A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ (Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 82 дугаар
               тогтоолын 2 дугаар хавсралт

 

ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГИЙН
ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

(Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 218 дугаар зүйлд заасан “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулахдаа Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг баримтална.


Хоёр. Сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалт 

2.1. Сангийн хөрөнгө нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.1-д заасан эх үүсвэр болон архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь, тамхины онцгой татварын 2 хувийн хөрөнгөөс тус тус бүрдэнэ.

2.2. Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 218.2, 218.3, 218.4 дэх хэсэгт заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.

2.3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 218.3-т заасан “нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын үр дүнтэй санаачилга, төсөл, хөтөлбөрийг дэмжих, урамшуулах арга хэмжээ”-нд дараах үйл ажиллагааг хамруулан санхүүжүүлнэ:

2.3.1. эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах, урамшуулах;   
2.3.2. нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны сайн туршлагыг дэмжих;
2.3.3. нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр орон нутгийн чадавхийг бэхжүүлэх.

2.4. Сангийн тухайн жилд батлагдсан хөрөнгийн 80 хувийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 218.2.1-218.2.5, 218.3-т арга хэмжээг, 10 хувийг мөн хуулийн 218.2.6, 218.2.7-д заасан арга хэмжээг, 10 хувийг мөн хуулийн 218.4-т заасан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах чиглэл баримтална.

2.5. Сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

2.6. Сангийн хөрөнгийг хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрт зааснаас бусад зориулалтаар болон хэтрүүлэн зарцуулахыг хориглоно.

Гурав. Төсөл, арга хэмжээ болон төсөл хэрэгжүүлэгчид
тавигдах шаардлага

3.1. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний санал нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 218.2-218.4-т заасан чиглэлд хамаарах бөгөөд дараах ерөнхий шаардлагад нийцсэн байна:
3.1.1. төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр дэвшүүлсэн зорилтод нийцсэн;
3.1.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тусгасан зорилтод нийцсэн;
3.1.3. төсөл, арга хэмжээ хэрэгжих боломжтой, үр дүнгийн урьдчилсан төсөөлөл бүхий;
3.1.4. төсөл хэрэгжүүлэгчийн хүний нөөц, санхүүгийн чадавхийн талаарх мэдээлэл бүхий;
3.1.5. төслийн төсөвт үзүүлэх нөлөөлөл, санхүүгийн тооцоолол хийсэн байх;
3.1.6. төсөл хэрэгжүүлэгч “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр өмнө нь төсөл хэрэгжүүлж байсан тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тухай нотолгоо баримт бүхий.


Дөрөв. Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл,
   арга хэмжээг сонгон шалгаруулах

4.1. Төсөл санаачлагч нь сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналаа тухайн төсвийн жилийн 1 дүгээр сарын 20 болон 6 дугаар сарын 20-ны дотор эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

4.2. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцсан нэгж нь ирүүлсэн төсөл, арга хэмжээний саналыг энэ журмын 4.1-д заасан хугацаанд хүлээн авч, ажлын 30 хоногийн дотор багтаан хянаж, дүгнэлт гаргана.

4.3. Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцсан нэгж нь энэ журмын 2.2, 2.3-т заасан чиглэлийн дагуу хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ болон гаргасан дүгнэлтээ Сангийн удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

4.4. Шаардлагатай тохиолдолд төсөл санаачлагч нь Зөвлөлийн хуралдаанд оролцож төсөл, арга хэмжээний талаар танилцуулга хийж болно.

4.5. Зөвлөл нь сонгон шалгаруулалт хийхдээ тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан төсөл, арга хэмжээг сонгоно. 

4.6. Сангаас санхүүжилт авахаар шалгарсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байгуулна.

4.7. Ажил гүйцэтгэх гэрээнд үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан ирүүлэх хугацаа, сангаас санхүүжилт өгөх хуваарь, төсөл, арга хэмжээний биелэлт, гүйцэтгэлийн тайлан ирүүлэх талаар тусгасан байна.

Тав. Сангийн хөрөнгийн зарцуулалтыг
тайлагнах, түүнд тавих хяналт

5.1. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 30.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гаргана.
5.2. Төсвийн тухай хуулийн 8.8.2-т заасны дагуу сангийн төсвийн сарын гүйцэтгэлийн мэдээг сар бүрийн 4-ний дотор гаргаж тайлагнана.
5.3. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж,  дүгнэлт гаргана.
5.4. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланд аудитын дүгнэлт гарснаас хойш 20 хоногийн дотор өдөр тутмын хэвлэл болон цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.
5.5. Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, ашигласан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

--- о0о ---