- Нүүр
- Сайдын тушаал
- МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ДҮРЭМ /1-р хавсралтыг ХЗДХС-ын 2019 оны 1-1/464 тоот албан бичгээр УНБ-с хассан/
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А-49 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
/1-р хавсралтыг ХЗДХС-ын 2019 оны 1-1/464 тоот албан бичгээр УНБ-с хассан/
МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Малын эмийн салбар зөвлөл ("цаашид "Эмийн зөвлөл" гэх)-ийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2.Эмийн зөвлөл нь үйл ажиллагаандаа "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого", "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль", "Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль" болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.
1.3.Эмийн зөвлөл нь эмийн үндэсний бодлогын асуудлаар санал зөвлөмж боловсруулах, эм, биобэлдмэл, мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн бэлдмэл, эмийн түүхий эдийг улсын бүртгэлд бүртгэх, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулах, зах зээлд хэрэглэж байгаа эмийн хэрэглээнд тандалт судалгаа хийлгэх, үр дүнг үндэслэн дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус, мэргэжлийн зөвлөл мөн.
Хоёр. Удирдлага зохион байгуулалт
2.1.Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дэргэдээ малын эмийн асуудал хариуцсан зөвлөл /цаашид “эмийн зөвлөл” гэх/-тэй байна.
2.2.Эмийн зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох газрын дарга тэргүүлнэ.
2.3.Малын эмийн салбар зөвлөл нь холбогдох төрийн захиргааны болон хяналтын асуудал эрхэлсэн байгууллага, сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон 9–өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.
2.4.Эмийн зөвлөлийн ажлын албаны үйл ажиллагааг зөвлөлийн нарийн бичгийн дарга зохион байгуулна.
2.5.Эмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байна. Хуралдааныг зөвлөлийн дарга, түүний эзгүйд гишүүдийн олонхийн саналаар томилогдсон гишүүн удирдана.
2.6.Эмийн зөвлөл улиралд нэг удаа хуралдана. Шаардлагатай үед ээлжит бус хуралдааныг зөвлөлийн дарга зарлан хуралдуулж болно. Зөвлөлийн гишүүдийн ирц 75-аас дээш хувьтай бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
2.7.Эмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж зөвлөмж, дүгнэлт гаргана.
2.8.Эмийн зөвлөл нь стандартын дагуу хийсэн "Малын эмийн салбар зөвлөл" гэсэн албан хэргийн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
2.9.Эмийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
2.10.Малын эмийн зөвлөлийн гишүүд хуралдаан, зөвлөлөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцсон байдлыг харгалзан холбогдох хууль эрх зүйн хүрээнд урамшуулал олгож болно.
Гурав. Малын эмийн зөвлөлийн бүрэн эрх
3.1.Эмийн зөвлөлийн үүрэг
3.1.1.Эмийн үндэсний бодлогын асуудлаар санал, зөвлөмж боловсруулж холбогдох төрийн захиргааны төв байгууллагаар хэлэлцүүлэх;
3.1.2.Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтэд дүгнэлт өгөх, түүнд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар Эмийн үндэсний зөвлөлд санал, танилцуулга, зөвлөмж бэлтгэж өгөх;
3.1.3.Эм, биобэлдмэл, эмийн түүхий эдийг бүртгэх, өөрчлөлт оруулах асуудлыг эмийн үндэсний бодлогын хүрээнд шийдвэрлэх;
3.1.4.Мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэж буй эм, эмийн түүхий эдийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, эмийн мэдээлэл, зар сурталчилгааны агуулгын асуудлаар хяналт тавих, мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах, энэ талаар нийтэд мэдээлэх;
3.1.5.Мал эмнэлгийн зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэх, хэрэглээнд шаардагдах эмийн нэр төрөлд хяналт тавих, эмчилгээ, оношлогоонд олон улсын жишигт нийцсэн эм хэрэглэх асуудлаар зөвлөмж гаргах;
3.1.6.Мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэж буй эмийн лавлах товхимол гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх;
3.1.7.Эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах;
3.1.8.Мал, амьтны биед дасах болон гаж нөлөө ихтэй эмийг хориглох, хязгаарлах асуудлаар дүгнэлт, зөвлөмж гаргах;
3.1.9.Эмийн чанар, аюулгүй байдал, хүн, мал, амьтны биед үзүүлж байгаа нөлөөллийн талаар гарсан санал, гомдлын дагуу тухайн эм, бэлдмэлийг шалгалт туршилтад хамруулах,дүгнэлт гаргаж, нийтэд мэдээлэх;
3.1.10.Эрх хэмжээний асуудлаар олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах, туршлага солилцох, улс, орон нутгийн чанартай хуралд оролцох, зохион байгуулах
3.2.Малын эмийн зөвлөл нь дор дурдсан эрх эдэлнэ.
3.2.1.Эмийн технологийн талаарх баримт бичгийг холбогдох байгууллага, зохиогчоос гаргуулан авах;
3.2.2.Эм, эмийн түүхий эд болон бичиг баримтыг магадлан шинжлэх ажилд эмийн чиглэлээр мэргэшсэн шинжээчийг үндсэн байгууллагатай нь зөвшилцсөний үндсэн дээр татан оролцуулах;
3.2.3.Эмчилгээний практикт хэрэглэх явцад тухайн эмийн эмчилгээний идэвх, чанар, аюулгүй байдалтай холбогдсон нотолгоотой гомдол, саналыг хүлээн авч шийдвэрлэх;
3.2.4.Эмийн хэрэглэх зааврыг зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монгол улсын малын ерөнхий эмч батална.
3.2.5.Эмийн салбар зөвлөлийн гишүүд нь ажиллах нөхцөл, гарын авлага, ном, шаардлагатай бусад материалаар хангуулах, сургалтанд хамрагдах, олон улсын ижил төстэй байгууллагын туршлага судлах;
Дөрөв. Зөвлөлийн даргын эрх үүрэг, чиглэл
4.1.Эмийн зөвлөлийн дарга нь зөвлөлийн ажлын төлөвлөгөө болон 2.7-д заасны дагуу шийдвэрийг баталж, зарим асуудлыг шаардлагатай гэж үзвэл хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн салбарын сайдын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлнэ.
4.2.Эмийн зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг төлөвлөж, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн салбарын сайдын тухайн жилийн төсвийн багцад тусгуулна.
4.3.Зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулж, хуралдааныг удирдана.
4.4.Нарийн бичгийн дарга, гишүүдэд үүрэг даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавина.
4.5.Зөвлөлийн ажлын тайланг асуудал эрхэлсэн салбарын сайдын зөвлөлд танилцуулна.
Тав. Эмийн зөвлөлийн нарийн бичгийн даргын эрх үүрэг, чиглэл
5.1.Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Эмийн зөвлөлийн даргатай зөвшилцөн боловсруулж батлуулан, хуралдааны бэлтгэл ажлыг хангана.
5.2."Эмийн талаар төрөөс баримтлах бодлого", "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль" болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулах, зохион байгуулан тайлагнана.
5.3.Эмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх эм, биобэлдмэл, эмийн түүхий эдийг бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдуулан ирүүлсэн баримт бичгийг хянан шаардлага хангасан тохиолдолд хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ.
5.4.Хуралдааны тэмдэглэл хөтлөн, гарсан шийдвэрийг баталгаажуулж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
5.5.Малын эмийн улсын бүртгэлийг хариуцан бүртгэл мэдээллийн сан бүрдүүлнэ.
5.6.Шинээр бүртгэх, бүртгэлээс хасагдсан эмийн талаар хагас жил тутамд нийтэд мэдээлнэ.
5.7.Эмийн зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлыг хариуцан ажлын тайланг гаргаж, зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
5.8.Эмийн зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой албан хэргийг хөтөлж, баримт бичгийг архивт хүлээлгэн өгнө.
Зургаа. Хариуцлага хяналт
6.1.Эмийн зөвлөл нь асуудал эрхэлсэн салбарын сайдын өмнө үүрэг хариуцлага хүлээнэ.
6.2.Зөвлөлийн үйл ажиллагаанд Төрийн нарийн бичгийн дарга хяналт тавина.
--------оОо--------
Текст томруулах
A
A
A