- Нүүр
- Сайдын тушаал
- СҮРЛЭН БАРИЛГА БАРИХ АРГАЧИЛСАН ЗААВАР
ЗУРАГ ТӨСӨЛ БА БАРИЛГЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДҮРМИЙН ЦОМОГ
СҮРЛЭН БАРИЛГА БАРИХ АРГАЧИЛСАН ЗААВАР
INSTRUCTIONS FOR STRAW BALE BUILDINGS
1 Ерөнхий зүйл
1.1 Энэхүү заавар нь нь сүрлэн боодлон өрөгт бүтээцтэй шинээр барих болон засварлах барилгын сүрлэн боодол бэлтгэх, зураг төсөл боловсруулах болон барих түүнчилэн уг барилгын ашиглалтыг зохицуулахад хамаарна.
1.2 Сүрлэн боодпон өрөгт бүтээц бүхий барилгын зураг төсөл боловсруулахад дор дурьдсан бүтээцийн шийдэл ба материал, эдлэхүүнийг хэрэглэнэ. Үүнд:
- Сүрлэн боодлон даацын гадна хана;
- Модон каркас бүхий даацын бус сүрлэн боодлон дүүргэгч хана.
Тайлбар:
1. Тооцоо, судалгааны үндсэн дээр хийгдсэн задгай сүрлэн дүүргэгчтэй ханын шийдэл хэрэглэхийг зөвшөөрнө.
2. Даацын сүрлэн боодлон болон мод, ган, төмөр бетон (модон тааз) каркас бүхий даацын бус сүрлэн боодлон дүүргэгч ханатай барилга нь эдэлгээний IV, V зэрэгт хамаарах бөгөөд эдэлгээний хугацаа нь 30 жилээс багагүй байна.
1.3 Сүрлэн боодлон өрөгт бүтээцтэй даацын ба даацын бус ханатай барилгын чийглэг орчин үүсгэх нөхцөл бүхий өрөө, тасалгаа бүрд механик салхивчийн системийг ашиглах шаардлагатай.
1.4 Нойтон орчин үүсгэх нөхцөл бүхий өрөө, тасалгааны гадна хананд сүрлэн боодлыг хэрэглэхийг зөвшөөрөхгүй.
1.5 Сүрлэн боодлон өрөгт бүтээц, түүний эдлэлүүдийн бат бэх, тогтворжилт нь угсралтын үеийн техникийн шаардлагыг хангахаас гадна ашиглалтын үеийн шаардлагыг хангасан байвал зохино.
1.6 Бүтээцийг тооцох үед найдвартай ажиллагааны илтгэлцүүрийг gn = 0.9 байхаар авна.
1.7 Сүрлэн боодлон даацын хананд хэрэглэх өрөгт бүтээцийг 3.25 м-ээс ихгүй өндөртэй (шалнаас хучилтын доод төвшин хүртэл) орон сууц, олон нийт, аж ахуйн дан барилга, байгууламжид хэрэглэхээр зураг төслийг боловсруулахыг зөвшөөрнө. Харин сүрлэн боодлыг дүүргэгч байдлаар хэрэглэх тохиолдолд барилгын даацын бүтээцийг төсөллөхдөө “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”-ийн шаардлагыг баримтлана.
1.8 Өмчийн хэлбэрийг үл харгалзан сүрлэн боодлон ханатай барилга, түүний инженерийн шугам сүлжээнд ашиглалтын явцад үзлэг хийх зарчим, сэргээн засварлалт болон засвар, техникийн үйлчилгээ хийх ажлын дараалал ба бүрэлдхүүнийг энэ зааврын дагуу тогтооно.
1.9 Түүнчилэн сүрлэн боодлон ханатай барилга, түүний инженерийн шугам сүлжээ хугацаанаас нь өмнө элэгдэж хуучирахаас хамгаалах, ашиглалтын хэвийн нөхцөл болон барилгын бүтээц, инженерийн тоног төхөөрөмж, шугам сүлжээний найдвартай аюулгүй ажиллагааг хангах, барилга байгууламжийг зориулалтаар зөв зохистой ашиглах шаардлагыг тогтооход энэ зааврыг ашиглана.
2 Сүрлэн боодол бэлтгэх технологи
2.1 Сүрэл болон сүрлэн боодолд тавигдах ерөнхий шаардлага
2.1.1 Боодолд зориулсан сүрлийн урт нь 400 мм-ээс багагүй ба голч нь 3 мм-ээс ихгүй, чийгшил нь 18 %-иас ихгүй байна.
2.1.2 Боодолд бэлтгэсэн сүрлийн 80-иас багагүй хувийг 3 мм-ээс бага голчтой сүрэл эзэлж байх ёстой.
2.1.3 Барилгын өрөгт ашиглах сүрлэн боодлын урт нь 90 см ба өргөн нь 50 см, зузаан нь 35 см байна.
2.1.4 Сүрлэн боодлын хувийн жин нь 0.16 г/см3-аас багагүй ба чийгшил нь 18 %-иас ихгүй, дулаан дамжуулалтын илтгэлцүүр нь 0.15 вт/моС-ээс ихгүй байна.
2.1.5 Сүрлэн боодлын гадна хэмжээний хүлцэх зөрүү нь нэг боодолд дор дурдсан хэмжээнээс хэтрэхгүй байна.
Үүнд:
уртын дагууд + 10 см,
өргөний дагууд +5 см,
зузаанд + 3 см
2.2 Сүрлэн боодол бэлтгэх технологи ажиллагаа
2.2.1 Үр тарианы комбайн нь бухалдагчтай, сүрэл хэрчигчтэй гэсэн 2 байдлаар тоноглогдсон байх бөгөөд талбайд сүрлийг хэрчиж цацах буюу бухалдаж үлдээдэг.
Сүрлийг хаман боогчоор боож бэлтгэхдээ суурин буюу явуулын байдалд ажиллуулж болно.
2.2.2 Комбайнаар бухалдсан сүрэл нь нэг шугамд тавигдах ба түүнийг волокушаар татаж талбайн гадна талд цуглуулан нуруулдах буюу бухлыг томруулж болно. Ингэж цуглуулсан сүрлийг бооход хаман боогчийг суурин байдлаар ажилуулна.
2.2.3 Хаман боогчийг суурин байдлаар ажиллуулах үед сүрлийг хаман боогчид хийж өгөх, боосон сүрлийг зөөж нуруулдах, тээврийн хэрэгсэлд ачих үйлдлүүдийг гараар гүйцэтгэх ба нэг хаман боогчид 4-өөс 6 хүн ажиллана.
2.2.4 Комбайны бухалдагчын шалыг авч сүрлийг талбайд цувуулан хаяж болно. Энэ үед хаман боогчийг явуулын байдлаар ажиллуулан сүрлийг боож бэлтгэнэ.
2.2.5 Хаман боогчийг явуулын байдлаар ажиллуулах үед боосон сүрлийг цуглуулж тээвэрлэх, хадгалах газарт хүргэх, нуруулдах ажил хийгдэнэ.
2.2.6 Хаман боогчийг явуулын байдлаар ажиллуулж байгаа үед цас орохоос өмнө сүрлэн боодол бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэнэ.
2.2.7 Сүрэл боох ажлын бүтээлийн нормыг хүснэгт 1-д зааснаар авна.
2.2.8 Сүрлэн боодол бэлтгэх технологийн дарааллыг хүснэгт 2-д үзүүлэв.
2.2.9 Манай оронд өнөөгийн байдлаар ОХУ-д үйлдвэрлэсэн машин тоноглолыг сүрлэн боодол бэлтгэхэд өргөн ашиглаж байна. ППЛ-ОФ-1.6, ППЛ-ОФ-1.6Г, ПС-1.6 маркийн хаман боогчийг Беларусь, Украйн, ОХУ-д үйлдвэрлэсэн 55-80 морины хүчтэй МТЗ-50, МТЗ-80, МТЗ-510, ЮМЗ-6 маркийн трактортай агрегатлаж сүрлэн боодол бэлтгэнэ. Мөн бусад орны ижил төстэй машин механизмыг сүрлэн боодол бэлтгэхэд ашиглаж болно. Эдгээр машин механизм нь дараахь ажил, үйлдлийг гүйцэтгэнэ.
Үүнд:
-Тракторын хүчний салаалах голоос хаман боогчийн механизмууд нь эргэлт хөдөлгөөнөө авна. Мөн салаалах голд волокушийг угсарна.
-Хаман боогч нь мөрлөсөн сүрлийг хамаж авах, түүнийг дөрвөлжин хэлбэрээр шахаж боох, боосон сүрлийг тээврийн хэрэгсэлд дамжуулах буюу газарт унагах гэсэн технологийн үйлдлүүдийг гүйцэтгэнэ. Хаман боогчийн ард, боосон сүрлийг тээврийн хэрэгсэлд ачих зориулалтын төхөөрөмжийг угсарч болно.
-Волокуш нь сүрлэн бухлыг цуглуулан нуруулдах, бухлыг нэгтгэж томруулах, сүрлийг түрж хаман боогчид ойртуулж өгөх зориулалттай бөгөөд волокушийн өндрийг гидросистемээр удирдна.
2.2.10 Сүрлэн боодол бэлтгэдэг машин механизмын хүчин чадлыг тогтоосон нормд хүргэж ашиглахын тулд зохион байгуулалтын доорх арга хэмжээг авч ажиллууна.
-Техникийн үйлчилгээ, засварыг хугацаанд нь чанартай хийж, ажлын явцад техникийн сааталгүй ажиллуулах;
-Шатахуун, боох утсыг шаардагдах хэмжээгээр нөөцлөх;
-Сүрлийн нөөцийг бүрдүүлж, ажилчдыг багаж хэрэгсэлээр бүрэн хангах;
-Хаман боогчид сүрлийг тасралтгүй хийж өгөх, боосон сүрлийг нуруулдах ажлыг зохион байгуулах;
-Үйлчлэх ажилчдаас гадна трактор, хаман боогчийн хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй механикжуулагчийг ажиллуулах.
2.3 Сүрлэн боодол бэлтгэх технологийн чанарын хяналт
2.3.1 Сүрлэн боодолд чанарын хяналтыг MNS 5040:2005 стандартын дагуу хийнэ.
2.3.2 Сүрлэн боодлын чанарт гол анхаарах зүйл нь түүний чийгшилээс хамааруулан боодлын хувийн жинг тохируулах явдал юм.
Боодлын хувийн жинг чийгшилээс хамааруулж хүснэгт 3-т зааснаар авна.
2.3.3 Хэмжилтэнд орсон сорьцын аль нэгэн үзүүлэлт шаардлага хангаагүй байвал сорьцын тоог 2 дахин ихэсгэж уг үзүүлэлтээр дахин хэмжилт хийнэ. Дахин хэмжилтээр шаардлага хангахгүй байвал уг хэсгийн сүрлэн боодлыг хүлээж авахгүй.
2.4 Сүрлэн боодлыг тооцож хүлээж авах, хураах, хадгалах
2.4.1 Сүрлэн боодол бэлтгэх ажлын хамгийн хариуцлагатай бөгөөд төгсгөлийн шийдвэрлэх ач холбогдолтой үе нь боож бэлтгэсэн сүрлийг зөв тооцож хүлээн авч хадгалж хамгаалах явдал юм. Сүрлийг боож бэлтгэснээс хойш 7-гоос 14 хоногийн дараа чийгшлийн алдагдал багасаж хэвийн хэмжээнд хүрэх тул энэ хугацаанд сүрлийг тооцон хүлээн авах нь тохиромжтой.
2.4.2 Боож нуруулдсан сүрлийн жинг нуруунд орсон нийт боодлыг төлөөлж чадахуйц 20-иос доошгүй (нурууны сууриас дээш янз бүрийн хэсгээс авсан) боодол сүрлийг жигнэж дундажлаад нэг боодол сүрлийн дундаж жинг тогтоож нийт тоогоор нь үржүүлж олно.
2.4.3 Нуруулдсан сүрлэн боодлын нийт тоо тодорхойгүй үед түүнийг нурууны урт, өргөн, өндрийн үеийн тоог үндэслэн хүснэгт 4-ийг ашиглан тодорхойлно.
2.4.4 Сүрлэн боодлын нурууг аль болох тэгш төвгөр, өндөрлөг газар буюу бороо, үерийн ус урсаж орохооргүй газрыг сонгож байршуулна. Нуруулдахдаа нурууны суурь тавих газарт аль болохоор газраас хөндий банз, мод дэвсэж доогуур нь салхи орж агаарын солилцоо явагдах, чийг авсан тохиолдолд хаталт явагдах боломжийг хангаж өгөх хэрэгтэй.
2.4.5 Сүрлэн боодлын нурууг мал амьтнаас хамгаалсан зориулалтын хашаанд харуул буюу манаачийн хяналтанд хадгална.
2.4.6 Сүрлэн боодлыг цас, ус, бороо, мөсдөлт, тоос шорооноос хамгаалсан ус үл нэвтрэх бүтээлэгтэй тээвэрлэнэ.
2.4.7 Сүрлэн боодлыг тээврийн хэрэгсэлд ачиж буулгахдаа шат, тавцан хийж ашиглах, урт банз тавьж гулсуулах, ачиж байгаа тэвшний гол хэсэгт цонх үлдээж шаталж ачих зэрэг энгийн арга хэрэглэнэ.
3 Сүрлэн боодлон ханыг төсөллөх
3.1 Ханыг төсөллөх тооцооны үзүүлэлтүүд
3.1.1 Өрөгт бүтээцийн сүрлэн боодол нь MNS 5039 :2005 Барилгын өргийн сүрлэн боодолд зориулсан сүрэл, MNS 5040 : 2005 Барилгын ханын өргийн сүрлэн боодлын шаардлагыг хангасан байх ба энэ дүрмийн хүснэгт 5-д заасан үзүүлэлтийн дагуу байна.
Тайлбар:
1. Даацын ханын сүрлэн боодлын шахалтын зөвшөөрөгдөх эсэргүүцэл 0.18 кг/см2 байхад ханын босоо чиглэлийн дагуух харьцангуй суултын хэмжээ 0.03 см байна.
2. Сүрлэн боодлон өрөгт бүтээцэд хэрэглэх сүрлэн боодолд түүний гал тэсвэрлэх чанарыг дээшлүүлэхийн тулд галаас хамгаалсан нэвчилгээ хийсэн байх шаардлагатай. Галаас хамгаалж нэвчүүлэх хамгийн энгийн арга бол шавар буюу шохойн цийдмэгт дүрэх явдал юм. Шавар ба шохойн цийдмэгийн өтгөн шингэн нь хана тааз шохойддог шохойтой адил байна. Шохойнд 10л-т 1 кг давс хийж өгнө. Ийм цийдмэгтэй саванд сүрлэн боодлыг хийж 2 цаг байлгахад цийдмэг сүрлэн боодолд 5см-ээс 10см гүн нэвчих болно. Дараа нь боодлыг хатаана. Химийн бодисоор нэвчүүлэх арга бий. Үүнд: хүхэр хүчлийн аммони -20%, борын хүчлийн натрийн давс 5%, ус 75% авч найруулаад үүнд нэвчүүлж нэг болно. Бас нэг найрлагыг дурьдая. Үүнд, хүхэр хүчлийн аммони 20%, фосфорын хүчлийн натри -10%, фторт натри 2 % ус 68 % болно.
3.1.2 Бүх төрлийн сүрлэн боодлын өрөгт бүтээцэд үйлчлэх ачааны зөвшөөрөгдөх утгыг хүснэгт 6-д үзүүлэв.
3.1.3 Хүснэгт 6-д үзүүлсэн өрөгт бүтээцэд үйлчлэх ачааны зөвшөөрөгдөх утгыг дөр ханын хөндлөн огтлолын талбай 0.45 м2 буюу түүнээс бага байвал 20 хувиар бууруулж тооцоно.
3.1.4 Төвийн шахалтад ажиллах сүрлэн боодлон өрөгт бүтээцийн бат бэх нь (1) ба (2) нөхцлийг хангасан байвал зохино.
[Nба] = Nб.з.а · Lд.х ³ NТ; (1)
[Nх.а] = Nх.з.а · Lд.х ³ NТ; (2)
Энд:
- [Nба] -төвийн шахалтанд ажиллах сүрлэн боодлон өрөгт бүтээцэд үйлчлэх босоо чиглэлийн ачааны зөвшөөрөгдөх утга;
-[Nх.а] -сүрлэн боодлон өрөгт бүтээцэд үйлчлэх хэвтээ чиглэлийн ачааны зөвшөөрөгдөх утга;
-Nб.з.а ба Nх.з. а -сүрлэн боодлон өрөгт бүтээцэд үйлчлэх босоо, хэвтээ чиглэлийн ачааны зөвшөөрөгдөх утга, үүнийг 6 дугаар хүснэгтэд зааснаар авна;
-NТ – тооцооны ачаа;
-Lд.х - дөр ханын хөндлөн огтлолын хэмжээ, м2 -аар
3.1.5 Сүрлэн боодлон өргийг төвийн бус ачаалалд ажиллахаар зураг төсөл зохиохыг зөвшөөрөхгүй.
3.2.Зураг төсөл зохиоход баримтлах дүрэм
3.2.1 Сүрлэн боодлон хашилга ханатай барилгын модон каркасыг дараахь хэлбэрээр төсөллөнө. Үүнд:
- ханын гадна талын гадаргад байрлалтай багана (1-р зураг) бүхий;
- ханын дотор талын гадаргад байрлалтай багана (2-р зураг) бүхий;
- ханын гадна талд ил байрлалтай багана (3-р зураг) бүхий;
- ханын дотор талд ил байрлалтай багана (4-р зураг) бүхий зэрэг болно.
3.2.2 Даацын сүрлэн боодлон гадна ханатай барилгын их биеийг дараахь хэлбэрээр төсөллөнө.
Үүнд:
- гадна талын байрлалтай даацын сүрлэн боодлон ханатай;
- гадна талын байрлалтай даацын сүрлэн боодлон хана ба дотор талын (галын эгнээ) модон багана, дам нуруутай зэрэг болно.
3.2.3 Сүрлэн боодлон хашилга ханатай барилгыг тоосго болон бетон, төмөр
багана бүхий каркас эсвэл хучилтын шувуу нуруун татангатай төсөллөж болно.
3.2.4 Модон баганыг сүрлэн боодлон ханатай хоёроос цөөнгүй хэсэгт бэхлэх арга хэмжээ авна. Модон каркастай барилгын цонх ба хаалганы хайрцаг, цонхны тавцанг түүний хоёр талд босгох модон багананд бэхлэнэ.
3.2.5 Даацын сүрлэн боодлон ханатай барилгын цонх ба хаалганы хайрцгийг
ханын зузаантай адил өргөнтэй хийж болох бөгөөд энэ тохиолдолд хайрцагны дээд талыг даацын ялууг орлохоор хийнэ.
3.2.6 Шавардаж, шохойдсон сүрлэн боодлон өрөгт бүтээцийн гал тэсвэршилтийн зэрэглэл нь түүнтэй адил (шавардаж, шохойдсон) модон барилгын бүтээцтэй ижил байна.
3.2.7 Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханын зузаан 35 см-ээс багагүй байвал зохино.
3.2.8 Цаг уурын бүх бүсэд баригдах сүрлэн боодлон өрөгт бүтээцэн барилгын гадна, дотор талын шавардлагын зузаан 35 мм-ээс багагүй байна.
3.2.9 Сүрлэн боодлон даацын өрөгт бүтээцэд үйлчлэх ачааны зөвшөөрөгдөх утга нь 2-р хүснэгтэд заагдсан хэмжээнээс хэтрэхгүй байх бөгөөд дээвэр хучилтын ачааг ханын хөндлөн огтлолын төвд үйлчлэхээр төлөвлөнө.
3.2.10 Сүрлэн боодлон өрөгт бүтээцийн суурь (барилгын эргэн тойронд) газрын төвшинөөс дээш 20 см-ээс багагүй хэмжээгээр илүү гарсан байвал зохино.
3.2.11 Сууриас сүрлэн өрөгт бүтээцийн ханын доод хэсэг рүү ус чийг нэвчихээс хамгаалж суурь, ханын хооронд хэвтээ ус тусгаарлагчийг суурийн бүх уртын дагуу эргэн тойронд нь хийвэл зохино.
Хэвтээ ус тусгаарлагчийг дараахь байдлаар хийхийг зөвлөж байна. Үүнд:
- Шингэн шилний хольц бүхий 1:2 (цемент + элс) харьцаатай 3 см-ийн зузаантай цементэн зуурмаг
- Хар тосон түрхлэг дээр 2 үе хар цаасыг нааж хийх.
Ус тусгаарлагчийг хийх үедээ сууриас дээш гарсан босоо анкер баганын суурьтай нийлэх (арматур гаргасан) уулзваруудыг хар тосоор битүүмжилсэн байх шаардлагатай.
3.2.12 Сүрлэн боодлон өрөгт бүтээцийн ачаа хүлээж авах чадвар ба ханын тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн тулд сууринд дараахь арга хэмжээ авна. Үүнд:
а) А II (А300) ба III (А400) ангийн 14 мм-ээс багагүй голчтой босоо арматурыг (анкер) сууринд 20 см-ээс багагүй хэмжээгээр гүн суулгах бөгөөд сууриасаа дээш 30 см-ээс багагүй хэмжээгээр гаргаж өгнө. Эдгээр босоо анкеруудыг (7-р зураг) ханын хөндлөн огтлолын төвийн дагууд 600 мм-ээс ихгүй алхамтайгаар байрлуулна.
б) Суурийн анкерыг хаалга, цонхны нүхний ирмэг ба өргийн булангаас 0,3 м-ээс хэтрэхгүй зайд байрлуулна.
3.2.13 Сүрлэн боодлон өрөгт бүтээцийг өөр төрлийн материалаар хийсэн ханатай уулзах уулзвар хэсэгт дараахь аргууд буюу тэдгээртэй дүйцэх аргаар бэхэлж өгнө. Үүнд:
а) Сүрлэн боодол уруу 1,6 см-ээс багагүй голчтой 30 см-ээс багагүй урттай арматуран шилбийг багана, хаалга, цонхны хүрээ модонд урьдчилан гаргасан нүхээр шургуулж бэхлэх (8-р зураг) замаар өндрийн дагуу сүрлэн боодол тус бүрийг хэвтээ чиглэлд сүлбэж бэхлэнэ. Арматуран шилбэ ба модон шорыг ханын голд байрлуулж хийнэ.
б) Хэвтээ сүлбээрийн модон шорыг 4 см-ийн голчтой буюу 3х4 см-ийн огтлолтой хар модоор хийх ба түүний уртыг 50см –ээс багагүй байлгавал зохино.
в) Хуучин барилгын ханыг сүрлэн боодлоор дулаалах үед сүрлэн боодол бүрийг 4х4 см багагүй талуудтай 4 мм-ийн зузаантай хавтгай төмөр эсвэл 1.4 см-ийн зузаантай зоргодсон шахмал хавтан жийргэвч бүхий боолтоор бэхлэх буюу 3 мм-ийн голчтой цайрдсан төмөр утсаар сүрлэн боодлыг нэвт сүлбэж бэхэлнэ.
3.2.14 Найман баллын газар хөдлөлтийн бүсэд барих каркасан болон даацын сүрлэн боодлон ханатай барилгад сууриндаа 30 см орсон бөгөөд 1.6 см голчтой, 1.8 м-ийн алхамтай байрлуулсан ган арматураар хийсэн боолтоор сүрлэн боодлон ханыг бүс нуруутай холбож бэхэлнэ. 7 баллаас бага газар хөдлөлтийн бүсэд энэ бэхэлгээг 3 м-ийн алхамтай байрлуулна.
3.2.15 Сүрлэн боодлон өрөгт бүтээц нь дээврийн болон адрын хучилтын тогтмол ба түр зуурын ачааны үйлчлэлээр шахалтад ажиллах тул дээвэр, адрын хучилтын ачааг хүлээж авах ханын бүтээцийг суурьтай бэхлэх бэхэлгээний төрлөөс үл хамааруулан ханын шавардлагын ажлыг хийхээс өмнө боолт, татуургын оосруудыг сүрлэн боодлон өргийн шахагдаж суларсан хэмжээгээр дахин чангалах талаар зураг төслийн тайлбар бичигт зааж өгөх хэрэгтэй.
3.2.16 Даацын сүрлэн боодлон бүтээц нь дээд хэсэгтээ дээвэр ба хучилтын ачааг хүлээж авч сууринд дамжуулах үүрэг бүхий бүс нуруутай байх шаардлагатай.
Дээврийн ачаа хүлээж авах бүс нуруу нь ханын бүх уртын дагуу тасралтгүй хийгдэх бөгөөд бүс нурууг (9-р зураг) дараахь байдлаар төсөллөх шаардлагатай. Үүнд:
а) 5х15 см-ийн хөндлөн огтлолтой давхарласан банз-ыг хэвтээгээр нь ханын дээд талын гадна, дотор ирмэг дээр нь байрлуулна. Энэ хос 2 банзыг 180 см-ээс ихгүй зайнд 5х15 см ийн огтлолтой давхарласан банзаар хооронд нь холбож өгнө.
б) Мөн ачаа хүлээж авах бүс нурууны тэнхлэг нь сууриас дээш гаргасан анкерын арматуртай нэг шулуун дээр байхаар байрлуулна. Барилгын сууринаас гаргаж ханан дундуур нэвт сүлбэсэн 16 мм-ийн голчтой арматур (АIII)- ын төмөрт дээд модон бүсийг (бүс нуруу) тав тавьж сайтар бооно. Үүний тулд арматурын дээд үзүүрт эрээс гаргасан байвал зохино.
3.2.17 Даацын сүрлэн боодлон өрөгт бүтээцэд хаалга, цонхны (эхний) нүхийг барилгын булангаас 1 бүтэн сүрлэн боодлын уртаас багагүй зайд гаргах хэрэгтэй.
3.2.18 70 см-ээс бага өргөнтэй цонх, хаалганы нүхэнд тавих булан төмөр ялуу нь нүхний өргөнөөс 2 дахин урт байх бөгөөд хананд 60 см-ээс багагүй суусан байна. 70 см-ээс их өргөнтэй хаалга, цонхны хайрцгийг нь ачаа хүлээж авахаар хийвэл зохино.
3.2.19 Ялууг тэгш хэмтэй байрлуулах бөгөөд ялууны хөндлөн огтлолын даацын бат бэхийг хучилт, дээврээс үйлчлэх босоо чиглэлийн ачаагаар тооцсон байх шаардлагатай. Булангийн хана ба цонх хаалганы хоорондох дөр ханын бат бэх нь 3.1.4 -дүгээр зүйлийн (1); (2) нөхцлийг хангасан байхаар цонх, хаалганы нүхний өргөний хэмжээг тогтоосон байх шаардлагатай. Энэ нөхцөлд дөр хананд үйлчлэх босоо ачаа нь 6-р хүснэгтэд заасан зөвшөөрөгдөх ачааны хэмжээний 25 хувиас хэтрэхгүй байвал зохино.
3.2.20 Сүрлэн боодлон ханын ил гарах дээд тал нь ус чийгнээс хамгаалагдсан байх ёстой. Сүрлэн боодлон ханын дээд тал болон цонхны нүхний доорх хэсгийн өргийн дээд талд хийгдэх хэвтээ ус тусгаарлагчийг полиэтилен (гялгар цаас) буюу хар цаасаар (толь, пергамин) хийх тохиолдолд ханын дээд ирмэгээс доош 30 см-ээс багагүй хэмжээгээр унжуулж өгөх ба хар цаасыг хооронд нь 20 см-ээс багагүй зөрүүлж хийвэл зохино. Сүрлэн боодлон өргийг галаас хамгаалахдаа ил байх хэсэгт төмөр тортой шавардлага хийнэ.
Харин суурийн дээд талын сүрлэн боодлон ханыг ус, чийгнээс хамгаалахын тулд сүрлэн боодлон өргийн 1 ба 2 дугаар үеийн хооронд хар цаасыг 15 см-ээс багагүй хэмжээгээр хавчуулж нөгөө үзүүрийг суурийн дээд ирмэгээс доош 7 см-ээс багагүй хэмжээгээр унжихаар хийх шаардлагатай.
Ханын гадна, дотор талын нийт гадаргууд хар цаас болон ус, чийгнээс хамгаалах зориулалтын хар цаасаар босоо ус тусгаарлагч хийхийг зөвшөөрөхгүй.
3.2.21 Сүрлэн ханыг бусад материалаар хийгдсэн хийцүүдтэй холбоход тэр хэсгийн уулзварт жижиг нүхтэй хөшүүн төмөр тор тавьж торыг сүрлэн хана руу 20 см-ийн өргөнтэйгээр зөрүүлж ханын шавардлагын төмөр тортой холбож бэхлэсэн байвал зохино. Сүрлэн боодлон гадна ханыг дотор хамар хана ба хаалга цонхны хайрцагтай холбохдоо гадна ба дотор хананд байрлуулсан баганаар (каркас) дамжуулж гүйцэтгэнэ. Үүнд, модон шороор бэхлэнэ.
3.2.22 Ажлын зураг болон тайлбар бичигт дор дурьдсан зүйлүүдийг тусгасан байна.
Үүнд:
а) Сүрлэн боодол ба барилгад хэрэглэх бусад материалыг зохих стандарт болон БНбД-ын дагуу хэрхэн бэлдэх;
б) Сүрлэн боодлон ханын бат бэх болон хана таазны дулааны алдагдал (сийгэлт)-ыг барих явцад шалгах арга;
в) Сүрлэн боодлон өрөг ба барилгын бусад бүтээцийг гүйцэтгэх технологийн дараалал;
г) Барилгыг барих ба ашиглалтын үед гал түймрээс хамгаалах арга хэмжээ;
д) Сүрлэн боодлон ханыг өрж дээд модон бүсийг хийсний дараа сүрлэн ханын суултыг хангаж чангалах арга- зэрэг болно.
3.3 Газар хөдлөлтийн бүс нутагт барих сүрлэн боодлон өрөгт бүтээцэн барилгыг төлөвлөх онцлог
3.3.1 Газар хөдлөлтийн 7; 8; 9 баллын бүс нутагт барих мод, төмөр бетон, ган каркастай барилгад сүрлэн боодлон дүүргэгч хана; газар хөдлөлтийн 7; 8; 9 баллын бүс нутагт барих дан барилгын гадна хананд сүрлэн боодлыг даац хүлээж авахаар төлөвлөхийг зөвшөөрнө.
3.3.2 Газар хөдлөлтийн хэвтээ чиглэлийн ачааг тодорхойлохдоо газар хөдлөлтийн шинж чанараар I ба II, III ангилалын хөрстэй талбайд барих сүрлэн боодлон өрөгт бүтээцэн даацын ханатай барилгын динамик илтгэлцүүрийг газар хөдлөлтийн үйлчлэлийг тооцох аргачиллын дагуу тооцно.
3.3.3 Даацын сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханатай барилгын дотор талын (голын эгнээний) даацын бүтээцэд хучилт, дээврээс үйлчлэх ачааг хүлээж авах зориулалттай мод буюу төмөр бетон, ган багана, дам нуруу бүхий бүтээцийн систем хэрэглэхээр зураг төсөл зохиох шаардлагатай.
3.3.4 Сүрлэн боодлон өрөгт бүтээц бүхий барилгын уртын хэмжээ нь 1.5× В-ээс ихгүй байх шаардлагатай.
Үүнд: В-Барилгын өргөн, м
3.3.5 Газар хөдлөлтийн 8 баллас дээш чичирхийлэлттэй бүс нутагт барих каркасан барилгад газар хөдлөлтийн хэвтээ ачааг хүлээлгэх зорилгоор дагуу чиглэлд хоёр, хөндлөнд нэгээс цөөнгүй хавтгайд (хоёр баганын хоорондох хавтгай) 6мм-ээс багаггүй голчтой төмөр утсаар хэрээслэсэн татуурган диафрагма (10-р зураг) хийж өгнө.
3.3.6 Газар хөдлөлтийн бүс нутагт барих сүрлэн боодлон өрөгт бүтээцэн барилгын даацын ба даацын бус хана, хучилт, дээвэр, суурь бүс нурууг өөр хооронд нь бэхлэх бэхэлгээг энэ зааврын холбогдох зүйлийг баримтлан гүйцэтгэвэл зохино.
Модон шувуу нуруу ба татангын зангилаа, залгаасуудыг өөр хооронд нь болон тэдгээрийг бүс нуруутай боолтын тусламжтайгаар холбож бэхэлсэн байх шаардлагатай.
3.3.7 Газар хөдлөлтийн 9 баллын бүс нутагт барих сүрлэн боодлон даацын ханатай барилгын суурийг ханын дээд төвшинд хийгдэх бүс нуруутай хооронд нь энэ зааварт заагдсан (3.14) бэхэлгээн дээр нэмж ханын уртын дагууд 90 см-ээс ихгүй алхамтайгаар 0.2х19 мм-ийн хэмжээтэй бүс төмөр, эсвэл 6 мм-ийн голчтой төмөр утсан татуургаар татаж нэмэлт бэхэлгээ хийвэл зохино. Энэхүү татуургыг бэхлэх зорилгоор суурийн бетонд дэгээ сэнж (гогцоо, нүх) бүхий зэргэлдээ хоёр анкерийг гадна татуурга байрлах газруудад урьдчилан гаргаж өгсөн байна.
3.3.8 Сүрлэн боодлон өрөгт бүтээц бүхий даацын ба даацын бус ханатай барилгад ваар болон бусад төрлийн хүнд жинтэй материалыг дээвэрт хэрэглэхийг хориглоно. Адрын хучилтын дулаалгад 125 кг/м3-ээс бага жинтэй эрдэс, шилэн хөвөн материал ба 140 кг/м3 –ээс багагүй хувийн жинтэй сүрлэн боодол хэрэглэх бөгөөд агаар нэвтрэх, ус чийгнээс бүрэн хамгаалагдсан байх шаардлагатай. Хэрэв адарт сүрлэн боодлоор дулаалбал зүйж тавьсан сүрлэн боодлын дээд гадаргыг (ил харагдах) 3 см зузаан шавраар бүрж галаас хамгаална.
3.3.9 Газар хөдлөлтийн бүс нутагт барих даацын ба даацын бус ханатай сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханатай барилгын суурийг газрын гадаргуугаас доош 1.5 в-ээс багагүй гүнд суулгавал зохино. Үүний: в-суурийн өргөн, м;
3.3.10 Газар хөдлөлтийн бүс нутагт барих сүрлэн боодлон дүүргэгч ханатай барилгад бага гүнтэй цутгамал төмөр бетон шугаман суурь төлөвлөх үед баганыг (модон) суурийн дээд талд байрлуулсан анкер төмрийн тусламжтайгаар хөшүүн байдлаар боож бэхлэхээр зураг төсөл зохиох шаардлагатай.
3.4 Дулаан, цахилгаан, усан хангамж ба ариутгах татуургын сүлжээг төлөвлөх дүрэм
3.4.1 Сүрлэн боодлон ханатай барилгын дулааны хангамжийг ханан пийшин барих, эсвэл нам даралтын усан халаалтын зуух тавих аргаар шийдвэрлэнэ.
3.4.2 Ханан пийшин ба түүний зуухны суурийг хамтад нь торон арматур тавьж бетоноор цутгаж хийнэ. Хөрсний ус 3 м-ээс доош байгаа болон овойлтгүй хөрсөнд ханан пийшин ба түүний зуухны суурийг барилгын сууриас тусад нь (барилгын суурьтай холбохгүй) байрлуулж болно.
3.4.3 Хөрсний усны төвшин хөрсний хөлдөлтийн гүний дотор байгаа болон овойлттой хөрсөнд ханан пийшин ба түүний суурийг барилгын аль нэг тэнхлэгийн төмөр бетон суурьтай холбож пийшингийн жинг барилгын сууринд өгөх зарчмаар төсөллөнө.
3.4.4 Ханан пийшин ба түүний зуух, янданг улаан тоосгоны хэвтээ үеэр өрнө. Өөрөөр хэлбэл 12 см зузаантай өрнө. Босоо үеэр өрөхийг хориглоно. Ханан пийшин ба яндан нь шавардлага бүхий сүрлэн боодлон хананаас 25.0 см-ээс багагүй зайтай байх хэрэгтэй. Хэрэв сүрэл буюу модон хананд ханан пийшин ба янданг шахаж өрөхөөс аргагүйд хүрвэл хана яндан хоёрын завсраар асбестэн картоныг 4 өөс- 5 давхарлан хавчуулах буюу шавар нэвчүүлсэн 5 давхар эсгийгээр тусгаарлан гал түймрээс хамгаална.
3.4.5 Янданг цагаан тоосго болон үнсэн гулдмайгаар өрөхийг хориглоно. Сүрлэн боодлон хана болон адрын дулаалгатай байшинд барих утааны янданг тэрхүү сүрэл ба модон эдлэхүүнд ойртох хэсэгт нь тоосгыг нь 25 см-ээс багагүй зузаан байхаар зузааруулж өрнө.
3.4.6 Сүрлэн дулаалгатай модон хучилтын дотуур гаргах асбестэн буюу ган яндангийн эргэн тойронд 38 см зузаан элс эсвэл 25 см үнсэн хамгаалалт хийж өгнө. Усан халаалтын нам даралтын зуухыг барилгынхаа зохимжтой хэсэгт байрлуулж сүлжээнд холбоно. Ингэхдээ гал түймрээс (халах, цонох) хамгаалах бүх арга хэмжээг энэ зааварт заасны дагуу авч хэрэгжүүлнэ.
3.4.7 Барилгын дотор талын цахилгааны сүлжээнд гал түймрээс хамгаалах хэрэгсэл болгож автомат салгуур тоноглоно.
3.4.8 Цахилгааны утсыг шавардлагад далдалж дундуур нь явуулах эсвэл ил угсрах зарчмаар гүйцэтгэнэ. Харин сүрлэн хананд наалдуулж угсрах болон ханан дундуур нэвт гаргах тохиолдолд зориулалтын нийлэг эсвэл ган янданд сүвлэж тавина.
3.4.9 Цахилгааны залгуур, унтраалга, салаалга мэтийн жижиг хэрэгслийг бэхлэхийн тулд сүрлэн хананд модон шаантаг буюу хавчуулга тогтоох эсвэл зориуд зузааруулж шавардсан хэсэгт төмөр үүр (хайрцаг) бэхлэж өгнө.
3.4.10 Ус хангамжийн болон халаалтын сүлжээний шугам хоолойг хананд тулгаж угсрахыг хориглоно. Шугам хоолойн болон бусад жижиг хэрэгслийг хананд тогтоохдоо сүрлэн хананд модон шаантаг буюу модон хавчуулга тавьж түүнд бэхлэнэ.
3.4.11 Ариутгах татуургын шугам ба тоног хэрэгслийг барилгын ажлын зурагт заасны дагуу тоноглож угсрана. Бохир усны янданг эхлээд олсоор сайтар чигжсэний дараа нарийн элс бүхий цементэн зуурмагаар дүүргэж чигжээд араас нь хар тосоор нялж тусгаарлана.
3.4.12 Усны тосгуургыг сүрлэн боодлон хананд бэхлэхдээ, модон шаантаг эсвэл модон хавчуулга түүнчилэн зориуд босгосон модон багананд эрэгдэж тогтооно. Тосгуур, усны онгоц, жорлонгийн суултуур байрлсан ариун цэврийн өрөөний ханыг гялгар хавтангаар өнгөлж ус, чийгнээс хамгаална.
3.4.13 Байшингийн шалны сүрлэн дулаалгад бохир ус алдаж чийгтүүлэхгүйн тулд ариун цэврийн өрөөний шаланд наамал ус тусгаарлагч хийж дээрээс нь шаазан хавтанцараар өнгөлнө.
4 Сүрлэн боодлон ханатай барилгыг барих технологи, чанарыг дүгнэх дүрэм
4.1 Модон каркасыг барих технологи
4.1.1 Сүрлэн боодлон хашилга ханатай барилгын модон каркасан баганыг шугаман сууринд дараахь аргаар бэхлэнэ. Үүнд:
- шугаман сууринд урьдчилж гаргасан 10 см гүн нүхэнд баганыг суулгаад 20 см гүнд бэхэлсэн чих анкераар (2-р зураг) баганыг хоёр талаас нь хашиж эрээстэй хадаасаар бэхлэх;
- шугаман сууринаас гаргасан анкерт боож бэхэлсэн ул модонд ул баганыг амлан углуургадан суулгаад хоёр талаас нь “Т”; “Г”; эсвэл -трапец хэлбэрийн төмрөөр дарж эрээстэй хадаасаар бэхлэх (11-р зураг) – зэрэг болно.
4.1.2 Модон баганыг дээд хүрээ модтой болон багана хоорондын хөндлөн тушаатай (цонх, хаалганы) холбоход ч мөн саяын дурьдсан аргаар бэхлэнэ.
4.1.3 Каркасанд ирэх хэвтээ ачааг хүлээж авах төмөр утсан татуурган диафрагмыг (10-зураг) дараахь дарааллаар гүйцэтгэнэ. Үүнд:
- татуурга бэхлэх сэнж бүхий анкерыг суурь цутгах үед зохих газарт нь байрлуулсан байх;
- диафрагмын хавтгайн дээд хүрээ модыг өрөмдөн цоолж доороо мөн сэнжтэй анкеран боолт (боолтыг татах чиглэлийн дагуу байрлуулах) бэхлэх;
- татуурга төмөр утсыг диогналын чиглэлд чангалах шурган паракофыг бэлдэх;
- диафрагмын хавтгайн диогналын чиглэлд хэрээслэн чангалах төмөр утсыг доод ба дээд сэнж түүнчилэн паракофын сэнжинд оруулан мушгиж бэхлэх;
- төмөр утсыг парокофаар чангалж татах –зэрэг болно.
4.2 Сүрлэн боодлон өргийг гүйцэтгэх технологи
4.2.1 Сүрлэн боодлон өргийг гүйцэтгэж эхлэхээс өмнө доор дурьдах бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг шалгана. Үүнд:
- барилгын суурийн ба хэвтээ ус тусгаарлах ажил бүрэн гүйцэд дууссан байх;
- хананд хэрэглэх бүх сүрлэн боодлыг MNS5040:2005- стандартын шаардлагын дагуу хэмжин шалгаж хүлээж авсан байх;
- модон каркасын ажил дуусч түүнийг хүлээж авсан байх;
- зөөврийн хөнгөн шат ба угсармал ванданг бэлэн болгох;
- сүрлэн боодлыг галд тэсвэржүүлэх арга хэмжээг хийж дуусгасан байх;
- хаалга ба цонхны хайрцаг нь бэлэн болсон байх;
- сүрлэн боодлон хана өрөх ажилчид ба шаардагдах бүх төрлийн багаж тоноглолыг иж бүрдүүлж бэлэн болгосон байх – зэрэг болно.
4.2.2 Суурийн дээд талын хэвтээ ус тусгаарлалтыг дараахь дараалал ба технологиор гүйцэтгэнэ. Үүнд:
- цутгамал суурийн дээд талд 2 см-ээс 5 см хүртэл зузаан цементэн зуурмагаар тэгшилгээ хийнэ;
- цементэн тэгшилгээн дээр 1-ээс 2 үе хар цаас нааж хэвтээ ус тусгаарлалт болгоно;
- сууриас дээш цухуйсан анкер ба багана анкер бүхий доод хэсгийг мөн хар тосоор будаж өгнө.
4.2.3 Суурийн дээд талд хамгийн зөв хэлбэртэй эвдэрч гэмтээгүй сүрлэн боодлоор анхны үеийг өрнө. Анхны үеийн сүрлэн боодлыг сууриас дээш цухуйсан арматуран анкерт шургуулж (1; 2; 3; 4; 5-р зураг) нягт шахаж нийлүүлж өрнө.
4.2.4 Ханын буланд заавал бүтэн сүрлэн боодол тавих бөгөөд булангийн 2-оос 3 үе тудамд булан гаргаж нийлж байгаа сүрлэн боодлыг дараахь бэхэлгээний (12-р зураг) аль нэг хэлбэрээр нь бэхлэж явна. Үүнд:
- 6мм-ийн голч бүхий торон арматурын хоёр захыг 5 см-ын өндөртэй нугалаад нугалсан талыг нийлж буй хоёр боодол уруу шигтгэн тавих;
- 6-гаас 8 мм-ийн голчтой хоёр төмөр скобоор нийлж буй сүрлэн боодлыг сүлбээрдэн шигтгэж бэхлэх;
- хэрэв буландаа баганатай бол сүрлэн боодлыг баганы харалдаа хоёр талаар нь сүрэлний зүүгээр нэвт хатган төмөр утас буюу нийлэг утсаар баганатай нь барьж боох зэрэг болно.
4.2.5 Даацын хананд сүрлэн боодлыг хэвтээгээр нь ам дарах байдлаар өрөх бөгөөд ам даралтыг боодлын уртын хагастай тэнцүү хэмжээгэээр гаргавал зохино.
Даацын бус нэг эгнээ хананд сүрлэн боодлыг хэвтээ буюу босоогоор ам дарах байдлаар өрөх ба ам даралтыг 30 см-ээс багагүй хэмжээгээр хийнэ.
Даацын ба даацын бус ханатай үед сүрлэн боодлуудын хооронд гарах босоо завсрыг хэрчсэн сүрэл (ноос, хялгас, олс гэх мэт) хольсон 1:0,3:3 (шавар + шохойн лагшин + элс)-ийн харьцаатай шавар шохойн зуурмагаар сайтар, нягт чигжих хэрэгтэй.
4.2.6 Даацын ба даацын бус ханатай барилгын сүрлэн боодлон өрөгт бүтээцийг дараахь дэс дараалалаар бэхлэнэ. Үүнд:
а) Сүрлэн боодлын эхний үеийг сууриас гарсан босоо анкер арматуранд сүвлэж угсарч өрөх;
б) Сүрлэн боодлыг өндрийн дагуу 4 үе өрсний дараа 4 үеийг нэвт сүлбэхүйц урттай, 14 мм-ийн голчтой арматуран шилбэ буюу 4 см-ийн голчтой эсвэл
3.6х3.6 см-ийн хөндлөн огтлол бүхий модон сүлбээрээр 1 боодолд 2 ноогдохоор боодлын захаас 13 см-ээс багагүй зайнд нэвт сүлбэнэ. Ханын уулзвар ба буланд энэ хэмжээ хадгалагдна. Тав дахь үеийн дараа дахин сүлбээрэгдэхдээ мөн 4 үеийг нэвт хатгана. Ийнхүү бүх ханыг өндрийн хувьд сүлбээрэгдэж дуусгана. Сүлбээр арматуруудын байрлалыг сууриас гаргасан анкер арматуртай зөрж байрлахаар хийнэ.
в) Даацын ханын булангуудад зөвхөн бүтэн сүрлэн боодол хэрэглэнэ.
г) Арматуран шилбэ ба модон гадсыг хаалганы нүхнэс 30 см-ээс ихгүй зайнд байрлуулж сүлбэнэ.
4.2.7 Захиалагчийн хүсэлт нь зураг төсөлд тусгагдаагүй нөхцөлд сүрлэн боодлон өрөгт бүтээцийн даацын ба даацын бус ханын ачаа хүлээж авах чадварыг сулруулах нүх ба ховил, хоргыг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр гаргахыг хориглоно.
4.2.8 Өргийн ажил гүйцэтгэх хугацаанд өрөгт хэрэглэх сүрлэн боодлуудыг норж, чийгтэхээс хамгаалах арга хэмжээ авсан байна.
4.2.9 Ажлын завсарлагааны үед сүрлэн боодлоор өрсөн өргийн дээд эгнээн дээр задгай сүрэл дэвсэж орхин, ажлын завсарлагааны дараа дэвсгэрийг авч өргийг цааш үргэлжлүүлэн хийнэ. Бороотой үед өргийн дээд талыг уснаас хамгаалж, ус үл нэвтрүүлэх материалаар бүтээнэ.
4.2.10 Өргийг хэсэгчлэн тасалж өрөх шаардлагатай үед налуу шатлалтайгаар гүйцэтгэнэ.
4.2.11 Салхитай үед сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханын өргийг өрөхдөө нурахаас хамгаалж түр бэхэлгээ хийж байвал зохино.
4.2.12 Өргийн булан, ирмэгийн эгц босоо болон түүний эгнээний тэгш байдлыг өргийг гүйцэтгэх явцад 2 үе тутам шалган илэрсэн зөрчлийг засаж гүйцэтгэх хэрэгтэй.
4.2.13 Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн өрөгт гарах ам даралтыг зураг төсөлд заасны дагуу гүйцэтгэнэ. Ханын өрөгт босоо заадсыг зураг төсөлд тусгасны дагуу сайтар чигжиж нягт нямбай хийвэл зохино. Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн хана өрөх үед боодлуудын хооронд 10 см-ээс их хэмжээтэй завсар гаргаж болохгүй.
4.2.14 Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханыг өөр төрлийн материалаар хийсэн ханатай уулзах уулзварт дараахь байдлаар бэхлэнэ.
Үүнд:
- Зураг төсөлд өөрөөр заагаагүй бол сүрлэн боодол уруу 1.6 см-ээс багагүй голчтой, 30 см-ээс багагүй хэмжээгээр суухаар арматуран шилбээр хийсэн шорыг ханын өндрийн дагуу хэвтээ чиглэлд багананд гаргасан нүхээр шургуулж сүрлэн боодол болгоныг бэхлэнэ.
- Эсвэл сүрлэн боодол уруу 30 см-ээс багагүй хэмжээгээр орохуйц урттай 4 см голчтой буюу 3х4 см-ийн хөндлөн огтлол бүхий хатуу модоор хийсэн модон шорыг ашиглаж болно.
Хуучин барилгын ханыг сүрлэн боодлоор дулаалах үед сүрлэн боодол бүрийг 2 ба түүнээс цөөнгүй газарт хуучин ханатай нь бэхлэнэ.
4.2.15 Дээвэр ба хучилт, ханын өөрийн жингээс ирэх ачааны үйлчлэлээс сүрлэн боодлон хананд суулт үүсэх тул дээвэр ба хучилт, дулаалга хийснээс хойш 40 хоногийн дараа заслын ажлыг хийвэл зохино. Заслын ажлыг хийхээс өмнө бэхэлгээ ба боолтыг шахагдаж суларсны хэмжээгээр дахин чангалах шаардлагатай. Үүний тулд дотор татуургын боолтын эрээс ба гадна татуургын эрээс түүнийг чангалагч муфтийн (паракоф) дотор эрээсийг нилээд урт алхамтай (нөөцтэй зай) бэлтгэсэн байна.
4.2.16 Сүрлэн боодлон өрөгт бүтээцэн ханын гадна ба дотор гадаргууг цохилтоос үүсэх гэмтэл, гал, ус чийгний удаан үйлчлэлээс хамгаалах шавардлагыг дараахь байдлаар хийх шаардлагатай.
Шавардлагын гадаргууд бэлтгэл үе хийхийн өмнө ханын дотор, гадна талд шавардлагын төмөр тор байрлуулж тэдгээрийг сүрлэн боодлон эгнээ бүрт хэвтээ чиглэлд 25…30 см-ийн зайнд төмөр утсаар бэхэлсэн байх шаардлагатай.
Шавардлагыг бэлтгэл, дэвсгэр, өнгөлгөө гэсэн 3 үеэр хийх ба эхний үеийг хатсны дараа дараагийн үеийг хийх технологийн дэс дарааллаар гүйцэтгэнэ.
4.2.17 Энэ зааврын 3 ба 4-р бүлэгт (3.2.14) заасан ханын дотор талын төмөр татуургыг хана өрөх явцад дараахь байдлаар өндөрлөж явна.
Үүнд:
- Энэхүү төмөр татуургыг 16 мм голчтой гөлгөр гадаргатай арматурын төмрөөр ханын өндөрт тохируулж гурав хувааж бэлднэ;
- Эхний хэсгийг 1,5 м орчим урт төмрөөр бэлдэж суурьт суух үзүүрийг 5 см нугалж суурийн бетонд 25 см-ээс 30 см гүнд суулгана;
- Дотор татуургын энэ төмрийг хана өндөрлөх тутам мөн өндөрлөж явна;
- Эхний хоёр үе сүрлэн боодлыг уг төмөрт сүвлэж өрсний дараа татуургын төмрийг дээш нь залгаж өндөрлөх шаардлагатай болно. Залгаасыг муфтэн эрээсээр гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл төмрийн эрээсийг урьдчилан бэлдсэн байх бөгөөд залгаас нь дотор талын далд эрээсээр хийгдэх тул залгаасны дараа уг төмөрийн холбоос ижил голчтой байх тул сүрлэн боодлыг сүлбэхэд хүндрэл учруулахгүй байх болно;
- Төмрийг зургийн дагуу ханын дээд бүс нуруунаас 5см-ээс 10 см өндөр илүү гарч байхаар тохируулах бөгөөд энэхүү дээд (гуравдагч) хэсэг нь 10 см-ээс 15 см чангалж болох эрээсэн төгсгөлтэй байна;
- Ханыг өрж дуусаад дээд бүс нуруун дээр мод болон төмөр жийрэг тавьж уг татуургыг чангалж бооно.
4.2.18 Зааврын 3.3.7–р зүйлд заасан гадна хана татуургыг дээд бүс нуруун дээгүүр тохож (9-р зураг) ханын хоёр талаар унжуулж сууринд урьчилж гаргасан сэнжинд оруулж хоёр паракофоор зэрэг (ханын хоёр талд) чангална. Чангалах арга ажиллагаа нь энэ зааврын 4.1.3-р зүйлд заасантай ижил байна.
4.2.19 Сүрлэн боодлыг таллан хуваахдаа дараахь байдлаар гүйцэтгэнэ.
Үүнд:
-эхлээд хуваах хэмжээгээ сүрлэн боодол дээр тэмдэглэнэ;
-тэмдэглэсэн зураасан дээрээ гурван хэсэг газарт сүрэлний зүүгээр боодлын утас сүвлэж өрөгт хэрэглэх хэмжээ бүхий тал боодлыг чангалан бооно.
-Энэ үе хүртэл сүрлэн боодлын анхны уяа таслагдалгүй хэвээр байх бөгөөд одоо түрүүчийн боосон уяагаа гэмтээлгүй сүрлэн боодлыг хөрөөдөхөд шинэ боодол бий болох бөгөөд боогоогүй нөгөө тал нь задрах болно. Ер нь хоёр талыг хоёуланг боогоод дундуур нь хөрөөдөж ч болдог байна.
4.3 Шал ба адарт сүрлэн боодлоор дулаалга хийх технологи
4.3.1 Шалан доор сүрлэн боодлоор дулаалга хийхийн тулд суурийн дээд төвшингөөс доошхи хөрсийг 50 см-ээс 60 см гүн ухаж авсан байна. Ухсан газрын гадаргыг нэлэнхүйд нь нүдэх буюу доригуурын аргаар сайтар нягтруулна.
4.3.2 Ийнхүү нягтруулсан газар дээр 7 см-ээс 10 см зузаантай бетон цутгаж нягтруулан дээд өнгийг тэгшилж төмөр нийвийгээр илж өгнө.
4.3.3 Дулаалгын доорх бэлтгэл бетоныг цутгасанаас хойш 7-гоос цааш хоногт суурийн дотор гадрага ба мөнөөх бетон бэлтгэлийг хар тосоор будаж уснаас хамгаална.
4.3.4 Дулаалгын сүрлэн боодлыг хананаас болон өөр хооронд нь 5 см зайтай өрж тавиад тэрхүү 5 см- ын зайг бетон хольцоор дүүргэж цутгаад арматурын төмрөөр олон удаа бүлж нягтруулна. Ингэхэд шал нэлэнхүйдээ сүрлэн боодлоор дулаалагдсан байна.
4.3.5 Хулдаас болон хивсэнцэр шал хийх тохиолдолд сүрлэн боодлон дулаалган дээгүүр 10 см зузаантай бетон цутгаж нягтруулан дээд өнгийг тэгшлэнэ. Ингэхэд ерөнхийдөө бетон шал бий болно. Харин модон шал хийх бол сүрлэн боодлын хөндлөн чиглэлийн тууш босоо зайг бетоноор цутгаж дүүргэхдээ түүнд дэр модыг суулгана.
4.3.6 Дээврийн хөндий буюу адарт сүрлэн боодлоор дулаалга хийхээс өмнө модон таазан дээр нэг үе хар цаас дэвсэж уур тусгааралалт болгоно.
4.3.7 Энэхүү хар цаасан дээр сүрлэн боодлоо хооронд нь маш нягт наалдуулж зулж тавихад адрын дулаалга болно. Хучилтын дам нуруу ба модон татангын хооронд сүрлэн боодлоор тэрхүү модны хэмжээгээр сүрлэн боодлын хооронд зай гарна. Энэ зайг болон боодол хоорондын анг сүрэл буюу хатсан ногоон өвсөөр сайтар чигжиж сүрлэн боодолтой нь адил болгож тэгшлэнэ.
4.3.8 Шаардлагатай гэж үзвэл сүрлэн боодол дээгүүр 2 см–ээс 3 см зузаан хуурай шар шавар цацаж давхар хамгаалалт болгож болно.
4.4 Сүрлэн боодлон өрөгт бүтээцийг барьж дуусгасны дараа хүлээн авахад тавих чанарын шаардлага
4.4.1 Сүрлэн боодлон өрөгт бүтээцийг барьж дууссаны дараа дараахь байдлаар чанарын шалгалт хийж акт бичиж барилгын хувийн хэрэгт хадгална.
Ажлын чанарыг шалгахад хөрөнгө гаргагч буюу захиалагч нь толгойлон санаачилж ажиллах бөгөөд зураг төслийн (хэрэв зураг төсөлтэй бол) ба гүйцэтгэгч байгууллагын (албан ёсны гүйцэтгэгчтэй бол) төлөөлөгчдийг байлцуулана. Хөрөнгө гаргагч эзэн хүн өөрөө бие дааж аж ахуйн аргаар барьсан бол ажлын чанарыг энэ дүрэмд (4.4) заасны дагуу хэмжин шалгаж үнэлгээ өгч акт үйлднэ. Үүнд барилгын инженерийн мэргэжлийн туслалцаа авч болно.
4.4.2 Сүрлэн боодлон өрөгт бүтээцийг дараахь байдлаар хэмжин шалгаждүгнэлт өгнө. Үүнд: сүрлэн ханыг өрж эхлэхээс өмнө сууринд гаргах ёстой төмөр анкерууд нь зургийн дагуу буюу энэ зааварт заасан нэр төрөл ба хэмжээндээ байгаа эсэхийг тоолж үзэх бөгөөд зай хэмжээг нь метрээр хэмжин шалгана;
- суурийн дээд талын хэвтээ ус тусгаарлалтын хар цаас гүйцэт наагдсан эсэх болон төмөр анкерууд ба модон баганы доод хэсгийг хар тосоор гүйцэд будсаныг үзлэгээр шалгана;
- модон багана нь зурагт заагдсан хэмжээндээ тавигдсан эсэхийг зурагтай нь тулган метрээр хэмжиж шалгана. Багана ба дээд хүрээ модны хоорондын холбоос бэхэлгээг найдвартай гүйцэтгэсэн болон эрэг боолтыг гүйцэд хийсэн эсэхийг үзлэгээр шалгана;
- сүрлэн боодлон өргийн босоо ан нь үе бүрт давхцаагүй байх ёстой. Сүрлэн боодлон анг чигжсэн байдлыг шалгахдаа модон сүлбээрэг буюу 1 см- ын голчтой арматур төмрөөр чигжээс ба сүрлэн боодлыг бүлж үзэхэд ижил нягттай байвал зохино. Өөрөөр хэлбэл сүлбээрэг буюу арматур, ан ба боодолд ижил гүнд зоогдож байх ёстой;
- шавардлагын төмөр торыг боодлын эгнээ бүрт 25-см-ээс 30 см-ээс холгүй зайтайгаар сүлбэж бэхэлсэн эсэхийг метрээр хэмжиж тогтооно.
4.4.3 Ажлын чанарыг тогтоох хэмжин шалгалтаар гарсан алдааг тэмдэглэж аваад даруй засах арга хэмжээ авна. Албан ёсны зураг төсөл ба гэрээт гүйцэтгэгч байгууллагаар барилга бариулсан нөхцөлд газар дээр нь шийдвэрлэж болхооргүй алдаа мадаг гарах эсвэл барилга ашиглалтад орсны дараа ямар нэгэн ноцтой согог илэрбэл хууль хяналтын байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлнэ.
5 Сүрлэн барилга ба түүний инженерийн шугам сүлжээний ашиглалт
5.1 Ашиглалтын ерөнхий дүрэм
5.1.1 Сүрлэн боодлон ханатай барилгын өрөө тасалгаа болон бүтээц, инженерийн шугам сүлжээг өөрчлөн ашиглах тохиолдолд ашиглалтын хэвийн нөхцлийг нь хангагч байгууллагаас нь зөвшөөрөл авч зөвхөн зураг төслийн эрх бүхий байгууллага, эзэмшигчийн хамтарсан шийдлийн үндсэн дээр нэмэлт арга хэмжээг авна.
5.1.2 Сүрлэн боодлон ханатай барилга түүний инженерийн шугам сүлжээг зориулалтын дагуу ашиглах ба ашиглалтын хэвийн нөхцөл болон хүний эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдлыг байнга хангах нь хангагч, ашиглагч, эзэмшигч байгуулга, аж ахуйн нэгжийн үндсэн үүрэг мөн.
5.1.3 Сүрлэн боодлон ханатай барилга, түүний инженерийн шугам сүлжээний ашиглалт, аюулгүй ажиллагаа болон энэхүү зааврын мөрдөлтөнд хот, орон нутгийн засаг захиргааны байгууллагын барилгын асуудал хариуцсан ажилтан түүнчилэн мэргэжлийн хяналтын газар, гал түймрийн улсын хяналтын байцаагч нар хяналт тавина.
5.1.4 Ердийн нөхцөлд ашиглах шавардлагатай даацын ба даацын бус сүрлэн боодлон ханатай барилгын эдэлгээний хугацаа 30-иас дээш жил байна.
5.2 Сүрлэн боодлон ханатай барилга түүний инженерийн шугам сүлжээнд хийгдэх техникийн үйлчилгээ
5.2.1 Сүрлэн боодлон ханатай барилга түүний инженерийн шугам сүлжээний ашиглалтын үед хийх үзлэг нь эдэлгээний хугацааг уртасгаж, ашиглалтын хэвийн нөхцлийг хангахаас гадна хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилготой.
5.2.2 Сүрлэн боодлон ханатай барилга түүний инженерийн шугам сүлжээнд ашиглалтын үед хийх үзлэгийг ашиглалт хариуцсан байгуулга буюу байшингийн эзэн зохион байгуулна.
5.2.3 Сүрлэн боодлон ханатай барилга түүний инженерийн шугам сүлжээг хугацаанаас нь өмнө элэгдэхээс хамгаалах, үүссэн гэмтлийг тухай бүр засварлах зорилгоор үзлэгийг хийх ба дор дурдсан барилга байгууламжийн техникийн үйлчилгээний үндсэн ажлын жагсаалтыг зөвлөмжийн чанартайгаар ашиглана.
5.2.3.1 Барилга байгууламжийн техникийн үйлчилгээний үндсэн ажлын жагсаалт
Салангид бүрдэл хэсэг ба өрөө тасалгааны үзлэгийг явуулахад гүйцэтгэх ажлууд:
Ус түгээх ба бохир ус татуургын системийн бага зэргийн эвдрэл гэмтлийг арилгах (усны цоргоны жийргэвчийг солих, изгон чангалах, бөглөө гаргах, усны савыг цэвэрлэх, сантехникийн хэрэгслүүдийг бэхлэх, сифон цэвэрлэх, холигч дахь бөглөөс цорго цэвэрлэх, жийрэг шахах, хөвүүр солих, хэлтэй болон бөмбөлгөн хавхлагын хаймран жийргэвч солих, хязгаарлах төхөөрөг ба усны савыг хагнаас цэвэрлэх гэх мэт) байрлал нь алдагдсан тоног хэрэгсэл ба шугам хоолойг бэхлэх.
Төвлөрсөн дулааны болон халуун усан хангамжийн систем дахь бага зэргийн эвдрэл гэмтлийг арилгах (гурвалсан цоргоны тохируулга, жийрэг шахах, дулаан тусгаарлагчид хийх жижиг засвар, гэх мэт; цоорсон ган радиатор солих, хий хураагуур, бохир тогтоогч, даралт хэмжүүр, тэгшитгүүр, тохируулагч цорго, хаалтуур, хаалтыг шалгах, засах цэвэрлэх; тулгуур төмрийн хагнаас цэвэрлэх гэх мэт; багаж хэрэгслүүдийг дамжуулах шугам хоолойд холбогдох хэсэгт нь бэхлэх, мөн дамжуулах шугам хоолойг бэхлэх).
Цахилгаан техникийн хэрэгслэлийн бага зэргийн эвдрэл гэмтлийг арилгах (нийтийн хэрэглээний орон байран дахь цахилгаан чийдэнг цэвэрлэх, шатсаныг нь солих, залгуур ба унтраалгыг засах, солих, цахилгаан шугаманд жижиг засвар хийх гэх мэт)
Худгийг агааржуулах,
Бохир ус татуургын шугамын хийн соролтын байдлыг шалгах,
Утааны яндан, агааржуулалтын сувгийн таталтын бэлэн байдлыг шалгах,
Онгоцны газардуулгыг шалгах,
Пийшин ба зуухны жижиг засвар (амыг бэхлэх, тосгуур төмөр гэх зэрэг),
Ариутгах татуургын шугамд тунасан хогыг цэвэрлэх,
Төмөр дээврийн хучлагын гагнаасан хэсгийг шалгах, нүх цоорхойг нөхөх,
Цахилгаан кабелийн шугамын газардуулга, тусгаарлалтын эсэргүүцлийг шалгах,
Тоног төхөөрөмжийн газардуулгыг шалгах (шахуурга, сэнсний удирдах самбар),
Шатны хонгил, техникийн давхар адрын хөндийн чийдэнг солих ба цэвэрлэх,
Цахилгаан дамжуулах шугамын жижиг гэмтлийг засах,
Залгуур ба унтраалгыг засах.
Хавар-зуны улиралын ашиглалтад барилга байгууламжийг бэлтгэхэд гүйцэтгэх ажлууд:
Борооны усны яндан, өндгөвч, юүлүүрийг бэхлэх,
Усалгааны системийг хадгаллалтаас гаргаж бэлэн болгох,
Гадна хаалганы татуургыг авах,
Төвийн халаалтын системийг хадгалалтанд тавих,
Хүүхдийн тоглоомын ба биеийн тамирын талбайн тоног төхөөрөмжийг засварлах,
Зүймэл, цардмал явган хүний зам, замын хашлагыг засварлах,
Усалгааны системийн нэмэлт сүлжээний төхөөрөг солих,
Адрын хөндийн агааржуулалт ба хаяавчийн хог хаягдлыг цэвэрлэх. Зоорийн давхрын шал болон нүүрэн талын хучлагад үзлэг хийх.
Намар-өвлийн улиралын ашиглалтад барилга, байгууламжийг бэлтгэхэд гүйцэтгэх ажлууд:
Цонх болон тагтыг дулаалах,
Цонх шилэн блок болон тагтны хаалганы хагарсан шилийг солих,
Байр сууцны хаалга дулаалах,
Адрын хөндийн хучилтыг дулаалах ба засварлах,
Адрын хөндий болон зоорийн давхар дахь дамжуулах шугам хоолойг дулаалах засварлах,
Парапетны хашлагыг дулаалах засварлах,
Адрын хөндийн цонхон гарцыг хаах, шиллэх,
Зоорь болон адрын хөндий рүү орох гүүрэн дамнуур, дамжих банзыг засварлах, эсвэл шинээр хийх,
Усан хангамж ба төвлөрсөн дулааны системийг турших, тохируулах засварлах,
Гал тогооны зуух ба пийшинг засварлах. Утаа зайлуулах сувгийг цэвэрлэх, дулаалах ба засвар хийх,
Шилэн блок, цонхны шил, орох хаалга ба туслах орон байрны хаалганы хагарсан шилийгсолих,
Усалгааны сүлжээг хадгалалтанд тавих,
Барилгын хаяавчийн салхи нэвт үлээдэг хэсгийг бөглөх,
Ус хуваарилах цорго болон тулгуурыг дулаалах ба засварлах,
Хаалганд татуурга хийх, засварлах.
Бусад ажлууд:
Туршилтын өмнө төвлөрсөн халаалтын системийг тохируулах ба зүгшрүүлэх,
Агааржуулалтын төхөөрөмжийг тохируулах ба зүгшрүүлэх,
Төвийн халаалтын системийг угаах,
Усны тэлэх савыг угаах, цэвэрлэх,
Инженерийн тоног төхөөрөмжийн автомат удирдлагын системийг тохируулах ба зүгшрүүлэх,
Худаг цэвэрлэх,
Улиралын ашиглалтанд талбайн ус зайлуулах сүлжээг бэлтгэх,
Дээврийн цас мөсийг цэвэрлэх,
Дээврийн хучлагыг хог, шороо, навчис, ургамалын үлдэгдлээс цэвэрлэх.
5.2.4 Ашиглалтын явцад сүрлэн боодлон ханатай барилгын бүрдэл хэсгийн согог гэмтлийг засварлаж дуусах хамгийн дээд хугацааг хүснэгт 7-д зааснаар тогтооно.
5.2.5 Сүрлэн боодлон ханатай барилга түүний инженерийн шугам сүлжээний урсгал засварыг барилга байгууламжийн үр ашигтай ашиглалтыг хангахын тулд түүнийг барьж, их засвар хийж дууссан мөчөөс эхлэн ээлжит их засвар, сэргээн засварлалт хийх хүртэлх хугацаанд тасралтгүй хийнэ.
5.2.6 Сүрлэн боодлон ханатай барилга түүний инженерийн шугам сүлжээний их засвар ба сэргээн засварлалтаар эвдэрсэн бүрдэл хэсгийн бүх гэмтлийг арилгах ба сэргээн босгох, барилгын ашиглалтын үзүүлэлтийг илүү ашигтай бат бөх болгон солих, инженерийн тоног төхөөрөмжийн зарим хэсгийг шинэчлэн солих буюу шинэ боловсронгуй тоног төхөөрөмжоор тоноглох, орчин тохижилтын ажлуудыг гүйцэтгэж болно.
5.2.7 Сүрлэн боодлон ханатай барилга түүний инженерийн шугам сүлжээний ашиглалтын явцад сүрлэн боодлон ханаын сүрлийн чанарыг муутгахад шууд нөлөө үзүүлэх дараахь согог гэмтэл илэрсэн тухай бүр засварлах шаардлагатай. Үүнд:
-Сүрлэн боодлон хана бүхий барилгын даацын болон дүүргэгч ханын гадна дотор талын шавардлагад үүссэн ан цав хагарал (ан цавын өргөний хэмжээнээс хамаарахгүй);
-Халаалтын хэрэгсэл, халаалтын болон цэвэр усны шугам хоолойн залгаас, хаалтаар ус алдах;
-Ариун цэврийн өрөөний механик салхивчийн суваг, түүний тоног төхөөрөмж болон ердийн салхивчийн яндан хоолойн гэмтэл;
-Дээврийн ус зайлуулах яндан хоолойн уулзвар залгаас болон бэхэлгээ салж эвдрэх;
-Хана болон хучилт дээвэрт цанталт үүсэх;
-Цонхны шил хагарах ба цонх хаалганы битүүмж муудах;
-Дээврээс ус гоожсоноос адрын хучилтын дулаалга болон хана таазны шавардлага норж гэмтэх;
-Сүрлэн боодлон хананаас ялзарсан үнэр гарах ба ханын шавардлага чийгтэй болох;
-Цонх хаалганы амалгаа шавардлагад үүссэн дагуу ба хөндлөн ан цав, хагарал;
-Халаалтын зуух болон гал зуухны пийшин, яндангийн шавардлагын дагуу үүссэн ан цав хагарал;
-Халаалтын зуух болон түүний тоног төхөөрөмжид үүссэн гэмтэл, согог;
-Ариун цэврийн өрөөний шаланд суултын нөлөөллөөс үүссэн ан цав, хагарал;
-Суурийн ус зайлуулах хаяавчинд үүссэн эвдрэл гэмтэл;
-Цахилгаан гэрэлтүүлгийн утас, унтраалга, залгуур тоног төхөөрөминд үүссэн согог гэмтлүүд гэх мэт.
Тайлбар : Дээр дурдсан гэмтэл согогыг илрүүлсэн хугацаанаас хойших хугацаа засварлах хугацаанд хамаарна
5.2.8 Сүрлэн боодлон ханатай барилга түүний инженерийн шугам сүлжээнд илэрсэн гэмтэл согогийг илрүүлсэнээс хойш 1-ээс 5 хоногийн дотор засварлана.
5.2.9 Илэрсэн гэмтэл согогийг засварлахад дээр дурьдсан хугацаанд засварлах нөхцөлгүй үед сүрлэн боодлон хананд нөлөөлөх нөлөөлөлийг таслан зогсоох арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй. Энэ арга хэмжээ нь барилгын ашиглалтын цаашдын хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байвал зохино.
5.2.10 Ашиглалтын хугацаанд сулавтар хүчтэйгээс хүчтэй овойлттой буурь хөрсөнд баригдсан сүрлэн боодлон барилгын өрөө, тасалгааны температурыг зураг төсөлд заагдсан хэмжээнээс бууруулахгүй байвал зохино. Хэвийн хэмжээнээс буурах тохиолдолд нэмэлт халаагуур тавих зэрэг хэвийн хэмжээг бууруулахгүй байх бусад арга хэмжээг авна.
5.2.11 Овойлттой буурь хөрсөнд баригдсан сүрлэн боодлон барилгыг ашиглалтын хугацаанд хүйтний улиралд халаалттай ба халаалтгүй байлгаснаас хөрсний овойлтоос болж барилгын бүтээц, эдэлхүүнд эвдрэл гэмтэл үүсч хэв гажилтанд орох тул онцгой анхаарах хэрэгтэй
5.2.12 Овойлттой болон байгалын нөхцөлдөө овойлт үүсэхгүй хөрсөнд баригдсан сүрлэн боодлон хана бүхий барилгын сууринд гадаргуугийн ус орох халаалтын цэвэр ус болон ариутгах татуургын яндан хоолойн залгаас ба хаалтаар ус алдах, бөглөрөх, барилгын гадна талын шугам сүлжээнд үүссэн согог гэмтлээс буурь хөрс норж чийгшилийн хэмжээ нь ихэссэнээс овойлт үүсч болох нөхцлөөс урьдчилан сэргийлнэ.
5.2.13 Ашиглалтын хугацаанд сүрлэн боодлон барилгын даацын болон дүүргэгч ханын сүрлийн чийгшилийн хэмжээнд өөрчлөлт орж байгаа эсэхэд байнга ажиглалт хэмжилт хийж байх, чийг 20% -аас ихэссэн нөхцөлд үнэр гарах, шавардлага ба будаг хуурах ханы гадна дотор талд цанталт үүсч мөсөн талст бий болох зэргээр илэрнэ. Энэ нөхцөлд мэргэжлийн байгууллага, хүмүүст хандан зөвлөгөө авах буюу ханын сүрлэн боодлын чийгшил болон температурыг зориулалтын багажаар хэмжиж түүний шалтгааныг тогтоосоны үндсэн дээр ханын чийгшилийг хэвийн хэмжээнд нь хүртэл бууруулах арга хэмжээ авбал зохино.
5.3 Сүрлэн боодлон ханатай барилга түүний инженерийн шугам сүлжээг эзэмшигч, ашиглагчийн үүрэг ба хариуцлага
5.3.1 Өөрийн эзэмшилд байгаа сүрлэн боодлон ханатай барилга түүний инженерийн шугам сүлжээний техникийн баримт бичиг, ажлын зураг, ил ба далд ажлын акт, ул хөрсний геологийн дүгнэлт, барилгыг ашиглалтанд хүлээлцсэн акт, бариулсан ба бусдад ашиглуулахаар тохирсон гэрээний хэлцэл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, барих явцад гарсан зураг төслийн өөрчлөлт, илэрч байсан зөрчлийн жагсаалт, баталгаат паспорт, хийсэн их ба урсгал засварын баримт, барилгын зураг төсөв зэрэг баримт бичгийг багтаасан барилгын хувийн хэргийг бүрнээр нь буюу нөхөн иж бүрдүүлж баяжуулж хадгалсан байх.
5.3.2.Сүрлэн боодлон ханатай барилга түүний инженерийн шугам сүлжээнд үзлэг үйлчилгээг зохих хугацаанд хийгээгүй буюу аюулгүй ажиллагаа ба хэвийн нөхцлийг хангахтай холбогдуулан авах арга хэмжээг цаг алдалгүй аваагүй болон инженерийн хангамжийн үүргээ дутуу биелүүлснээс үүдэн гарах хохирол, хариуцлагыг эзэмшигч аж ахуйн нэгж, буюу байшингийн эзэн хүлээнэ.
5.3.3.Сүрлэн боодлон ханатай барилга түүний инженерийн шугам сүлжээний ашиглалтын явцад энэ дүрэмд заасан хяналт,техникийн үзлэгийг цаг хугацаанд нь хийгээгүй мөн эрх үүргээ биелүүлээгүйгээс барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ буюу түүний бүтээцэд эвдрэл гэмтэл учруулсан эсвэл учруулах нөхцөл бүрдүүлсэн; нураасан буюу хүний амь нас эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн болон инженерийн хангамжийн үүргээ биелүүлээгүй бол сүрлэн боодлон ханатай барилга,түүний инженерийн шугам сүлжээг эзэмшигч ба ашиглагчид хууль хяналтын эрх бүхий байгуулга хүмүүсээс зөрчлийн шинж байдлаас хамааруулан хариуцлага хүлээлгэх асуудлыг хууль хяналтын байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
Текст томруулах
A
A
A