A

A

A

Бүлэг: 1979

ММНБИ-ийн Удирдах зөвлөлийн 2016 оны 11дүгээр сарын 29-ны өдрийн хурлын 12 дугаар тогтоолор батлав

 

МОНГОЛ УЛСЫН МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ


Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 26.1.2 болон Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн дүрмийн 3.4-т заасны дагуу Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн харилцааг зохицуулахад энэхүү дүрмийн зорилго оршино.

1.2.Мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийг (цаашид Ёс зүйн дүрэм гэх) ММНБИ-ийн гишүүн бүх мэргэшсэн нягтлан бодогч дагаж мөрдөнө.

1.3.Аудитын байгууллагад үндсэн орон тоогоор болон гэрээгээр ажиллаж байгаа мэргэшсэн нягтлан бодогчид нь энэхүү дүрэм болон Олон улсын нягтлан бодогчдын холбооноос гаргасан “Нягтлан бодогчийн ёс зүйн дүрэм”-ийн 290-р бүлэг “Аудит болон нягтлах ажлын хараат бус байдал” болон 291 дүгээр бүлэг “Бусад баталгаажуулах ажлын хараат бус байдал”-д шаардсан ёс зүйн шаардлагуудыг мөрдөнө.

Хоёрдугаар зүйл. Мэргэжлийн үйлчилгээний чанарт хамаарах ёс зүйн шаардлага

2.1.Мэргэшсэн нягтлан бодогчдын үйлчилгээний чанарын баталгааг хангах гол нөхцөл нь дараах шаардлагыг хангасан байх явдал юм.  Үүнд:

2.1.1.Боловсролын суурь стандартыг хангасан байх;

2.1.2.Мэргэжлийн мэдлэгийн түвшинг тодорхойлох шалгалтанд тэнцсэн байх;

2.1.3.Мэргэжлээрээ ажиллаж тодорхой хэмжээний дадлага, туршлага эзэмшсэн байх;

2.2.Мэргэшсэн нягтлан бодогчдын онцлог шинж нь:

2.2.1.Боловсрол болон тасралтгүй боловсролын сургалтаар олж авсан мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн байх;

2.2.2.Мэргэжлийн байгууллагаас тогтоосон зан байдлын болон үнэт зүйлсийн нийтлэг дэг журам, нэн ялангуяа асуудалд бодитой хандах үзлийг баримталдаг байх;

2.2.3.Нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарласан байх явдал болно.

2.3.Мэргэжил болон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг зарим тохиолдолд тэдний хувийн сонирхол болон эсвэл ажил олгогчдоо үнэнч байх үүрэгтэй зөрчилдөх явдал гарч болзошгүй ч, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа эн тэргүүнд тавих нь мэргэшсэн нягтлан бодогчийн ялгагдах шинж хэмээн үзвэл зохино.

2.4.Мэргэшсэн нягтлан бодогчдын мөрдлөг болгох үндсэн зарчмууд нь шударга байх, бодитой байх, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай байх, хянамгай байх, хараат бус байдлыг хангах, мэдээллийн нууцыг хадгалах, техник, арга зүйн стандартуудыг баримтлах, мэргэжлийн нэр хүндийг дээдлэх зэрэг болно.

2.5.Мэргэшсэн нягтлан бодогч аливаа асуудалд хууль зүйн болон мэргэжлийн байр суурьнаас шударга ёсыг баримтлан бодитойгоор хандвал зохино.

2.5.1.Мэргэшсэн нягтлан бодогч нь янз бүрийн үүрэг гүйцэтгэж, эсвэл албан тушаал хашиж болох бөгөөд энэхүү үзүүлж байгаа үйлчилгээ, эрхэлж байгаа ажил үүргээс үл хамааран ямар ч нөхцөлд мэргэжлийн ёс зүйг сахин, шийдвэр гаргахдаа бодит байдлыг эрхэмлэх ёстой.

2.5.2.Мэргэшсэн нягтлан бодогч нь бодит байдлыг алдагдуулах буюу алдагдуулж болзошгүй нөхцлүүдийг урьдчилан харж сэргийлэх, бусдад тийм сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийх ёстой.

2.5.3.Мэргэшсэн нягтлан бодогч нь өөрийн бэлтгэсэн тайлан, мэдээлэл, гаргасан дүгнэлтийг засварлах, өөрчлүүлэх талаар санал тавих, дарамт шахалт үзүүлэх зэргээр бусдын эрхшээлд орж болзошгүй аливаа нөхцөл бүрэлдэхээс урьдчилан сэргийлж зайлсхийвэл зохино.

2.6.Мэргэшсэн нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэл, аудит, эрх зүйн чиглэлээр гарч байгаа шинэ мэдээлэлтэй байнга танилцаж, мэдлэг чадвараа дээшлүүлж байх нь түүний ёс зүйн шаардлага мөн.

2.7.Мэргэжлийн байгууллагаас мэргэжлийн тасралтгүй боловсролын хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байгаа ээлжит сургалтаас хүндэтгэх шалтгаангүйгээр зайлсхийхийг ёс зүйн зөрчил гэж үзнэ.

2.8.Мэргэшсэн нягтлан бодогчийн үйл ажиллагаа нь хараат бус байна.

2.8.1.Баталгаажуулах ажлын үйлчилгээ үзүүлж байгаа мэргэшсэн нягтлан бодогч нь баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчээсээ хараат бус байх ёстой.

2.8.2.Мэргэшсэн нягтлан бодогч нь аливаа нэг талыг барьсан үзэл бодол болон сонирхлын зөрчилд автаагүй, бусдын нөлөөгүйгээр дүгнэлтээ гаргасан, эсвэл дүгнэлтээ гаргаж байгаа гэж бусдад харагдах боломжтой байхын тулд оюун санааны болон бодит хандлагын хувьд хараат бус байх ёстой.

2.9.Мэргэшсэн нягтлан бодогч үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг хадгална.

2.9.1.Энэ үүрэг нь үйлчлүүлэгчтэй байгуулсан гэрээт ажлын хугацаа дууссан төдийгүй, хоорондын харилцаа, хамтын ажиллагаа дуусгавар болсны дараа ч хэвээр хадгалагдана.

2.9.2.Мэргэшсэн нягтлан бодогч нь өөрийн удирдлага дор ажиллаж байгаа хүмүүст мэдээллийн нууцыг хадгалах үүргийг танилцуулж, дагаж мөрдүүлэх үүрэг хүлээнэ.

2.10.Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн үйлчилгээг техникийн болон мэргэжлийн зохих стандартын дагуу гүйцэтгэнэ.

2.11.Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн байгууллагаас тогтоосон гишүүний үүргийн биелэлтийг хангахгүй байх нь ёс зүйн зөрчил болно.

2.12.Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн нэр хүндийг сэвтүүлэх аливаа үйлдлээс зайлсхийвэл зохино.

2.12.1.Мэргэжлийн нэр хүндийг унагасан аливаа үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзнэ.

2.12.2.Мэргэшсэн нягтлан бодогч нь бусад мэргэшсэн нягтлан бодогчийн нэр төрд харшлах үйлдэл хийхийг хориглох бөгөөд бусдын нэр хүндэд халдсан аливаа үйлдэл нь ёс зүйн зөрчил болно.

2.12.3.Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн нэр хүндийг алдагдуулах буюу алдагдуулж болзошгүй бөгөөд улмаар ёс зүйн үндсэн зарчмуудыг зөрчсөн, эсвэл зөрчихөд хүргэх аливаа бизнес, ажил мэргэжил, үйл ажиллагааг мэдсээр байж эрхлэх ёсгүй.

2.13.Мэргэшсэн нягтлан бодогч өөр оронд оршин сууж мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа бол тухайн орны ёс заншлыг хүндэтгэхийн зэрэгцээ Олон улсын нягтлан бодогчдын холбооноос баталсан ёс зүйн хэм хэмжээг баримтлана.

2.14.Гадаад орны мэргэшсэн нягтлан бодогч нь Монгол Улсад мэргэжлээрээ ажиллаж үйлчилгээ үзүүлэхдээ Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм, ОУНБХ-ны ёс зүйн шаардлагын аль алиныг мөрдөнө.

Гуравдугаар зүйл. Сөрөг нөлөө ба хамгаалалт

3.1.Мэргэшсэн нягтлан бодогчийн ажиллаж буй нөхцөл байдал нь ёс зүйн үндсэн зарчмуудтай зөрчилдөн, сөрөг нөлөөг үүсгэж болзошгүй.

3.2.Мэргэшсэн нягтлан бодогч нь үндсэн зарчмуудын нийцэлд учрах сөрөг нөлөөг олж тогтоох, уг сөрөг нөлөөг үнэлсний үндсэн дээр тэдгээр нь хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан байгааг тогтоовол тэдгээрт тохиромжтой хамгаалалтууд байгаа эсэх, мөн уг сөрөг нөлөөг арилгах эсвэл хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулахын тулд тэдгээрийг ашиглаж болох эсэхийг тодорхойлох ёстой.

3.3.Мэргэшсэн нягтлан бодогч нь тухайн сөрөг нөлөө хэт ноцтой, эсвэл тохиромжтой хамгаалалтууд байсан ч хэрэглэж чадахгүйн улмаас уг сөрөг нөлөөг арилгах, эсвэл хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулж чадахгүй нөхцөлд холбогдох мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхээс татгалзах, эсвэл тухайн гэрээт ажил болон тухайн ажил олгогч байгууллагаас гарахаар шийдвэрлэж болно.

3.4.Мэргэшсэн нягтлан бодогчийн үзүүлж буй үйл ажиллагааны олон талт нөхцөл байдлаас шалтгаалан дараах сөрөг нөлөөнүүд үүснэ.

3.4.1.Хувийн ашиг сонирхолын сөрөг нөлөө

3.4.2.Өөрийгөө хянахын сөрөг нөлөө

3.4.3.Өмгөөллийн сөрөг нөлөө

3.4.4.Танилын сөрөг нөлөө

3.4.5.Айлган сүрдүүлэх сөрөг нөлөө

3.5.Хувийн ашиг сонирхолын сөрөг нөлөө: Санхүүгийн эсвэл өөр бусад сонирхол нь мэргэшсэн нягтлан бодогчийн үнэлэлт эсвэл үйл хөдлөлд зохисгүй нөлөө үзүүлэх сөрөг нөлөө юм. Энэ сөрөг нөлөөг бий болгох нөхцөл байдлуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй болно.

3.5.1.Тухайн баталгаажуулах ажлын багийн гишүүн нь тухайн баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид шууд санхүүгийн сонирхолтой байх;

3.5.2.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл аудитын байгууллага нь үйлчлүүлэгчээс авах төлбөрөөс хэт хамааралтай байх;

3.5.3.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл баталгаажуулах ажлын багийн гишүүн нь үйлчлүүлэгчтэй бизнесийн дотно харилцаатай байх;

3.5.6.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл аудитын байгууллага нь чухал үйлчлүүлэгчээ алдах боломжийн талаар түгшүүртэй байх;

3.5.7.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл баталгаажуулах ажлын багийн гишүүн нь үйлчлүүлэгчтэй ажилд орох тухай хэлцэл хийх;

3.5.8.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл аудитын байгууллага эсвэл баталгаажуулах ажлын багийн гишүүн нь тухайн үйлчилгээтэй холбоотой болзошгүй төлбөрийг зохицуулахад оролцох;

3.5.9.Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн байгууллагын гишүүнээр гүйцэтгүүлсэн өмнөх мэргэжлийн үйлчилгээний үр дүнг үнэлэх үед ноцтой алдааг илрүүлэх;

3.6.Өөрийгөө хянахын сөрөг нөлөө: Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхдээ одоогийн үйлчилгээнд тулгуурлах ёстой бөгөөд өмнө нь өөрөө, эсвэл өөрийн ажил олгогч байгууллагад ажилладаг хэн нэг этгээдийн хийсэн үнэлгээ, эсвэл гүйцэтгэсэн үйлчилгээний үр дүнг зохистойгоор үнэлэхгүй байх сөрөг нөлөө юм. Энэ сөрөг нөлөөг бий болгох нөхцөл байдлуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй болно.

3.6.1.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл аудитын байгууллага нь үйлчлүүлэгчийн санхүүгийн системийг зохиомжлоод эсвэл хэрэгжүүлээд дараа нь өөрөө уг системийн үйл ажиллагааны үр өгөөжид дүгнэлт гаргах;

3.6.2.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл аудитын байгууллага нь тухайн баталгаажуулах ажлын шалгах зүйл болсон бичилтүүдийг үүсгэхэд ашигласан анхдагч мэдээллийг өөрөө бэлдсэн;

3.6.3.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл баталгаажуулах ажлын багийн гишүүн нь уг гэрээт ажлын хүрээнд шалгах асуудалд үлэмж нөлөө үзүүлэхүйц албан тушаалд ажиллаж байгаа эсвэл сүүлийн 24 сарын дотор ажиллаж байсан;

3.6.4.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл баталгаажуулах ажлын багийн гишүүн нь тухайн баталгаажуулах ажлын шалгах асуудлын мэдээлэлд шууд нөлөөлөх үйлчилгээг уг баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид үзүүлэх;

3.7.Өмгөөллийн сөрөг нөлөө: Мэргэшсэн нягтлан бодогч нь өөрийн бодитой хандлагыг алдагдуулахуйц түвшинд тухайн үйлчлүүлэгчийн эсвэл ажил олгогчийн байр суурийг дэмжих сөрөг нөлөө. Энэ сөрөг нөлөөг бий болгох нөхцөл байдлуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй болно.

3.7.1.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл аудитын байгууллага нь үйлчлүүлэгчийн хувьцаа эсвэл үйл ажиллагааг сурталчлах;

3.7.2.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл аудитын байгууллага нь шүүх ажиллагаанд эсвэл гуравдагч талтай үүсгэсэн маргааныг шийдвэрлэхэд үйлчлүүлэгчийн өмгөөлөгчөөр ажиллах;

3.8.Танилын сөрөг нөлөө: Үйлчлүүлэгч буюу эсвэл ажил олгогчтой урт удаан, эсвэл ойр дотно харилцааны улмаас үүсэх сөрөг нөлөө. Мэргэшсэн  нягтлан бодогч нь тэдгээрийн ашиг сонирхолд найр тавин, ажилд нь хэт хүлээцтэй хандах зэргээр үүсдэг сөрөг нөлөө юм. Энэ сөрөг нөлөөг бий болгох нөхцөл байдлуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

3.8.1.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл баталгаажуулах ажлын багийн гишүүний гэр бүлийн гишүүн нь үйлчлүүлэгчийн захирал эсвэл албан тушаалтан байх;

3.8.2.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл баталгаажуулах ажлын багийн гишүүний гэр бүлийн гишүүн нь үйлчлүүлэгчийн ажилтан бөгөөд уг гэрээт ажлын судлах асуудалд шууд болон чухал нөлөө үзүүлж чадах албан тушаалтан байх;

3.8.3.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл аудитын байгууллагын аль нэг хувь нийлүүлэгч нь үйлчлүүлэгчийн захирал, албан тушаалтан буюу гэрээт ажлын судлах асуудалд шууд болон чухал нөлөө үзүүлж чадах албан тушаалд сүүлийн 24 сарын дотор ажиллаж байсан;

3.8.4.Мэргэшсэн нягтлан бодогч нь үнэ өртөг нь илт бага биш бэлэг эсвэл давуу эрх олгосон зочлол хүндэтгэлийг үйлчлүүлэгчээс хүлээн авсан байх;

3.8.5.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл баталгаажуулах ажлын багийн ахлах ажилтан нь баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчтэй удаан хугацаагаар хэлхээ холбоотой байх;

3.9.Айлган сүрдүүлэх сөрөг нөлөө: Гүйцэтгэсэн ажлын үр дүнд зохисгүй нөлөө үзүүлэхийг оролдсон бодит болон бодитой гэж ойлгогдох дарамтын улмаас мэргэшсэн нягтлан бодогч нь шударгаар ажиллаж чадахгүйд хүрэх сөрөг нөлөө. Энэ сөрөг нөлөөг бий болгох нөхцөл байдлуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

3.9.1.Мэргэшсэн нягтлан бодогч эсвэл аудитын байгууллагыг өөр мэргэжилтэн болон өөр аудитын байгууллагаар  орлуулах тухай дарамт;

3.9.2.Хэрэв мэргэшсэн нягтлан бодогч эсвэл аудитын байгууллагыг үйлчлүүлэгчийн тухайлсан ямар нэгэн ажил гүйлгээний хувьд баримталж буй нягтлан бодох бүртгэлийн арга хандлагыг зөвшөөрөхгүй хэвээр байвал төлөвлөж буй гэрээг байгуулахгүй гэдгээ үйлчлүүлэгч илэрхийлэх;

3.9.3.Үйлчлүүлэгчийн зүгээс мэргэшсэн нягтлан бодогч эсвэл аудитын байгууллагатай заргалдахаар дарамт учруулж байгаа бол;

3.9.4.Төлбөрийг бууруулахын тулд гүйцэтгэсэн ажлын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулах гэсэн дарамт учирсан;

3.9.5.Үйлчлүүлэгчийн ямар нэг ажилтан нь тухайн шалгах асуудлаар илүү их мэдлэгтэй учраас уг ажилтны үнэлэлтийг зөвшөөрөх дарамтанд орж буйгаа мэргэшсэн нягтлан бодогч мэдрэх;

3.9.6.Хэрэв мэргэшсэн нягтлан бодогч эсвэл баталгаажуулах ажлын багийн гишүүнийг үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэлийн зохисгүй арга хандлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол төлөвлөж байсан албан тушаалд дэвшүүлэхгүй гэдгээ аудитын байгууллагын удирдлага эсвэл партнер мэдэгдэх;

3.10.Сөрөг нөлөөг арилгах эсвэл хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах зорилгоор хамгаалалтуудыг хэрэглэх, эсвэл тухайн ажлаас татгалзах буюу дуусгавар болгохын аль нь энэ сөрөг нөлөөг шийдвэрлэх хамгийн зөв зам бэ гэдгийг тодорхойлох зорилгоор мэргэшсэн нягтлан бодогч нь өөрийн үнэлэлтийг хийх ёстой.

3.11.Хамгаалалтууд нь сөрөг нөлөөг арилгах эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөх түвшин хүртэл бууруулахад шаардагдах үйл ажиллагаа буюу бусад арга хэмжээнүүд байна.

3.11.1.Мэргэжил, хууль болон дүрэм журмаар тогтоогдсон хамгаалалтууд;

3.11.2.Ажлын орчны хамгаалалтууд;

3.12.Мэргэжил, хууль болон дүрэм журмаар тогтоогдсон хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

3.12.1.Мэргэжлийн байгуулагад гишүүнээр элсэхэд тавигдах боловсрол, сургалт ба дадлага туршлагын шаардлага;

3.12.2.Мэргэжлийн тасралтгүй хөгжлийн шаардлагууд;

3.12.3.Мэргэжлийн байгууллагаас тогтоосон дүрэм, журам;

3.12.3.Мэргэжлийн стандартууд;

3.12.4.Мэргэжлийн, захиргааны хяналт болон сахилга батын горимууд;

3.12.5.Мэргэшсэн нягтлан бодогчийн бэлтгэсэн мэдээлэл, тайлангуудад эрх бүхий гуравдагч талын хийсэн хөндлөнгийн хяналт;

3.13.Ажлын орчны хувьд холбогдох хамгаалалтууд нь нөхцөл байдлаас хамааран өөр өөр байна. Ажлын орчны хамгаалалтууд нь аудитын байгууллагад бүхэлд нь хэрэглэх болон зөвхөн тухайлсан ажилд хэрэглэх хамгаалалтуудаас бүрдэнэ.

3.14.Ажлын орчинд аудитын байгууллагад бүхэлд нь хэрэглэх хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

3.14.1.Үндсэн зарчмуудыг дагаж мөрдөхийг шаардсан дотоод бодлого болон горим журам;

3.14.2.Үндсэн зарчмуудын нийцэлд учрах сөрөг нөлөөг таньж тодорхойлох, сөрөг нөлөөний хэмжээ далайцыг үнэлэх, тэдгээрийг арилгах эсвэл хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх тухай, хэрэв тохиромжтой хамгаалалт байхгүй бол холбогдох гэрээт ажлаас татгалзах буюу дуусгавар болгох шаардлагыг баримтжуулсан бодлого болон горим журам

3.14.3.Үндсэн зарчмуудын нийцэлтэй холбоотой, сэтгэл зовоосон аливаа асуудлын талаар ажилчдын зүгээс аудитын байгууллагын дээд түвшний удирдлагад мэдээлэхийг дэмжсэн эсвэл мэдээлэх боломжийг олгосон бодлого болон горим журам;

3.14.4.Баталгаажуулах ажлын багийн гишүүдийг нийгмийн сонирхлын төлөө үйлчлэхийг шаардсан бодлого болон горим журам;

3.14.5.Гэрээт ажлын чанарын хяналтыг хэрэгжүүлэх болон түүний хяналтыг гүйцэтгэх бодлого болон горим журам;

3.14.6.Аудитын байгууллага эсвэл баталгаажуулах ажлын багийн гишүүд болон үйлчлүүлэгчийн хоорондын харилцаа, ашиг сонирхлыг тодорхойлох бодлого болон горим журам;

3.14.7.Нэг үйлчлүүлэгчээс хүлээн авсан орлогод тулгуурлаж байгааг хянан шинжлэх, хэрэв шаардлагатай бол удирдан чиглүүлэх бодлого болон горим журам;

3.14.8.Баталгаажуулах ажлын үйлчлүүлэгчид баталгаажуулах ажлын бус үйлчилгээг үзүүлэхдээ тайлагналын тусдаа шугамууд бүхий өөр өөр гэрээт ажлын багууд болон партнер эсвэл захирлуудыг томилон ажиллуулах;

3.14.9.Баталгаажуулах ажлын багийн гишүүн бус хүн уг баталгаажуулах ажлын үр дүнд зүй зохисгүйгээр нөлөөлөхийг хориглосон бодлого болон горим журам;

3.14.10.Аудитын байгууллагын бодлого, аргачлал болон түүнд оруулсан аливаа өөрчлөлтийн талаар партнер эсвэл хариуцсан захирал, мөн холбогдох ажилтнуудад цаг тухайд нь мэдээлдэг байх, энэхүү бодлого болон горим журмын талаарх зохих сургалт зохион байгуулах;

3.14.11.Аудитын байгууллагын чанарын хяналтын системийн ажиллагааг хянан удирдах үүрэгтэй хүнийг удирдах дээд бүрэлдэхүүний дотроос томилох;

3.14.12.Баталгаажуулах ажлын хувьд хараат бус байвал зохих үйлчлүүлэгч ба холбоотой байгууллагын талаар партнер эсвэл хариуцсан захирал болон мэргэжлийн ажилтнуудад зөвлөгөө өгөх;

3.14.13.Бодлого, горим журам, аргачлал нь ойлгомжтой, цэгцтэй, нягт нямбай боловсрогдсон бөгөөд мөрдөлтийг хангах тогтолцоог бүрдүүлсэн байх;

3.15.Тухайлсан гэрээт ажилд хэрэглэгдэх хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй юм.

3.15.1.Баталгаажуулах ажлын гишүүн бус мэргэжлийн нягтлан бодогчоор уг баталгаажуулах ажлын үйл явцыг хянуулах эсвэл шаардлагатай зөвлөгөөг өгүүлэх;

3.15.2.Үүссэн асуудлаар хараат бус захирлуудын зөвлөл, мэргэжлийн зохицуулагч байгууллага эсвэл мэргэжлийн өөр нягтлан бодогч гэх мэт хараат бус гуравдагч талтай зөвлөлдөх;

3.15.3.Үйлчлүүлэгчийн засаглал хариуцсан этгээдүүдтэй ёс зүйн асуудлуудыг хэлэлцэх;

3.15.4.Үзүүлсэн үйлчилгээний мөн чанар болон ногдуулсан төлбөрийн хэмжээг үйлчлүүлэгчийн засаглал хариуцсан этгээдүүдэд мэдээлэх;

3.15.5.Гэрээт ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэх эсвэл дахин гүйцэтгүүлэхээр өөр аудитын байгууллагыг татан оролцуулах;

3.15.6.Баталгаажуулах ажлын багийн удирдах түвшний бүрэлдэхүүнийг сэлгэх;

Дөрөвдүгээр зүйл. Мэргэжилтэн томилох

Үйлчлүүлэгчийг хүлээн зөвшөөрөх

4.1.Мэргэшсэн нягтлан бодогч нь шинэ үйлчлүүлэгчийг хүлээн зөвшөөрөхийн өмнө ингэж хүлээн зөвшөөрснөөр ёс зүйн үндсэн зарчмуудын нийцэлд ямар нэгэн  сөрөг нөлөө үүсгэх эсэхийг тодорхойлох ёстой.

4.2.Мэргэшсэн нягтлан бодогч нь сөрөг нөлөөний хэмжээ, далайцыг үнэлж, шаардлагатай бол тэдгээр сөрөг нөлөөг арилгах эсвэл хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой. Ийм хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй юм.

4.2.1.Үйлчлүүлэгч, түүний эзэд, удирдлага болон түүний засаглал ба бизнесийн үйл ажиллагааг хариуцсан эттээдүүдийн зан, араншин, ёс зүй, ажил хэрэгч байдлын талаар мэдээллийг олж судалсан байх;

4.2.2.Компанийн удирдлагын дадлага туршлага эсвэл дотоод хяналтыг сайжруулахыг үйлчлүүлэгч үнэхээр хүсч байгаа эсэх;

4.3.Сөрөг нөлөөг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах боломжгүй байвал мэргэшсэн нягтлан бодогч нь тухайн үйлчлүүлэгчийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах ёстой.

Гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөх

4.4.Мэргэшсэн нягтлан бодогч нь гэрээт ажлыг хүлээн зөвшөөрөхөөс өмнө ёс зүйн үндсэн зарчмуудтай зөрчилдөх ямар нэгэн сөрөг нөлөө үүсэх эсэхийг тодорхойлох ёстой.

4.5.Мэргэжлийн ур чадвар болон хянамгай байдлын үндсэн зарчим нь өөрийн гүйцэтгэж чадах үйлчилгээг л хүлээн зөвшөөрөх үүрэг хариуцлагыг мэргэшсэн нягтлан бодогчдоос шаардаж байдаг.

4.6.Мэргэшсэн нягтлан бодогчид нь сөрөг нөлөөний хэмжээ далайцыг үнэлж, шаардлагатай бол тэдгээрийг арилгах, эсвэл хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой. Ийм хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй юм.

4.6.1.Үйлчлүүлэгчийн бизнесийн мөн чанар, үйл ажиллагааны нарийн төвөгтэй байдал, гэрээт ажлын онцлог шаардлагууд болон гүйцэтгэх ажлын зорилго, мөн чанар, хамрах хүрээний талаар зохих ойлголтыг олж авах;

4.6.2.Шалгах асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авах.

4.6.3.Зохицуулалтын болон тайлагналын холбогдох шаардлагуудын талаар туршлагатай байх эсвэл туршлага олж авах;

4.6.4.Шаардлагатай ур чадвар бүхий ажилтнуудыг хангалттай тоогоор хуваарилах;

4.6.5.Шаардлагатай үед шинжээчийг ашиглах;

4.6.6.Гэрээт ажлыг боломжтой цаг хугацаанд гүйцэтгэхийг зөвшөөрөх;

4.6.7.Зөвхөн гүйцэтгэх боломжтой гэрээт ажлуудыг л хүлээн зөвшөөрдөг байх ул үндэстэй баталгаагаар хангах зорилго бүхий чанарын хяналтын бодлого, горимуудыг дагаж мөрдөх;

4.7.Мэргэшсэн нягтлан бодогч нь шинжээчийн ажил эсвэл зөвлөгөөнд тулгуурлах саналтай байгаа бол ингэж тулгуурлах нь үндэслэлтэй зөв эсэхийг урьдчилан тодорхойлох ёстой. Үүний тулд тухайн шинжээчтэй өмнө нь хамтран ажиллаж байсан туршлага болон бусадтай зөвлөлдөх замаар мэдээлэл цуглуулан шинжээчийн нэр хүнд, туршлагыг үнэлэх хэрэгтэй.

Мэргэжилтний  томилгооны өөрчлөлт

4.8.Холбогдох сөрөг нөлөө болон эрсдлийг тодорхойлохгүйгээр гэрээт ажлыг хүлээн зөвшөөрснөөр мэргэжлийн ур чадвар болон хянамгай байдалд сөрөг нөлөө учирч болно. Иймээс өөр нэг мэргэшсэн нягтлан бодогчийг орлох, эсвэл түүний гүйцэтгэж буй гэрээт ажлыг гүйцэтгэх тухай санал хүлээн авсан мэргэшсэн нягтлан бодогч нь хамгаалалтуудыг ашиглаад ч арилгаж чадахгүй, эсвэл хүлээн зөвшөөрөх хэмжээ хүртэл бууруулж чадахааргүй сөрөг нөлөө болон түүнийг үүсгэх нөхцөл байдлууд зэрэг тухайн гэрээт ажлыг хүлээн авахгүй байх мэргэжлийн эсвэл өөр бусад шалтгаан байгаа эсэхийг тодорхойлох ёстой.

4.9.Мэргэшсэн нягтлан бодогч нь аливаа сөрөг нөлөөний хэмжээ далайцыг үнэлэх ёстой. Үүний тулд уг гэрээт ажлын мөн чанараас хамааран тэрхүү санал болгож буй өөрчлөлтийн талаарх баримтууд, нөхцөл байдлуудыг тогтоох зорилгоор одоо ажиллаж буй нягтлан бодогчтой нь холбоо барих шаардлага гарч болно. Тухайлбал, томилгоог өөрчлөх болсон шалтгаан, томилгоог хүлээн авах шийдвэрт нөлөөлж болохуйц санал зөрөлдөөн одоогийн нягтлан бодогчид байж болно.

4.10.Шаардлагатай бол аливаа сөрөг нөлөөг арилгах, эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой. Ийм хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

4.10.1.Саналд хариу өгөх үедээ тухайн томилолтыг нь хүлээн зөвшөөрөхгүй байх мэргэжлийн болон бусад шалтгаанууд байгаа эсэх талаар асууж лавлахын тулд одоо ажиллаж буй нягтлан бодогчтой нь уулзах хүсэлт гаргана гэдгээ үйлчлүүлэгчид мэдэгдэх;

4.10.2.Уг гэрээт ажлыг гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө мэдэж байгаа болон мэдэх хэрэгтэй гэж үзэж байгаа бүх мэдээллээ өгөхийг одоо ажиллаж буй нягтлан бодогчоос хүсэх;

4.10.3.Шаардлагатай мэдээллийг бусад эх сурвалжуудаас олж авах;

4.11.Хамгаалалтуудыг ашиглан уг сөрөг нөлөөг арилгах, эсвэл хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулж чадахгүй гэж үзсэн тохиолдолд мэргэшсэн нягтлан бодогч нь тухайн гэрээт ажлаас татгалзах ёстой.

4.12.Одоо үйлчилгээ үзүүлж буй мэргэшсэн нягтлан бодогч нь санал болгосон нягтлан бодогчтой үйлчлүүлэгчийн ажил хэргийн талаар хэлэлцэхийг зөвшөөрөхөөс өмнө нууцыг хадгалах зарчмын дагуу дараах зүйлсийг харгалзан үзвэл зохино.

4.12.1.Гэрээт ажлын мөн чанар;

4.12.2.Үйлчлүүлэгчийн зөвшөөрөл /бичгээр бол илүү сайн/ -ийг авсан эсэх;

4.12.3.Эрх зүйгээс шалтгаалан өөр өөр байж болох тухайн харилцаа болон тодруулгад хамаатай ёс зүйн шаардлагуудыг харгалзан үзэх;

4.13.Мэргэшсэн нягтлан бодогч нь одоо үйлчилгээ үзүүлж буй нягтлан бодогчтой холбоо тогтоох боломжгүй бол гуравдагч талуудаас асууж лавлах, эсвэл дээд удирдлага болон үйлчлүүлэгчийн засаглал хариуцсан этгээдүүдийн тухай мэдээлэл цуглуулах гэх мэт бусад арга замаар аливаа болзошгүй сөрөг нөлөөний талаарх мэдээлэл олж авахад чиглэсэн зохистой арга хэмжээг авах ёстой.

Тавдугаар зүйл. Ашиг сонирхлын зөрчил

5.1.Мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа мэргэшсэн нягтлан бодогч ашиг сонирхлын зөрчилтэй тулгарч болно. Ашиг сонирхлын зөрчил нь бодитой байх зарчим болон бусад үндсэн зарчмуудад сөрөг нөлөө учруулдаг. Энэ сөрөг нөлөөг бий болгох нөхцөл байдлуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

5.1.1.Мэргэшсэн нягтлан бодогч нь тодорхой нэг асуудлаар хоёр ба түүнээс дээш талд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр талууд тухайн асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй байвал;

5.1.2.Мэргэшсэн нягтлан бодогчийн хувийн ашиг сонирхол нь тухайн асуудлаар мэргэжлийн үйлчилгээ авч байгаа талын ашиг сонирхолтой зөрчилдөж байвал;

5.2.Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн эсвэл бизнесийн шийдэлд муугаар нөлөөлж болзошгүй ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх ёстой. Ашиг сонирхолын зөрчил үүсгэх нөхцөл байдлуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

5.2.1.Нэг ижил компани худалдаж авахын тулд өрсөлдөж байгаа хоёр үйлчлүүлэгчид нэгэн зэрэг зөвлөсөн бөгөөд уг зөвлөх үйлчилгээ нь өрсөлдөх байр суурь бүхий талуудтай хамаатай байж болзошгүй байх;

5.2.2.Нэг ижил ажил гүйлгээний бэлтгэн нийлүүлэгч ба худалдан авагчийн аль алинд үйлчлэх;

5.2.3.Хоёр талд хөрөнгийн үнэлгээ бэлтгэж байгаа бөгөөд эдгээр талууд тухайн хөрөнгийн хувьд эсрэг тэсрэг байр суурьтай байх;

5.2.4.Харилцан бие биедээ хуулийн маргаан үүсгэсэн нэг асуудал дээр талуудын аль алийг төлөөлөх, жишээ нь гэр бүл салалт, нөхөрлөл татан буулгах;

5.2.5.Лицензийн гэрээний дагуу роялти авах гэж байгаа лиценз олгогчид баталгаажуулах ажлын тайлангаа хүргүүлэх, үүний зэрэгцээ уг дүн зөв эсэх талаар лиценз эзэмшигчид зөвлөх;

5.2.6.Гэр бүлийн гишүүн нь санхүүгийн хувь оролцоотой байдаг үйлчлүүлэгчид хөрөнгө оруулахыг зөвлөх;

5.2.7.Өөрийн компанийн худалдан авч эзэмших хүсэлтэй байгаа бизнесийг мөн адил худалдан авахыг сонирхож байгаа компанид энэ талаар зөвлөгөө өгөх;

5.3.Мэргэшсэн нягтлан бодогч нь ашиг сонирхлын зөрчлийг тодорхойлон компани эсвэл сүлжээн дотор мэдээллийг ил тод болгох, хуваалцах, гуравдагч этгээдээс удирдамж хүсэхдээ нууц хадгалах зарчмыг удирдлага болгоно.

5.4.Хэрэв ашиг сонирхлын зөрчлөөс үүссэн сөрөг нөлөө хүлээн зөвшөөрөгдөх түвшинд биш байвал мэргэшсэн нягтлан бодогч түүнийг арилгах буюу хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл багасгах зорилгоор хамгаалалтуудыг хэрэглэх ёстой. Хэрэв хамгаалалтаар сөрөг нөлөөг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл багасгаж чадахгүй бол сонирхлын зөрчил үүсэхэд хүргэж болзошгүй мэргэжлийн үйлчилгээг зогсоох, эсвэл ажил гүйцэтгэхээс татгалзах ёстой.

5.5.Шинэ үйлчлүүлэгчтэй харилцаа тогтоох, гэрээт ажил эсвэл бизнесийн харилцаа тогтоохын өмнө мэргэшсэн нягтлан бодогч ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байдлыг тодорхойлох хэрэгтэй. Ингэхдээ дараах зүйлийг харгалзан үзэх шаардлагатай.

5.5.1.Хамаарал бүхий талуудын сонирхол, харилцаа холбооны мөн чанар;

5.5.2.Үйлчилгээний мөн чанар, түүний үр нөлөө хамаарах талуудад ямар байх;

5.6.Хамаарал бүхий талуудын сонирхол, харилцаа холбооны мөн чанар нь гэрээт ажлын явцад өөрчлөгдөж болно. Ялангуяа мэргэшсэн нягтлан бодогчтой гэрээ хийсэн талууд гэрээт ажлын эцэст маргаан гаргахгүй байсан ч тухайн мэргэшсэн нягтлан бодогчид тааламжгүй байж болох нөхцөл байдал гэрээт ажлын эхэнд үүсэж болно. Иймээс ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байдлыг тодруулах зорилгоор дээрх өөрчлөлтийг сөрөг нөлөө гэж тооцох ёстой.

5.7.Мэргэшсэн нягтлан бодогч нь шаардлагатай гэж үзвэл ашиг сонирхлын зөрчлөөс үүссэн, үндсэн зарчимд харшлах сөрөг нөлөөг арилгах буюу хүлээн зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл багасгахын тулд хамгаалалтыг хэрэгжүүлэх ёстой. Ийм хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

5.7.1.Тодорхой асуудлаар хоорондоо ашиг сонирхол нь зөрчилдөх хоёр ба түүнээс дээш тооны үйлчлүүлэгчид мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байхдаа нууц мэдээллийг зөвшөөрөлгүйгээр задруулахаас урьдчилан сэргийлэх арга механизм хэрэгжүүлэх. Үүнд:

5.7.1.1.Нууцыг чандлан сахих тодорхой бодлого, горимын талаар сайн ойлголттой болсон тус тусдаа ажиллах багуудаар гэрээт ажлыг гүйцэтгүүлэх;

5.7.1.2.Компани доторхи нэг хэсгээс нөгөө хэсэгт үйлчлүүлэгчийн нууц мэдээллийг шууд дамжуулахыг хязгаарлах зорилгоор компанийн бүтцэд тусдаа орон тоо бий болгох;

5.7.1.3.Ажилтан ба компанийн партнерийн гарын үсэг бүхий нууц гэрээ, биет болон цахим хэлбэрээр тусгаарласан нууц мэдээллийг ашиглах боломжгүй байлгахын тулд үйлчлүүлэгчийн файлд нэвтрэх боломжийг хязгаарлах бодлого, горим боловсруулах;

5.7.2.Үйлчлүүлэгчийн ажилд оролцоогүй ахлах ажилтнаар үйл явцыг тогтмол хянуулдаг байх;

5.7.3.Үйлчилгээ үзүүлээгүй эсвэл өөр ямар нэг хэлбэрээр зөрчилд өртөөгүй ажилтнаар гүйцэтгэсэн ажлыг хянуулж, гаргасан гол чухал шийдвэр, дүгнэлт нь зохистой эсэхийг үнэлдэг байх;

5.7.4.Мэргэжлийн байгууллага, хуулийн зөвлөх, бусад мэргэжлийн нягтлан бодогч зэрэг гуравдагч эттээдтэй зөвлөлдөх;

5.8.Ашиг сонирхлын зөрчлөөс үүсэх сөрөг нөлөөг зөвшөөрөгдөх хэмжээ хүртэл бууруулахын тулд зөрчлийн мөн чанарыг зөрчлийн нөлөө тусах үйлчлүүлэгчдэд дэлгэх шаардлагатай гэж үзвэл ил тод мэдээлэхээс өмнө үйлчлүүлэгчээс  зөвшөөрөл авах ёстой.

5.9.Мэргэшсэн нягтлан бодогч үйлчлүүлэгчээс ил тод мэдээлэх зөвшөөрөл хүссэн боловч ийм зөвшөөрөл өгөхөөс тухайн үйлчлүүлэгч татгалзсан бол ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй үйлчилгээнээс татгалзах, мэргэжлийн үйлчилгээгээ зогсоох нь зохимжтой.

5.10.Мэргэшсэн нягтлан бодогч ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа нөхцөл байдлын мөн чанар, сөрөг нөлөөг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулахын тулд хэрэглэсэн хамгаалалт, авсан зөвшөөрөл зэргээ баримтжуулах шаардлагатай.

Зургаадугаар зүйл. Хоёрдогч дүгнэлт

6.1.Мэргэшсэн нягтлан бодогчдод түүний үйлчлүүлэгч биш байгууллагын зүгээс тухайлсан нөхцөл байдал, эсвэл ажил гүйлгээний бүртгэлийн талаар, аудитын болон тайлагналын стандартууд, эсвэл нийтлэг зарчмуудыг хэрхэн хэрэглэж байгаа талаар хоёрдогч дүгнэлт гаргуулахаар хандах нь мэргэжлийн ур чадвар ба хянамгай байдалд сөрөг нөлөө учруулж болно. Тухайлбал, тухайн хоёрдогч дүгнэлт нь одоо ажиллаж буй мэргэжлийн нягтлан бодогчид байгаатай ижилхэн цогц баримтууд дээр үндэслээгүй эсвэл хангалттүй нотлох баримтанд үндэслэсэн бол мэргэжлийн ур чадвар, хянамгай байдалд сөрөг нөлөө бий болгоно.  

6.2.Ийм хоёрдогч дүгнэлт гаргах хүсэлт авсан мэргэшсэн нягтлан бодогч нь аливаа сөрөг нөлөө үүсэх үр дагаврыг үнэлж шаардлагатай бол түүнийг арилгах эсвэл хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой. Ийм хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

6.2.1.Одоо үйлчилгээ үзүүлж буй нягтлан бодогчтой холбоо тогтоох талаар үйлчлүүлэгчийн зөвшөөрлийг авах;

6.2.2.Үйлчлүүлэгчтэй харилцахдаа дүгнэлтийг тойрсон хязгаарлалтуудыг тодорхойлох;

6.2.3.Одоо үйлчилгээ үзүүлж буй нягтлан бодогчид тухайн дүгнэлтийг танилцуулах;

6.3.Дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан компани эсвэл байгууллага нь одоо үйлчилгээ үзүүлж буй нягтлан бодогчтойгоо холбоо тогтоон харилцахыг зөвшөөрөөгүй тохиолдолд мэргэжлийн нягтлан бодогч нь бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд уг хүсэж буй дүгнэлтийг гаргах нь тохиромжтой эсэхийг тодорхойлох ёстой.

Долоодугаар зүйл. Төлбөр болон урамшууллын бусад хэлбэрүүд

7.1.Мэргэжлийн үйлчилгээний талаар хэлцэл хийж байх үед мэргэшсэн нягтлан бодогч нь өөрт тохиромжтой гэж үзсэн төлбөрийн хэмжээг санал болгож болно. Иймээс тухайн  мэргэшсэн нягтлан бодогч нь өөр нэг нягтлан бодогчоос доогуур үнийг санал болгох нь ёс зүйгүй үйлдэл биш юм. Гэсэн хэдий ч санал болгож буй төлбөрийн дүнгээс шалтгаалж үндсэн зарчмуудын нийцэлд сөрөг нөлөө учирч болно. Тухайлбал, холбогдох техникийн болон мэргэжлийн стандартуудын дагуу тухайн гэрээт ажлыг тухайн үнээр гүйцэтгэхэд хэцүү байж магадгүй хэт бага төлбөрийн хэмжээг санал болговол мэргэжлийн ур чадвар болон хянамгай байдалд хувийн ашиг сонирхлын сөрөг нөлөө үүсгэнэ.

7.2.Аливаа сөрөг нөлөө оршин байх болон түүний хэмжээ далайц нь санал болгосон төлбөрийн хэмжээ болон уг төлбөрт харгалзах үйлчилгээнийн мөн чанараас хамаарна. Аливаа сөрөг нөлөөний хэмжээ далайцыг үнэлж, шаардлагатай бол түүнийг арилгах, эсвэл хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой. Ийм хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй юм.

7.2.1.Гэрээт ажлын нөхцлүүдийн талаар, ялангуяа төлбөр тогтоосон суурь, уг төлбөрт харгалзах үйлчилгээнүүдийн талаар үйлчлүүлэгчид мэдэгдэх;

7.2.2.Тухайн ажлыг гүйцэтгэхэд хангалттай хугацааг тогтоох;

7.2.3.Тухайн гүйцэтгэх ажилд мэргэшсэн ажилтнуудыг хуваарилах;

7.3.Болзошгүй төлбөрүүд нь зарим тохиолдолд үндсэн зарчмуудын нийцэлд сөрөг нөлөө учруулах бөгөөд хувийн ашиг сонирхлын сөрөг нөлөөг нэмэгдүүлж байдаг. Энэ төрлийн сөрөг нөлөө оршин байгаа эсэх болон хэмжээ далайц нь дор дурдсан хүчин зүйлсүүдээс хамаардаг. Үүнд:

7.3.1.Гэрээт ажлын мөн чанар;

7.3.2.Төлбөрийн хэмжээ;

7.3.3.Төлбөрийг тодорхойлж буй суурь;

7.3.4.Тухайн  ажлын үр дүн болон үр дагаврыг хараат бус гуравдагч талаар хянуулсан эсэх;

7.4.Болзошгүй төлбөртэй холбоотой аливаа сөрөг нөлөөг үнэлж, шаардлагатай бол арилгах, эсвэл хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой. Ийм хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй юм.

7.4.1.Нөхөн төлбөрийн суурийн талаар үйлчлүүлэгчтэй урьдчилан бичгээр хийсэн тохиролцоо;

7.4.2.Чанарын хяналтын бодлого, горим журам;

7.4.3.Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчийн гүйцэтгэсэн ажлыг хараат бус гуравдагч талаар нягтлуулах;

7.5.Мэргэшсэн нягтлан бодогч нь зарим тодорхой нөхцөлд тухайн үйлчлүүлэгчийг бусдад танилцуулсны төлбөр эсвэл шимтгэл авч болно. Жишээлбэл, тухайн үйлчлүүлэгчид шаардлагатай байгаа онцлог үйлчилгээг үзүүлдэггүй бол тэрхүү үйлчлүүлэгчид өөр нэг мэргэжлийн нягтлан бодогч эсвэл шинжээчийг танилцуулсны төлөө төлбөр авч болно. Мөн мэргэшсэн нягтлан бодогч нь үйлчлүүлэгчийн үзүүлдэг үйлчилгээ буюу бараа бүтээгдэхүүнийг борлуулсантай холбоотойгоор гуравдагч тал (жишээ нь: программ хангамжийн борлуулагч) - аас шимтгэл хүлээн авч болно. Энэ төрлийн төлбөр буюу шимтгэл авах нь бодитой байх хандлага, мэргэжлийн ур чадвар болон хянамгай байдалд хувийн ашиг сонирхлын сөрөг нөлөөг бий болгоно.   

7.6.Зарим тодорхой нөхцөлд мэргэшсэн нягтлан бодогч нь үйлчлүүлэгчийг олж авахын тулд танилцуулсны төлбөр төлж болно. Тухайлбал тухайн үйлчлүүлэгч нь өөр нэг мэргэжлийн нягтлан бодогчоор үйлчлүүлсэн хэвээр байх боловч түүний үзүүлдэггүй онцлог үйлчилгээг гүйцэтгүүлэх шаардлага тулгарсан үед ийм тохиолдол үүсэж болно. Ийм танилцуулсны төлбөр төлөх нь мөн бодитой байх хандлага, мэргэжлийн ур чадвар болон хянамгай байдалд хувийн ашиг сонирхлын сөрөг нөлөөг бий болгоно.  

7.7.Мэргэшсэн нягтлан бодогч нь тухайн сөрөг нөлөөг үнэлж, шаардлагатай бол арилгах эсвэл хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой. Ийм хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй юм.

7.7.1.Тухайн ажлыг олж авсаны төлөө төлбөр төлөх аливаа тохиролцооны талаар тухайн үйлчлүүлэгчид мэдээлэх

7.7.2.Мэргэжлийн өөр нягтлан бодогчийг тухайн үйлчлүүлэгчид зааж өгсний төлөө төлбөр хүлээн авах аливаа тохиролцооны тухай тухайн үйлчлүүлэгчид мэдээлэх.

7.7.3.Гуравдагч талын бүтээгдэхүүн болон үйлчилгээг үйлчлүүлэгчид борлуулахтай холбогдон уг гуравдагч талаас хүлээн авах аливаа шимтгэлийн талаар үйлчлүүлэгчээс урьдчилан зөвшөөрөл авах.

7.8.Мэргэшсэн нягтлан бодогч нь өөр аудитын байгууллагыг бүхлээр нь болон хэсэгчлэн худалдан авч болох бөгөөд төлбөрийг нь аудитын байгууллагын  өмнөх эзэмшигч эсвэл тэдний өв залгамжлагч хүмүүст төлөх нь 7.5-7.6 дугаар зүйлд заасан шимтгэл болон танилцуулсны төлбөрт тооцогдохгүй.

Наймдугаар зүйл. Мэргэжлийн үйлчилгээний маркетинг

8.1.Мэргэшсэн нягтлан бодогч нь зар сурталчилгаа эсвэл маркетингийн бусад хэлбэрээр шинэ ажил олж авах үед үндсэн зарчмуудын нийцэлд сөрөг нөлөө үүсэж болох юм.

8.2.Мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн үйлчилгээний маркетинг хийхдээ дараах зарчмыг баримтлах нь зүйтэй.

8.2.1.Мэргэжлийн нэр төрийг гутаах үйлдэл гаргах ёсгүй бөгөөд шударга болоод үнэнч байх зарчмыг эрхэмлэх ёстой;

8.2.2.Өөрийн санал болгож буй үйлчилгээ, эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагыг хэтрүүлсэн мэдэгдэл хийхгүй байх;

8.2.3.Бусдын хийсэн ажлын талаар гутаасан агуулгатай ярих, үндэслэлгүй харьцуулалт хийхгүй байх;

8.3.Хэрэв мэргэшсэн нягтлан бодогчид санал болгож буй маркетинг болон зар сурталчилгааны хэлбэр нь зохистой эсэхэд эргэлзэж байвал холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах ёстой.

Есдүгээр зүйл. Бэлэг болон Дайллага

9.1.Мэргэшсэн нягтлан бодогч, эсвэл түүний гэр бүлийн болон ойрын садан, төрлийн гишүүдэд үйлчлүүлэгчээс бэлэг болон дайллагыг санал болгосон байж болно. Ийм санал нь үндсэн зарчмуудын нийцэлд сөрөг нөлөө учруулж болох юм. Тухайлбал үйлчлүүлэгчээс бэлэг хүлээн авах нь бодитой байх хандлагад хувийн ашиг сонирхлын эсвэл танилын сөрөг нөлөө бий болгож болно. Мөн ингэж бэлэг, дайллага санал болгосныг олон нийтэд мэдэгдэх боломж нь бодитой хандлагад харшлах айлган сүрдүүлэх сөрөг нөлөөг үүсгэнэ.

9.2.Аливаа сөрөг нөлөө оршин байх болон хэмжээ далайц нь тухайн саналын мөн чанар, үнэ цэнэ болон зорилгоос хамаарна. Хэрэв ул үндэстэй мэдээлэл бүхий гуравдагч тал тухайн нөхцөл байдал, баримтуудыг дэнслэн үзээд уг санал болгож буй бэлэг, дайллагыг үл ялих бөгөөд хор холбогдолгүй гэж дүгнэх магадлалтай бол мэргэшсэн нягтлан бодогчийн зүгээс уг саналыг шийдвэр гаргалтанд нөлөөлөх болон мэдээлэл олж авах далд зорилгогүй, бизнесийн хэвийн явцад хийгдсэн гэж дүгнэж болно. Ийм тохиолдолд үндсэн зарчмуудын нийцэлд учрах аливаа сөрөг нөлөө нь хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж үзнэ.

9.3.Мэргэшсэн нягтлан бодогч нь сөрөг нөлөөний үр дагаврыг үнэлж шаардлагатай бол сөрөг нөлөөг арилгах эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой. Хамгаалалтуудыг хэрэглэн сөрөг нөлөөг арилгах эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулж чадахгүй бол дайллага болон бэлгийн саналыг хүлээн авах ёсгүй.

Аравдугаар зүйл. Үйлчлүүлэгчийн хөрөнгийн хамгаалалт

10.1.Мэргэшсэн нягтлан бодогч нь хуулиар зөвшөөрөөгүй л бол үйлчлүүлэгчийн мөнгө болон бусад хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээхгүй. Харин хуулиар зөвшөөрсөн үед ингэж хамгаалсан тохиолдолд мэргэшсэн нягтлан бодогчийн зүгээс хөрөнгө эзэмшихтэй холбогдон оноосон эрх зүйн үүргүүдийг л биелүүлэх ёстой.

10.2.Үйлчлүүлэгчийн хөрөнгийг эзэмших нь үндсэн зарчмуудын нийцэлд сөрөг нөлөөг бий болгодог. Тухайлбал үйлчлүүлэгчийн хөрөнгийг эзэмшсэнээр мэргэжлийн үйл хөдлөлд хувийн ашиг сонирхлын сөрөг нөлөө үүсгэхийн зэрэгцээ бодитой хандлагад хувийн ашиг сонирхлын сөрөг нөлөө үүсэж болзошгүй. Мэргэшсэн нягтлан бодогч нь бусдад харьяалагдах мөнгө эсвэл хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцахдаа дараах шаардлагуудыг дагаж мөрдөнө.

10.2.1.Тухайн хөрөнгийг хувийн болон аудитын байгууллагын хөрөнгөнөөс тусад нь хадгалах;

10.2.2.Хөрөнгийг зөвхөн зориулалтынх нь дагуу ашиглах;

10.2.3.Эдгээр хөрөнгө, түүнтэй холбогдон үүссэн орлого, ногдол ашиг эсвэл олзыг аливаа эрх бүхий хүмүүст тайлагнахад ямагт бэлэн байх;

10.2.4.Эдгээр хөрөнгүүдийг эзэмших, бүртгэхэд зайлшгүй шаардлагатай холбогдох дүрэм журам болон хуулийг дагаж мөрдөх ёстой;

10.3.Мэргэшсэн нягтлан бодогч нь үйлчлүүлэгчийн хөрөнгийг эзэмших үйлчилгээний хувьд үйлчлүүлэгч эсвэл гэрээт ажлыг хүлээн авах горимын нэг хэсэг болгож ийм хөрөнгийн эх үүсвэрийн тухай зохих лавлагаа авах замаар холбогдох эрх зүйн зохицуулалтын дагуу хүлээх үүргүүдийг харгалзан үзэх ёстой. Тухайлбал тухайн хөрөнгүүд нь мөнгө угаах гэх мэт хууль бус үйл ажиллагаагаар үүссэн бол үндсэн зарчмуудын нийцэлд сөрөг нөлөө үүснэ. Энэ тохиолдолд мэргэшсэн нягтлан бодогч нь хуулийн зөвлөгөө авах талаар эргэцүүлж үзэх хэрэгтэй.

Арваннэгүгээр зүйл. Бодитой хандлага

11.1.Мэргэшсэн нягтлан бодогч нь аливаа мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхдээ үйлчлүүлэгч, эсвэл түүний захирлууд, албан тушаалтнууд болон ажилтнуудтай тогтоосон харилцаа, ашиг сонирхлоос үүдэн бодитой байх зарчмын нийцэлд сөрөг нөлөө учрах эсэхийг тодорхойлох ёстой. Тухайлбал гэр бүлийн эсвэл бизнесийн ойрын хэлхээ, харилцаа холбоо нь бодитой байх хандлагад танилын сөрөг нөлөө үүсгэж болно.

11.2.Мэргэжлийн аливаа үйлчилгээг үзүүлж байх үед бодитой байх хандлагад сөрөг нөлөө учрах эсэх нь тухайн мэргэшсэн нягтлан бодогчийн гүйцэтгэж байгаа ажлын мөн чанар болон тухайн гэрээт ажлын нөхцөл байдлаас хамаарна.

11.3.Мэргэшсэн нягтлан бодогч нь аливаа сөрөг нөлөөний хэмжээ далайцыг үнэлж, шаардлагатай бол уг сөрөг нөлөөг арилгах, эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэгжүүлэх ёстой. Ийм хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй юм.

11.3.1.Гэрээт ажлын багаас гарах;

11.3.2.Аюул заналыг үүсгэж буй санхүүгийн болон бизнесийн харилцааг цуцлах;

11.3.3.Аудитын байгууллагын дээд түвшний удирдлагатай тухайн асуудлыг хэлэлцэх;

11.3.4.Үйлчлүүлэгчийн засаглал хариуцсан эттээдүүдтэй тухайн асуудлыг хэлэлцэх;

11.4.Хэрвээ хамгаалалтууд нь үүссэн сөрөг нөлөөг арилгах буюу, эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулж чадахгүй бол мэргэшсэн нягтлан бодогч нь холбогдох гэрээт ажлаа цуцлах эсвэл түүнээс татгалзах ёстой.

Арванхоёрдугаар зүйл. Бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогчийн үйл ажиллагаа

12.1.Бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогч нь байгууллагад удирдах түвшний албан тушаалтан байж болно. Албан тушаалын зэрэглэл ахих тусам үйл явдал, практик, хандлагуудад нөлөөлөх чадамж өсдөг. Иймээс ёс зүйд суурилсан соёлыг ажил олгогч байгууллага дотроо дэмжиж ажиллахыг бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогчоос шаарддаг.

12.2.Хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид, ажил олгогчид, бизнесийн бусад секторууд, мөн засгийн газар болон олон нийт нь бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогчийн ажилд тулгуурлаж шийдвэрээ гаргадаг байж болно. Энэ тохиолдолд бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогч нь өөрийн ажил олгогч байгууллага болон бусад гуравдагч талуудын аль аль нь тулгуурлаж болох санхүүгийн болон бусад мэдээллийг бэлтгэх, тайлагнах хариуцлагыг дангаараа буюу эсвэл хамтдаа хүлээнэ. Мөн үр өгөөжтэй санхүүгийн удирдлага болон бизнестэй холбоотой олон янзын асуудлаар чадварлаг зөвлөгөөгөөр хангах хариуцлага хүлээнэ.

12.3.Бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогч нь нэг бол нийтэд ил болгох, эсвэл байгууллагын дотор болон гадна орших бусад талуудын хэрэглэх мэдээллийг бэлтгэх, тайлагнахад ихэвчлэн оролцдог. Иймээс бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогч нь дээрх мэдээллийг мэргэжлийн стандартуудын дагуу үнэн зөв, ойлгомжтой, шударгаар бэлтгэн толилуулах ёстой.

12.4.Бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогч нь мэргэжлийн нэр хүнд, бодитой хандлага болон шударга байдлыг алдагдуулах, тэгснээрээ үндсэн зарчмын нийцлийг сөрөг нөлөө үзүүлэх аливаа бизнес, үйл ажиллагааг мэдсээр байж эрхэлж болохгүй.   

12.5.Ажил олгогч байгууллагын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагын улмаас бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогч нь үндсэн зарчмуудын нийцэлд сөрөг нөлөө үүсгэж болохуйц байдлаар ажиллах дарамтанд орж болно. Дарамт үүсгэх нөхцөл байдлуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

12.5.1.Хууль, журамд  харш үйл ажиллагаа явуулах;

12.5.2.Техникийн болон мэргэжлийн стандартад харш үйл ажиллагаа явуулах;

12.5.3.Ёс зүйгүй болон хууль бус ашгийн төлөөх менежментийн стратегид үйлчлэх;

12.5.4.Бусдад худал хэлэх, эсвэл өөр ямар нэгэн байдлаар бусдыг санаатайгаар төөрөлдүүлэх;

12.5.5.Баримтуудыг материаллаг хэмжээгээр буруу илэрхийлсэн, санхүүгийн эсвэл санхүүгийн бус тайлагналуудыг гаргах буюу ямар нэгэн байдлаар холбогдсон байх;

12.6.Бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогч нь төөрөлдүүлсэн мэдээлэлтэй холбогдох, эсвэл бусдын үйлдлийн улмаас төөрөлдсөн мэдээлэлтэй холбогдох дарамттай учирсан бол мэргэжлийн ур чадвар болон хянамгай байдалд, эсвэл бодитой байх хандлагад хувийн сонирхлын, эсвэл айлган сүрдүүлэх сөрөг нөлөө үүснэ.

12.7.Бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогч нь ийм дарамтаас үүссэн аливаа сөрөг нөлөөний хэмжээ далайцыг үнэлж, шаардлагатай бол түүнийг арилгах, эсвэл хүлээн зөвшөөрөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой. Ийм хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

12.7.1.Боломжтой бол тухайн ажил олгогч байгууллага дотроос, эсвэл хараат бус зөвлөхөөс, эсвэл холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах;

12.7.2.Ажил олгогч байгууллагын доторх маргаан шийдвэрлэх тогтсон үйл явцыг ашиглах;

12.7.3.Хуулийн зөвлөгөө авах;

12.8.Мэргэжлийн ур чадвар болон хянамгай байдлын үндсэн зарчим нь бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогч тухайн ажилд шаардагдах хангалттай сургалт, туршлагыг эзэмшсэн байхыг шаарддаг.

12.9.Мэргэжлийн ур чадвар, хянамгай байдлын зохистой түвшинд үүргээ биелүүлж буй мэргэжлийн нягтлан бодогчид сөрөг нөлөө бий болгох нөхцөл байдлуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй болно

12.9.1.Холбогдох үүргийг бүрэн зөв гүйцэтгэх, эсвэл дуусгахад үл хүрэлцэх хугацаа  хуваарилагдах;

12.9.2.Үүргээ бүрэн зөв биелүүлэхэд шаардлагатай мэдээлэл бүрэн бус, хязгаарлагдмал эсвэл хангалттгүй байх;

12.9.3.Боловсрол болон сургалт эсвэл туршлагын хувьд хангалтгүй байх;

12.9.4.Үүргээ бүрэн зөв биелүүлэх шаардагдах нөөц хангалтгүй байх  ;

12.10.Тухайн сөрөг нөлөөний хэмжээ далайц нь тухайн бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогчийн бусадтай ажиллах далайц, бизнест эзлэх албан тушаал, тухайн ажилд гүйцэтгэсэн хянал зэрэг хүчин зүйлсүүдээс хамаарна. Тухайн сөрөг нөлөөний хэмжээ далайцыг үнэлж, шаардлагатай бол сөрөг нөлөөг арилгах эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэнэ. Ийм хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

12.10.1.Нэмэлт сургалт болон зөвлөгөө авах;

12.10.2.Харгалзах үүргээ гүйцэтгэх хангалттай цаг хугацаатай байлгах;

12.10.3.Шаардлагатай  мэдлэг туршлагатай хэн нэгнээс тусламж дэмжлэг авах;

12.10.4.Тохиромжтой бол дараах этгээдүүдтэй зөвлөлдөх;

12.10.4.1.Ажил олгогч байгууллагын  удирдах албан тушаалтнууд;

12.10.4.2.Хараат бус шинжээчид;  

12.10.4.3.Холбогдох мэргэжлийн байгууллага;

12.11.Сөрөг нөлөөг арилгах, эсвэл түүнийг хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулж чадахааргүй үед бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогч нь тухайн ажил үүргүүдийг гүйцэтгэхээс татгалзах эсэхээ тодорхойлох ёстой. Хэрэв мэргэшсэн нягтлан бодогч ингэж татгалзах нь тохиромжтой гэж тодорхойлж байгаа бол, шалтгаануудыг нь ойлгомжтой тайлбарлан мэдээлэх ёстой.

Урамшуулал бүхий санал хүлээн авах

12.12.Бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогчид эсвэл түүний гэр бүлийн болон ойрын садан, төрлийн гишүүдэд урамшуулал санал болгосон байж болно. Урамшуулал бүхий санал нь бэлэг, дайллага, хөнгөлөлттэй журам, нөхөрлөлд эсвэл үнэнч байхад зүй бусаар уриалах гэх мэт байдлаар байж болно. 

12.13.Урамшуулал бүхий саналууд нь үндсэн зарчмуудын нийцэлд сөрөг нөлөө учруулж болно. Нууц мэдээллийг олж авах эсвэл хууль бус болон шударга бус үйл хөдлөлийг дэмжих зорилго бүхий урамшуулал нь бодитой хандлага, эсвэл нууцыг хадгалах зарчимд хувийн сонирхлын сөрөг нөлөө үүснэ.

12.14.Хэрэв урамшуулал бүхий саналыг хүлээн авсан тохиолдолд дараа нь түүнийг нийтэд дэлгэх замаар бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогчийн эсвэл түүний гэр бүлийн болон ойрын садан, төрлийн гишүүдийн нэр төрийг гутаах заналхийлэл хийгдсэн бол бодитой хандлага эсвэл нууцыг хадгалах зарчимд айлган сүрдүүлэх сөрөг нөлөө үүсэж болзошгүй.  

12.15.Заримдаа үндсэн зарчмуудын нийцэлд учрах сөрөг нөлөө нь урамшуулал бүхий саналыг хүлээн авснаар биш, харин тийм санал тавьсан гэдгээс үүсэх тул нэмэлт хамгаалалтуудыг хэрэглэх шаардлагатай. Ийм хамгаалалтуудыг дор дурьдсан бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй.

12.15.1.Ийм санал тавьбал дээд түвшний удирлагад, эсвэл тухайн ажил олгогч байгууллагын засаглал хариуцсан этгээдүүдэд шууд мэдээлэх;

12.15.2.Уг саналын тухай гуравдагч талд, тухайлбал мэргэжлийн байгууллагад, эсвэл тухайн санал тавьсан хүний ажил олгогчид мэдээлэх, Гэвч бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогч нь ийм алхам хэрэгжүүлэхээсээ өмнө хуулийн зөвлөгөө авах талаар эргэцүүлэн үзэх хэрэгтэй;

Урамшуулал санал болгох

12.16.Холбоотой байгууллага эсвэл хувь хүний дүгнэлт болон шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх, эсвэл нууц мэдээлэл олж авахын тулд бусдад урамшуулал санал болгохыг бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогчоос хүсэх эсвэл тийм дарамт бүхий нөхцөл байдалд үүсэж болно.  Ийм дарамт шахалт нь ажил олгогч байгууллага дотроос, эсвэл байгууллагын гаднах хувь хүн эсвэл өөр байгууллагаас ч ирж болзошгүй.

12.17.Бизнес дэх мэргэшсэн нягтлан бодогч нь гуравдагч талын мэргэжлийн үнэлэлтийн үр дүнд зохисгүй нөлөө үзүүлэх зорилгоор урамшуулал санал болгох ёсгүй.

Арвангуравдугаар зүйл. Ёс зүйн шаардлагыг хэрэгжүүлэх

13.1.Мэргэшсэн нягтлан бодогч бүр энэхүү Ёс зүйн дүрмийг чанд мөрдөх үүрэгтэй.

13.2.Мэргэшсэн нягтлан бодогч нь жил бүр дээрх зарчмууд болон ёс зүйн дүрмийн шаардлагыг хэрхэн хангаж ажилласан тухайгаа илэрхийлсэн өөрийн үнэлгээний тайлан /Ёс зүйн тайлан/-г гаргаж, институтэд ирүүлэх үүрэгтэй.  

13.3.Ёс зүйн хороо нь мэргэжлийн стандартуудыг дэмжиж хөгжүүлэх, Ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх явдлыг хангах, түүнийг дагаж мөрдөөгүй тохиолдолд уг асуудлыг судлан шалгаж, шийдвэрлэх үүрэгтэй.

Арвандөрөвдүгээр зүйл. Ёс зүйн зөрчлийг шийдвэрлэх

14.1.Ёс зүйн хороо нь мэргэшсэн нягтлан бодогч гишүүний ёс зүйтэй холбоотой ирсэн бүх гомдлыг авч үзнэ.

14.2.Ёс зүйн хороо нь “Мэргэшсэн нягтлан бодогчийн ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол хүлээн авах, шалгах, хэлэлцэх, шийдвэрлэх журам”-ын дагуу ажиллаж, тухайн гишүүн нь Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх талаар ул үндэслэлтэй дүгнэлт гаргаж, ММНБИ-ийн удирдах зөвлөлд танилцуулна.  

14.3.ММНБИ-ийн удирдах зөвлөл нь ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх талаар эцсийн дүгнэлтийг гаргах бөгөөд дүгнэлт нь олонхийн саналд үндэслэгдэнэ.

14.4.ММНБИ-ийн удирдах зөвлөл нь мэргэшсэн нягтлан бодогч гишүүний гаргасан ёс зүйн зөрчлийн шинж байдлыг харгалзан дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна. Үүнд:

14.4.1.Сануулах

14.4.2Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламжийг хүчингүй болгох

14.4.3.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг түтгэлзүүлэх

14.4.4.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хасах

14.5.Мэргэшсэн нягтлан бодогч гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг Ёс зүйн хороо болон Институтын удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэхэд үед ёс зүйн зөрчилд холбогдсон мэргэшсэн нягтлан бодогчийг оролцуулж болно.  

Арвантавдугаар зүйл. Үл зөвшөөрөх

15.1.Mэргэшсэн нягтлан бодогч нь ёс зүйн зөрчилд холбогдох дүгнэлтийг эс зөвшөөрвөл хуулийн байгууллагад гомдол гаргаж болно.