A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 24 дугаар тогтоолын 02 дугаар хавсралт

 

 

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН СЭДЭВ

 

1.Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах:

 

1.1.Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох;

 

1.2.Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах;

 

1.3.Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож,  бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд заан тусгах.

 

2.Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох:

 

2.1.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх, улируулан сонгохгүйгээр Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох.(Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдааны бүрэлдэхүүн нь Улсын Их Хурлын 76 гишүүн, аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт гишүүдээс бүрдэнэ);

 

2.2.Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг өөрчилж, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах.

 

3.Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх:

 

3.1.Төрийн албаны Зөвлөлийг улс төрөөс хараат бус, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох;

 

3.2.Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх;

 

3.3.Төрийн алба улс төрөөс ангид байна. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалт Монгол Улсын Үндсэн хуульд нэмж оруулах.

 

4.Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх:

 

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод (орон нутгийн харьяалалтай), сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэх;

 

4.2.Баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох.

 

5.Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах:

 

5.1.Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох;

 

5.2.Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байгууллага болгон зохион байгуулах;

 

5.3.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох.

 

6.Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг  хангах.

           

 

 

 

---оОо---