- Нүүр
- Сайдын тушаал
- МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТР /БХБС-ын 2019 оны 36 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/БХБС-ын 2019 оны 36 дугаар тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТР
1.ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Монгол улсын нутаг дэвсгэрт улсын хот байгуулалтын кадастрыг бүрдүүлэх, хөтлөх норматив бичиг баримт, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, кадастрын өдөр тутмын ажил гүйцэтгэхэд энэхүү норм ба дүрмийг мөрдлөг болгоно.
2.НЭР ТОМЪЁО
Энэхүү норм ба дүрмэнд хэрэглэгдсэн нэр томъёог дараах байдлаар ойлгоно.
- Хот байгуулалтын кадастр гэж – хот байгуулалтын дүрмээр ашиглалтын чиглэл нь өөр буюу хот байгуулалтын үнэлгээгээр үнэ цэнэ нь өөр, газар, байгалийн тогтоц, барилгажилт, зам шугам сүлжээ ба бусад байгууламжуудын төлөв байдал, эзэмшлээр (нийтийн эзэмшлийн, тусгай хамгаалалтын зэрэг) ялгаатай талбайг заагласан хил хязгаарыг тогтоох, хот байгуулалтын үйл ажиллагаа, түүнд тавих хяналтыг мэдээллээр хангах цогц үйл ажиллагааг хэлнэ.
- Хот байгуулалтын дүрэм гэж – тухайн нутаг дэвсгэрийн ашиглалтын зориулалтын давуу болон хязгаарлах, хориглох чиглэл, хүлээх үүргийг тодорхойлсон дүрмийг хэлнэ. Үүнд тухайн нутаг дэвсгэрийн төлөв байдлыг өөрчлөхөд тавих хязгаарлалт багтахаас гадна тухайн нутаг дэвсгэр дээр оршин буй үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын чиглэлийн хязгаарлалт хамаарна. Хот байгуулалтын дүрмийг тухайн хот тосгоны ерөнхий төлөвлөгөөг үндэслэн боловсруулж, нутгийн захиргааны байгууллагаар батлуулан мөрдөх бөгөөд үлгэрчилсэн дүрмийг Барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж болно.
- Нутаг дэвсгэрийн төлөв байдал гэж – тухайн нутаг дэвсгэрийн бүрдэл хэсгүүд болох байгалийн тогтоц, барилгажилт, зам тээврийн болон инженерийн шугам сүлжээний байдал болон бусад байгууламжуудын шинж чанарын цогцыг хэлнэ.
- Нутаг дэвсгэрийн ашиглалт гэж – тухайн нутаг дэвсгэр дээр тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хэлнэ.
- Нутаг дэвсгэрийн хот байгуулалтын үнэ цэнэ гэж – тухайн нутаг дэвсгэрийн ашиглалт, төлөв байдал нь хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх техник, эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлын үнэлэмжийг хэлнэ.
- Гадаад нөхцөл гэж – тухайн нутаг дэвсгэрийн төлөв байдал ба ашиглалтанд нөлөө үзүүлэх хүрээлэн буй орчны байгаль-экологийн нөхцөл, нөөц, дэд бүтцийн хангамж зэрэг хүчин зүйлийг хэлнэ.
- Нутаг дэвсгэрийн элемент гэж – засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хил заагаар буюу эзэмшил, ашиглалт, өмчлөлөөр ялгавартай нутаг дэвсгэрийн нэгжийг хэлнэ.
- Хот байгуулалтын дүрмийг мөрдөх хариуцлага хүлээсэн этгээд гэж - Нутаг дэвсгэрийн элемент, газар ба түүн дээр орших объект, зам шугам сүлжээг эзэмших, ашиглах, өмчлөх хууль ёсны эрх бүхий төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг хэлнэ.
3.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
3.1. Монгол улсын хот байгуулалтын кадастр нь дараах түвшингийн ангиллын нутаг дэвсгэрт тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл олгох зориулалттай нэгдсэн систем байна. Үүнд:
- улсын хэмжээнд;
- бүс, аймаг, сум, бичил бүсийн хэмжээнд;
- хот суурины хэмжээнд (нийслэл хот, тулгуур төв, аймгийн төв, хотын дүүрэг, дагуул хотууд, бүлэг суурингийн төв, сумын төв, хөдөөгийн тосгон, суурин, бусад хотхонууд);
3.2. Хот байгуулалтын кадастр нь дараах мэдээллүүдийг агуулна. Үүнд:
- тухайн нутаг дэвсгэрийн хот байгуулалтын дүрмийн тухай;
- нутаг дэвсгэрийн төлөв байдал, түүний ашиглалтын тухай болон хот байгуулалтын дүрмийн мөрдөлтийг хянах, түүнийг өөрчлөхөд шаардагдах гадаад нөхцөлийн тухай;
- нутаг дэвсгэрийн хот байгуулалтын үнэлгээ зэрэг мэдээллүүд багтна.
3.3. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн системийн нэгдсэн байдал нь бүх ангиллын нутаг дэвсгэр дээр хот байгуулалтын кадастр бүрдүүлж хөтлөх эрх зүй, норматив баримт бичгийн болон арга зүйн нэгдсэн сангийн нэгдмэл байдлаар хангагдах бөгөөд тэдгээрийг боловсруулах ажлыг зохион байгуулах, батлах, биелэлтэнд нь хяналт тавих ажлыг Барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ. Мөн бүх төрлийн хот байгуулалтын кадастрыг бүрдүүлж хөтлөх технологийг Барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон норм, журмын дагуу мөрдсөнөөр нэгдсэн байдал хангагдна.
Ижил түвшний ангиллын нутаг дэвсгэрийн хот байгуулалтын кадастр нь тухайн түвшинд заавал байх ёстой мэдээллүүдийг агуулсан байх ба энэхүү мэдээллийг ижилтгэсэн хэлбэрээр боловсруулж, харьцуулах боломжийг хангуулна. Өөр түвшингийн ангиллын нутаг дэвсгэрийн кадастрт заавал бүрдүүлэх мэдээллийн бүрдэл ба хэлбэр нь тэдгээрийг хооронд нь солилцон хэрэглэх боломжийг хангуулсан байна.
3.4.Хот байгуулалтын кадастр нь бусад салбарын нутаг дэвсгэрийн кадастр ба бүртгэлтэй нэгдэж, Монгол улсын нутаг дэвсгэрийг ашиглах мэдээлэл- эрх зүйн нэгдсэн системийг бүрдүүлнэ.
Хот байгуулалтын кадастр нь энэхүү системийг хот байгуулалтын нэгдсэн мэдээллээр хангана.
3.5.Хот байгуулалтын кадастрын мэдээллийг дараах албан ёсны баримт бичгээс бүрдүүлнэ. Үүнд:
- хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норматив эрх зүйн актууд;
- батлагдсан хот байгуулалтын ба бусад зураг төслийн баримт бичиг, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй норматив баримт бичиг;
- бусад түвшний ангиллын хот байгуулалтын кадастр, бусад салбарын нутаг дэвсгэрийн кадастр, бүртгэл, жагсаалт болон бусад.
Бусад салбарын кадастр ба бүртгэлээс хот байгуулалтын кадастрыг бүрдүүлэх, хот байгуулалтын дүрмийн хэрэгжилтийг хянах, өөрчлөх, хот байгуулалтын үнэлгээг тогтооход шаардагдах мэдээллийг авна.
Мэдээллийн эх сурвалжийг хот байгуулалтын кадастрт зааж өгсөн байна.
4.ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫН ҮҮРЭГ, ЗОРИУЛАЛТ
4.1. Хот байгуулалтын кадастр нь дараах асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй:
- нутаг дэвсгэрийн хот байгуулалтын дүрэм, үнэлгээг бүртгэж, тоолох;
- хот байгуулалтын дүрмийн тухай мэдээллийг түүнийг мөрдүүлэх үүрэг бүхий албан тушаалтнуудад хүргэх;
- хот байгуулалтын дүрмийн мөрдөлтөнд хяналт тавьж, түүнийг зөрчсөнөөс үүдэх хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээний үндэслэлийг боловсруулах;
- нутаг дэвсгэрийн ялгаварт байдлаар үл хөдлөх хөрөнгийн татварын хэмжээ тогтооход хот байгуулалтын үнэлгээний тухай мэдээллээр хангах;
- нутаг дэвсгэрийн төлөв байдал, ашиглалтыг өөрчлөхтэй холбогдсон эрх зүйн харьцааг мэдээллээр хангах;
- нутаг дэвсгэрийг хөгжүүлэх, ашиглах, улмаар салбарын нутаг дэвсгэрийн дүрэм тогтоох талаар тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргаа, салбарын удирдлагын хоорондын харилцааг мэдээллээр хангах;
- хүн амын ажиллаж амьдрах орчны чанарын тогтоосон түвшинг хангуулах эрхийг хамгаалахад чиглэгдсэн мэдээллээр хангах.
4.2. Хот байгуулалтын кадастрын мэдээллийг дараах субъектүүд доор дурдсан зориулалтаар ашиглана:
- Засаг захиргааны байгууллагууд нутаг дэвсгэрийн ашиглалтыг зохицуулах асуудлаар эрх зүйн болон норматив баримт бичгийг боловсруулах, зөвшөөрөлцөх, хайгуул, судалгааны болон зураг төслийн даалгавар боловсруулах, зорилтот хөтөлбөр болон зураг төслийн баримт бичгийг зөвшөөрөлцөх, батлахад;
- хөрөнгө оруулагчид бизнес төлөвлөгөө боловсруулахад;
- зураг төслийн байгууллагууд суурь мэдээлэл болгон ашиглахад;
- эдэлбэр газрын нутаг дэвсгэрийг ашиглаж эзэмших иргэн, хуулийн этгээд эрх үүргээ хэрэгжүүлэхэд;
- засаг захиргааны ба шүүхийн байгууллагууд хот байгуулалтын дүрмийг зөрчсөнөөс болон өөрчилснөөс үүссэн буюу үүсэхээр заналхийлсэн хохирлыг барагдуулах тухай маргааныг шийдвэрлэхэд;
- бусад салбарын кадастрын болон мэдээллийн байгууллагууд нутаг дэвсгэрийн хот байгуулалтын дүрэм болон үнэлгээг тооцоход.
5.ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫН ЭЗЭМШИГЧ, ЗАХИРАН ШИЙДВЭРЛЭГЧ, ХЭРЭГЛЭГЧ. МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ ХЭЛБЭРҮҮД
5.1. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн эзэмшигч нь Монгол улсын Засгийн газар, орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд байна. Мэдээллийн сангийн эзэмшигчээс эрх олгосноор:
- Монгол улсын хот байгуулалтын кадастрыг Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
- Аймаг, сумын хот байгуулалтын кадастрыг тухайн аймгийн ерөнхий архитектор буюу түүний ажлын алба;
- Хот тосгоны хот байгуулалтын кадастрыг тухайн хотын барилга, хот байгуулалтын газар тус тус захиран шийдвэрлэнэ.
5.2. Хот байгуулалтын кадастрыг хэрэглэгч нь Монгол улсын Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харъяа агентлаг, албууд, бусад салбарын яам, газрууд, Ерөнхийлөгчийн тамгын газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, хот байгуулалт, зураг төслийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хот байгуулалтын кадастрын албууд, бусад кадастрын болон бүртгэл мэдээллийн албууд, газар болон түүн дээр орших үл хөдлөх хөрөнгө эзэмшигч, ашиглагч хуулийн этгээд, хувь хүмүүс болон бусад байгууллагууд байна.
5.3. Хот байгуулалтын кадастрын мэдээлэл нь хэрэглэгчдэд кадастрын баримт бичгийн, кадастрын лавлагааны хэлбэрээр олгогдож болохоос гадна зохих байгууллагын зөвшөөрлийн дагуу шууд харьцах хэлбэрээр олгогдно.
5.4. Кадастрын баримт бичиг гэдэг нь тухайн нутаг дэвсгэрийг эзэмших, ашиглах, өмчлөх хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй төрийн захиргааны болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд тусгай маягтын дагуу олгогдсон, хот байгуулалтын паспорт байх бөгөөд түүнд тухайн нутаг дэвсгэрийн хот байгуулалтын дүрэм, үнэлгээ, төлөв байдал, ашиглалтын чиглэл, хяналт тавихад хэрэглэгдэх гадаад нөхцлийн тухай зэрэг заавал биелүүлэх ёстой шаардлагыг агуулсан мэдээллийг тусгасан, хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр баримт байна.
Хот байгуулалтын кадастрын баримт бичиг нь нутаг дэвсгэрийг ашиглах, төлөв байдлыг өөрчлөх эрх зүйн харилцааны мэдээллийн үндэс болно.
5.5. Кадастрын лавлагаа гэж хэрэглэгчийн сонирхож буй мэдээллийг агуулсан кадастрын баримт бичгийг хэлнэ.
5.6. Кадастрын мэдээллийн сангийн захиран шийдвэрлэгчийн баталсан жагсаалтаар зөвшөөрөгдсөн зарим хэрэглэгчид уг сан дахь мэдээллийг өөрчлөх эрхгүйгээр шууд харьцаж болно.
5.7. Кадастрын баримт бичиг олгох, лавлагаа боловсруулах, шууд харьцах зөвшөөрөл олгох журмыг Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан норматив баримт бичгийн дагуу тогтооно.
6. ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫН БҮТЭЦ
6.1. ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫН БҮТЦИЙН ҮНДСЭН ТОДОРХОЙЛОЛТ
Бүх түвшний хот байгуулалтын кадастр нь дараах мэдээллийг агуулсан байна. Үүнд:
- Нутаг дэвсгэрийн хот байгуулалтын дүрэм;
- Нутаг дэвсгэрийн ашиглалтын чиглэл, төлөв байдал, гадаад нөхцөл;
- Нутаг дэвсгэрийн хот байгуулалтын үнэлгээ;
- Нийтлэг болон тухайн нутаг дэвсгэрт хамааралтай хот байгуулалтын тухай хууль тогтоомж, эрх зүйн болон норматив баримт бичгүүд, зураг төсөл хайгуулын баримт бичгүүд;
- Хот байгуулалтын дүрмийг мөрдөх хариуцлага хүлээсэн этгээдийн тухай мэдээлэл орно.
Хот байгуулалтын дүрэм нь тогтоосон хугацаанд хүчин төгөлдөр байх нутаг дэвсгэрийн ашиглалт, төлөв байдлын өөрчлөлтийн төрөл, хэмжигдэхүүнээр тодорхойлогдно. Хот байгуулалтын батлагдсан ерөнхий төлөвлөгөө болон бусад заавал хэрэгжүүлэх ёстой зураг төслийн болон норматив баримт бичиг нь хот байгуулалтын дүрмийг бүртгэх үндэслэл болно. Хот байгуулалтын дүрмийн тухай мэдээллийг уг дүрмийг хэрэгжүүлэх ёстой бүс, нутаг дэвсгэрийн бусад элемент, объектоор гаргана.
Нутаг дэвсгэрийн төлөв байдал нь түүний бүрэлдэхүүн хэсгийн бүтэц, орон зайн хуваарилалт, тоон ба чанарын үзүүлэлтээр тодорхойлогдно.
Нутаг дэвсгэрийн ашиглалт нь үйл ажиллагааны чиглэлийн бүтэц, тэдгээрийн орон зайн хуваарилалт, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн тоон ба чанарын үзүүлэлтээр тодорхойлогдно.
Гадаад нөхцөл нь тухайн нутаг дэвсгэрийг хүрээлэн буй орчны дэд бүтэц, байгалийн нөөц, экологийн болон бусад хүчин зүйлсийн тоон ба чанарын үзүүлэлтээр тодорхойлогдно.
Нутаг дэвсгэрийн хот байгуулалтын үнэ цэнэ нь харьцуулсан үнэлгээгээр тодорхойлогдно.
Нутаг дэвсгэрийн бодит төлөв байдал, ашиглалт, гадаад нөхцлийн тодорхойлолтыг хот байгуулалтын дүрмийн үзүүлэлттэй харьцуулах боломжтой үзүүлэлтээр гаргана.
Эдгээр мэдээллийг бүртгэхдээ албан ёсны баримт бичиг (3.5-р зүйл), мэдээллийн эх сурвалж (7.4-р зүйл)-ийг үндэслэнэ.
Эрх зүйн, нормативын, хайгуул судалгааны болон зураг төслийн баримт бичгүүд нь тэдгээрийн нэр, хаяг тодорхойлолт, зориулалт, агуулгын тухай мэдээлэл, зөвшөөрөлцсөн болон батлагдсан тухай өгөгдлөөр тодорхойлогдох бөгөөд хот байгуулалтын кадастрт хайж олоход хялбар өөр өөрийн ангиллаар тус тусдаа бүртгэгдэж хадгалагдна. Мэдээллийн эх сурвалж нь баримт бичгийг баталсан засаг захиргааны байгууллага, захиалагч, гүйцэтгэгч байгууллага байна.
Төрийн захиргааны болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд, хувь хүмүүс нь өөрийн хууль ёсны нэр, хаягаар тодорхойлогдно.
6.2. ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
Хот байгуулалтын кадастрыг компьютерийн мэдээллийн технологийг ашиглах үндсэн дээр хөтөлнө.
Компьютерийн мэдээллийн технологийг ашиглан хөтөлсөн хот байгуулалтын кадастрын мэдээлэл нь өгөгдлийн сан, зураг зүйн мэдээлэл ба мэдээллийн хайлтын систем гэсэн үндсэн гурван хэсгээс бүрднэ.
Өгөгдлийн сан нь нутаг дэвсгэрийн хот байгуулалтын дүрэм, ашиглалт ба төлөв байдал, хот байгуулалтын үнэ цэнэ, ашиглагч эзэмшигч төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэдийн тухай мэдээллийг зураг зүйн мэдээлэлтэй хослуулан агуулсан байна.
Эдгээр мэдээллийг мэдээллийн тооллогын нэгжээр гаргана. Мэдээллийн тооллогын нэгж гэдэгт нутаг дэвсгэрийн объект, бүс, эдэлбэр газар, зам шугам сүлжээний газар ба зангилаа, барилга байгууламж, төрийн болон орон нутгийн засаг захиргаа, өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд, иргэд, бусад баримт зэрэг багтна.
Зураг зүйн мэдээлэл нь тооллогын нэгжийн байршил, хэлбэр, хэмжээг харуулсан, тухайн объектыг бүхэлд нь буюу хэсэгчлэн үзүүлсэн, тодорхой масштабаар хийгдсэн нэгдмэл электрон (газрын дэвсгэр) зураг байна. Хот байгуулалтын кадастрын зураглалын масштаб нь тухайн түвшний нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй ижил масштабаар хийгднэ.
Өгөгдлийн сан ба зураг зүйн мэдээлэл нь кадастр хөтлөхөд зориулагдсан программ хангамжаар хоорондоо уялдсан байна.
Мэдээллийн хайлтын систем нь зураг төслийн, хайгуул шинжилгээний, нормативын, эрх зүйн мэдээллийг агуулах бөгөөд өгөгдлийн сангийн буюу бичгэн хайлтын систем хэлбэртэй байх ба түүнд баримт бичгийн хууль ёсны тодорхойлолт, хаяг, тэдгээрийн байрлал, шаардлагатай бол тайлбар, товчлолыг багтаасан байна.
Баримт бичгийн тодорхойлолт нь зураг зүйн мэдээлэлтэй хавсарч болно. Жишээ нь: зураг төсөл, хайгуулын бичиг баримт нь уг зураг төсөлд тусгагдсан нутаг дэвсгэрийн бүдүүвч газрын зурагтай хамт байж болно.
Хот байгуулалтын кадастрын программ хангамж нь мэдээллийн төрөл бүрээр болон тэдгээрийн дурын хослолоор ажиллах боломжийг хангасан байна.
Кадастрын бичиг баримт, лавлагааг өгөгдлийн сан болон мэдээллийн хайлтын системээс сонгох замаар гаргаж өгөх программын аргачлалаар хангагдах ёстой. Кадастрын бичиг баримт нь батлагдсан маягтын дагуу холбогдох программын хэрэгслийн тусламжтайгаар бөглөгдсөн байна. Кадастрын лавлагаанд хатуу тогтоосон бүтэц байхгүй бөгөөд программын хэрэгслийн тусламжтайгаар өгөгдлийн сангаас янз бүрийн хэлбэрээр гаргаж болно.
6.3. ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙН ТООЛЛОГЫН НЭГЖ
Хот байгуулалтын кадастрын мэдээллийн өгөгдлийн санг мэдээллийн тооллогын нэгжийн төрлөөр ангилна. Үүнд:
1. Зөвхөн улсын хэмжээний хот байгуулалтын кадастрт:
- Монгол улсын нутаг дэвсгэр дээр хот байгуулалтын дүрмээр зохицуулагдах бүсийн;
2. Бүс, аймаг, сумын хэмжээний хот байгуулалтын кадастрт:
- суурьшлын системийн;
- засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн;
- их хотын;
3. Хот суурин газрын хот байгуулалтын кадастрт:
- хот байгуулалтын дүрмээр зохицуулагдах үүрэг зориулалтын бүсийн;
4. Нутаг дэвсгэрийн аль ч түвшний хот байгуулалтын кадастрт (нутаг дэвсгэрийн түвшин ба объектын ач холбогдолтой уялдан):
- инженерийн хийцтэй барилга байгууламж барих бүсийн;
- байгалийн аюултай хүчин зүйл болон хүний үйл ажиллагаанаас хамаарсан онцгой байдал үүсгэж болзошгүй байгалийн систем ба үйлдвэр, аж ахуйн газруудын (холбогдох төрийн захиргааны байгууллагаас гаргасан жагсаалтаар);
- байгалийн онцгой хамгаалалттай бүсийн (холбогдох төрийн захиргааны байгууллагаас гаргасан жагсаалтаар);
- түүх-соёлын дурсгалт объектын (холбогдох төрийн захиргааны байгууллагаас гаргасан жагсаалтаар);
- амралт сувилал, аялал жуулчлалын бүсийн (холбогдох төрийн захиргааны байгууллагаас гаргасан жагсаалтаар);
- нутаг дэвсгэрийн ашиглалтыг нь тусгай дүрэм, журмаар зохицуулах шаардлагатай үйлдвэр, аж ахуйн газрууд (холбогдох төрийн захиргааны байгууллагаас гаргасан жагсаалтаар);
- газар тариалангийн бүсийн;
- зам тээврийн сүлжээний эдэлбэр газрын;
- зам тээврийн сүлжээний зангилааны;
- инженерийн шугам сүлжээний эдэлбэр газрын;
- инженерийн шугам сүлжээний зангилааны зэрэг мэдээллийн тооллогын нэгжийг тус тус ангилна.
Түүнээс гадна бүх түвшний хот байгуулалтын кадастрт мэдээлэл нь орсон газар, объект, шугам сүлжээг эзэмших, ашиглах, өмчлөх эрх бүхий төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэн мэдээллийн тооллогын нэгжийн үүрэг гүйцэтгэж болно.
7.ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫГ ХӨТЛӨХ
7.1. Хот байгуулалтын кадастрыг хөтлөх, бүрдүүлэх эрх зүйн үндэс нь дараах зүйлүүд болно. Үүнд:
- Монгол улсын болон бүс, аймаг, сум, хот суурин газрын хот байгуулалтын кадастрыг хөтлөх тухай эрх зүйн болон норматив актууд;
- төрийн болон орон нутгийн засаг захиргааны байгууллагаас баталсан хот байгуулалтын кадастрын тухай дүрэм, журмууд;
- хот байгуулалтын кадастрт шаардагдах мэдээллийг оруулж байх тухай Монгол улсын төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн захиргааны байгууллагын эрх зүйн болон норматив актууд;
- хот байгуулалтын кадастрт шууд нэвтрэх нөхцөл, шууд нэвтрэх эрх бүхий байгууллагын ангилал, тэдгээрийн эрх үүргийг тодорхойлсон норматив актууд;
- тухайн хот байгуулалтын кадастрыг Монгол улсын кадастрын нэгдсэн системд хамруулах асуудлыг баталгаажуулсан Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын батламжууд тус тус багтна.
7.2. Хот байгуулалтын кадастр тус бүрийг архитектур, хот байгуулалтын алба буюу газар хөтлөнө.
7.3. Кадастрын алба нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Хот байгуулалтын кадастрт орох мэдээллийг тогтмол хүлээж авна (хот байгуулалтын кадастрыг бүрдүүлж байгаа эхний шатанд анхны суурь мэдээллийг хүлээж авах);
- хүлээж авсан мэдээлэлд анхан шатны боловсруулалт (хяналт) хийж, кадастрт оруулна; өгөгдлийг кадастрт оруулах эрхийг зөвхөн кадастрын алба эдэлнэ.
- хот байгуулалтын кадастрыг хөтлөх программын болон техник хэрэгслийн үйлчилгээ хийх;
- мэдээллийг хадгалах, архивлах системийн үйлчилгээ хийх;
- хот байгуулалтын бусад кадастртай мэдээлэл солилцох;
- хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмаас өөр нөхцлөөр мэдээллийн санд нэвтрэхээс хамгаалах, сэргийлэх;
- архитектур, хот байгуулалтын албанаас олгосон эрхийн дагуу кадастрын бичиг баримтыг бүрдүүлэх, олгох;
- хот байгуулалтын кадастрт нэвтрэх эрхийн хүрээнд, хэрэглэгчдийн хүссэн мэдээллээр кадастрын лавлагааг бүрдүүлэх, олгох;
- Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санг захиран шийдвэрлэгчийн гаргасан жагсаалтад багтсан шууд нэвтрэх эрх бүхий хэрэглэгчдэд кадастрын системд нэвтрэх бололцоог хангуулж өгөх;
- Хот байгуулалтын кадастрын ерөнхий арга зүйн болон норматив дүрмийг тухайн хот байгуулалтын кадастрын онцлогт тохируулан өөрчлөх, нэмэлт оруулах;
- нутаг дэвсгэрийн объектын хот байгуулалтын кадастрыг хөгжүүлэх, боловсронгуй болгох;
- хот байгуулалтын кадастрын хамт хот байгуулалтын үйл ажиллагааны мэдээллийн санг бүрдүүлэх хот байгуулалтын өгөгдлийн банкийг хөтлөх зэрэг үйл ажиллагаа багтна.
Хот суурин газрын кадастрын албад дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
-эдэлбэр газар, барилга байгууламж, инженерийн болон замын шугам сүлжээний хэсэг, зангилааны эзэмшигч, ашиглагч, захиран шийдвэрлэгчдээс ирүүлсэн өөрчлөлт оруулах тухай хүсэлтэнд анхан шатны үзлэг хийж, мөрдөгдөж буй хот байгуулалтын дүрмэнд нийцэх байдлаар дүгнэлт гаргаж, архитектур, хот төлөвлөлтийн асуудал эрхэлсэн албанд шилжүүлнэ.
-эдэлбэр газар, барилга байгууламж, инженерийн болон замын шугам сүлжээний хэсэг, зангилааны эзэмшигч, ашиглагч, захиран шийдвэрлэгчдээс ирүүлсэн өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг болон уг өөрчлөлтийг зөвшөөрсөн, татгалзсан, хориглосон, хязгаарласан албан ёсны баримтыг бүртгэнэ.
Хэрэв орон нутагт өөрийн кадастрын алба байхгүй бол Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохирсноор түүний хот байгуулалтын кадастрыг өөр кадастрын алба хөтөлж болно. Энэ үед хот байгуулалтын кадастрын мэдээллийн сангийн эзэмшигч нь тухайн орон нутгийн захиргаа байна.
7.4. Хот байгуулалтын кадастрын албад доорх байгууллагуудтай дараах мэдээллийг солилцно. Үүнд:
- Улсын болон орон нутгийн геодези зураг зүйн албадаас нутаг дэвсгэрийн тооллогын нэгжээр боловсруулсан цахим хэлбэртэй буюу цаасан дээр буулгасан зураг зүйн материалуудыг;
- Газрын кадастрын сангаас газар ба түүн дээр орших объект, зам шугам сүлжээг эзэмших, ашиглах, өмчлөх хууль ёсны эрх бүхий төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний тухай мэдээллийг;
- Зураг төсөл, хайгуулын байгууллагуудаас харгалзах түвшний зураг төсөл, хайгуулын ажлын тухай болон батлагдсан зураг төсөлд тусгагдсан нутаг дэвсгэрийн ашиглалтын хязгаарлалтын тухай мэдээллийг;
- Улсын статистикийн байгууллагуудаас нутаг дэвсгэр дээрх аж ахуйн салбарын бүтэц, хүн ам, байгалийн нөөц, илэрц, ашиглалтын тухай мэдээллийг;
- Архитектур, хот байгуулалтын албадаас харгалзах түвшний зураг төсөл, хайгуулын ажлын тухай болон хот байгуулалт, нутаг дэвсгэрийн ашиглалт, зохицуулалтын тухай батлагдсан эрх зүй, норматив баримт бичгийн тухай мэдээллийг;
- Байгаль орчны ашиглалтын тухай хууль тогтоомж боловсруулдаг салбарын удирдах байгууллагуудаас нутаг дэвсгэрийн байгалийн нөөцийн байршил, ашиглах нөхцөл, экологийн байдал, байгаль орчны ашиглалтын тухай хууль тогтоомж, дүрэм, журмын тухай мэдээллийг;
- Байгаль хамгаалах байгууллагуудаас тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай мэдээллийг;
- Түүх соёлын өвийг хамгаалах байгууллагуудаас хамгаалалтанд орсон түүх соёлын дурсгалт объектуудын тухай мэдээллийг;
- Бусад салбарын үдирдах байгууллагуудаас тухайн нутаг дэвсгэрийн объектын ашиг сонирхлыг хөндөх салбарын батлагдсан төсөл, хөтөлбөрийн тухай мэдээлэл, нутаг дэвсгэрийн объектын тооллогын нэгжийн салбарын өгөгдлүүдийг (зам тээвэр, инженерийн шугам сүлжээ, эх үүсвэрүүд, нутаг дэвсгэрийг аюултай нөлөөлөлд оруулж болох байгалийн болон хүний үйл ажиллагааны процессууд);
- Нутаг дэвсгэрийн төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагуудаас зураг төслийн баримт бичгийг баталсан, хайгуул судалгааны баримт бичгийг хүлээн авсан тухай болон хот байгуулалтын тухай, нутаг дэвсгэрийн ашиглалтыг зохицуулах тухай зэрэг эрх зүй, нормативын батлагдсан баримт бичгүүдийн тухай мэдээллийг;
- Хот байгуулалтын мониторингийн албадаас хот байгуулалтын одоогийн нөхцөл байдлын тухай мэдээллийг (нутаг дэвсгэрийн бодит байдал ба өөрчлөлтийн тухай);
- Яам газруудын мэдээллийн болон кадастрын албадаас төрийн захиргааны байгууллагуудын норматив баримт бичгээр батлагдсан буюу зөвшилцөж тогтоосон дүрэм ба хязгаарлалтууд;
- Бусад хот байгуулалтын кадастрын албадаас тухайн кадастрт шилжүүлсэн мэдээлэл;
- Бусад байгууллагуудаас төрийн болон орон нутгийн захиргаанаас баталсан жагсаалтын дагуу мэдээллийг тус тус бүрдүүлнэ.
7.5. Кадастрын алба нь хот байгуулалтын кадастрт ирсэн өгөгдлүүд болон хэрэглэгчдэд олгосон кадастрын баримт бичиг, лавлагааг дотоод бүртгэлийн журналд бүртгэж хөтөлнө. Кадастрын мэдээллийг бүртгэх, тоолох, хадгалах үйл ажиллагааг Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан заавар, аргачлал, стандартын дагуу явуулна.
7.6. Өөр өөр түвшний нутаг дэвсгэрийн хот байгуулалтын кадастрын хооронд мэдээлэл солилцох журмыг Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан норматив баримт бичгийн дагуу тогтооно.
7.7. Кадастрын бичиг баримтыг олгохдоо, түүнийг бэлтгэх зардлыг тооцон тогтоосон төлбөртэйгээр олгогдно. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн лавлагааг төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагад үнэ төлбөргүй олгох ба хуулийн этгээд, иргэнд хот байгуулалтын кадастрын захиран шийдвэрлэгчийн тогтоосон хэмжээний төлбөртэй олгоно.
8.ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫГ БҮРДҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
8.1. Хот байгуулалтын кадастр тус бүрийг бүрдүүлэх үйл ажиллагаанд дараах ажлууд багтна. Үүнд:
- Хот байгуулалтын кадастрыг бүрдүүлэх үзэл баримтлал, хөтөлбөр, төсөл боловсруулах;
- Эрх зүй, нормативын болон арга зүйн удирдамжаар хангах;
- Кадастрын албаны болон түүний удирдлагын хэвийн үйл ажиллагааг зохион байгуулах;
- программ-техник хангамжийн цогцыг зохион байгуулах;
- мэдээлэл хангамжийг бүрдүүлэх;
- мэдээлэл-холбооны системийг зохион байгуулах;
- боловсон хүчнийг бэлтгэх, хангах зэрэг ажлууд орно.
8.2. Хот байгуулалтын кадастрыг бүрдүүлэх, хөтлөх санхүүжилтийг түүний эзэмшигч байгууллага улс, орон нутгийн төсөв, бусад татан төвлөрүүлэх төсвийн гадуурх эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Төсвийн эх үүсвэр нь Монгол улсын хууль тогтоомжид заасан газрын татвар, нөөц ба үл хөдлөх хөрөнгийн хураамж, хот байгуулалтын хууль зөрчсөний хариуцлагад ногдуулах торгуулийн орлогоос хуваарилагдсан хөрөнгө, кадастрын үйлчилгээ үзүүлсний төлбөр, мөн түүнчлэн улсын болон орон нутгийн төсвөөс төрийн захиргааны байгууллагыг мэдээлэлжүүлэхэд зориулан хуваарилсан хөрөнгөөс бүрднэ.
8.3. Хот байгуулалтын кадастрыг байгуулах ажлыг дараах байдлаар хуваарилна. Үүнд:
Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага:
Хот байгуулалтын кадастрын эрх зүйн болон норматив-арга зүйн санг боловсруулах ажлыг зохион байгуулах (хот байгуулалтын кадастрыг бүрдүүлэх, хөтлөх норматив-эрх зүйн баримт бичгийн үлгэрчилсэн загвар, хот байгуулалтын кадастрын баримт бичгийн үлгэрчилсэн загвар, хот байгуулалтын кадастрын өгөгдлийн сангийн бүтэц, хот байгуулалтын кадастрын мэдээллийг олгох стандарт, хот байгуулалтын кадастрыг хөтлөх технологийн удирдамж, удирдах үйл ажиллагаанд хот байгуулалтын кадастрыг хэрэглэх зөвлөмж зэрэг); улсын хот байгуулалтын кадастрыг бүрдүүлж, түүнийг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах; бусад түвшний хот байгуулалтын кадастрыг бүрдүүлж, хөтлөхөд ба боловсон хүчнийг бэлтгэхэд арга зүйн туслалцаа үзүүлэх.
Бүс, аймаг, сумын засаг захиргааны байгууллагууд:
- Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан үлгэрчилсэн загварын үндсэн дээр өөрийн нутаг дэвсгэрийн болон нутаг дэвсгэр дээрээ орших хот суурины хот байгуулалтын кадастрыг бүрдүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
-Өөрийн хот байгуулалтын кадастрыг байгуулж, мэдээллээр хангана.
- Нутаг дэвсгэр дээрээ орших хот суурины хот байгуулалтын кадастрыг байгуулахад арга зүйн болон боловсон хүчнийг бэлтгэхэд туслалцаа үзүүлнэ.
Хот суурин газрын засаг захиргааны байгууллагууд:
- Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан үлгэрчилсэн загварын үндсэн дээр өөрийн хот байгуулалтын кадастрыг байгуулах норматив эрх зүйн үндэслэлээ боловсруулна.
- Хот байгуулалтын кадастрыг хөтлөх боловсон хүчнийг бэлтгэнэ.
- Өөрийн хот байгуулалтын кадастрыг байгуулж, мэдээллээр хангана.
8.4.Хот байгуулалтын кадастрыг байгуулахад нутаг дэвсгэрийн түвшний ялгааг харгалзахгүйгээр дараах үе шатны ажлууд хийгднэ.
Нэгдүгээр шатанд:
Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний даалгавар боловсруулж, уг даалгаврын дагуу ерөнхий төлөвлөгөөг захиалж хийлгэх бөгөөд үүний үр дүнд хот байгуулалтын үнэлгээгээр газрыг бүсчилсэн бүсчлэл ба хот байгуулалтын дүрмээр зохицуулагдах бүсчлэл тогтоогдно;
Хот байгуулалтын кадастрыг байгуулах үзэл баримтлал, хөтөлбөр, төслийг боловсруулна;
Хот байгуулалтын кадастрыг байгуулах, хөтлөх эрх зүйн үндсийг бүрдүүлэх бичиг баримтыг боловсруулж, батлах; кадастрын албыг байгуулах; хот байгуулалтын кадастрын өгөгдлийн бүтцийг тогтоох; хот байгуулалтын кадастрын программ хангамжийг бий болгох, хот байгуулалтын кадастрт бүртгэгдэх ёстой, одоо байгаа анхан шатны мэдээллийг боловсруулж, бүртгэх; хот байгуулалтын кадастрын анхны бүрдүүлэлтийг хийж, туршилтын журмаар ашиглаж эхлэх.
Хоёрдугаар шатанд:
Хот байгуулалтын кадастрыг хөгжүүлэх; хот байгуулалтын кадастрт мэдээлэл байнга нийлүүлэгдэж байх үйл ажиллагааг зохион байгуулах; хот байгуулалтын кадастрыг бүрдүүлж байнгын ашиглалтанд оруулах (ирсэн мэдээллийг бүртгэж авах, кадастрын бичиг баримт, лавлагааг боловсруулж гаргах, мэдээллийн олголтыг бүртгэх) ажлуудыг тус тус хийсэн байвал зохино.
8.5. Хот байгуулалтын кадастрын мэдээллийн санд хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө шинэчлэгдэх тутамд өөрчлөлт оруулж, 5 жилд 1 удаа тодруулга хийнэ.
9.ХОТ БАЙГУУЛАЛТЫН КАДАСТРЫГ ХЯНАХ, МАГАДЛАХ
9.1. Хот байгуулалтын кадастрыг бүрдүүлэх, хөтлөх үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байгууллагууд жилд нэгээс доошгүй удаа хяналт тавина.
9.2. Хяналт хийж байгаа байгууллагууд хот байгуулалтын кадастрын баримт бичиг сангийн өгөгдөлтэй тохирч байгаа эсэхэд түүвэрчилсэн шалгалт хийж, үнэн зөв байдлыг магадлан хэмжилтээр тогтоох ба хяналтын үр дүнг төрийн захиргааны төв ба орон нутгийн захиргааны байгууллагад тайлагнаж байна.
Текст томруулах
A
A
A