- Нүүр
- Сайдын тушаал
- АУДИТЫН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХИЙХ ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЖУРАМ /Сангийн сайдын 2019 оны 60 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/Сангийн сайдын 2019 оны 60 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Сангийн сайдын 2017 оны 109 дүгээр тушаалын хавсралт
АУДИТЫН ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХИЙХ ЧАНАРЫН ХЯНАЛТЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Аудитын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтыг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Аудитын хуулийн этгээд нь аудитын үйл ажиллагааг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэх болон аудитын үйл ажиллагааны чанарын хяналтыг байгууллагадаа хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавихад чанарын хяналт (цаашид “хяналт” гэх)-ын энэхүү журмын зорилго оршино.
1.3.яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар болон тухайлсан тушаалаар томилогдсон ажлын хэсэг (цаашид ‘комисс’ гэх) энэхүү журмын дагуу хяналтыг хэрэгжүүлнэ.
1.4.Жил бүр хяналт, шалгалтанд хамрагдах аудитын хуулийн этгээдийн тооноос хамаарч коммисын бүрэлдэхүүнийг томилно.
1.5.Журмын 1.3-т заасан комиссын бүрэлдэхүүнд Сангийн яам, Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ) болон бусад эрх бүхий мэргэжлийн байгууллагыг оролцуулж болно.
Хоёр. Чанарын хяналт шалгалт
2.1.Комисс нь аудитын чанарын хяналтыг Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий этгээдийн баталсан холбогдох шийдвэрээр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэлбэрээр жил бүр хийж гүйцэтгэнэ.
2.2.Төлөвлөгөөт чанарын хяналтыг хувиарыг Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий этгээдийн тушаалаар жил бүрийн эхэнд батлуулан, хэрэгжүүлнэ.
2.3.Төлөвлөгөөт бус чанарын хяналтыг хууль, хяналтын байгууллагаас ирүүлсэн албан хүсэлт, шийдвэр мөн үйлчлүүлэгчдээс ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдлыг үндэслэн явуулах бөгөөд дараахь зөрчлүүд байгаа эсэхэд чиглүүлэн зохион байгуулна:
2.3.1.Аудитын үйл ажиллагааг Аудитын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу явуулсан эсэх;
2.3.2.Санхүүгийн тайланг хуурамчаар баталгаажуулсан эсэх;
2.3.3.АОУС-аар шаардсан аудитын горим гүйцэтгэхэд Сангийн сайдын тушаалаар батлагдсан “Аудитын үйлчилгээний төлбөрийн хэмжээ, хугацааны жишиг”-ээс хэт зөрүүтэй, богино хугацаанд хийж гүйцэтгэсэн эсэх;
2.3.4.Шударга өрсөлдөөний зарчмыг мөрдөөгүй, үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлж, өөрийн байгууллагыг бусад аудитын хуулийн этгээдтэй харьцуулах болон тэдний нэр төрд харшлах үйлдэл гаргасан эсэх.
2.4.Сангийн яамны холбогдох газар болон аймаг, нийслэл, дүүргийн нягтлан бодох бүртгэл, аудитын асуудал хариуцсан мэргэжилтнүүд нь аудитын хуулийн этгээдэд зайны хяналтыг тавьж болно.
2.4.1.Зайны хяналтаар аудитын хуулийн этгээдийг хууль тогтоомж болон сайдын тушаалаар батлагдсан заавар журмыг хэрхэн ханган ажиллаж байгаад хяналт тавина.
2.5.Чанарын хяналт шалгалт нь аудитын байгууллагын түвшинд хийх шалгалт, хийж гүйцэтгэсэн аудитын ажлын баримтанд хийх шалгалт гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
2.6.Аудитын байгууллагын түвшинд хийх хяналт шалгалтаар дараахь ажлыг хянан, үнэлж, зөвлөмж өгнө. Үүнд:
2.6.1.Аудитын ажлын чанарыг хангахад байгууллагын тогтолцооны түвшинд аудитын удирдлагын бодлого, горим нь зохистой, үр нөлөөтэй зохион байгуулагдсан эсэх;
2.6.2.Аудит, баталгаажуулалтын ажлыг хийхэд мөрддөг дотоодын бодлого журам нь аудитын болон бусад холбогдох баталгаажуулах ажлын олон улсын стандарттай нийцэж буй эсэх;
2.6.3.Аудитын үйл ажиллагааг зохих стандарт, дүрэм журмын дагуу чанартай гүйцэтгэхэд шаардлагатай дотоодын чанарын хяналтыг хийдэг эсэх;
2.6.4.Аудитын чанарыг хангахуйц хүний нөөцтэй, тэдгээрт зориулсан бодлогоор зохицуулагдсан чиг үүргүүд нь тухайн аудитын хуулийн этгээдийн аудитын бодлого, арга зүй, стандарт, гарын авлага, дүрэм, журмын дагуу бэлтгэгдсэн эсэх;
2.6.5.Аудитын хуулийн этгээд нь ёс зүйн шаардлагууд болон хараат бус байдлаа хадгалахтай холбоотой дүрэм журмыг мөрддөг эсэх;
2.6.6.Олон нийтийн ашиг сонирхолын аж ахуйн нэгж (“ОНАСААН”)-д аудит, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлэхдээ холбогдох олон улсын стандартаар шаардсан бодлого, горим болон хугацааг төлөвлөж гүйцэтгэдэг эсэх.
2.7.Аудитын хуулийн этгээдийн хийж гүйцэтгэсэн аудитын ажлын баримтанд хийх шалгалтаар дараахь ажлыг хянан, үнэлж, зөвлөмж өгнө. Үүнд:
2.7.1.Аудитын хуулийн этгээдийн батлан дотооддоо мөрдөж буй аудит, нягтлах шалгалт, бусад баталгаажуулалтын ажлын бодлого, горим, журмуудыг баримталж ажилладаг эсэх;
2.7.2.Үйлчлүүлэгч байгууллагынхаа санхүүгийн тайлан бэлтгэсэн байдлыг үнэлж, дүгнэлт өгөхдөө Нягтлан Бодогчдын Олон Улсын Холбооноос (НБОУХ) гаргасан холбогдох санхүүгийн тайлагналын олон улсын стандартын мөрдөлтийг шалгахад чиглэсэн аудитын горим гүйцэтгэж байгаа эсэх;
2.7.3.Аудитор нь аудит, баталгаажуулалтын ажлыг хангалттай зохистой нотолгоонд үндэслэн баримтжуулдаг эсэх;
2.7.4.Аудиторууд нь мэргэжлийн шийдэл гаргахдаа холбогдох олон улсын стандарт болон хууль тогтоомжийн шаардлагыг мөрдөж ажиллаж байгаа эсэх.
2.8.Энэ журмын 2.5-д заасан байгууллагын түвшинд хийх чанарын хяналтыг зайнаас эсвэл комиссоос баталсан загварын дагуу аудитын байгууллагыг өөрийг нь өөрөөр нь үнэлүүлж, үр дүнг нь хянах замаар хийж болно.
Гурав. Хяналтыг хэрэгжүүлэгч этгээдэд тавигдах шаардлага, түүний эрх үүрэг
3.1.Чанарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч этгээдэд дараахь шаардлага тавигдана:
3.1.1.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд тус байгууллагад ажилладаг мэргэжилтэн байх;
3.2.Чанарын хяналтыг хэрэгжүүлэх комиссын гишүүдийн хувьд хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас албан ёсоор томилогдож үүрэг хүлээсэн тухайн байгууллагад ажилладаг, аудитын болон нягтлан бодох бүртгэлийн мэдлэг, туршлагатай ажилтан байх.
3.2.1.Чанарын хяналтыг хэрэгжүүлэгч дараахь эрх, үүргийг эдэлнэ.
3.2.2.Чанарын хяналтыг хараат бусаар, мэргэжлийн өндөр түвшинд, хууль тогтоомж, холбогдох олон улсын стандартын дагуу явуулах үүрэг хүлээнэ;
3.2.3.Холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллах;
3.2.3.Хяналт шалгалтын комисс нь энэ журмын хавсралт 1-ээр баталсан “Аудитын байгууллагын түвшинд хийх чанарын хяналтын Асуулгын хуудас”, журмын 2 дугаар хавсралтаар баталсан “Аудитын ажлын түвшинд хийх Чанарын хяналтын Шалгах хуудас”-ыг чанарын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах бүртээ шалгуулж буй байгууллагын онцлог, тухайн үед шинээр гарсан стандарт, хууль тогтоомжийн шаардлагатай нийцүүлэн шинэчлэн сайжруулж ашиглах үүрэгтэй;
3.2.4.Мэргэжлийн ёс зүйн талаар ММНБИ-ээс лавлагаа гаргуулж авах;
3.2.5.Хяналт шалгалтад шаардлагатай баримт, материалыг гаргуулж авах, стандартын дагуу үнэлж, дүгнэлтээ хараат бусаар гаргах;
3.2.6.Шалгалтын комисс нь гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг бичгээр болон амаар тайлбарлах эрхтэй;
3.2.7.Комисс нь чанарын хяналтын талаарх дүгнэлтийг багтаасан тайлан бэлтгэж, аудитын хуулийн этгээдэд хүргүүлэн, алдаа дутагдлыг хэрхэн залруулахад талаар төлөвлөгөө гаргуулан авч үнэлэн дүгнэнэ.
3.3.Аудитын нэг байгууллагад чанарын хяналтыг хийж хэрэгжүүлэх комиссийн бүрэлдэхүүн нь 3-аас доошгүй хүнтэй байна.
3.4.Комиссын гишүүн нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль”-ийн 3.1.5-д заасан хамаарал бүхий этгээдийг хянан шалгахгүй.
3.5.Чанарын хяналтыг хэрэгжүүлэгч төрийн захиргааны төв байгуулага нь Улсын хэмжээнд аудит, баталгаажуулалтын үйлчилгээний чанарын хяналтын бодлогыг тодорхойлох үүрэг хариуцлагыг хүлээнэ.
Дөрөв. Аудитын хуулийн этгээдийн эрх, үүрэг
4.1.Хяналт шалгалтад шаардлагатай баримт материалыг цаг хугацаанд нь гаргаж, хүлээлгэн өгөх.
4.2.Жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор үйлчилгээ үзүүлсэн, үзүүлж байгаа байгууллагын жагсаалтыг Сангийн яамны холбогдох газарт хүргүүлнэ.
4.3.Хяналт шалгалт явуулах нөхцөл бололцоо, ажлын байраар хангах.
4.4.Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг шуурхай залруулах.
4.5.Хяналт шалгалтын явцад саад учруулахгүй, хөндлөнгөөс оролцохгүй, албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг дарамтлах, нөлөөлөх, шахалт үзүүлэхгүй байх.
4.6.Шалгалтын дүгнэлтийн талаар тайлбар өгөхийг шаардах эрхтэй.
Тав. Чанарын хяналт шалгалт хийх хугацаа
5.1.Комисс нь аудитын нэг хуулийн этгээдэд хийх чанарын хяналтын шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу томилсон хугацаанд тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр шуурхай гүйцэтгэнэ. Шаардлагатай тохиолдолд эрх бүхий удирдлагад мэдэгдэн, энэхүү хугацааг сунгаж болно.
5.2.Төлөвлөгөөт чанарын хяналт шалгалт хийх талаар аудитын хуулийн этгээдэд хяналт шалгалт эхлэхээс өмнө мэдэгдэнэ. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх бол урьдчилан мэдэгдэхгүй байж болно.
5.3.Аудитын хуулийн этгээдийн хэрэгжүүлдэг процесс ба үйл явц, аргачлал, ажлын баримт зэргийг зохих чанарын шалгууруудын дагуу үнэлж дүгнэнэ. Шалгах зүйлийг сонгохдоо санамсаргүй түүврийн арга болон олон нийтийн ашиг сонирхолд хэр хүчтэй нөлөөтэй байдлыг харгалзан үзнэ.
Зургаа. Чанарын хяналт шалгалтын нэгдсэн дүгнэлт, тайлагнал
6.1.Чанарын хяналт шалгалтын дүгнэлт нь “Бүрэн хангалттай”, “Хангалттай”, “Тодорхой нөхцөл хангасан тохиолдолд хангалттай”, “Хангалтгүй” гэсэн үнэлгээтэй байна.
6.2.Аудитын хуулийн этгээдэд хийх аудитын чанарын хяналтын шалгалтыг журмын 1 дүгээр хавсралтаар баталсан “Аудитын байгууллагын түвшинд хийх чанарын хяналтын Асуулгын хуудас”, журмын 2 дугаар хавсралтаар баталсан “Аудитын ажлын түвшинд хийх Чанарын хяналтын Шалгах хуудас”, журмын 3 дугаар хавсралтаар баталсан “Илрүүлэлтийн жагсаалт”, журмын 4 дүгээр хавсралтаар баталсан “Чанарын хяналтын нэгдсэн тайлангийн загвар” зэргийг ашиглан явуулна.
6.3.Шалгалтын комисс нь чанарын хяналтын “Асуулгын хуудас” болон “Шалгах хуудас”-д багтсан асуулт тус бүрт хариулт авч, аудитын байгууллагын түвшинд тогтоосон систем болон хийж гүйцэтгэсэн ажлыг шалгасан баримттай холбоотой хариулт тус бүрт 0–ээс 3 хүртэл онооны үнэлгээ өгөх замаар чанарын хяналтын шалгалтын үр дүнг үнэлж, дүгнэнэ. Үүнд:
Үнэлгээ (оноогоор) |
Харгалзах дүгнэлт |
3 |
“Бүрэн хангалттай” |
2 |
“Хангалттай” |
1 |
“Тодорхой нөхцөл хангасан тохиолдолд хангалттай” |
0 |
“Хангалтгүй” |
ү/х |
“үл хамаарна” |
6.4.Үнэлгээний оноо өгөхдөө дараахь зарчмыг баримтална:
6.4.1.Асуулгын хуудас болон Шалгах хуудаст дурдсан асуултад “Тийм” гэсэн хариулт өгч, тухайн хариулт нь комиссын бататгах шалгалтаар нотлогдсон тохиолдолд “3” буюу “Бүрэн Хангалттай” гэсэн үнэлгээ өгнө;
6.4.2.Асуулгын хуудас болон Шалгах хуудаст дурдсан асуултад “Тийм” гэсэн хариулт өгсөн боловч нотлох шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал нь материаллаг нөлөөгүй, эсвэл цаашдын аудитын чанарт тархмал нөлөөгүй байх тохиолдолд “2” буюу “Хангалттай” гэсэн үнэлгээ өгч, зөрчлийн шалтгаан, утгыг журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Илрүүлэлтийн жагсаалт”-д тэмдэглэн баримтжуулна;
6.4.3.Асуулгын хуудас болон Шалгах хуудаст дурдсан асуултад “Тийм” гэсэн хариулт өгч, тухайн хариултыг бататгах шалгалтаар зөрчил илэрсэн бөгөөд тухайн зөрчил дутагдал нь материаллаг эсвэл тархмал нөлөөтэй байх тохиолдолд “1” буюу “Тодорхой нөхцөл хангасан тохиолдолд хангалттай” гэсэн үнэлгээ өгч, зөрчлийн шалтгаан, утгыг Илрүүлэлтийн жагсаалтад тэмдэглэн баримтжуулна;
6.4.4.Асуулгын хуудас болон Шалгах хуудаст дурдсан асуултад “Үгүй” гэсэн хариулт өгсөн эсвэл “Тийм” гэсэн хариулт нь бататгах шалгалтаар батлагдаагүй байх бөгөөд тухайн зөрчил дутагдал нь “аудитын чанарт тархмал бөгөөд материаллаг нөлөөтэй” байх тохиолдолд “0” буюу “Хангалтгүй” гэсэн үнэлгээ өгч, зөрчлийн шалтгаан болон утгыг Илрүүлэлтийн жагсаалтад тэмдэглэн баримтжуулна;
6.4.5.Аудитын байгууллагын түвшинд хийсэн шалгалт болон сонгож шалгасан ажлын баримтын шалгатын үнэлгээг нэгтгэн нэгдсэн үнэлгээ гаргана;
6.4.6.“ү/х” буюу “Үл хамаарна” гэсэн тэмдэглэгээг зөвхөн хүндэтгэх шалтгаантай тохиолдолд ашиглах ба ашигласан тохиолдолд шалтгааныг нь тайлбарлана.
6.5.Шалгалтын хэсэг тус бүрийн эцэст нийт авсан оноог авах ёстой оноонд хувь тэнцүүлэх арга ашиглан нийт үнэлгээг гаргаж, Хүснэгт 1-ийг ашиглан эцсийн үнэлгээ өгнө. Нийт авбал зохих оноог тодорхойлоход “ү/x” гэсэн хариултыг оруулахгүй.
Хүснэгт 1
Гүйцэтгэлийн хувь |
Үнэлгээ |
> = 90% |
Бүрэн хангалттай |
75% - <90% |
Хангалттай |
50% - <75% |
Тодорхой нөхцөл хангасан тохиолдолд хангалттай |
<50% |
Хангалтгүй |
6.6.Аудитын хяналт шалгалтын нэгдсэн дүгнэлтийг үндэслэн аудитын хуулийн этгээдэд дараахь арга хэмжээг авна. Үүнд:
6.6.1.“Хангалттай” гэсэн үнэлгээ авсан тохиолдолд илэрсэн зөрчил дутагдлын талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах тухай албан тоот хүргүүлэх;
6.6.2.“Тодорхой нөхцөл хангасан тохиолдолд хангалттай” гэсэн үнэлгээ авсан тохиолдолд зөрчил арилгах талаар ажлын төлөвлөгөө гаргаж ирүүлэх тухай хугацаатай албан шаардлагыг хүргүүлэх;
6.6.3.Журмын 6.6.2-д заасан шаардлагыг биелүүлээгүй эсвэл албан шаардлагад заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд хуулийн этгээдийн аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах санал боловсруулан дээд шатны удирдлагад танилцуулан, шийдвэр гаргуулах;
6.6.4.“Хангалтгүй” үнэлгээ авсан тохиолдолд хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартын дагуу ажлын баримт бүрдүүлээгүй гэсэн үндэслэлээр хуулийн этгээдийн аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах санал боловсруулан дээд шатны удирдлагад танилцуулан, шийдвэр гаргуулах.
6.7.Чанарын хяналтын шалгалтын үр дүнг хэлэлцсэний дараа аудитын чанарын хяналт шалгалтын нэгдсэн тайланг 2 хувь үйлдэн шалгалтын комиссын дарга, гишүүд гарын үсэг зурах бөгөөд тайланг шалгуулсан этгээдэд танилцуулан, 1 хувийг өгнө. Шалгуулагч этгээд шалгалтын үр дүнтэй танилцаж гарын үсэг зурах ба гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай тайлбарыг хавсаргана. Шалгуулсан этгээд тайлантай танилцаж гарын үсэг зурахаас татгалзсан нь түүнийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
6.8.Шаардлагатай тохиолдолд шалгалтын эцсийн үр дүнг Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороогоор хэлэлцүүлнэ.
Долоо. Аудитын чанарын хяналт шалгалт хийх, шалгах ажлын баримтыг сонгох арга
7.1.Чанарын хяналт шалгалтыг дараахь аргуудыг ашиглан явуулна.
7.1.1.Ажлын байранд очиж танилцах;
7.1.2.Бичиг баримтыг шалгах;
7.1.3.Загвар Асуулга, Шалгах хуудас ашиглан ярилцлага хийх;
7.1.4.Асуулга, судалгаа авах;
7.1.5.Гаднын хэрэглэгчдээс мэдээлэл авах.
7.2.Аудитын чанарын хяналтын шалгалтыг гүйцэтгэхээр томилогдсон комисс нь шалгалтаа зохион байгуулж, үр дүнг үнэлэхдээ энэ журмын Хавсралт 1 ба 2-д заасан Загвар асуулгын хуудас, Загвар шалгах хуудасыг ашиглахын хамт энэ журмын 7.1-д заасан аргуудыг хослуулан хэрэглэж болно.
7.3.Аудитын хуулийн этгээдэд чанарын хяналт шалгалт хийх мэдэгдэл хүргүүлэх үедээ тухайн мэдэгдэлд комиссоос баталсан хугацаанд багтаан бэлтгэж шалгалтын комисст ирүүлэх мэдээлэл, шаардлагатай материалын жагсаалтыг урьдчилан хүргүүлж, шалгалтын бэлтгэлийг хангуулах бодлого баримтална.
7.4.Аудитын чанарын хяналтыг хэрэгжүүлэгч нь аудитын хуулийн этгээдийн хийж гүйцэтгэсэн ажлын чанарыг үнэлэхдээ тухайн шалгуулагч аудитын хуулийн этгээдийн хийж гүйцэтгэсэн аудитын ажлаас сонгон, дэлгэрэнгүй шалгах ажлын жагсаалтыг гаргана.
7.5.Чанарын хяналтын комисс нь чанарын хяналтын дэлгэрэнгүй шалгалтад хамруулах ажлыг сонгохдоо дараахь аргачлалыг баримтлана.
7.5.1.Нийт аудит, баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлсэн харилцагчдын жагсаалтыг аудитын хуулийн этгээдээс гаргуулан авч, уг жагсаалтыг Групп аж ахуйн нэгж, нийтийн ашиг сонирхолын аж ахуйн нэгж ба бусад гэсэн ангиллаар ангилж, уг жагсаалтын ангилал тус бүрээс сонгож тэдгээртэй холбоотой бүрдүүлсэн ажлын баримтад чанарын хяналтын шалгалт хийнэ;
7.5.2.Хэрэв тухайн аудитын хуулийн этгээд групп аж ахуйн нэгж, нийтийн ашиг сонирхолын аж ахуйн нэгж, байгууллагад аудитын үйлчилгээ үзүүлдэггүй бол үйлчлүүлэгчийн жагсаалтаас санамсаргүй түүврийн аргаар гурван ААН-ийг сонгож тэдгээртэй холбоотой бүрдүүлсэн ажлын баримтад нь чанарын хяналтын шалгалт хийнэ;
7.5.3.Шалгах хуудас дахь мэдээллийг Аудитын ажлын баримт шалгах түүвэрт сонгогдсон ажил тус бүр дээр бэлтгэнэ.
Текст томруулах
A
A
A