- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮҮСМЭЛ ОРД АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ШААРДЛАГА, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 61 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
ҮҮСМЭЛ ОРД АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ШААРДЛАГА,
ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Үүсмэл ордоос ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаанд тавих шаардлага болон түүнтэй холбогдсон бусад харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.2.1. “үүсмэл орд” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д заасан ордыг;
1.2.2. “үүсмэл орд ашиглах” гэж мөн хуулийн 4.1.28-д заасан үйл ажиллагааг;
1.2.3. ”үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.28-д заасан үйл ажиллагааг эрхлэхээр эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг;
1.2.4. “гуравдагч этгээд” гэж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй үүсмэл орд ашиглах зорилгоор гэрээ байгуулсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, Татварын ерөнхий хуулийн 12.1-д заасан татвар төлөгч хуулийн этгээдийг.
1.3. Үүсмэл орд ашиглахтай холбоотой энэхүү журмаар зохицуулаагүй харилцааг Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.
Хоёр. Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны
төв болон төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
2.1. Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.8-д заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарах нутаг дэвсгэрт үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
2.2. Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг:
2.2.1. үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;
2.2.2. үүсмэл ордод ашиглагдаж байгаа техник, технологид үнэлэлт, дүгнэлт өгөх, техник, технологийн бодлогыг хэрэгжүүлэх;
2.2.3. үүсмэл ордын мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг баяжуулах.
2.2.4. үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, уулын ажлын төлөвлөгөө болон тухайн жилийн уулын ажлын тайланг баталсан маягтын дагуу хүлээн авах;
2.2.5. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сар бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэдээллийг нэгтгэж, улирал бүр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.
2.3. Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллага хяналт тавьж ажиллана.
Гурав. Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд
тавих шаардлага
3.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь овоолгын болон нуруулдан уусгалтын технологийг үйл ажиллагаандаа хэрэглэхдээ аюулгүй байдлыг хангаж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл болон хөрс, гүний усны бохирдолт үүсгэхээс урьдчилан сэргийлж ажиллана.
3.2. Овоолгын уусгалтын технологийг хэрэглэхдээ уусгалтын явцад цөөрөм, шуудуунаас уусмал алдагдахаас сэргийлж, найдвартай шугам хоолой, хяналтын цооногтой, шүүрэлтийг хянах системтэй байна.
3.3. Нуруулдан уусгалтын технологийг хэрэглэхдээ техникийн шаардлага хангасан хаягдлын далан, тусгайлан бэлтгэсэн талбайтай байна. Хаягдлын далан, тусгайлан бэлтгэсэн талбай нь химийн хорт болон аюултай бодисийг хөрс, гүний усанд нэвчихээс хамгаалсан тусгаарлагчтай, хяналтын цооногтой байна.
3.4. Үүсмэл орд ашиглаж байгаа баяжуулах үйлдвэр, хаягдлын далан, шугам хоолойноос хаягдал бодис хаягдах, алдагдахаас сэргийлж ажиллана.
Дөрөв. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл
эзэмшигчийн бүрэн эрх
4.1. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлж ажиллана.
4.2. Үүсмэл ордын талбайд оршиж байгаа ашигт малтмалыг Ашигт малтмалын тухай хууль, энэ журамд заасан шаардлага, нөхцөлийн дагуу ашиглана.
4.3. Үүсмэл ордын нөөц, орд ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд шаардлагатай тохиолдолд тодотгол хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох дүгнэлт, шийдвэр гаргуулна.
4.4. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал экспортлох эрх бүхий хуулийн этгээд нь ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулна.
4.5. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий төрийн болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтанд тусгай зөвшөөрлийн талбайд нэвтрэн орох, газар дээр нь шалгалт хийх бололцоог олгоно.
4.6. Үүсмэл орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлд тухайн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дэд бүтцийг барьж байгуулах болон уурхайн нөхөн сэргээлт, хаалт зэрэгт шаардагдах хөрөнгийн талаар тодорхой тусгана.
4.7. Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын асуудлаар олон нийтэд тогтмол мэдээлэх үүрэг бүхий ажилтантай байна.
4.8. Үүсмэл орд ашиглах гэрээнд орон нутагтай хамтран ажиллах болон газар, ус, эрчим хүч ашиглах, химийн бодис хадгалах, тээвэрлэх, хаягдлын байгууламж болон уурхайн дотоод, гадаад тээврийн зам барьж арчлах, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудлыг тусгасан байна.
4.9. Ашигт малтмалын тухай хуулийн 48.13-т заасны дагуу дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн ажлын тайланг гаргаж геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
4.10. Ашиглалтын болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны хууль тогтоомжийн хүрээнд байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах, нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч ажиллана.
Тав. Хүлээлгэх хариуцлага
5.1. Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
--- оОо ---
Текст томруулах
A
A
A