A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/48 дугаар тушаалын хавсралт

ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд  анх орох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтлана.

1.2.Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх  албан тушаалд төрийн тусгай албаны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн аудитын байгууллагын бүтцийн нэгжийн удирдах болон гүйцэтгэх албан тушаал хамаарна. Харин Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтад заасны дагуу Төрийн аудитын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах /“ТҮ” Төрийн үйлчилгээний/ албан тушаалтан энэ журамд хамаарахгүй.

1.3.Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаал /цаашид "удирдах болон гүйцэтгэх албан тушаал" гэх/-д томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлын зорилго нь Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан хүний нөөцийн удирдлагын тогтолцоог бий болгох, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан тухайн ажлын байр (албан тушаал)-д тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, төрийн аудитын байгууллагын зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх ажилтныг сонгон шалгаруулахад оршино.

1.4.Удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахдаа хууль дээдлэх, шударга, ил тод байх, адил тэгш хандах болон нээлттэй өрсөлдүүлэх зарчмыг удирдлага болгоно.

1.5.Төрийн аудитын байгууллагын албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага, ёс зүйн хэм хэмжээ, тухайн албан тушаал эрхлэх болзол хангасан Монгол Улсын харьяат иргэнийг сонгон шалгаруулах ба үндэс, угсаа, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлж байсан ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяалал зэргээр ялгаварлаж үл болно.

1.6.Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйийн 16.2-т заасан нөхцөл байдал байгаа, Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасан байдал бий болохоор бол сонгон шалгаруулалтад орохгүй.

1.7.Сонгон шалгаруулалттай холбогдон гарах зардлыг Төрийн аудитын байгууллага жил бүр төсөвтөө тусгасан байна.

Хоёр. Сонгон шалгаруулалтад хамрагдах албан тушаалтан

2.1.Дор дурдсан удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулна.

а/ Төрийн аудитын байгууллагын удирдах албан тушаал /Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, Үндэсний аудитын газрын тамгын газрын дарга, төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын дарга, тэргүүлэх аудитор, хэлтэс, албадын дарга, төрийн аудитын менежер/;

б/ Төрийн аудитын байгууллагын гүйцэтгэх албан тушаалтан /ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн/.

Гурав. Сул орон тоог нөөцөөс нөхөх

3.1.Төрийн аудитын байгууллагын удирдах албан тушаалтан /цаашид "удирдах албан тушаалтан" гэх/-ы сул орон тоо гарсан тохиолдолд:

а/ Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөж болно;

б/ энэхүү журмын 3.1-ийн "а"-д заасан албан хаагчдаас нөхөхөөргүй бол Төрийн аудитын байгууллагын төрийн тусгай албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавих  шаардлагыг харгалзан 2-оос доошгүй иргэнийг сонгон шалгаруулж, Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг үндэслэн уг орон тоог нөхөж болно;

в/ энэхүү журмын 3.1-ийн "а", "б"-д заасны дагуу тухайн сул орон тоог нөхөх боломжгүй гэж үзвэл уг ажлын байранд ажиллах удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын зарыг зохих журмын дагуу нийтэд нээлттэй мэдээлнэ.

3.2.Төрийн аудитын байгууллагын гүйцэтгэх албан тушаалтан /цаашид "ажилтан" гэх/-ы сул орон тоо гарсан тохиолдолд:

а/ Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу төрийн аудитын байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүнгээр сонгон шалгаруулж, уг орон тоог нөхөж болно;

б/ Энэхүү журмын 3.2-ын “а”-д заасны дагуу сул орон тоог нөхөхөөргүй бол Төрийн аудитын байгууллага, түүнчлэн төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавих  онцлог шаардлагыг харгалзан сонгон шалгаруулж, уг орон тоог нөхөж болно;

в/ хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн аудитын байгууллагад ажилд анх орох ажилтны сул ажлын байрыг нийтэд нээлттэй зарлаж сонгон шалгаруулна.

3.3.Энэхүү журмын 3.1, 3.2-т заасан удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тооны захиалгын тоо, сонгон шалгаруулалтын талаарх саналтай Монгол Улсын Ерөнхий Аудитор танилцан сонгон шалгаруулалт явуулах эсэхийг шийдвэрлэнэ.

3.4.Комисс нь Сонгон шалгаруулах комиссын ажиллах журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

Дөрөв. Сонгон шалгаруулалтыг мэдээлэх

4.1.Сонгон шалгаруулалтын комисс нь энэхүү журмын  3.1-ийн “в”, 3.2-ын "в"-д зааснаар сонгон шалгаруулалт явуулах тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахаас 10-аас доошгүй хоногийн өмнө тухайн албан тушаалын талаар болон бусад холбогдох мэдээллийг Төрийн аудитын байгууллагын албан ёсны  цахим хуудсаар нийтэд нээлттэй мэдээлнэ.

4.2.Мэдээлэлд нэр дэвшигчид тавих болзол, шаардлага, бүрдүүлэх материал, сонгон шалгаруулах комиссын хаяг, харилцах утасны дугаар, материал хүлээн авах, бүртгэх болон сонгон шалгаруулалт явуулах байр, хугацаа зэргийг заана. Мэдээлэлд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сонгон шалгаруулах комисс тухай бүр зарлана.

Тав. Сонгон шалгаруулалтад оролцогчийг бүртгэх

5.1.Комисс сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдээс дор дурдсан материалыг тогтоосон хугацаанд энэхүү журмын дагуу хүлээн авч бүртгэнэ:

1) сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл;

2) биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);

3) боловсролын  дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 

4) мэргэшсэн байдал сертификатын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

5) Монгол Улсын иргэний цахим үнэмлэх, түүний хуулбарын хамт;

6) ажил эрхэлдэг бол ажил байдлын тодорхойлолт;

7) Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын  тодорхойлолт;

8) Хөдөлмөрийн болон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

9) 4х6-ийн хэмжээтэй 2 хувь зураг.

5.2.Иргэнийг дор дурдсан тохиолдолд  бүртгэхгүй:

5.2.1.энэхүү журмын 5.1-т заасан материалыг дутуу бүрдүүлсэн;

5.2.2.Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй.

5.2.3.Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасан нөхцөл байдал бий болсон.

Зургаа. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах

6.1.Удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллах хүсэлт ирүүлсэн  иргэний биеийн байцаалт, холбогдох бусад материалыг тухайн албан тушаалд тавигдах ерөнхий ба тусгай шаардлагатай харьцуулах замаар эхний сонгон шалгаруулалт явуулна.

6.2.Энэхүү журмын 6.1-т заасан шалгаруулалтад тэнцсэн иргэдийг дараах дарааллаар шалгаруулна.

а/ ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох;

б/ ур чадварын түвшин тогтоох;

в/ ярилцлага хийх;

г/ эрүүл мэндийн үзлэг.

6.3.Комисс сонгон шалгаруулалтыг дор дурдсан байдлаар зохион байгуулна:

6.3.1.Комиссын санал болгосноор Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар тогтоосон өдөр, цагт багтаан батлагдсан хуваарийн дагуу ерөнхий мэдлэгийн болон ур чадварын түвшинг тогтоож, ярилцлагыг явуулж, дүгнэнэ.

 

Долоо. Сонгон шалгаруулалтын  дүн гаргах

7.1.Сонгон шалгаруулалтын дүнг комиссын хуралдаанаар хэлэлцэн зохих шийдвэр гаргана. Комиссын хуралдааны шийдвэрийг 2 хувь үйлдэж,  комиссын дарга, гишүүд гарын үсэг зурна.

7.2.Комиссын дарга мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнийг Төрийн аудитын байгууллагад ажилд анх орох иргэний нөөцөд бүртгүүлэх, хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн ажлын байранд нэр дэвшүүлэх тухай саналаа сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлангийн хамт Монгол Улсын Ерөнхий аудиторт биечлэн танилцуулна.

Найм. Нэр дэвшүүлэх

8.1.Комисс нь сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг тухайн албан тушаалд нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий аудиторт өргөн мэдүүлнэ.

8.2.Монгол Улсын Ерөнхий аудитор нь сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авч шалгарсан иргэнийг судалж, магадлах шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдээс тодорхойлолт гаргуулж болно.

8.3.Монгол Улсын Ерөнхий Аудитор нь комиссын сонгон шалгаруулалтын дүнтэй танилцаж,өөрийн явуулсан судалгаа, холбогдох этгээдийн тодорхойлолт зэргийг үндэслэн  төрийн жинх энэ албан тушаал эрхлэх болзол, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан иргэнийг  томилох эсэх талаар шийдвэр гаргана.

8.4.Сонгон шалгаруулалтын комисс нь удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нэр дэвшигчийг хэрхэн сонгосон тухай мэдээллийг Үндэсний аудитын газрын албан ёсны цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

8.5.Монгол Улсын Ерөнхий аудитор нь Сонгон шалгаруулалтын комиссын санал болгосон нэр дэвшигчийг тухайн  албан тушаалд томилохоос татгалзвал энэ талаарх мэдээллийг ажлын 3 өдрийн дотор Сонгон шалгаруулалтын комисст ирүүлэх ба комисс нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцэж нөөцийн жагсаалтад орсон иргэдээс нэр дэвшүүлэх, эсхүл сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

8.6.Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилохгүй.

 

8.7.Нэр дэвшсэн иргэний их, дээд сургууль төгссөн мэргэжлийн дипломын хүчинтэй эсэх, магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагын үзлэгийн дүгнэлт авах, Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй тухай лавлагаа, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч холбогдох байгууллагад хүргүүлэх зэрэг томилогдохын өмнөх бэлтгэлийг Үндэсний аудитын газрын Тамгын газрын Хүний нөөцийн алба зохион байгуулна.

Ес. Нөөц бүрдүүлэх тухай

9.1.Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг нөөцөд бүртгэх тухай Сонгон шалгаруулалтын комисс шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэр нь 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Нөөцөд бүртгэсэн тухай шийдвэрийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлнэ.

9.2.Сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авч шалгарсан иргэн уг албан тушаалд томилогдохоос татгалзвал нөөцөд бүртгэхгүй.

9.3.Нөөцөд бүртгэгдсэн иргэн нь тухайн ажлын байранд сул орон тоо гарсан тохиолдолд энэ журамд заасан хугацааны дотор нэр дэвших эрхтэй.

9.4.Төрийн аудитын байгууллагын төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэхдээ Төрийн албаны зөвлөлийн 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг баримтална.

Арван. Маргаан хянан шийдвэрлэх

10.1.Удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбоотой гарсан маргааныг Сонгон шалгаруулалтын комисс хянан шийдвэрлэнэ.

10.2.Сонгон шалгаруулалтын комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны журмаар шүүхэд гомдол гаргаж болно.

Арван нэг. Бусад зүйл

11.1.Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь бусдаас хараат бус байна.