- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ЭХЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ /ХЗДХС-ын 2018.01.25-ны 1-1/493 тоот албан бичгээр бүртгэлээс хассан/
/ХЗДХС-ын 2018.01.25-ны 1-1/493 тоот албан бичгээр бүртгэлээс хассан/
Дэд бүтцийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын хамтарсан 2003 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 71/134 дүрээр тушаалын хоёрдугаар хавсралт
БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ЭХЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шинээр барих болон өргөтгөл шинэчлэлт, их засвар хийх авто зам, эрчим хүч, холбооны болон инженерийн хийцтэй бүх төрлийн барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэхэд эрх бүхий байгууллагаас хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр барилгын захиалагчид зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
1.2.Барилга угсралтын ажил эхлэн гүйцэтгэх буюу үргэлжлүүлэн гүйцэтгэх зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлд ажиллаж байгаа барилгын техник хяналтын улсын байцаагч олгоно.
1.3.Барилга угсралтын ажил эхлэх гэдэгт шинээр баригдаж эхэлж байгааг, барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх гэдэгт өмнө нь угсралтын ажил хийгдэж байгаад тодорхой хугацаагаар зогсож байгаад цаашид үргэлжлэн хийгдэх угсралтын ажлыг ойлгоно.
Хоёр. Зөвшөөрөл түүний үйлчлэх хугацаа
2.1.Энэ зөвшөөрөл нь барилга угсралтын ажлыг иж бүрнээр нь юм уу эсвэл хэсэгчилэн гүйцэтгэх гэсэн 2 төрөлтэй байна.
2.2.Энэхүү зөвшөөрлийг олгоход ямар нэг төлбөр хураамж авахыг хориглоно.
2.3.Барилга угсралтын ажил нь зөвшөөрлийн хугацаанд дуусаагүй тохиодолд захиалагч хариуцан улсын байцаагчид хүсэлт тавьж хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дотор сунгуулах үүрэгтэй.
2.4.Хэрэв барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан өдрөөс хойш нэг жилийн хугацаанд ажил нь эхлээгүй буюу угсралтын ажил зогссон тохиолдолд захиалагч хариуцан зөвшөөрлийг шинээр авна.
Гурав. Зөвшөөрөл олгох журам
3.1.Барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авахдаа захиалагч нь дор дурдсан баримт бичиг, материалыг бүрэн бүрдүүлж жагсаалтын хамт улсын байцаагчид ирүүлнэ.Үүнд:
-Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл (нэгдүгээр хавсралтад заагдсан маягтаар)
-Зураг төслийн болон барилгын гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжийн тухайн ажлыг эрхлэх тусгай зөвшөөрөл (лиценз)-ийн гэрчилгээ
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс газар олгосон шийдвэр, авсан техникийн нөхцөлүүд
-Чанар нь холбогдох байгууллагаар хянагдаж шалгагдсан зураг төслийн баримт бичиг, зураг төсөл хийлгэх гэрээ
-Барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавьж, ил далд ажлын актыг баталгаажуулах захиалагчийн үүрэг эрхийн нэхэмжлэл, гэрчилгээтэй мэргэжлийн хүнийг томилсон шийдвэр болон зохиогчийн хяналт хийлгэх талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээ
-Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ, барилга угсралтын ажлыг хариуцан бариулах инженерийг томилсон гүйцэтгэгч байгууллагын шийдвэр, даамлын үнэмлэх, / диплом болон мэргэшсэн сургалтыг төгссөн гэрчилгээ /
3.2.Энэ журмын 3.1-д заасан баримт бичиг, материалаас гадна улсын байцаагч нь захиалагчаас дор дурдсан нэмэгдэл материалыг шаардлагатай үед гаргуулан авч болно.
-Байгаль цаг уур, газар хөдлөл, инженер-геологийн төвөгтэй нөхцөлд баригдаж буй барилга объектын ажлыг удирдан гүйцэтгэх даамалын талаар мэргэжлээ дээшлүүлсэн буюу уг ажлыг удирдан гүйцэтгүүлэх баталгаа.
-Барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналтыг хийж ил далд ажлын актыг баталгаажуулах ажлыг хөндлөнгийн байгууллага, аж ахуйн нэгжээр хийлгэх үед тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын чанарын шалгалтыг гүйцэтгэх эрхийн бичиг, байгуулсан гэрээ, ажиллах хүнийг томилсон шийдвэр, захиалагчийн итгэмжлэл
-Барилга угсралтын ажил нь удаан хугацаагаар зогссон болон хуучин барилгад шинэчлэлт хийхэд шинжээчид томилогдож дүгнэлт гаргасны дагуу зураг төсөл боловсруулж, улсын экспертизээр хянуулсан байх шаардлагатай.
3.3.Гүйцэтгэгч нь Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй объектод ажил гүйцэтгэхийг хориглоно.
3.4.Улсын байцаагч нь захиалагчаас бүрэн бүрдүүлж ирүүлсэн баримт бичиг, материалыг нэг долоо хоногоос хэтрэхгүй хугацаанд үзэж танилцан, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох, эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ. Дутуу материал ирүүлсэн хугацааг тооцохгүй.
3.5.Улсын байцаагчаас барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохоор шийдсэн үед 2 дугаар хавсралт маягтаар зөвшөөрлийг гарын үсэг, тэмдэгтэйгээр захиалагчид олгоно. Зөвшөөрлийг 3 хувь үйлдэж 2 хувийг захиалагчид өгнө.
3.6.Зөвшөөрөл олгох боломжгүй бол улсын байцаагчаас ямар шалтгаан, үндэслэлээр татгалзсан тухайгаа тайлбарласан хариуг захиалагчид албан бичгээр өгнө.
3.7.Захиалагч нь улсын байцаагчаас олгосон барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн нэг хувийг барилга объектын талбайн конторт нүдэнд харагдах, ил газар байрлуулна.
3.8.Захиалагч нь барилга, объектын ажлын явцад гарсан өөрчлөлт (гүйцэтгэгч, даамал солигдох, захиалагчийн техникийн болон зохиогчийн хяналт тавигч өөрчлөгдөх, гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх эрхийн хугацаа дуусах, зураг төслийн шийдэлд томоохон өөрчлөлт орох зэрэг)-ийг цаг тухайд нь зөвшөөрөл олгосон газарт мэдэгдэж зөвшөөрөлд өөрчлөлт хийлгэж байх үүрэгтэй.
Барилга угсралтын ажлын явцад гүйцэтгэгч нь өөрчлөгдвөл 14 хоногт багтаан захиалагч нь шинэчилсэн зөвшөөрөл авна.
3.9.Улсын байцаагчид нь барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэн барих зөвшөөрөл олгосон тухай бүр энэ талаарх мэдээг 7 хоногийн дотор УМХГ-т ирүүлнэ.
3.10.Улсын байцаагчид нь барилга угсралтын ажил эхлүүлэх үргэлжлүүлэн барих зөвшөөрөл хүссэн материалтай танилцах явцад шаардлагатай гэж үзвэл УМХГ-тай хамтран шийдвэрлэж болно.
Дөрөв. Хүлээлгэх хариуцлага
4.1.Барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохтой холбогдсон асуудлаар улсын байцаагч нь хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
4.2.Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгохтой холбогдож гарсан санал, гомдлыг дээд шатны барилгын техникийн хяналтын улсын байцаагч хянан шийдвэрлэнэ. Энэ шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл маргааныг шүүх шийдвэрлэнэ.
4.3.Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, гүйцэтгэхтэй холбогдсон эрх үүргээ биелүүлээгүй барилгын захиалагч, гүйцэтгэгчид барилгын техникийн улсын хяналтын дүрмийн дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A