- Нүүр
- Сайдын тушаал
- ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд,
Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/115,А/176,142 дугаар
тушаалын нэгдүгээр хавсралт
ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмын зорилго нь шүүх эмнэлгээс үзүүлж буй төлбөрт үйлчилгээний хэмжээг тогтоох, чөлөөлөх, төлбөр төлөх, хураах, түүнийг тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Шүүхийн шинжилгээний байгууллага нь шүүх эмнэлгээс үзүүлж буй төлбөрт үйлчилгээндээ Төсвийн тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.
Хоёр. Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний төрөл
2.1. Дараах үйлчилгээнээс төлбөр авна. Үүнд:
2.1.1. Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ;
2.1.2. Лабораторийн шинжилгээ;
2.1.3. Цогцост хийх шинжилгээ.
Гурав. Төлбөр төлөх
3.1. Үйлчилгээний төлбөрийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан Монгол улсын болон гадаад улсын иргэн төлнө.
3.2. Ар гэрийнхний хүсэлтийн дагуу шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, шийдвэр гарч шарилыг дахин шинжилсэн тохиолдолд төлбөрийг талийгаачийн ар гэр хариуцна.
3.3. Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шарилыг дахин шинжлүүлсэн тохиолдолд гарсан зардлыг тухайн байгууллага хариуцна.
3.4. Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэнийг холбогдох байгууллагын тодорхойлолт болон бусад нотлох баримтыг үндэслэн үзлэг, цогцост хийх шинжилгээний төлбөрөөс чөлөөлж болно.
3.5. Насанд хүрээгүй иргэнийг үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна.
3.6. Яаралтай үзлэг, шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд энэ журмын 3.4-д заасан баримтыг шаардахгүй./3.5, 3.6 дахь заалтыг ХЗДХС, ЭМС, СС-ын 2017 оны А,263, А/406, 321 дугаар тушаалаар нэмсэн.
Дөрөв. Төлбөрт үйлчилгээний орлогын бүртгэл зарцуулалт
4.1. Энэхүү журмын хавсралтаар батлагдсан төлбөрийг Төрийн сан дахь байгууллагын дансанд шилжүүлж, төлбөрийн баримтыг бүртгэлийн ажилтанд авчирч өгнө.
4.2. Орон нутаг болон нийслэлийн Налайх, Багануур дүүрэгт төлбөрийг Нийслэлийн шүүхийн шинжилгээний газар, Аймгийн шүүхийн шинжилгээний албаны Төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ.
4.3.Төлбөрт үйлчилгээний орлогоор Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ, оношилгооны зардлыг санхүүжүүлнэ.
4.4. Журмын хэрэгжилтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Санхүү төлөвлөлт, хангамжийн газар, Шүүх эмнэлгийн шинжилгээний газар болон Тусгай шинжилгээний газар зохион байгуулж, Шүүхийн шинжилгээний төв байгууллагын Тэргүүн дэд дарга хяналт тавьж ажиллана.
Тав. Хүлээлгэх хариуцлага
5.1. Энэхүү журмыг зөрчсөн албан хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
_________oOo_________
Текст томруулах
A
A
A