- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 73 дугаар
тогтоолын 3 дугаар хавсралт
ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТУГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Цагдаагийн албаны тугийг залах, зөөвөрлөх, байрлуулах, хадгалах, хамгаалахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Цагдаагийн албаны туг нь монгол цагдаагийн ялалт, амжилтын илэрхийлэл мөн.
Хоёр. Цагдаагийн албаны тугийг залах
2.1. Цагдаагийн албаны тугийг дараах тохиолдолд хүндэтгэлтэйгээр зална:
а/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд цагдаагийн төв байгууллагад ирэх үед;
б/ Төрийн баяр ёслолын ажиллагаанд цагдаагийн бие бүрэлдэхүүн баярын жагсаалаар оролцох үед;
в/ Монголын цагдаагийн албаны ой тэмдэглэх үед;
г/ цагдаагийн алба хаагчид цагдаагийн тангараг өргөх үед;
д/цагдаагийн хүрээний жагсаалын нэгдсэн үзлэг хийх үед;
е/ цагдаагийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд цагдаагийн албаны тугийг залах шаардлагатай гэж үзэж цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэр гарсан тохиолдолд.
2.2. Цагдаагийн албаны тугийг залах, хүндэтгэл, ёслолын арга хэмжээнд авч явахад цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар туг залагч, тугч, туг хамгаалагч, тугийн салаа, шугамчдыг томилно.
Туг хамгаалах тугийн салаа нь 15 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байна. Тугийн салааны алба хаагчдад галт зэвсэг олгох, хураан авах ажлыг цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар томилогдсон албан тушаалтан хариуцна.
2.3. Энэ журмын 2.1-ийн “а”, “г”, “е” заалтад заасан тохиолдолд туг залагч, тугч, туг хамгаалагч, мөн зүйлийн 2.1-ийн “б”, “в”, “д” заалтад заасан тохиолдолд туг залагч, тугч, туг хамгаалагч, тугийн салаа, шугамчид цагдаагийн албаны тугийг залж, авч явна.
2.4. Тугийг цагдаагийн төв байгууллагаас гаргах, жагсаалд байрлуулах, буцааж залах журмыг цагдаагийн хүрээний дүрмээр зохицуулна.
2.5. Гамшгийн болон байршил солих үед цагдаагийн албаны тугийг цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар заасан газар, хугацаанд шилжүүлэн байрлуулна.
2.6. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага болон бусад нэгж энэ журамд зааснаас өөр цагдаагийн туг, далбаа хэрэглэхийг хориглоно.
Гурав. Тугийг хадгалах, хамгаалах
3.1. Цагдаагийн албаны тугийг дараах байдлаар хадгална:
а/ Цагдаагийн төв байгууллагын байранд тусгайлан тоноглосон тасалгаа (шилэн хорго)-нд хүндэтгэлтэйгээр залж байнга хадгалах;
б/ Цагдаагийн төв байгууллагын байрнаас өөр газарт түр байрлуулах тохиолдолд тухайн газарт тусгайлан бэлтгэсэн байранд байрлуулна.
3.2. Цагдаагийн байгууллагын тугийг хадгалах, арчлах асуудлыг Улаанбаатар цагдаагийн хүрээний дарга хариуцна.
3.3. Цагдаагийн туганд улиралд 1 удаа үзлэг хийж, одон, гилбэр, орой, залаа, бүч, иш, гэрний бүрэн бүтэн байдлыг шалгаж, хадгалалт, хамгаалалттай холбоотой илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авч, энэ тухай цагдаагийн төв байгууллагын даргад бичгээр танилцуулна.
3.4. Энэ журмын 3.3-т заасан үзлэгийг цагдаагийн төв байрны харуул, хамгаалалт, дэг журам хариуцсан ахлах офицер, туг залагч, тугч, туг хамгаалагчдыг байлцуулан хийж үзлэг хийсэн он, сар, өдөр, илэрсэн зөрчил, дутагдал, түүнийг арилгах талаар авсан арга хэмжээний талаар тусгай тэмдэглэл үйлдэнэ.
3.5. Тугны хамгаалалтыг цагдаагийн төв байгууллагын харуул хамгаалалт, дэг журам хариуцсан алба хаагч хариуцан дэвтэр хөтөлнө. Цагдаагийн төв байгууллагын харуул хамгаалалт хариуцсан албан тушаалтан уг дэвтэрийг хөтөлсөн байдалтай тогтмол танилцаж, биечлэн хүлээлцүүлнэ.
3.6. Туг байрлуулах тасалгаа (шилэн хорго) нь дохиолол хамгаалалттай, дотоод дэг журам хариуцсан алба хаагчийн хяналтад байна.
3.7. Туг норсон буюу чийг авсан тохиолдолд цагдаагийн төв байрны гадна талд нар тусаагүй газарт, эсхүл байран дотор хатаана. Энэ тохиолдолд туг хамгаалагчаар хамгаалуулна.
3.8. Тугийг цагдаагийн төв байгууллагын байрнаас өөр газарт залах, түр байрлуулах тохиолдолд туг зөөвөрлөх тээврийн хэрэгсэл (автомашин, галт тэрэг, нисдэг тэрэг) гаргана.
3.9. Туг зөөвөрлөхдөө зориулалтын гэрэнд хийж авч явна. Энэ тохиолдолд соёмбыг дотогш харуулан хуйлна.
3.10. Туг залах, зөөвөрлөх, буцаан байрлуулах тухай бүрт хүрээний дарга буюу түүнээс эрх олгогдсон болон төв байгууллагын байрны дотоод дэг журам хариуцсан офицер хамтран үзлэг хийж хүлээлцэнэ.
Дөрөв. Туг хүлээлгэн өгөх, шинээр оёх, засварлах
4.1. Гэмтэл ихтэй буюу удаан хугацаагаар хадгалснаас хэврэгшин сэмэрч гэмтсэн, засч сэлбэх бололцоогүй болсон тугийг солино.
4.2. Цагдаагийн албаны тугийг шинээр оёх буюу засварлах шийдвэр гаргахдаа цагдаагийн төв байгууллагын даргын тушаалаар томилогдсон комисс Улаанбаатар хүрээний дарга, төв байгууллагын байрны харуул хамгаалалт, дэг журам хариуцсан ахлах офицер нарыг байлцуулан туганд үзлэг хийнэ. Комисс нь тугны гэмтэл, түүний үүссэн шалтгаан нөхцөл, шинээр оёх буюу засварлах тухай дүгнэлт гаргана.
4.3. Цагдаагийн албаны тугийг шинээр оёх буюу засварлах тухай шийдвэрийг цагдаагийн төв байгууллагын дарга гаргана.
4.4. Тушаалыг үндэслэн цагдаагийн төв байгууллагын санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нэгж тугийг засварлах буюу шинээр оёх ажлыг хариуцан гүйцэтгэнэ. Тугийг засварт өгөх, хүлээн авахдаа үзлэгийн дэвтэрт тэмдэглэл хөтөлнө.
4.5. Хуучин тугийг товч түүхийн хамт цагдаагийн байгууллагын архив (музей)-т шилжүүлнэ.
4.6. Цагдаагийн албаны туганд толбо, үрчлээ үүсч бохирдсон тохиолдолд цэвэрлэх ажлыг Улаанбаатар хүрээний даргын тушаалаар цагдаагийн төв байгууллагын байрны харуул хамгаалалт, дэг журам хариуцсан алба хаагч, тугч нар хариуцан гүйцэтгэж, дүнг үзлэгийн дэвтэрт тэмдэглэн хүрээний даргад илтгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A