A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 73 дугаар
    тогтоолын 2 дугаар хавсралт


ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУГНЫ ЗАГВАР


1. Цагдаагийн албаны тугны загварыг тодорхойлоход энэхүү журмыг мөрдөнө.

2. Цагдаагийн албаны туг дараахь загвартай байна:

     2.1. Тугны сүлд нь гилбэр, орой, залаа, бүчтэй байна. Гилбэрийг 31 см урттай гуулиар хийнэ.

     2.2. Орой нь бад цэцгэн хэлбэр бүхий гууль, зэсээр хослуулан бүрсэн    20 см голчтой дээвэр, 81 сүвэгч бүхий 3 см өргөн хүрээтэй, хүрээн дээрээ бат бэх, хамгаалалтын бэлгэ тэмдгийг илэрхийлсэн хуяган хээ, сонор соргогийг илэрхийлсэн сар, наран тэмдэг бүхий монгол гэрийн хэлбэртэй байна. Залааг улаан буурал зүсмийн азарганы 36 см урттай хөхөл дэлээр хийнэ. Дөрвөн бүчийг цагаан өнгийн савхиар тэгш өнцөг бүхий хэл гарган хийж, залааны гадуур унжуулан хооронд нь бүслүүрээр холбон уулзвар дээр нь гуулиар товойлгон хийсэн 2,5 см голчтой дөрвөн толийг бэхэлнэ. Гилбэр оройг онгиор холбож тугны ишинд бэхэлнэ.

     2.3. Тугны ишинд уяж хийсгэх бөс нь улаан өнгөтэй, 150х90 см-ийн хэмжээтэй байх бөгөөд улаан өнгийн даавуу (хилэн)-гаар давхарлан үйлдэнэ. Үзүүртээ хөх өнгийн торгон эдээр хийсэн 45х10 см-ийн хэмжээтэй тэгш өнцгөөр байрласан, хоорондоо тэнцүү зайтай гурван хэлтэй байна. Тугны нүүрэн талд     30 см-ийн өргөнтэй соёмбыг тугны дээд ирмэгээс 20 см-т голлуулан байрлуулж, түүнээс доош 6 см, тугны доод ирмэгээс 20 см-ийн зайд “МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ” гэсэн бичээсийг гурван эгнээ оёсон байна. Тугны ар талд “ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУГ” гэсэн бичээсийг оёно.

     2.4. Соёмбо, бичээсийг алтлаг шар өнгийн торгомсог эдээр үйлдэнэ. Бичээсийг үндэсний үсгээр бичнэ. Туг нь ишинд уях улаан өнгийн бүчтэй байна.

     2.5. Тугны ишийг 3,5 см голчтой, 250 см урт хус модоор хийж, улаан хүрэн өнгөөр будсан байна.

     2.6. Туг нь зориулалтын гэртэй байж болно. Гэр нь цас, бороо нэвтрэхгүй, цэнхэр өнгийн савхин материалаар гилбэрийн хэлбэртэй оёсон, хуйлсан туг бүрэн хэмжээгээр багтахаар байна. Гэрний хажуу талыг нь цахилгаан товч буюу цэнхэр өнгийн 5 ширхэг бүчтэй оёж хийнэ.


---оОо---