A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэл тогтоох журам Нэг. Нийтлэг үндэслэл
Бүлэг: 1979

Дэд бүтцийн сайдын 2003 оны 112 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэл тогтоох журам

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын Эрчим Хүчний тухай хуулийн 6.1.5 дугаар зүйлийг  хэрэгжүүлэх зорилгоор цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэлийг тогтооход энэхүү журмыг мөрдөнө.

1.2.“Хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэл” гэдэгт тухайн хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний тасалдлыг зөвшөөрөх нөхцөл, хугацаа, уг нөхцөл, хугацааг хангахуйц техникийн шаардлагын хэм хэмжээг ойлгоно.

1.3.“Үл хамаарах эх үүсвэр” гэдэгт тухайн хэрэглэгчийн 1 талын тэжээл тасрахад нөгөө талын хүчдэл нь MNS 1500: 1982 “Цахилгаан  сүлжээ”, УСТ 1778-88 “Ерөнхий зориулалтын цахилгаан сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний чанарын норм” стандартуудад заагдсан хэмжээнд байх 2 ба түүнээс дээш тэжээлийн эх үүсвэрийг ойлгоно.

1.4.Цахилгаан станц, дэд станцуудын 2 секц /систем шин/ нь дараахи нөхцөлүүдийг нэгэн зэрэг хангаж байвал уг секцүүдийг /систем шинүүдийг/ үл хамаарах тэжээлд тооцно. Үүнд:

а/ Эдгээр секцүүд /систем гишүүд/ нь тус бүрдээ үл хамаарах үүсвэрүүдээс тэжээгдэж байх.

б/ Эдгээр секцүүд /систем гишүүд/ нь хоорондоо холбогдоогүй байх эсхүл хоорондоо холбогдсон боловч аль 1 секцийн /систем шинийн/ хэвийн ажиллагаа алдагдахад холбоос нь автоматаар тасардаг байх.

Хоёр. Зэрэглэл тогтоох үндсэн зарчим

2.1.Хэрэглэгчийн нэг эсхүл хэсэг тоног төхөөрөмжийн цахилгаан эрчим хүчний тасалдалт нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх уул уурхайн газар дээрхи болон доорхи үйлдвэр, цемент, металлургийн үйлдвэр, хэрэглэгчийн өндөр үнэ бүхий үндсэн тоноглолыг гэмтээх, их хэмжээний гологдол гаргах, технологийн нарийн процесс алдагдах, нийтийн аж ахуйн онцгой чухал хэсгүүдийн үйл ажиллагаа алдагдах байдалд хүргэж байвал хэрэглэгчийг нэгдүгээр зэрэглэлд хамруулна.

2.2.Хэрэглэгчийн нэг эсвэл хэсэг тоног төхөөрөмжүүдийн цахилгаан эрчим хүчний тасалдалт нь ихээхэн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг алдагдуулах, үйлдвэрийн олон тооны ажилчид, тоноглол, машин механизм, тээврийн хэрэгслийн сул зогсолт гаргах, хот, хөдөөгийн ихэнх хэмжээний оршин суугчдын амьдрал, ахуйн хэвийн нөхцөлийг алдагдуулах, үйлчлүүлэгч олноор цугларсан үзвэр үйлчилгээний газруудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаар байвал тухайн хэрэглэгчдийг хоёрдугаар зэрэглэлд хамааруулна.

2.3.Цахилгаан хангамжийн найдваржилтын нэг ба хоёр дугаар зэрэглэлд хамаарагдаагүй үлдсэн бусад хэрэглэгч гуравдугаар зэрэглэлийнх байна.

Гурав. Цахилгаан хангамжийн найдваржилтын зэрэглэлийн техникийн шаардлага ба цахилгаан эрчим хүчний тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа

3.1.Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчдийг харилцан бие биеийнхээ бэлтгэл тэжээл болох үл хамаарах 2 эх үүсвэрээс тэжээх ба эдгээр хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа нь нэг талын тэжээл тасрахад бэлтгэл тэжээл нь автоматаар залгагдах хугацаагаар тодорхойлогдоно.

3.2.Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид нь хангагчийн харьяаны шугам сүлжээгээр тэжээгддэг 2 талын тэжээлтэй байхаас гадна өөрийн мэдлийн аваарийн эх үүсвэртэй байх бөгөөд эдгээрийн аль нэг нь тасрахад өөр хоорондоо автоматаар залгагдах схемтэй байна. Хэрэглэгчийн харьяаны  эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан чадал нь түүний тасралтгүй ажиллагаатай байх нэгжүүд /байрууд/-ийг хангахад хүрэлцэхүйц хамжээтэй байна. Эх үүсвэр, тэжээлүүдийн ажиллах дарааллыг эрчим хүчээр хангах гэрээнд тусгана.

3.3.Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид нь өөрийн мэдлийн эрчим хүчний бэлтгэл үүсвэрийг ажиллуулахад зориулсан түлш, сэлбэг материал, багаж, хэрэглэлийн нөөцтэй байх бөгөөд бэлтгэл эх үүсвэрийн ажиллагааны байнгын бэлэн байдлыг хангах үүрэгтэй.

3.4.Хоёрдугаар зэрэглэлийн хэрэглэгчдийг харилцан бие биенийхээ бэлтгэл тэжээл болох үл хамаарах хоёр эх үүсвэрээс тэжээвэл зохих ба эдгээр хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа нь жижүүрийн буюу шуурхай үйлчилгээний явуулын бригадын хүмүүс бэлтгэл тэжээлийг залгахад шаардагдах хугацаагаар тодорхойлогдоно.

Дөрөв. Тухай хэрэглэгчийн зэрэглэлийн хэрэгцээг тодорхойлох ба техникийн шаардлагыг хангах боломжийг бүрдүүлэх

4.1.Хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний найдваржилтын зэрэглэлийг энэхүү журмыг үндэслэн тогтооно.

4.2.Хангагч энэ журамд заасан шаардлага, нөхцөлийн хангасан хэрэглэгчийн хүсэлтээр цахилгаан эрчим хүчний найдваржилтын нэг ба хоёрдугаар зэрэглэлд тохирсон үйлчилгээ үзүүлж болно.

4.3.Хангагчаас цахилгаан эрчим хүчний найдваржилтын тухайн зэрэглэлд хамрагдсан хэрэглэгчидэд үзүүлэх үйлчилгээний түвшин, техникийн шаардлагыг эрчим хүчээр хангах гэрээнд тусгана.

4.4.Тухай зэрэглэлийг хангах техникийн боломжийг бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хэрэглэгч хариуцна.

Тав. Бусад

5.1.Барилгын зураг төсөв хийдэг эрх бүхий байгууллагууд шинээр баригдах барилга байгууламжийн зураг төсвийг гаргахдаа энэхүү журмын холбогдох заалтуудыг мөрдвөл зохино.