- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ОРЛОГОТОЙ ОЮУТАН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2016 оны 178 дугаар
тогтоолын хавсралт
“ОРЛОГОТОЙ ОЮУТАН” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Ерөнхий мэдээлэл
Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох орлоготой оюутан хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж заасан.
Хөтөлбөр боловсруулах зорилгоор яамнаас нөхцөл байдлын дүн шинжилгээ хийсэн дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан 15 мянган оюутан, суралцагч (цаашид “оюутан” гэх)-дын 70 хувь буюу 10 оюутан тутмын 7 нь цагийн ажил, хөдөлмөр эрхлэх сонирхол, хэрэгцээтэйгээ илэрхийлсэн, 74.8 хувь нь хичээлийн бус цагаар болон амралтын өдрүүдэд хөдөлмөр эрхэлж орлого олж байжээ.
Хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн зорилго, зорилтуудыг шинээр боловсруулж байгаа “Орлоготой оюутан” хөтөлбөрийн зорилго, зорилттой харьцуулан шинжилж үзэхэд Соёлын үйлдвэрлэл хөтөлбөр, Хүн амын хоол тэжээл хөтөлбөр, Ус хөтөлбөр, Ойн цэвэрлэгээ хөтөлбөр, Монгол мал хөтөлбөр, Түрээсийн орон сууц хөтөлбөр, Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг үндэсний хөтөлбөрт оюутныг цагийн хөдөлмөр эрхлүүлэх, тодорхой цалин, орлоготойгоор ажиллуулах, тодорхой зорилго бүхий бүлэг, бригад байгуулан ажиллуулах, судалгааны ажил хийлгэх, гарааны компани байгуулах, бизнес эрхлэхэд зөвлөх, зуучлах, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилтууд тусгагдан хэрэгжиж байна.
Оюутны хөдөлмөр эрхлэлт нь хөдөлмөрийн зах зээлд байр сууриа эзэлж, хөдөлмөрийн нэгэн бодит нөөц болж байгаа нь хөтөлбөр боловсруулах явцад хийсэн хэлэлцүүлэг, ярилцлага, ирсэн саналаас тодорхой харагдаж байна.
Энэхүү хөтөлбөрийг боловсруулах явцад хийсэн нөлөөллийн урьдчилсан үнэлгээ, санхүүжилтийн тооцоолол, шалгуур үзүүлэлт, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл зэргийг үндэслэн “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, үйл ажиллагааг уялдуулан тодорхойлов.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
“Орлоготой оюутан” хөтөлбөрийн зорилго нь оюутанд цагийн ажил эрхлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Энэхүү хөтөлбөрт хичээлийн бус цагаар сургуулиас тогтоосон цагийн хязгаар дотор “цагийн хөдөлмөр” болон түр хугацааны гэрээт ажил хийх, судалгаа, инновацийн ажилд оролцох, бие даан бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох, хөдөлмөрийн харилцаанд суралцах сонирхол бүхий хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан их, дээд сургууль, коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургалтын үндсэн хэлбэрээр суралцаж байгаа оюутан сайн дураар хамрагдана.
Гурав. Оюутны хөдөлмөр эрхлэлтийн зарчим
3.1. Оюутны хөдөлмөр эрхлэлтэд дараах зарчмыг баримтална:
3.1.1. оюутны хүсэл, сонирхол, сонголт, хэрэгцээнд тулгуурласан байх;
3.1.2. тогтоосон тарифт цалин, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэд тохирсон хөлстэй байх;
3.1.3. оюутны эрүүл мэнд, аюулгүй байдал, бие хүний төлөвшилд сөргөөр нөлөөлөхгүй байх;
3.1.4. оюутны хөдөлмөр эрхлэлт нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогод суурилах;
3.1.5. оюутны хичээл сургалтад сөргөөр нөлөөлөхгүй байх.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилт
4.1. Хөтөлбөрийн зорилго, зарчмын хүрээнд дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ:
4.1.1. оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх;
4.1.2. оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэх бие даасан тогтолцоог бүрдүүлэх;
4.1.3. үйл ажиллагааны санхүүжилт (тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалт, урамшуулалд шаардагдах хөрөнгө)-ийн эх үүсвэрийг судалж бий болгох;
4.1.4. хөтөлбөрийг сурталчлах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, баяжуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах.
Тав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
5.1. Хөтөлбөрийн “Оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх” зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.1.1. цагийн ажил, түүний хөлс, ажил олгогч болон оюутны хөдөлмөр эрхлэх харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх;
5.1.2. оюутан цагийн ажил, хөдөлмөр эрхлэх цагийн хэмжээ, хязгаарыг тогтоох асуудлыг судлах;
5.1.3. их, дээд сургууль, коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд мөрдөгдөх холбогдох дүрэм, журам болон үнэлгээ, чанарын хяналт, магадлан итгэмжлэлийн шаардлагад оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийг тооцох асуудлыг судлан зохицуулах;
5.1.4. оюутны мэргэжлийн чиглэлээрээ эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн ажил гүйцэтгэсэн болон дадлагажих, чадваржих, мэргэших үйлтэй шууд хамааралтай гүйцэтгэсэн бүхий л ажлын үр дүнг сургалтын багц цаг, төлбөрт тооцох аргачлалыг нэвтрүүлэх;
5.1.5. оюутан цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг тэгш, хүртээмжтэй, нээлттэй олгосон зохицуулалтыг сургуулийн холбогдох дүрэм, журамд тусган хэрэгжүүлэх.
5.2. Хөтөлбөрийн “Оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэх бие даасан тогтолцоог бүрдүүлэх” зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.2.1. оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэлтийг сургуулийн орчны хөдөлмөр эрхлэлт, сургуулийн орчноос гадуурх хөдөлмөр эрхлэлтийн хэлбэрээр төлөвлөн зохион байгуулах;
5.2.2. сургуулийн орчны оюутны хөдөлмөр эрхлэлтийг оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажил, гарааны бизнес-инновацийг хөгжүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг хэлбэрээр зохион байгуулах тогтолцоог бүрдүүлэн хэрэгжүүлэх;
5.2.3. оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг их, дээд сургууль, коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд байгуулж ажиллуулах;
5.2.4. сургуулийн орчноос гадуур хөдөлмөр эрхлэлтийг цагийн ажил, хөдөлмөр эрхлэлт, дадлагажуулах, чадваржуулах хөдөлмөр эрхлэлт, мэргэшүүлэх хөдөлмөр эрхлэлт, байгууллагын захиалгат ажлын чиглэлээрх хөдөлмөр эрхлэлт, гэрээгээр гүйцэтгэх ажил зэрэг оюутны ажил, хөдөлмөр эрхлэлтийн зарчимд харшлахгүй бусад ажил, хөдөлмөр эрхлэлт хэлбэрээр тус тус зохион байгуулах;
5.2.5. оюутны биеэ даан болон хамтран хийсэн гар урлал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, шинэ санаа, урлагийн бүтээл, инновацийн ажлыг бүртгэх, баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх, тэтгэлэг олгох, тэдгээрээр үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах;
5.2.6. оюутныг дадлагажуулах, чадваржуулах, мэргэшүүлэх хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх;
5.2.7. Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэлтийг зохион байгуулах;
5.2.8. яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлээс зохион байгуулж байгаа арга хэмжээ, нийтийг хамарсан хөдөлмөрт оюутныг зохион байгуулалтайгаар ажиллуулах;
5.2.9. оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажил олгогч байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах.
5.3. Хөтөлбөрийн “үйл ажиллагааны санхүүжилт (тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг, хөрөнгө оруулалт, урамшуулалд шаардагдах хөрөнгө)-ийн эх үүсвэрийг судалж, бий болгох” зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.3.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээг жил бүр тодорхойлж, хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрт тусган санхүүжүүлэх;
5.3.2. мэдээллийн систем боловсруулах, системийн дэд бүтэц бий болгох, системийг нэвтрүүлэх сургалт зохион байгуулах, бусад системтэй холбох, олон нийтэд түгээхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх;
5.3.3. оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн зуучлалын бизнест бодлого, санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;
5.3.4. оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд бодлого, санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;
5.3.5. их, дээд сургууль, коллеж, политехник коллежийн эрдэм шинжилгээ, судалгаа, гарааны бизнес, инновацийг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардлыг судалж шийдвэрлэх;
5.3.6. оюутны бие даан болон хамтран хийсэн гар урлал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, шинэ санаа, урлагийн бүтээл, инновацийн ажлын уралдаан, үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах, шалгарсан оюутанд тэтгэлэг олгох зэрэг зардлыг тооцон санхүүжүүлж байх;
5.3.7. Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, нийтийг хамарсан хөдөлмөрт оюутныг ажиллуулах зардлыг тухайн яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн төсөвт тус тус тусган санхүүжүүлэх;
5.3.8. их, дээд сургууль, коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго бүхий сан бий болгох асуудлыг судлах, хэрэгжүүлэх;
5.3.9. оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхэлсэн цалин, хөлсийг тухайн ажил олгогч холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан санхүүжүүлэх.
5.4. Хөтөлбөрийн “Хөтөлбөрийг сурталчлах, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, баяжуулах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах” зорилтын хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.4.1. оюутны хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн систем боловсруулах, нэвтрүүлэх хэрэгцээтэй техник хангамжийн дэд бүтцийг бий болгох;
5.4.2. их, дээд сургууль, коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, хөдөлмөрийн бусад биржийн мэдээллийн сүлжээтэй холбож, мэдээллийн нэгдсэн сүлжээтэй холбон мэдээллийн сан бүрдүүлэх;
5.4.3. хөтөлбөр болон хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг яамны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, олон нийт, хэрэглэгчдийг мэдээллээр тогтмол хангах;
5.4.4. оюутны хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санг үндэслэн тайлан, мэдээг гаргах, тайлагнах.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
6.1. Хөтөлбөрийг 2016-2020 оны хугацаанд хэрэгжүүлнэ.
Долоо. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
7.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, салбар дундын уялдаа, холбоо, зохицуулалтаар хангах, хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус үндэсний зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) ажиллана.
7.2. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг яамд, Засгийн газрын агентлагийн удирдлагатай тохиролцон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
7.3. Зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох яамд, Засгийн газрын агентлаг, нийслэл, их, дээд сургууль, коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, ажил олгогч, оюутны эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна.
7.4. Зөвлөл дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
7.4.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил бүрийн төлөвлөгөөг хэлэлцэж, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталж, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
7.4.2. хөтөлбөрийн хэрэгжилтийн салбар дундын уялдаа, холбоог зохицуулах;
7.4.3. хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх тайланг хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах.
7.5. Оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэлтийг их, дээд сургууль, коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн удирдлага, “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”, зуучлалын байгууллага хариуцан зохион байгуулна.
Найм. Хөтөлбөрийн санхүүжилт
8.1. Хөтөлбөрийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
8.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
8.1.2. их, дээд сургууль, коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хөрөнгө;
8.1.3. аж ахуйн нэгжээс эдийн засгийн сонирхолгүйгээр шилжүүлсэн хөрөнгийг эргэлтэд оруулснаас олсон орлого;
8.1.4. аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хандив, тусламж, бэлэг;
8.1.5. олон улсын болон хандивлагч орнуудын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;
8.1.6. оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, орлого;
8.1.7. бусад эх үүсвэр.
Ес. Хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт
9.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлж, оюутны хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог бүрдүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
-оюутан цагийн ажил, хөдөлмөр эрхлэх нь амьжиргааны зардлаа санхүүжүүлэх, хөдөлмөрийн харилцаа, соёлд суралцах, ажил, хөдөлмөрт бэлтгэгдэх, эзэмшиж буй мэргэжлээрээ дадлагажих, туршлагажих, мэргэших, төгсөөд ажилтай болох нийгмийн боломжийг өргөжүүлнэ.
-их, дээд сургууль, коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, ажлын байрны шаардлагыг хангасан өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, оюутны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сургалт, судалгааны ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэх, сургууль, ажил олгогчийн түншлэлийг хөгжүүлэх нөхцөл, боломж бий болно.
-ажил олгогч нь цагийн ажил, оюутны хөдөлмөр эрхлэлтийн хууль эрх зүйн зохицуулалттай болж, ажиллах хүчний нөөцийг оновчтой ашиглах бололцоо бий болж бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
9.2. Хөтөлбөрийн үр дүнг дараах үзүүлэлтээр тооцно:
9.2.1. оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого баталсан болон оюутны хөдөлмөр эрхлэлтийн бүтэц, үйлчилгээг бий болгосон сургуулийн тоо;
9.2.2. оюутны хөдөлмөр эрхлэлтэд хамрагдсан оюутны нийт тоо:
Үүнээс: -цагийн ажил болон хөдөлмөр эрхлэлтэд хамрагдсан оюутны тоо;
-дадлагажуулах, чадваржуулах хөдөлмөр эрхлэлтэд хамрагдсан оюутны тоо;
-мэргэшүүлэх хөдөлмөр эрхлэлтэд хамрагдсан оюутны тоо;
-бизнес-инкубац, гарааны бизнесийн хөдөлмөр эрхлэлтэд хамрагдсан оюутны тоо;
-оюутны бие даан болон хамтран хийсэн гар урлал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гаргасан шинэ санаа, урлагийн бүтээл, бүртгүүлж баталгаажуулсан инновацийн бүтээгдэхүүний тоо;
-бүтээлч санаачилгыг дэмжих тэтгэлэг авсан оюутны тоо, санхүүжилтийн хэмжээ;
-зохион байгуулсан үзэсгэлэн, худалдааны тоо, борлуулсан бүтээгдэхүүний нийт өртөг;
-оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэлтийн зарчимд харшлахгүй бусад ажил, хөдөлмөр эрхлэлтэд хамрагдсан оюутны тоо;
9.2.3. төгсөгчдөөс гэрээний дагуу шууд ажлын байраар хангагдсан хүний тоо;
9.2.4. оюутны хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээллийн нэгдсэн сүлжээ бүхий сан үүссэн байдал, үйл ажиллагааны үзүүлэлтүүд;
9.2.5. оюутны хөдөлмөр эрхлэлтийн хууль эрх зүйн орчин бүрдсэн байдал;
9.2.6. оюутны хөдөлмөр эрхлэлтийн нийгмийн үйлчилгээ, тогтолцоо төлөвшсөн байдал.
Арав. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
10.1. Хөтөлбөрийн явцын болон завсрын хяналт-шинжилгээ, эцсийн үр дүнгийн үнэлгээг дараах зураглалын дагуу зохион байгуулна:
-оОо-
Текст томруулах
A
A
A