
1.6. Цагдаагийн цолыг бага, дунд цолны эхлэлээс шат дараалан олгох бөгөөд алгасуулан олгохыг хориглоно.
Хоёр. Цагдаагийн цол олгох
2.1. Эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн төв байгууллагын дарга цагдаагийн цол олгоно.
2.2. Цагдаагийн цол олгоход Цагдаагийн албаны тухай хуулийн 74.1, 74.2-т заасан хугацааг баримтална.
2.3. Цагдаагийн цол олгоход дараах шаардлагыг хангасан байна.
-энэ журмын 2.2-т заасан хугацаа;
-цагдаагийн төв байгууллагын даргын баталсан цолны албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарсан байх;
-хууль, сахилга, ёс зүйн хэм хэмжээ зөрчилгүй байх;
-ажлын үр дүн.
2.4. Энэ журмын 2.2-т заасан хугацааг тооцохдоо сахилгын шийтгэл хүлээж цол буурсан, албанаас чөлөөлөгдсөн, халагдсан, хөдөлмөрийн чадвар түр алдсан, бүрэн эрхийг түдгэлзүүлж гэм буруутайг нь тогтоосон тохиолдолд тухайн хугацааг цагдаагийн цол хэрэглэсэнд тооцохгүй.
2.5. Цагдаагийн бага цолны албан тушаалд анх томилогдсон алба хаагчид цагдаагийн дэд ахлагч, цагдаагийн дунд цолны албан тушаалд анх томилогдсон алба хаагчид цагдаагийн дэслэгч цолыг тус тус олгоно.
2.6. Ахлах цолны албан тушаалд анх томилогдож байгаа алба хаагч, иргэнд цагдаагийн ахлах, дээд цолыг шууд олгохгүй.
2.7. Цагдаагийн байгууллагын захиалгаар гадаад болон дотоодын их, дээд сургуульд суралцаж байгаа алба хаагчид цагдаагийн төв байгууллагын дарга энэхүү журамд заасан хугацаа, шалгуурыг үндэслэн цагдаагийн цол олгож болно.
2.8. Цагдаагийн төв байгууллагын дарга Цагдаагийн албаны тухай хуулийн 21.3-т заасны дагуу цагдаагийн бага цол олгох, сэргээх, бууруулах, хураан авах шийдвэр гаргах бүрэн эрхээ тэргүүн дэд дарга, дэд дарга, харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргад шилжүүлж болох бөгөөд энэ тохиолдолд тушаал гаргана.
2.9. Цагдаагийн цол олгох саналыг тухайн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга тухайн алба хаагчид цол олгох хугацаа болохоос ажлын 30 хоногийн өмнө цагдаагийн төв байгууллагад хүргүүлнэ. Саналыг цагдаагийн төв байгууллагын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн тохиолдолд цагдаагийн төв байгууллагын дарга тушаалаар олгоно.
2.10. Цагдаагийн алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллага, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цагдаагийн цол хэрэглэх эрх бүхий алба хаагчид түүнийг томилох албан тушаалтны саналыг харгалзан цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар цагдаагийн цол олгох, бууруулах, хураах, сэргээх бөгөөд түүнд Цагдаагийн албаны тухай хууль, энэ журамд заасан хугацаа, бусад шалгуур нэгэн адил хамаарна.
2.11.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу цагдаагийн байгууллагад шилжин ирсэн алба хаагчид цагдаагийн цол олгохдоо тухайн байгууллагад хэрэглэж байсан цолтой дүйцүүлэн олгоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 248 дугаар тогтоолоор нэмсэн)
2.12.Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан цагдаагийн бага, дунд, ахлах цолны албан тушаалд томилох иргэнийг Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.11 дэх хэсэгт заасан цэргийн мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөр, цагдаагийн бага, дунд албан тушаалын сургалтад хамруулан, цагдаагийн тангараг өргөсний дараа энэ журмын 2.5 дахь хэсэгт заасан цагдаагийн цолыг олгоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 248 дугаар тогтоолоор нэмсэн)
Гурав. Зэрэг дэв дээгүүр болон хугацааны
өмнө цагдаагийн цол олгох
3.1. Дор дурдсан тохиолдолд цагдаагийн алба хаагчид зэрэг дэв дээгүүр цагдаагийн цол олгож болно:
3.1.1. цагдаагийн төв байгууллагын хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн аваргаар 2-оос доошгүй удаа шалгарсан алба хаагчид энэ журмын 2.2-т заасан хугацааг хангасан тохиолдолд албан тушаалынх нь цолны зэрэглэлээс нэг шат дээгүүр цагдаагийн цолыг;
3.1.2. цагдаагийн байгууллагад 20-иос доошгүй жил тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж цагдаагийн ахмад цолыг 5, цагдаагийн хошууч цолыг 6-гаас дээш жил эдэлж байгаа алба хаагчид цагдаагийн дараагийн цолыг.
3.2. Дор дурдсан тохиолдолд цагдаагийн алба хаагчид хугацаанаас өмнө цагдаагийн цол олгож болно:
3.2.1. гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд онцгой амжилт гаргасан;
3.2.2. салбарын болон цагдаагийн байгууллагын ажилд чухал ач холбогдол бүхий бүтээлч санаачилга гаргасан, хэрэгжүүлсэн;
3.2.3. гэнэтийн осол, байгалийн гамшгаас хүний амь нас, их хэмжээний өмч хөрөнгө авран хамгаалсан.
Дөрөв. Цагдаагийн цол олгохыг хойшлуулах
4.1. Цагдаагийн алба хаагчийн ажлын үр дүн, ёс зүй, сахилгыг харгалзан дараах тохиолдолд энэ журмын 2.2-т заасан хугацаанд цол олгохгүйгээр хойшлуулж болно:
4.1.1. эрхэлсэн ажлын үр дүн нь хангалтгүй гэж үнэлэгдсэн;
4.1.2. хууль тогтоомж, цагдаагийн тангараг, албан тушаалд тавих тусгай шаардлага, ёс зүй, сахилгын хэм хэмжээг зөрчиж, ёс зүй, сахилгын болон захиргааны шийтгэл хүлээж шийтгэлгүйд тооцогдох хугацаа болоогүй;
4.1.3. эрүүгийн болон захиргааны хэрэгт холбогдон шалгагдаж байгаа (өртөж хохирсон бол хамаарахгүй).
Тав. Цагдаагийн цолыг бууруулах, хураан авах
5.1. Цагдаагийн албаны тухай хуулийн 81.4.3, 81.4.4-т заасан тохиолдолд цагдаагийн цолыг бууруулна.
5.2. Дор дурдсан тохиолдолд алба хаагчийн цолыг томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хураана:
5.2.1. ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, цагдаагийн албанд авч ажиллуулахыг хориглох үндэслэл илэрч халагдсан;
5.2.2. цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан;
5.2.3. цагдаагийн албанаас чөлөөлөгдөн өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон;
5.2.4. биеийн эрүүл мэндийн хувьд үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болж цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн;
5.2.5. эрх бүхий этгээдийн шийдвэрээр алба хаагчийн бүрэн эрхийг түр түдгэлзүүлсэн;
5.2.6. хуульд заасан бусад үндэслэлээр албанаас чөлөөлөгдсөн.
5.3. Цагдаагийн алба хаагчид түүний цолыг хураасан тухай мэдэгдэнэ.
Зургаа. Цагдаагийн цол сэргээх
6.1. Сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дууссан, эсхүл хугацаанаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцсон тохиолдолд тухайн алба хаагчийн өмнө нь хэрэглэж байсан цагдаагийн цолыг сэргээн олгоно. Цагдаагийн цол бууруулах сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дууссан, эсхүл хугацаанаас өмнө сахилгын шийтгэлгүйд тооцсон бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр цолыг сэргээн олгоно.
6.2. Гадаад, дотоодын их, дээд сургуульд сурцалцах, эрүүл мэндийн шалтгааны улмаас цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэн цагдаагийн албанд дахин томилогдвол түүнд цагдаагийн дэд ахлагч, эсхүл цагдаагийн дэслэгч цолыг олгох бөгөөд ажлын үр дүнг харгалзан урьд хэрэглэж байсан цолыг нь сэргээн олгож болно.
6.3.Цагдаагийн байгууллагаас цэргийн жинхэнэ алба хаасны тэтгэвэр тогтоолгон энэ журмын 2.10 дахь хэсэгт заасан байгууллагад ажиллах иргэнд урьд хэрэглэж байсан цагдаагийн цолыг сэргээн олгох бөгөөд дараагийн цол олгохыг хориглоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 248 дугаар тогтоолоор нэмсэн)
Долоо. Цолны мөрдөс гардуулах
7.1. Цагдаагийн дэд ахлагч, цагдаагийн сургагч ахлагч, цагдаагийн тэргүүн ахлагч, цагдаагийн хошууч, цагдаагийн хурандаа цолыг нэгдсэн ёслолын арга хэмжээний үеэр цагдаагийн төв байгууллагын дарга болон тэргүүн дэд, дэд дарга, алба, нэгж, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дарга тус тус гардуулна.
7.2. Энэ журмын 7.1-д зааснаас бусад тохиолдолд цол олгосон шийдвэрийг тухайн байгууллагын бие бүрэлдэхүүний өмнө танилцуулж, цолны мөрдсийг цагдаагийн байгууллагын дарга гардуулна.
---оОо---
Текст томруулах
A
A
A