A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХОХИРОГЧИД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/84/А/59/А/130 дугаар хамтарсан тушаалын хавсралт

ХОХИРОГЧИД ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Хохирогчид хуульд заасан үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гарган магадлан итгэмжлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргагчийн сайн дурын үндсэн дээр явагдах ба нээлттэй, ил тод, тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

1.3.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, холбогдох бусад эрхийн акт болон энэхүү журмыг удирдлага болгоно.

1.4.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны удирдлага нь эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, цагдаа, хүүхдийн байгууллага, төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий магадлан итгэмжлэх орон тооны бус комисс /цаашид “комисс” гэх/ байна. Комиссын бүрэлдхүүнийг хууль зүй, дотоод хэрэг, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

1.5.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан байгууллага нь Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон жишгийн дагуу үйлчилгээний хөлс төлнө.

1.6.Хохирогчид хуульд заасан үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэхэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/52 дугаар тушаалаар баталсан “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлэх байгууллагыг магадлан итгэмжлэх журам”, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар тушаалаар баталсан “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэх хуулийн этгээдийг магадлан итгэмжлэх журам”-ын холбогдох заалтыг нийцүүлэн хэрэглэж болно.

Хоёр. Комиссын чиг үүрэг

2.1.Комисс нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.1.1.хохирогчид үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг батлах;

2.1.2.шинжээчдийн дүгнэлтийг хэлэлцэн, магадлан итгэмжлэх, эсэх тухай шийдвэр гаргах;

2.2.Комисс хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргана.

Гурав. Магадлан итгэмжлэх байгууллага.

3.1.Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага /”цаашид магадлан итгэмжлэх байгууллага” гэх/ хохирогчид үзүүлэх үйлчилгээний чанарын бодлогыг хэрэгжүүлж, хохирогчид үйлчилгээ үзүүлж байгаа төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангана.

3.2.Магадлан итгэмжлэх байгууллага нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.2.1.магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиг үүргийг хууль зүй, дотоод хэргийн болон эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

3.2.2.магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулах, магадлан итгэмжлэл олгох, хүчингүй болгох тухай комиссын шийдвэрийг үндэслэн батламж олгох, батламжийг хүчингүй болгох;

3.2.3.магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг хүлээн авах, хүсэлт гаргасан төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэлд бэлтгэх, шалгуурын дагуу өөрийн үнэлгээ хийх талаар зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;

3.2.4.магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлал боловсруулах, магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажил, магадлан итгэмжлэгдсэн байгууллагад явцын үнэлгээ хийх зэрэгт мэргэжлийн нийгэмлэг, холбоод, бусад байгууллагуудтай хамтран ажиллах, гэрээгээр гүйцэтгүүлэх;

3.2.5.хууль зүй, хүүхэд, гэр бүл, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан мэргэжилтнүүдээс магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээч сонгон шалгаруулах, томилох, чөлөөлөх, гэрээ байгуулах, сургах;

3.2.6.хохирогчид үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн бус байгууллагад шинжээчдийн багийг томилон ажиллуулах;

3.2.7.магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагын бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх;

3.3.Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн халамжийн хэлтэс нь харъяалах нутаг дэвсгэртээ хохирогчид үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх чиглэлээр дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.3.1.магадлан итгэмжлэх үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг хууль зүйн хэлтэс, эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулах;

3.3.2.төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэлд бэлтгэх болон магадлан итгэмжлүүлэхээр хүсэлт гаргахад материал бүрдүүлэлтэд зөвлөгөө өгөх, хүсэлтийг хүлээн авч магадлан итгэмжлэх байгууллагад хүргүүлэх;

3.3.3.магадлан итгэмжлэлийн үнэлгээнд оролцох;

3.3.4.магадлан итгэмжлэгдсэн байгууллагад дунд хугацааны үнэлгээ хийж, комисст тайлагнах;

3.3.5.магадлан итгэмжлэгдсэн байгууллагын үйлчилгээний чанарын тасралтгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулахад арга зүйн зөвлөлгөө өгөх, хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх;

3.3.6. магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагуудын мэдээллийн сан бүрдүүлэх;

Дөрөв. Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны үе шат

4.1.Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа нь дараахь үе шаттай явагдана. Үүнд:

4.1.1.Төрийн бус байгууллага магадлан итгэмжлэлд бэлтгэж, өөрийн үнэлгээ хийх;

4.1.2.Төрийн бус байгууллагын ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийх;

4.1.3.Шинжээчдийн баг газар дээр нь үнэлгээ хийх;

4.1.4.Шинжээчдийн нэгдсэн дүгнэлтийг комиссын хурлаар хэлэлцэж, төрийн бус байгууллагад магадлан итгэмжлэл олгох эсэх шийдвэр гаргах;

4.2.Төрийн бус байгууллага нь магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргахаас өмнө дараах бэлтгэлийг хангасан байна. Үүнд:

4.2.1.магадлан итгэмжлэх үйл ажиллагаа болон материал бүрдүүлэлтийн талаар мэдээлэл авах;

4.2.2.магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийн дагуу өөрийн үнэлгээ хийх;

4.2.3.бэлтгэл ажилд арга зүйн зөвлөлгөө авах, шалгуур үзүүлэлтээр үнэлэх аргачлалын сургалтад хамрагдах;

4.2.4.магадлан итгэмжлэлийн бэлтгэл ажлын болон шинжээчдийн өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх;

Тав. Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах

5.1.Энэ журмын 3.2-т заасан бэлтгэл ажлыг хангасан төрийн бус байгууллага Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргана. Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага нь тухайн аймгийн нийгмийн халамжийн хэлтсээр уламжлан хүсэлтээ гаргаж болно.

5.2.Магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах байгууллага нь дараахь материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

5.2.1.магадлан итгэмжлэлд хамрагдах тухай албан хүсэлт;

5.2.2.төрийн бус байгууллагын гэрчилгээ, дүрмийн хуулбар;

5.2.3.магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийн дагуу хийсэн өөрийн үнэлгээний тайлбар;

5.2.4.хохирогчид үзүүлэх үйлчилгээний жагсаалт, төрийн бус байгууллагыг хөгжүүлэх төлөвлөгөө, өмнө хэрэгжүүлсэн ажлын тайлан;

5.2.5.бэлтгэл ажлын болон шинжээчдийн өгсөн зөвлөмжийн биелэлт;

5.2.6.магадлан итгэмжлүүлэх үйлчилгээний төлбөр төлсөн баримт;

5.3.Магадлан итгэмжлэгдсэн байгууллага батламжийн хүчинтэй хугацаа дуусахаас 60-аас доошгүй өдрийн өмнө дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах ба хүсэлтэд энэ журмын 4.2-т заасан материалаас гадна хугацаа дуусаж байгаа магадлан итгэмжлэлийн хуулбарыг хавсаргана.

Зургаа. Магадлан итгэмжлэх

6.1.Магадлан итгэмжлэх байгууллага нь төрийн бус байгууллагаас хүсэлт хүлээн авснаас хойш хуанлийн 20 өдрийн дотор ирүүлсэн материалд дүн шинжилгээ хийж, хариу мэдэгдэнэ.

6.2.Ирүүлсэн материал шаардлага хангасан бол магадлан итгэмжлэх товыг гаргаж, хүсэлт гаргасан байгууллагад 3-5 хүний бүрэлдхүүнтэй шинжээчдийн баг томилж ажиллуулна. Хэрэв материал шаардлага хангаагүй бол тухайн байгууллагад буцаана.

6.3.Томилогдсон шинжээчдийн баг төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийн дагуу хийсэн өөрийн үнэлгээний тайлантай танилцаж, тухайн байгууллагын үйлчилгээний хүрээнээс хамааран ажлын 1-2 өдөр газар дээр нь үнэлгээ хийж, дүгнэлт гаргана.

6.4.Шинжээчдийн баг магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлт тус бүрээр 100 хүртэл оноо өгөх ба оноо нь шалгуурыг хангасан хувийг илэрхийлнэ.

6.5.Шинжээчдийн баг магадлан итгэмжлэх эсэх тухай нэгдсэн дүгнэлтийг “магадлан итгэмжлэх шалгуурыг хангасан”, “магадлан итгэмжлэх шалгуурыг хангаагүй” гэсэн хувилбарын аль нэгээр гаргаж, үндэслэлийг нарийн тодорхойлсон байна.

6.6.Шинжээчдийн багийн үнэлгээний нэгдсэн дүгнэлтэд гишүүд гарын үсэг зурж баталгаажуулан тухайн байгууллага хамт олонд танилцуулж, зөвлөмж өгнө.

6.7.Шинжээчдийн багийн ахлагч нь магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийж дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан үнэлгээний тайлан, дүгнэлт, үнэлгээтэй холбоотой бусад баримт материалыг магадлан итгэмжлэх байгууллагад хүргүүлнэ.

6.8.Шинжээчдийн багийн нэгдсэн дүгнэлтийг комиссын хурлаар хэлэлцэж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх, магадлан итгэмжлэх, эсэх тухай шийдвэр гаргана.

6.9.Магадлан итгэмжлэх байгууллага нь хөндлөнгийн шинжээч томилон шинжээчдийн багийн дүгнэлтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэж болно. Энэ тохиолдолд хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэнэ.

6.10.Магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг хангаагүй төрийн бус байгууллага 6 сарын хугацаанд магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргах эрхгүй бөгөөд дээрх хугацаанд энэ журмын 3.2-т заасан бэлтгэл болон шалгуур үзүүлэлтийг хангасны дараа дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж болно.

Долоо.Магадлан итгэмжлэл олгох

7.1.Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн комиссын шийдвэрийг үндэслэн магадлан итгэмжлэгдсэн батламж олгоно.

7.2.Анх удаа магадлан итгэмжлэгдсэн байгууллагад 1-3 жилийн хугацаатай, давтан магадлан итгэмжлэгдсэн байгууллагад 2-5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэл олгоно.

7.3.Магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллага нь магадлан итгэмжлэлийн батламж олгосон өдрөөс хойш хуанлийн 30 өдрийн дотор шинжээчдийн өгсөн зөвлөмжийг тусгасан, чанарын тасралтгүй байдлыг хангах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.

7.4.Хохирогчид үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллага нь магадлан итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дуусаад 1ба түүнээс дээш жилийн дараа хүсэлтээ гаргах, “Хохирогчид үзүүлэх үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр” хэрэгжүүлээгүй бол анх удаа магадлан итгэмжлэгдсэнээр үнэлнэ.

Найм.Магадлан итгэмлэлийг хүчингүй болгох

8.1.Магадлан итгэмжлэлийг дор дурдсан нөхцөлд хугацаанаас өмнө хүчингүй болгоно. Үүнд:

8.1.1.магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагын үйлчилгээний технологи, эрүүл ахуй, аюулгүй байдлын хамгаалалтын нөхцөл зөрчигдсөний улмаас үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд хохирсон болох нь тогтоогдсон;

8.1.2.магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдсөн, эсвэл татан буугдсан, 6 сараас илүү хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон;

Ес.Маргаан шийдвэрлэх

9.1.Төрийн бус байгууллага нь шинжээчдийн багийн өгсөн дүгнэлттэй санал нийлэхгүй бол магадлан итгэмжлэх байгууллагад хүсэлт гаргаж шинжээчдийн хоёр дахь багийг томилуулж болно. Энэхүү хоёрдахь багийн дүгнэлт нь магадлан итгэмжлэх комиссын эцсийн шийдвэрийн үндэслэл болно.

9.2.Магадлан итгэмжлэх үйл ажиллагааны талаар гарсан маргааныг комиссын хурлаар хэлэлцүүлнэ.

9.3.Төрийн бус байгууллага нь комиссын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гомдол гаргаж болно.