A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 75 дугаар
  тогтоолын хавсралт

 

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН АНХ БОЛОН ДАВТАН
ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын иргэн цагдаагийн албанд анх ороход, мөн цагдаагийн алба хаагч энэ журамд заасны дагуу давтан тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Цагдаагийн тангараг нь хуулийг дээдлэх, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахиж, цагдаагийн албанд чин шударгаар зүтгэхээ илэрхийлж байгаа амлалт, андгай мөн.

Хоёр. Тангараг өргөх ёслолын ажиллагааны
зохион байгуулалт

2.1. Тангараг өргөх ёслолын ажиллагаа явуулах шийдвэрийг Цагдаагийн төв байгууллагын дарга, Улаанбаатар цагдаагийн хүрээний дарга, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дарга гаргана. Тушаалд ёслолын ажиллагааг зохион байгуулах алба хаагч, газар, хугацаа (өдөр, цаг)-г зааж өгнө.

2.2. Тангараг өргөх ёслолын ажиллагааг хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (алба хаагч) энэ журамд заасны дагуу зохион байгуулна.

2.3. Тангараг өргөх бие бүрэлдэхүүний нэрсийн жагсаалт, тангаргийн хуудсыг урьдчилан бэлтгэсэн байна.

2.4. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд тангараг өргөх алба хаагч, түүнийг шууд захирах дарга болон байгууллагын бусад алба хаагчид оролцоно.

2.5.Тангараг өргөх ёслолын ажиллагаанд төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэд (цаашид “төлөөлөгчид” гэх)-ийг оролцуулж болно.

2.6. Тангараг өргөх ёслолын ажиллагаа явуулах газар (байр)-ыг тусгайлан бэлтгэж, оролцох бүрэлдэхүүн, тангараг өргөгч, бусад алба хаагч, төлөөлөгчдийн байршлыг урьдчилан тодорхойлон төлөвлөнө.

2.7. Тангараг өргөх ёслолын ажиллагааг энэ журмын 2.1-д заасан тушаалаар томилогдсон албан тушаалтан (цаашид “удирдах дарга” гэх) удирдана.

2.8. Тангараг өргөх алба хаагч тангараг өргөх ёслолын ажиллагаа явуулах газар (байр)-т тогтоосон цагт ёслолын дүрэмт хувцастай жагсах бөгөөд Төрийн далбаа, цагдаагийн төв байгууллагын туг (цаашид “далбаа, туг” гэх)-ийг жагсаалын өмнө тусгайлан зассан газарт байрлуулна.
2.9. Тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон алба хаагч тангараг өргөх бэлтгэл бүрэн хангагдсан болохыг удирдах даргад илтгэж, тангараг өргүүлэх тухай тушаалыг бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулснаар ёслолын ажиллагааг нээнэ.

2.10. Тангараг өргөх үед ёслолын ажиллагаанд оролцогчид босч хүндэтгэнэ.

2.11. Тангараг өргөж байгаа бие бүрэлдэхүүний төлөөлөл тангаргийн үгийг бусдад дуулдахуйц тод дуугаар уншиж бусад алба хаагч нар давтан хэлнэ.

2.12. Тангараг уншиж дуусмагц алба хаагч тангаргийн хуудсанд гарын үсэг зурж, төрийн далбаа, цагдаагийн төв байгууллагын тугийн өмнө очин малгайгаа зүүн гар дээрээ барьж, баруун өвдөг дээрээ сөгдөн адис авсны дараа малгайгаа өмсөж ёслон жагсаалд орно.

2.14. Удирдах дарга тангараг өргөсөн бие бүрэлдэхүүнд баяр хүргэхэд гурвантаа “Ура” цуурайтуулсны дараа төрийн дуулал эгшиглүүлж, дагаж дуулснаар ёслолын ажиллагааг хаана.

2.15. Цаг агаарын тохиромжгүй үед цагдаагийн тангараг өргөх ёслолын ажиллагааг байр, танхимд зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ёслолын жагсаал хийхгүй.

Гурав. Цагдаагийн тангараг давтан өргөх

3.1. Цагдаагийн тангаргийг дараах тохиолдолд давтан өргөнө:

       а/ цагдаагийн албаны баяр, ёслол, хүндэтгэлийн ажиллагааны үед;

       б/ цагдаагийн төв байгууллагын даргын болон цагдаагийн хүрээний даргын шийдвэрээр цагдаагийн түр хүрээ байгуулсан үед;

       в/ цагдаагийн хүрээний бие бүрэлдэхүүнийг хээрийн дадлага, сургалтад оролцуулах үед;

       г/ онцгой үүрэг гүйцэтгүүлэх үед.

Дөрөв. Бусад зүйл

4.1. Тангаргийн хуудаст цагдаагийн тангараг, огноо, газар, алба хаагчийн ургийн овог, эцэг(эх)-ийн нэр, өөрийн нэр, гарын үсэг байна.

4.2. Тангаргийн хуудсанд алба хаагч гарын үсэг зурснаар баталгаажих бөгөөд түүнийг тухайн алба хаагчийн хувийн хэрэгт хадгална.

4.3. Цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэн цагдаагийн албанд дахин томилогдвол тангараг давтан өргөхгүй.

4.4. Хуулийн дагуу цагдаагийн тангараг шинэчлэгдсэн тохиолдолд нийт бие бүрэлдэхүүн дахин тангараг өргөнө.

4.5. Цагдаагийн тангаргийг давтан өргөхөд тангаргийн хуудсанд дахин гарын үсэг зурахгүй.

4.6. Тангараг өргөх ёслолын ажиллагааг төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж болно.

 


---оОо---