- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ДҮРЭМ /ХЗДХС-ын 2018.01.25-ны 1-1/493 тоот албан бичгээр бүртгэлээс хассан/
/ХЗДХС-ын 2018.01.25-ны 1-1/493 тоот албан бичгээр бүртгэлээс хассан/
Дэд бүтцийн сайд, Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан 2003 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 71/134 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ДҮРЭМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Энэхүү дүрмийг хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр барьсан, өргөтгөл шинэчлэлт, их засвар хийсэн авто зам, эрчим хүч, холбооны болон инженерийн хийцтэй бүх төрлийн барилга байгууламж /цаашид барилга байгууламж гэнэ/-ийг иж бүрнээр нь эсвэл хэсэгчилэн байнгын ашиглалтад оруулахад мөрдөнө.
1.2.Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын актад бүх гишүүд гарын үсгээ зурснаар тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулсанд тооцно.
1.3.Барьж дуусаагүй буюу дууссан боловч комисс ажиллаж ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.
1.4.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажиллахын өмнө ажлын комисс ажиллана.
Хоёр. Комисс түүний бүрэлдэхүүн
2.1.Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахдаа өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүний ач холбогдол, үйлчлэх хүрээ, зориулалтын онцлогоос хамааруулан улсын болон ажлын комиссыг дор дурдснаар томилон ажиллуулна.
№ |
Хамрах барилга байгууламжийн төрөл |
Улсын ба ажлын комисс томилох албан тушаалтан |
Улсын комиссын бүрэлдэхүүн |
Ажлын комиссын Бүрэлдэхүүн |
1 |
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай, улсын болон олон улсын шинж чанартай, стратегийн ач холбогдол бүхий барилга байгууламжууд |
Улсын комиссыг: Монгол Улсын ерөнхий сайд Ажлын комиссыг: Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга |
Даргаар: Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга, барилгын хяналт хариуцсан дэд болон хэлтсийн дарга Гишүүдэд: Энэхүү дүрмийн 2.4, 2.5-т заасан байгууллагын төлөөлөгчид |
Даргаар: Барилгын хяналт хариуцсан , хэлтэс албаны дарга Гишүүдэд: Энэхүү дүрмийн 2.6-т заасан байгууллагын төлөөлөгчид |
2 |
Хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүй үйлчлэх хүрээ нь улсын болон бүс нутгийн чанартай, улс орны эдийн засгийн ач холбогдолтой, технологийн нарийн горим бүхий барилга байгууламжууд |
Улсын болон ажлын комиссыг: Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга
|
Даргаар: Улсын мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналт хариуцсан дэд болон хэлтсийн дарга, барилгын техник хяналтын улсын байцаагчид
Гишүүдэд: Энэхүү дүрмийн 2.4-т заасан, шаардлагатай үед 2.5-т заасан байгууллагын төлөөлөгчид |
Даргаар: Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Гишүүдэд: Энэхүү дүрмийн 2.6-т заасан байгууллагын төлөөлөгчид |
3 |
Хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр, үйлчлэх хүрээ нь орон нутгийн шинж чанартай барилга байгууламжууд |
Улсын болон ажлын комиссыг: Нийслэлд Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга, Аймагт аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга |
Даргаар: Улсын болон аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагч Гишүүдэд: Энэхүү дүрмийн 2.4-т заасан шаардлагатай үед 2.5-т заасан байгууллагын төлөөлөгчид |
Даргаар: Захиалагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан Гишүүдэд; Энэхүү дүрмийн 2.6-т заасан байгууллагын төлөөлөгчид |
4 |
Бүх төрлийн барилга байгууламжийн их засварын ажил |
Аймаг,нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга |
Даргаар: Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Гишүүдэд: Энэхүү дүрмийн 2.6-т заасан байгууллагын төлөөлөгчид |
Даргаар: Захиалагч байгуул- лагын эрх бүхий албан тушаалтан Гишүүдэд: Энэхүү дүрмийн 2.6-т заасан байгууллагын төлөөлөгчид |
2.2.Улсын комисс ажиллах үед барилга байгууламжийн хувийн хэрэг, ажлын комиссын акт, хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтийг гарган улсын комисст ажлын комиссын дарга танилцуулна.
2.3.Улсын комисс ажиллахаас өмнө ажлын комисс ажиллаж уг барилга байгууламжийн акт баримтыг иж бүрдүүлэх, барилгын дутуу, чанаргүй ажлыг засуулж дуусгаад улсын комиссыг ажиллуулахад бэлтгэнэ.
2.4.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүдэд дор дурьдсан байгууллагын төлөөлөгчид орно.
а) Улсын мэргэжлийн хяналтын байгууллага (шаардлагатай улсын байцаагч)
б) Зураг төслийн байгууллага
в) Гал түймэртэй тэмцэх байгууллага
г) Ус сувгийн ашиглалтын байгууллага
д) Холбоо, дохиоллын байгууллага
е) Цахилгаан, дулааны эрчим хүчний байгууллага
ё) Захиалагч байгууллага
ж) Гүйцэтгэгч байгууллага
з) Архивын байгууллага
2.5.Барилга байгууламжийн онцлог (зуух, даралтат сав, цахилгаан станц, өргөх байгууламж, төвлөрсөн инженерийн шугам сүлжээ, авто болон төмөр зам, тэсэрч дэлбэрэх материалын агуулах, холбоо дохиолол, усны болон иргэний хамгаалалтын байгууламж, үйлдвэрлэлийн технологийн шугам, тоног төхөөрөмж, өндөр нарийвчлал бүхий хэмжүүр, хэмжих хэрэгслэл, гүүр хонгил)-оос хамааруулан үйлдвэрлэл үйлчилгээний техник технологитой шууд холбогдох дараах хяналт шалгалтын чиглэлээр төлөөлөгчдийг улсын комиссын бүрэлдэхүүнд оруулна.
а)Иргэний хамгаалалт
б)Авто ба төмөр зам, агаарын тээвэр
в) Замын цагдаагийн газар
г) Бусад шаардлагатай газрын төлөөлөгчид
2.6.Ажлын комиссын бүрэлдэхүүнд дараах байгууллагын төлөөлөгчид орно.
а) Холбоо, дохиоллын байгууллага
б) Цахилгаан, дулааны эрчим хүчний байгууллага
в) Ус сувгийн ашиглалтын байгууллага
г) Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллага
д) Зураг төслийн байгууллага
е) Гүйцэтгэгч байгууллага
ё) Захиалагч байгууллага
ж) Архивын байгууллага
Гурав. Комиссын үүрэг, эрх
3.1.Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа байгаль орчинд хохирол учруулахгүй архитектур, хот байгуулалтын шаардлагад нийцсэн, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангасан тоног төхөөрөмж, материал, хийц хэсэг бүхий барилга байгууламжийг ашиглалтад оруулах үндсэн үүргийг улсын комисс хүлээнэ.
3.2.Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын дарга нь гишүүдийн үнэлэлт, дүгнэлт, саналыг үндэслэн эцсийн шийдвэр гаргана.
Энэхүү шийдвэр нь “Барилгын тухай” хууль болон бусад хууль тогтоомжийн заалтын хүрээнд нийцсэн байна.
3.3.Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын болон ажлын комиссын гишүүд нь төлөөлж байгаа байгууллагынхаа чиглэлээр ажиллаж дараах үүргийг гүйцэтгэж, саналаа комисст танилцуулна.
а) Барилга байгууламжийн угсралт, тоног төхөөрөмж, инженерийн болон технологийн дамжлага, шугам сүлжээний ажил нь зураг төсөл барилга техникийн болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, гал, ариун цэвэр, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах норм ба дүрэм, улсын стандарт, техникийн нөхцөлийн шаардлага хангасан эсэхийг нарийвчлан шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх.
б) Суурилагдсан тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээнд сорилт туршилт, тохируулга хийгдсэн байдал, үйлдвэрлэл, ажил үйлчилгээ явуулахад бэлэн эсэхийг шалгаж дүгнэх.
в) Барилга байгууламжийн техникийн баримт бичгийн бүрдүүлэлтийг хийгдсэн ажилтай нь уялдуулан үзэх.
г) Энэхүү дүрмийн 1-р хавсралтаар үзүүлсэн актыг комисс бүрдүүлж барилга байгууламжийн хувийн хэрэгт оруулна.
3.4.Улсын болон ажлын комисс нь дараах эрхтэй болно;
а) Шаардлагатай гэж үзвэл барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн тодорхой хэсэг буюу зангилаа/узель/ далдлагдсан ажлуудаас сонгон авч задлан үзэж магадлан шалгах, мэргэжлийн шинжээч томилуулан судалгаа шинжилгээ хийлгүүлж дүгнэлт гаргуулах.
б) Үйлдвэрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулахдаа технологийн дамжлагад зүгшрүүлэлт бүрэн хийгдсэн эсэх, шаардлагатай гэж үзвэл бүтээгдэхүүн үйлдвэрлүүлж үзэх.
в) Барилга байгууламж, тоног төхөөрөмж, шугам сүлжээний угсралт, засварын ажлыг дутуу буюу чанаргүй хийсэн, хууль тогтоомж, норм ба дүрмийн заалт, шаардлага зөрчсөн бол ашиглалтад оруулахаас татгалзах буюу тодорхой хугацаагаар хойшлуулах, ноцтой зөрчил илэрвэл өөрсдөө болон хууль хяналтын байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх.
г) Барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдсон шаардлагатай баримт бичиг, магадлагааг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, хүмүүсээс гаргуулан авах.
д) Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын ба ажлын комисс нь протокол (тэмдэглэл) гаргах бөгөөд онцын нөлөө багатай ажил, үүргийг гүйцэтгэгч, захиалагч байгууллагад хугацаа заан өгч барилга байгууламжийг ашиглахыг зөвшөөрөх.
е) Технологийн болон үйлдвэрлэл үйлчилгээний харилцан уялдаагүй барилга байгууламжийг хэсэгчилэн ашиглахыг шийдвэрлэх.
3.5.Ажлын комиссын тэмдэглэлд заасан ажлуудын биелэлтийг захиалагч байгууллага гаргаж, шаардлага хангаагүй, хийгдээгүй, дутуу хийгдсэн бол улсын комисс ажиллахаас татгалзана.
3.6.Улсын болон ажлын комисс ажиллуулахын өмнө ажлын онцлогоос хамааруулан захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд техникийн комисс ажиллуулж болно.
Дөрөв. Комисст оролцогч байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг
4.1.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст оролцогч байгууллага, аж ахуйн нэгж нь төлөөлөгчөө мэдэгдэлд заасан хугацаанд бэлэн байлгах үүрэг хүлээнэ.
4.2.Барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас 7 хоногийн өмнө улсын болон ажлын комиссын мэдэгдлийг тараана. /Энэхүү дүрмийн 3-р хавсралтад заасан загвар/
Байгууллага, аж ахуйн нэгж төлөөлөгчөө оролцуулж чадахгүй хүндэтгэх шалтгаан гарсан үед комисст урьдчилан мэдэгдэнэ.
4.3.Улсын комисст төлөөлөгчөө оролцуулж байгаа хяналтын байгууллага зардлаа (тохируулагч агентлаг) гаргана.
Хэрвээ дахин комисс ажиллуулах нөхцөлд улсын комиссын гишүүдийн бүх зардлыг улсын комиссыг зарлан мэдээлсэн захиалагч байгууллага хариуцна.
4.4.Гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгж нь дараах үүрэгтэй.
а) Энэхүү дүрмийн 2 дугаар хавсралтад дурьдсан материалыг бүрдүүлж 4-өөс доошгүй хувь үйлдэн баталгаажуулж (гарын үсэг, тамга тэмдэг бүрэн гүйцэд бүрдэх, бичилт бүрэн байх) баримт бичгийн товьёог хийсэн байх.
б) Ерөнхий гүйцэтгэгч байгууллага нь ажлын /техникийн/ комисс ажиллуулах саналаа захиалагчид ирүүлэх ба барилгын баримт бичгийг эмхлэн хөтөлж бүрдүүлэх.
в) Барилга байгууламж барих, шинэчлэх, засварлах явцад хяналтын болон захиалагч, зураг төслийн байгууллагаас шалгаад гаргасан акт, албан шаардлага, техникийн дүгнэлтийн биелэлтийг гаргасан байх.
г) Санхүүжилтийн тооцоог бүрэн хийсэн байх
4.5.Захиалагч байгууллага, аж ахуйн нэгж нь дараах үүрэгтэй.
а) Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын болон ажлын комиссыг ажиллах нөхцлийг хангах, шаардлагатай үед комисс томилсон байгууллагын дэмжлэг туслалцаа авах.
б) Захиалагч байгууллага нь улсын комиссыг ажиллах нөхцлийг хангах бөгөөд ажлын комиссын тэмдэглэл, баримт бичгийг хянаж улсын комиссын мэдэгдэл тараах асуудлыг зохион байгуулна.
в) Барилга байгууламжийн ажлын явц, чанарт хяналтын байгууллагаас шалгаад өгсөн шаардлага, дүгнэлтийн биелэлтийг гаргаж далд ажлын гүйцэтгэлийг тухай бүр баталгаажуулсан байх.
г) Комиссыг ажлаа гүйцэтгэх нөхцөлөөр хангасан байхыг улсын болон ажлын комиссыг зохион байгуулсан захиалагч, гүйцэтгэгч хариуцна.
Тав. Комиссын хариуцлага
5.1.Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах талаар буруу дутмаг шийдвэр гаргаснаас болж учирсан хохирол зөрчлийн талаар комиссын дарга, гишүүд өөр өөрсдийн хариуцсан ажлын чиглэлээр холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
5.2.Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын буруутай үйл ажиллагааны талаарх гомдлыг хууль, хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
Текст томруулах
A
A
A