- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ДҮРЭМ (Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2017 оны 82 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ДҮРЭМ
(Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эрүүл мэндийг дэмжих сан (цаашид “сан” гэх)-гийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Сан нь үйл ажиллагаандаа Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмийг баримтална.
1.3. Сангийн хөрөнгийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад жил бүр тусгана.
1.4. Сан нь зохих журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Сангийн удирдлага, зохион байгуулалт
2.1. Сангийн үйл ажиллагааг Сангийн удирдах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) удирдах бөгөөд Зөвлөлийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тэргүүлнэ.
2.2. Зөвлөл нь дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдэнэ. Зөвлөл 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд эрүүл мэнд, санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллага, нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн салбар зөвлөл, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
2.3. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно. Шаардлагатай тохиолдолд зөвлөлийн хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.
2.4. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 болон түүнээс дээш хувийн саналаар шийдвэрлэнэ.
2.5. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар тогтоол гарах бөгөөд түүнд Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
2.6. Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд зөвлөлийн даргын саналаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.
2.7. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтлөх бөгөөд уг тэмдэглэлд зөвлөлийн дарга гарын үсэг зурна.
2.8. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлнэ.
2.9. Энэ журмын 2.8-д заасан нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.9.1. төсөл, арга хэмжээний саналыг хүлээн авч, хэрэгжилтийг хангуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулах;
2.9.2. батлагдсан төсвийн хүрээнд төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хангуулж, хяналт тавих;
2.9.3. шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын зөвлөгөө авах, хөндлөнгийн дүгнэлт гаргуулах.
2.10. Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2.10.1. сангийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
2.10.2. сангийн үйл ажиллагааны болон сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээний жилийн төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн батлах;
2.10.3. сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах;
2.10.4. сангийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх тайланг хэлэлцэн дүгнэлт өгөх;
2.10.5. сангийн үйл ажиллагааг сайжруулах, сангийн хөрөнгийг өсгөх талаар санал боловсруулан хэрэгжүүлэх;
2.10.6. олон улсын байгууллага, гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, бусад сантай хамтран ажиллах;
2.10.7. сангийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтад хяналт тавих.
Гурав. Бусад
3.1. Сан дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
3.1.1. санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрөлгүйгээр байгууллага, хуулийн этгээдээс зээл авах, хамтарсан үйл ажиллагаа явуулах;
3.1.2. сангийн хөрөнгийг бусдад барьцаалах, сангийн хөрөнгөөр баталгаа гаргах;
3.1.3. сангийн хөрөнгөөр хандив өргөх, төрөл бүрийн арга хэмжээг ивээн тэтгэх, санхүүжүүлэх.
3.2. Энэ журмын 2.8-д заасан нэгж сангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар мэдээллийн санг бүрдүүлнэ.
3.3. Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, ашигласан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
--- o0o ---
Текст томруулах
A
A
A