A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 112 дугаар
      тогтоолын хавсралт

 

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

Дэлхий дахинд 520 сая хүн вируст хепатитийн архаг халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.45 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Манай улсын хувьд ч хепатитийн вирусын халдвар тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2014 онд хийсэн тооцооллоор манай улсад хепатитийн В, С вирусын архаг халдвартай 400 мянган хүн амьдарч байна.

Засгийн газраас хүн амыг хепатитийн вирусын халдвараас сэргийлэх, уг халдварыг оношлох, эмчлэхэд анхаарал хандуулан олон талт арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2002-2010 он, 2011-2015 он), Вируст хепатиттай тэмцэх сэргийлэх зорилтот программ (1988-2000 он), Вируст хепатитийг хянах, сэргийлэх үндэсний стратеги (2010-2015 он)-ийг хэрэгжүүлсэн.

Хепатитийн В вирусын эсрэг вакциныг 1991 оноос заавал хийх дархлаажуулалтын товлолд нэвтрүүлсэн нь бага насны хүүхдийн дунд хепатитийн      В вирусын халдварын тархалтыг бууруулахад чухал ач холбогдолтой болж,     2011 онд манай улс (0.58 хувь) тав хүртэлх насны хүүхдийн дунд хепатитийн        В вирусын халдвар тээгчдийн тархалтыг 2 хувь хүртэл бууруулах ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зорилтыг хангасан байна. Мөн хепатитийн              А вирусын эсрэг вакциныг 2012 оноос үе шаттай нэвтрүүлснээр А вируст хепатитийн өвчлөл 10,000 хүн амд 1.0 тохиолдол болж, дархлаажуулалтын өмнөх үеэс 22 дахин буурчээ.

Хепатитийн С вирусын эсрэг шинэ эмийг улсын бүртгэлд бүртгэн эмчилгээний практикт нэвтрүүлж, орчин үеийн арга, техникээр вирусын ачаалал тоолох шинжилгээг хийж эхэлсэн нь хепатитийн вирусын халдварын тусламж,  үйлчилгээг олон улсын түвшинд хүргэхэд чухал алхам болсон. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас дээрх эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэн элэгний анхдагч хорт хавдрыг эрт илрүүлэх, элэг шилжүүлэн суулгах эмчилгээний зардлын зохих хувийг эрүүл мэндийн даатгал, улсын төсвөөс санхүүжүүлж, эмч нарыг урт, богино хугацаагаар гадаад улс оронд сургах зэргээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Дээрх арга хэмжээний дүнд сүүлийн таван жилд вируст хепатитийн өвчлөл өмнөх таван жилийн дунджаас 6.8 пунктээр, үүний дотор хепатитийн А вирусын цочмог халдвар 10,000 хүн амд 5.3 пунктээр, В вирусын цочмог халдвар              0.2 пунктээр, С вирусын цочмог халдвар 0.6 пунктээр тус тус буурчээ.

Гэсэн хэдий ч сүүлийн арван жилд манай улсад элэгний хорт хавдар хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Монгол Улс элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшингээр дэлхийд тэргүүлж, энэ үзүүлэлт дэлхийн дунджаас даруй 6 дахин их байгаа юм.

Хепатитийн вирусын халдварын талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, уг вирусын архаг халдвартай байгаа хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, хепатитийн вирусын халдвар дамжих замыг таслах чиглэлээр цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай байна.
 
Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэх, хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр (цаашид “хөтөлбөр” гэх)-ийг боловсруулсан болно. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд урьдчилсан тооцооллоор 226,213,000,000.0 төгрөг зарцуулна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх хугацаа

2.1. Хөтөлбөрийн зорилго

Монгол Улсын хүн амын дунд хепатитийн вирусын халдварын тархалтыг хязгаарлан хепатитийн С вирусын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулна.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна:

Зорилт 1. Хүн амыг хепатитийн вирусын халдвараас сэргийлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, дархлаажуулалтыг өргөжүүлэх, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх замаар халдварын тандалт, хяналтын тогтолцоог бэхжүүлнэ.

Зорилт 2. Үндэсний хэмжээнд хепатитийн вирусын халдвар, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний нотолгоонд тулгуурласан чанартай багц тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлнэ.

Зорилт 3. Хепатитийн вирусын халдвар, элэгний хатуурал, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үр дүнг эмнэлзүйн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлнэ.

Зорилт 4. Хепатитийн вирусын халдварын өвчлөл, элэгний хорт хавдрын үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.

2.3. Хөтөлбөр хэрэгжих хугацаа

Хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлнэ.

Гурав. Хөтөлбөрийн зорилтыг хангах үйл ажиллагаа

3.1. Хөтөлбөрийн 1 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүн

3.1.1. Үйл ажиллагааны чиглэл 1. Хүн амыг хепатитийн вирусын халдвараас сэргийлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааг явуулж, иргэдийг халдвараас өөрийгөө хамгаалах дадал, хэвшилд сургах талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.1.1.1. нийт хүн ам болон эрхэлсэн ажил, эрүүл мэнд, амьдралын хэв маяг, зан үйлээс хамааран хепатитийн вирусын халдварт өртөх эрсдэл бүхий зорилтот бүлгийг хепатитийн вирусын халдвараас сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйл, амьдралын дадал, хэвшилд сургах чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааны аян зохион байгуулах;

3.1.1.2. хепатитийн вирусын архаг халдвартай, элэгний хатууралтай иргэдэд элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдахын ач холбогдлыг тайлбарлан таниулах;

3.1.1.3. цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хепатитийн вирусын халдвараас сэргийлэх мэдлэг, дадалд сургах;

3.1.1.4. өсвөр үе, оюутан, залуучуудаас үе тэнгийн сургагч багш, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн бэлтгэж, тэдгээрээр дамжуулан хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;

3.1.1.5. өсвөр үе, оюутан, залуучуудын дунд хепатитийн вирусын халдвар, ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх асуудлаар эрүүл мэндийг дэмжих аян, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах;

3.1.1.6. гэрийн нөхцөлд тарилга хийлгэх, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байгууллагаар арьс, салст гэмтээх ажилбар хийлгэх зэрэг хепатитийн вирусын халдвар дамжих эрсдэлд өртөхөөс өөрийгөө хамгаалах талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээр иргэдэд зөвлөгөө өгч хэвшүүлэх.

3.1.2. Үйл ажиллагааны чиглэл 2. Хепатитийн вирусын халдвар дамжих эрсдэлийг бууруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх замаар хепатитийн В, С вирусын халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоох цогц арга хэмжээ авах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.1.2.1. хепатитийн В, С вирусын халдварын тохиолдол шинээр бүртгэгдэх бүрт халдвар дамжих замыг тодорхойлох тандалт судалгаа хийх;

3.1.2.2. шүд, уламжлалт анагаах ухааны эмнэлгүүд халдварын хяналтын үйл ажиллагаа, эмнэлгийн багаж, хэрэгслийн ариутгал, халдваргүйтгэлд үнэлгээ хийх, үнэлгээний дүнд тулгуурлан мөрдөж байгаа халдваргүйтгэл, ариутгалын зааврыг шинэчлэн мөрдүүлэх, хяналт тавих;


3.1.2.3. хумс засах, шивээс хийх, чих цоолох зэрэг гоо сайхны үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх халдваргүйжүүлэлт, ариутгалын журам, зааврыг боловсруулж мөрдүүлэх;

3.1.2.4. аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлэг, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдийг ариутгал, халдваргүйтгэлийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангах, эмнэлгийн хог хаягдлыг устгахад дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;

3.1.2.5. халдварын хяналтын үнэлгээнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг тогтмол, давтамжтай хамруулах, илэрсэн зөрчлийг бүртгэх, зөрчил гаргасан байгууллагад хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгож хууль тогтоомжид өөрчлөлт оруулах;

3.1.2.6. нэг удаагийн болон давтан хэрэглэдэг эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хэрэглээ, ариутгал, халдваргүйтгэл, устгалын явцыг хянаж дүгнэлт, үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах;

3.1.2.7. өвчтөнд эмчилгээний зориулалтаар хэрэглэж байгаа цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, стандартад нийцсэн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслээр үе шаттай хангах, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанарын хяналтыг тогтмолжуулах;

3.1.2.8. хүн амын тарилгын хэрэглээнд судалгаа хийж, шаардлагагүй тарилга хийлгэж байгаа эсэхийг тогтоох, эрүүл мэндийн байгууллагад мөрддөг аюулгүй тарилгын зааврыг шинэчлэн мөрдүүлэх;

3.1.2.9. өөрөө эвдэрдэг тариур, санамсаргүй хатгалтаас сэргийлсэн зүүг хэрэглээнд нэвтрүүлэх;

3.1.2.10. эрүүл мэндийн ажилтныг эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдвар дамжихаас сэргийлэх, ажлын байран дээр ХДХВ-ын болон хепатитийн вирусын халдварт өртөхөөс өмнө болон өртөлтийн дараах сэргийлэлт хийхэд сургах, тэдний мэдлэг, хандлага, дадлыг тогтмол давтамжтай үнэлэх;

3.1.2.11. хепатитийн В, С вирус, тэмбүү, ХДХВ-ын халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх зааврыг жирэмсний хяналтын заавар, журамтай уялдуулан шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;

3.1.2.12. хот, суурин газрын орчны бохирдлыг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, хүн амыг стандартын шаардлага хангасан ундны цэвэр усаар  хангах, төвлөрсөн болон төвлөрсөн бус усан хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн дэглэмийг мөрдүүлэн хяналт тавих;

3.1.2.13. хүүхдийн байгууллагад ариун цэвэр, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх, хүүхдийг гараа угаах дадал, хэвшилд сургах.

3.1.3. Үйл ажиллагааны чиглэл 3. Хепатитийн А, В вирусын халдварын эсрэг хүн амын дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, хамрагдах хүрээг өргөжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.1.3.1. дархлаажуулалтад хамрагдах насны бүх хүүхдийг бүртгэлтэй эсэхийг нь үл харгалзан хепатитийн В болон А вирусын халдварын эсрэг дархлаажуулалтад товлолт хугацаанд нь бүрэн хамруулах;

3.1.3.2. хепатитийн В вирусын халдварын эсрэг дархлал тогтоцын түвшингийн судалгааг үндэсний хэмжээнд зохион байгуулж, дархлааны түвшин нь  хангалтгүй бүлгийн хүн амыг нэмэлт дархлаажуулалтад хамруулах;

3.1.3.3. эрхэлсэн ажил, амьдралын хэв маяг, зан үйл, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хепатитийн В вирусын халдварт өртөх өндөр эрсдэлтэй бүлгийн насанд хүрэгчдийг хепатитийн В вирусын эсрэг сэргийлэх тарилгаар дархлаажуулах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах, хамралтад хяналт тавих;

3.1.3.4. насанд хүрэгчдийг өөрийн хүсэлтээр болон эрхэлж байгаа ажил, үйчилгээний онцлогоос шалтгаалан сайн дурын дархлаажуулалтад хамруулах журмыг шинэчлэн боловсруулж, сайн дурын дархлаажуулалтаар хийх сэргийлэх тарилгын тоог нэмэгдүүлэх.

3.1.4. Үйл ажиллагааны чиглэл 4. Улсын хэмжээнд хепатитийн вирусын архаг халдварын тохиолдлыг бүртгэх, мэдээлэх тогтолцоог бий болгох, өвчтөнд хийж байгаа вирусын эсрэг эмчилгээний хяналтын мэдээллийг хорт хавдрын эргэн дуудах тогтолцоонд ашиглах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.1.4.1. улсын хэмжээнд хепатитийн вирусын архаг халдварыг бүртгэж, эрүүл мэндийн статистик мэдээлэлд оруулах;

3.1.4.2. хепатитийн вирусын халдварыг илрүүлэх шинжилгээ хийлгэсэн иргэн, архаг халдварын шинээр илэрсэн тохиолдлыг бүртгэх вэб-д суурилсан цахим программыг (цаашид “цахим программ” гэх) боловсруулах, уг программыг одоо хэрэглэж байгаа оношилгоо, эмчилгээний хяналтын цахим программтай холбон нэгдсэн санг үүсгэх;

3.1.4.3. хепатитийн вирусын халдварын тохиолдлын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хяналт хийж байгаа өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэнтэй цахим программд мэдээлэл оруулах, ашиглах талаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд гэрээ хийх, уг гэрээнд хувь хүний нууцыг хадгалах, зөрчил гаргасан тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгах;  

3.1.4.4. хепатитийн вирусын халдварын мэдээллийн цахим сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох байгууллагатай хамтран ажиллах, эрүүл мэндийн салбарын мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар гарсан журам, дүрмийг мөрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих;

3.1.4.5. цахим программыг ашиглах, мэдээллийн цахим сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах талаар эмч, мэргэжилтнүүдэд зориулсан гарын авлага боловсруулах, тэднийг сургах, мэргэжил, арга зүйгээр хангах, программын ашиглалтад эрүүл мэндийн байгууллагын удирдлагаас хяналт тавих;

3.1.4.6. хепатитийн вирусын халдварын цахим сангийн мэдээллийг хорт хавдрыг эрт илрүүлэх зорилго бүхий эргэн дуудах үйл ажиллагаанд ашиглах, улмаар хавдрын бүртгэлийн сантай мэдээлэл солилцох боломжтой болгох;

3.1.4.7. хепатитийн вирусын эсрэг эмчилгээний удирдамжийг эмчлэгч эмч мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор вэб-д суурилсан хяналтын одоогийн цахим программыг ашиглах боломжийг турших, ашиглах боломжгүй нь тогтоогдсон тохиолдолд шинэ программ нэвтрүүлэх.

Хүрэх үр дүн. Улсын хэмжээнд хоёр хүртэлх насны хүүхдийн хепатитийн    А вирусын эсрэг дархлаажуулалтын хамралтыг 98.5, төрсний дараах 24 цагийн дотор нярайд хийх хепатитийн В вирусын эсрэг дархлаажуулалтын хамралтыг  98-аас дээш хувьд хүргэнэ.

Эрүүл мэндийн ажилтнуудын 90-ээс дээш хувийг хепатитийн В вирусын эсрэг дархлаажуулалтад үе шаттайгаар хамруулсан байна. Хепатитийн                С вирусын халдварын шинэ тохиолдлын тоо буурна.

Улсын хэмжээнд хепатитийн вирусын халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчийн мэдээлэл бүхий нэгдсэн сан бий болж, хорт хавдрыг эрт илрүүлэх эргэн дуудах үйл ажиллагаанд ашиглах боломжтой болсон байна.

3.2. Хөтөлбөрийн 2 дугаар зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүн

3.2.1. Үйл ажиллагааны чиглэл 1. Хепатитийн вирусын халдварын илрүүлгийг элэгний хатуурал, хорт хавдрын эрт илрүүлэгтэй хамтатган зохион байгуулах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.2.1.1. Монгол Улсын 15-аас дээш насны хүн амд дараах үе шаттайгаар хепатитийн В, С вирусын халдварыг илрүүлэх арга хэмжээг авна:

• 2017 онд 40-65 насны хүн амд;

• 2018 онд 15-39 насны хүн амд.

3.2.1.2 эрхэлсэн ажил, эрүүл мэнд, амьдралын хэв маяг, зан үйлээс хамааран хепатитийн вирусын халдварт өртөх өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амыг хепатитийн В, С вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд тогтмол, давтамжтай хамруулах;

3.2.1.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14.4-т заасан журамд хепатитийн вирусын халдвар илрүүлэх шинжилгээг нэмж оруулах асуудлыг судлах;

3.2.1.4. хугацаат цэргийн албанд шинээр татагдаж байгаа залуучуудыг  хепатитийн В, С вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах, халдвар илэрсэн тохиолдлыг бүртгэн эмчлэх, халдваргүй нь тогтоогдсон залуучуудыг урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамруулах;

3.2.1.5. жирэмсэн эмэгтэйчүүдийг хепатитийн В, С, Д вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах;

3.2.1.6. хепатитийн В вирусын халдвартай эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх зорилгоор төрсний дараа 24 цагийн дотор нярайд хепатитийн В вирусын эсрэг вакциныг иммуноглобулин (HB-Ig)-тай хавсарч хэрэглэх аргыг эмчилгээнд үе шаттайгаар нэвтрүүлэх;

3.2.1.7. элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх зорилгоор зорилтот бүлгийн хүн амыг үзлэг, шинжилгээнд тогтмол, давтамжтай хамруулах.

3.2.2. Үйл ажиллагааны чиглэл 2. Эрүүл мэндийн байгууллагын оношилгооны тоног төхөөрөмж, лабораторийн чадавхийг сайжруулах замаар хепатитийн вирусын халдвар, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын оношилгооны баталгааг хангах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.2.2.1. төр, хувийн хэвшлийн лабораторид хепатитийн вирусын идэвхжил тоолох шинжилгээ хийх эрх олгох асуудлыг эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хамтран шийдвэрлэх;

3.2.2.2. хепатитийн вирусын оношилгоо хийдэг лабораторийн үйл ажиллагааг итгэмжлэх, чанарын гадаад хяналтад хамруулах;

3.2.2.3. хепатитийн вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг нэг аргачлалаар хийж, уг шинжилгээний хариуг олон улсын СИ системээр гаргадаг болох;

3.2.2.4. хепатитийн вирусын халдвар, элэгний хорт хавдрыг илрүүлэх, онош баталгаажуулах лабораторийн шинжилгээнд орчин үеийн дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэх;

3.2.2.5. хепатитийн вирусын халдварын илрүүлэг, оношилгоонд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эсхүл Монгол Улсын лавлагаа лаборатори үнэлгээ хийж зөвшөөрсөн оношлуур, урвалжийг хэрэглэх;

3.2.2.6. лабораторийн тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, засвар үйлчилгээний нэгдсэн тогтолцоотой болох;

3.2.2.7. эрүүл мэндийн бүх шатны байгууллагыг сорьц тээвэрлэх багцаар хангах, орон нутгаас сорьц тээвэрлэх асуудлаар аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах;

3.2.2.8. аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийг хепатитийн вирусын халдвар, элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт шаардагдах тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, урвалж бодисоор үе шаттай хангах.

3.2.2. Үйл ажиллагааны чиглэл 3. Хепатитийн вирусын халдвар, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын эмчилгээнд орчин үеийн дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлэх, эмч, мэргэжилтнийг чадавхжуулах замаар нотолгоонд суурилсан чанартай багц тусламж, үйлчилгээ хүргэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.2.3.1. хепатитийн вирусын цочмог болон архаг халдвар, түүний шалтгаант элэгний хатуурал, элэгний хорт хавдрын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдамж, зааварт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн байгууллага, холбоодоос гаргасан санал, зөвлөмжийг өөрийн орны нөхцөлд тохируулан тусган тогтмол шинэчлэх;

3.2.3.2. хепатитийн С вирусын халдвар илрүүлэх аяныг улсын хэмжээнд зохион байгуулж вирусын тархалт ихтэй, эрсдэл өндөртэй хүн амын бүлгээс эхлэн вирусын эсрэг эмчилгээнд хамруулах арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах;

3.2.3.3. хепатитийн вирусын халдвар, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын тусламж, үйлчилгээний  удирдамж, заавар, стандартын хэрэгжилт, цахим бүртгэлийн явцад байнгын давтамжтай дэмжлэгт хяналт, үнэлгээ хийж, эмч, мэргэжилтнийг ажлын байран дээр нь сургах;

3.2.3.4. хепатитийн вирусын халдвар, элэгний хатуурал, хорт хавдрын  илрүүлэг, оношилгооны урвалж, оношлуур, зарим эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлэх нэгдсэн тогтолцоо бий болгох, урвалж, оношлуурын  хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх;

3.2.3.5. хепатитийн В, Д вирусын давхар халдвартай иргэдэд хийх эмчилгээний эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх, олон улсын хөтөлбөрт хамрагдах зэргээр эмийн үнийг бууруулах асуудлыг судлан шийдвэрлэх;

3.2.3.6. элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардалд улсын төсвөөс санхүүжилт олгох асуудлыг судлах; 

3.2.3.7. эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын хөтөлбөрт орсон хепатитийн вирусын халдварын сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, элэгний хорт хавдрын эрт илрүүлгийн талаарх хичээлийн агуулгад үнэлгээ хийж шинэчлэх;

3.2.3.8. эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмзүйч, эрүүл мэндийн даатгалын байгууллагын байцаагч нарыг хепатитийн вирусын халдварын оношилгоо, эмчилгээний шинэчилсэн удирдамж, заавар, оношилгоо, эмчилгээний хяналтын цахим программ ашиглах, эмийг хяналттай олгох асуудлаар сургалтад тогтмол хамруулж, давтан сургалтын материал боловсруулж ашиглах;

3.2.3.9. өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн түвшинд хепатитийн вирусын халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, элэгний хатуурал, хорт хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлэх аргачлал боловсруулж, туршин нэвтрүүлэх;

3.2.3.10. эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилгоор иргэдийг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулах;

3.2.3.11. хепатитийн вирусын халдвар, элэгний хатуурал, хорт хавдрын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зардлын тодорхой хэсгийг улсын төсвөөс санхүүжүүлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад оруулах, улмаар эрүүл мэндийн даатгалаар бүрэн санхүүжүүлэх боломжийг судлах.
Хүрэх үр дүн. Монгол Улсын 15-аас дээш насны иргэдийг хепатитийн       В, С вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд үе шаттай хамруулж, халдвартай хүн амыг эмчлэх, халдваргүй нь тогтоогдсон хүн амыг урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамруулсан байна. Хепатитийн С вирусын архаг халдвартай      150,000 хүнийг 2020 гэхэд вирусын эсрэг эмчилгээнд бүрэн хамруулсан байна.

3.3. Хөтөлбөрийн 3 дугаар зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүн

3.3.1. Үйл ажиллагааны чиглэл 1. Хепатитийн вирусын халдвар, элэгний хатуурал, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үр дүнг эмнэлзүйн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх талаар дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

                    3.3.1.1. эрүүл мэндийн болон бусад салбарын эрдэмтэдтэй хамтран хепатитийн вирусын халдвар, элэгний хатуурал, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг хоёр жил тутам тогтоож, дүнг олон нийтэд зарлах, судалгааны ажлын санхүүжилтийг олон улсын байгууллагын болон бусад эх үүсвэрээс бүрдүүлэх;

                   3.3.1.2. хепатитийн вирусын халдварын эрт илрүүлэг, оношилгоог сайжруулж өртгийг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн талбарын туршилт, судалгаа, шинжилгээний цогц ажлыг хэрэгжүүлж,  үр дүнг практикт нэвтрүүлэх;

                   3.3.1.3. хепатитийн вирусын халдвар, элэгний хатуурал, хорт хавдрын оношилгоо, эмчилгээнд гарсан шинжлэх ухаан, техникийн шинэ ололт амжилт, Монгол Улсад хийсэн судалгааны дүнг эмч, эмнэлгийн мэргэжилтэнд тогтмол мэдээлэх;

                   3.3.1.4. энэ хөтөлбөрийн 3.3.1.1-д заасан тэргүүлэх чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын мэргэжлийн байгууллага, холбоодын эрдэмтэн, судлаачидтай хамтрах, туршлага солилцох;

                   3.3.1.5. Монгол Улсад хийж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны дүнг олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх, олон улсын болон өөрийн орны эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх.

Хүрэх үр дүн.  Хепатитийн вирусын халдвар, элэгний хорт хавдрын оношилгоо, эмчилгээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэл тодорхойлогдсон хепатитийн вирусын халдварын тархалт, өвчлөлийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, нийгэм, эдийн засагт үзүүлэх дарамт, хүн ам, эрсдэлт бүлгийн мэдлэг, хандлага, дадлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд тусган практикт нэвтрүүлсэн байна. 

  3.4. Хөтөлбөрийн 4 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, хүрэх үр дүн

        3.4.1. Үйл ажиллагааны чиглэл 1. Хепатитийн вирүсийн халдварын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
        3.4.1.1. хепатитийн вирусын халдвар, элэгний хатуурал, хорт хавдрын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн орон тооны бус зөвлөлийг хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний төлөөлөл оролцуулан эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллуулах;

         3.4.1.2. хепатитийн вирусын халдвар, элэгний хатуурал, хорт хавдрын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний удирдамж, заавар, стандартыг шинэчилж боловсруулах, вирусын эсрэг эмчилгээний үр дүнг тооцоход төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөллийг оролцуулах, хамтран ажиллах;

         3.4.1.3. халдварын сэргийлэлт, хяналтын үнэлгээнд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг хамруулах, үнэлгээгээр илэрсэн зөрчлийг бүртгэх, зөрчлийг арилгах талаар хийсэн ажилд гүйцэтгэлийн хяналт хийх;

         3.4.1.4. ажил олгогч ажилтан, албан хаагчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад эрүүл мэндийн байгууллагаас мэргэжил, арга зүйн  дэмжлэг үзүүлэх, хепатитийн вирусын халдвар илрүүлэх шинжилгээний дүнг мэдээллийн нэгдсэн цахим санд оруулахдаа хувь хүний нууцыг хадгалах;

          3.4.1.5. хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийх;

          3.4.1.6. эрүүл мэндийн тулгамдсан асуудал хөндсөн, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл, сургалт, сурталчилгааг тасралтгүй хүргэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах;

          3.4.1.7. хүүхэд багачуудад хепатитийн А, Е вирусын халдвар дамжих зам, тархах нөхцөлийг таниулах, баталгаатай эх үүсвэрээс ундны ус хэрэглэх, хувийн ариун цэвэр сахих, гараа угаах дадал хэвшилд сургах, хүүхдийн байгууллагын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлд хөндлөнгийн хяналт тавихад эцэг, эх, асран хамгаалагчдыг татан оролцуулах;

          3.4.1.8. өвчтөний эрхийг хамгаалах үүрэг бүхий өвчтөн, нийгмийн төлөөллийн орон тооны бус зөвлөлийг сайн дурын үндсэн дээр байгуулах.

Хүрэх үр дүн. Хүн амд хепатитийн вирусын халдварын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж, ачаалал хуваалцах нөхцөл бүрдсэн байна.

Дөрөв. Хөтөлбөрийн үр нөлөө,  шалгуур үзүүлэлт

4.1. Хөтөлбөрийн нийгэмд үзүүлэх үр нөлөө

4.1.1. хепатитийн вирусын халдвартай өвчтөнд дэлхийн жишигт хүрсэн тусламж, үйлчилгээг хүргэснээр уг өвчний тархалтыг хязгаарлаж, өвчлөл, эндэгдэл буурч, Монгол Улсын хүн амын амьдралын чанар, эрүүл мэндийн үзүүлэлт сайжирна.

4.1.2. элэгний хорт хавдрыг эрт илрүүлэн эмчлэх нөхцөл бүрдсэнээр хорт хавдрын шалтгаант нас баралт буурч, хүн амын дундаж наслалт нэмэгдэнэ.

4.1.3. хүн амын бүлэг бүрт тохирсон, хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулагдаж, хепатитийн вирусын халдвараас сэргийлэх үйл ажиллагаанд хувь хүний оролцоо нэмэгдэнэ.

4.1.4. хепатитийн вирусын халдвар дамжих замыг таслан зогсоосноор өртөж болзошгүй хүн амыг халдвараас сэргийлэх боломж бүрдэнэ.

4.2. Хөтөлбөрийн эдийн засгийн үр нөлөө

4.2.1. дархлаажуулалт, эрт илрүүлгийн хамралт нэмэгдсэнээр өвчлөл эндэгдлийн түвшин буурч, хүн амын өсөлтөд эергээр нөлөөлнө.

4.2.2. өвчнийг эрт илрүүлснээр эмчилгээг цаг алдалгүй хийлгэн хүндрэлээс сэргийлж, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулж, чанартай амьдралын хугацааг уртасгана.

4.2.3. хөдөлмөрийн чадвар алдалт буурснаар нийгмийн халамжийн нийт зардал буурна.

4.2.4. эмнэлгийн ор хоног хасагдаж, эмчилгээний зардал хэмнэгдэнэ.

4.2.5. эмчилгээ, лабораторийн шинжилгээний зардлыг тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулснаар иргэд, эрүүл мэндийн байгууллагын санхүүгийн дарамт эрс буурна.

4.2.6. хүн амын цэвэр өсөлт нэмэгдсэнээр ажиллах хүчний тоо нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлнө.

4.2.7. эмчилгээ, оношилгоонд техник, технологи, эм, урвалжийн шинэчлэл нэвтэрч, элэгний өвчний улмаас гадаад оронд эмчилгээ хийлгэх иргэдийн тоо буурна.

4.3. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

4.3.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үр нөлөөний болон үр дүнгийн дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэх бөгөөд 2015 оны эрүүл мэндийн үзүүлэлтийг суурь үзүүлэлт болгон ашиглана:

 

Хөтөлбөрийн зорилго, зорилт

 

Шалгуур үзүүлэлт

Хүрэх түвшин

Суурь үзүүлэлт

2015

2020

Үр нөлөөний шалгуур үзүүлэлт

Зорилго

Монгол Улсын хүн амын дунд хепатитийн        вирусын халдварын тархалтыг хязгаарлан, хепатитийн С вирусын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитийн вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулна.

 

Тав хүртлэх насны хүүхдийн дундах хепатитийн В вирусын [HBsAg+] тархалт

0.53 хувь* (2011)

<0.5 хувь

Нийт хүн амын дундах хепатитийн С вирусын халдварын тархалт

10.0 хувь

<5.0 хувь

10,000 хүн ам дахь вируст хепатитийн өвчлөлийн шинэ тохиолдол

3.8 (2014)

3.0

Хепатитийн В, С вирусын халдвараас үүдэлтэй элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтын түвшин  (10,000 хүн амд)

5.5

3.5

Үр дүнгийн шалгуур үзүүлэлт

 

 

Шалгуур үзүүлэлт

Суурь үзүүлэлт

2015 он

Хүрэх түвшин

2018 он

2020 он

Зорилт 1

Хүн амыг хепатитийн вирусын халдвараас сэргийлэх, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, дархлаажуулалтыг өргөжүүлэх, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх замаар тандалт, халдварын хяналтын тогтолцоог бэхжүүлнэ.

Нярайг төрсний дараах 24 цагийн дотор хепатитийн В вирусын эсрэг вакцинаар дархлаажуулсан хувь

~93 хувь

>95 хувь

>98 хувь

Улсын хэмжээнд 2 настай хүүхдийн хепатитийн А вирусын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хувь

97.7 хувь

98

хувь

98.5 хувь

Эрүүл мэндийн ажилтныг хепатитийн В вирусын эсрэг дархлаажуулалтад хамруулсан хувь

~50 хувь

75 хувь

90 хувь

Ариутгалын чанарыг биологийн индикатороор, уурын тархалтыг тестээр хянадаг болсон эрүүл мэндийн байгууллагын эзлэх хувь

30 хувь

50 хувь

>70  хувь

Вэб-д суурилсан цахим программд мэдээлэл оруулж хэвшсэн эрүүл мэндийн байгууллагын тоо

-

30

60

Зорилт 2

Үндэсний хэмжээнд хепатитийн вирусын халдвар, элэгний хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний нотолгоонд тулгуурласан чанартай багц тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй үзүүлнэ.

Нийт хүн амаас хепатитийн В вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан иргэдийн эзлэх хувь

-

40 хувь

60 хувь

Хепатитийн В вирусын халдвартай иргэдээс Д вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдсан иргэдийн эзлэх хувь

-

30 хувь

40 хувь

Нийт хүн амаас хепатитийн С вирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсан иргэдийн эзлэх хувь

-

40 хувь

80 хувь

Хепатитийн вирусын архаг халдвартай хүмүүсээс элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдсан иргэдийн эзлэх хувь

-

30 хувь

70 хувь

Тухайн жилд хепатитийн В вирусын архаг халдвартай гэж оношлогдсон иргэдээс вирусын эсрэг эмчилгээнд хамрагдсан өвчтөний эзлэх хувь

-

30 хувь

60 хувь

Тухайн жилд хепатитийн С вирусын архаг халдвартай гэж оношилогдсон иргэдээс вирусын эсрэг эмчилгээнд хамрагдсан өвчтөний эзлэх хувь

-

40 хувь

80 хувь

Хепатитийн В вирусын эсрэг эмчилгээнд хамрагдсан өвчтөнүүдээс вирусын идэвхжил нь дарангуйлагдсан өвчтөний эзлэх хувь

-

75 хувь

90 хувь

Хепатитийн С вирусын эсрэг эмчилгээний горимыг бүрэн дуусгасан өвчтөнүүдээс  бүрэн эмчлэгдсэн иргэдийн эзлэх хувь

-

80 хувь

90 хувь

Зорилт 3

Хепатитийн вирусын халдвар, элэгний хатуурал, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, үр дүнг эмнэлзүйн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлнэ.

Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны тоо

-

4-6

8-10

Зорилт 4

Хепатитийн вирусын халдварын өвчлөл, элэгний хорт хавдрын үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээм жийг нэмэгдүүлэхэд төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ.

Тухайн жилд хөтөлбөрийн хэрэгжилтэд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтран хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тоо

-

20

30

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт, шаардагдах хөрөнгө,
хэрэгжих хугацаа

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

      5.1.1. улс, орон нутгийн төсөв;

      5.1.2. Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө;

      5.1.3. олон улсын байгууллага, гадаадын улс орны төсөл, зээл, тусламж;

      5.1.4. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тусламж, хандив;

5.1.5. хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.

5.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд зарцуулах нэмэлт хөрөнгө төвлөрүүлэх зорилгоор олон улсын байгууллага, хандивлагчид, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олны тусламж, хандивын хөрөнгөөр “Элэг бүтэн Монгол” хуримтлалын сан бүрдүүлж болно. “Элэг бүтэн Монгол” хуримтлалын санд төвлөрүүлсэн хөрөнгийг хепатитийн вирусын халдвар, элэгний хатуурал, хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоонд шаардагдах эмнэлгийн хэрэгсэл, урвалж, оношлуурыг нэгдсэн байдлаар худалдан авахад зарцуулна.

Зургаа. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

6.1. Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг бүх шатны Засаг дарга Эрүүл мэндийн салбар зөвлөлтэй хамтран өвчтөн, нийгмийн төлөөллийг оролцуулан гүйцэтгэж, тайлангаа эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор хүргүүлнэ. 

6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтэд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээг хийх бөгөөд  эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны I улиралд багтаан Эрүүл мэндийн үндэсний зөвлөл болон Засгийн газарт тус тус танилцуулна.

6.3. Үр дүнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж нь холбогдох бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл болно.

Долоо.  Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгэм, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцаж, хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдан зохион байгуулна.

7.2. Хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, биелэлтэд нь хяналт тавьж, удирдан зохицуулах ажлыг бүх шатны Засаг дарга хариуцан зохион байгуулна.

 


----оОо----