- Нүүр
- Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллага
- ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГАД ТООЦОХ ЖУРАМ
Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн хурлын 13 дугаар тогтоолын ХАВСРАЛТ
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГАД ТООЦОХ ЖУРАМ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 дүгээр зүйл. Журмаар зохицуулах харилцаа
1.Энэ журмаар хуульчийн мэргэжлийн шалгалт /цаашид “Шалгалт” гэх/-д орох өргөдөл гаргагчийн хуульчийн мэргэжлийн дадлага /цаашид “Мэргэжлийн дадлага” гэх/ хийсэн байдал, хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйл, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг үндэслэн хянаж тооцохтой холбогдсон харилцааг зохицуулна.
2.Мэргэжлийн дадлагад тооцох үйл ажиллагаанд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан зарчмыг баримтална.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГАД ТООЦОХ, ТҮҮНИЙ ХУГАЦААГ ТООЛОХ
2.1 дүгээр зүйл. Хуульд заасан ажил, албан тушаал эрхэлснийг мэргэжлийн дадлагад тооцох
1.Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургууль төгссөнөөс хойш Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан ажил, албан тушаалд томилогдон хоёроос доошгүй жил ажилласан бол мэргэжлийн дадлагад тооцно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил, албан тушаал эрхэлсэн хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоног, сар, жилээр тоолно.
3.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө дараахь ажил, албан тушаалд хоёроос доошгүй жил ажилласан бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийг үндэслэн мэргэжлийн дадлагад тооцно:
3.1.Бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч, өмгөөлөгч, нотариатч, арбитрч, тэдгээрийн туслах ажилтан, нарийн бичгийн дарга;
3.2.Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, бүх шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндсэн хуулийн цэц, Прокурорын байгууллага, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг төрийн бусад байгууллагын Тамгын газар, Хэрэг эрхлэх газар, Ажлын албаны болон тэдгээрийн харьяа хэлтэс, тасгийн ажилтан;
3.3.Цагдаа, гааль, татвар, тагнуул, хорих, хилийн цэрэг зэрэг байгууллагын алба хаагч;
3.4. Төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хууль зүйн товчоо, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын ажилтан /архивч, кодификаторч, бичиг хэргийн эрхлэгч, эрх зүйн мэдээллийн ажилтан гэх мэт/;
3.5.Хууль зүйн их, дээд сургууль, коллеж, адилтгах сургалтын байгууллагын багш, хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын ажилтан.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажил, албан тушаалын нэр өөрчлөгдсөн нь мэргэжлийн дадлагад тооцоход нөлөөлөхгүй.
2.2 дугаар зүйл. Өмгөөллийн үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг цагаар болон гэрээгээр гүйцэтгэснийг мэргэжлийн дадлагад тооцох
1.Өмгөөллийн үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг талууд харилцан тохиролцож, хуульчийн удирдлага дор байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр болон байнгын бус ажлын байранд хугацаатай ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр хариу төлбөртэй болон төлбөргүйгээр гүйцэтгэснийг мэргэжлийн дадлагад тооцож болно.
2.Өмгөөллийн үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг байнгын бус ажлын байранд гэрээгээр гүйцэтгэсэн бол гэрээнд ажил гүйцэтгэсэн хугацааг жил, сар, өдөр, цагаар тусгасан байна.
3.Өмгөөллийн үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг байнгын бус ажлын байранд гэрээгээр хариу төлбөртэй гүйцэтгэсэн бол харгалзах хугацааны ажлын хөлсөнд ногдох хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна.
4.Өмгөөллийн үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг байнгын бус ажлын байранд гэрээгээр хариу төлбөргүй гүйцэтгэсэн бол тухайн хугацаанд харгалзах нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсөн байна.
2.3 дугаар зүйл. Гадаад улсад мэргэжлийн дадлага хийснийг тооцох
1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан мэргэжлийн дадлагатай дүйцэхүйц ажил, албан тушаалыг гадаад улсад эрхэлснийг мэргэжлийн дадлагад тооцох эсэхийг Хуульчдын холбооны шалгалтын асуудал эрхэлсэн хороо нэг бүрчлэн хянаж үзсэний үндсэн дээр шийдвэрлэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар мэргэжлийн дадлагад тооцуулах этгээд нь шалгалт өгөхийг хүсч буй тухайн жилийн эхний улирлын дотор өөрийн хүсэлт болон бусад нотлох баримтыг Хуульчдын холбооны шалгалтын асуудал эрхэлсэн хороонд гаргаж өгнө.
2.4 дүгээр зүйл. Мэргэжлийн дадлага хийсэн хугацааг тоолох
1.Мэргэжлийн дадлагын хугацааг тоолохдоо мэргэжлийн дадлагад тооцох ажил, албан тушаалд ажилласан хоног, сар, жилээр тооцно.
2.Мэргэжлийн дадлагын нийт хугацаанд энэ журмын 2.1, 2.2, 2.3 дугаар зүйлд заасан ажил, албан тушаал эрхэлсэн хугацааг нэмж тооцож болно.
3.Өмгөөллийн үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг энэ журмын 2.1 дүгээр зүйлд заасан ажил, албан тушаалтай нэг цаг хугацаанд давхар эрхэлсэн бол хугацааг тус тусад нь нэмж тоолохгүй.
4.Өмгөөллийн үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг цагаар болон гэрээгээр гүйцэтгэснийг багц цагт шилжүүлж мэргэжлийн дадлагад тооцохдоо ажлын гэрээнд заасан хугацааг цагт шилжүүлэн, ажлын найман цагийг нэг өдөрт тооцно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН ДАДЛАГА ХИЙСНИЙГ НОТЛОХ
3.1 дүгээр зүйл. Мэргэжлийн дадлага хийснийг нотлох үүрэг
1.Шалгалтад оролцогч нь мэргэжлийн дадлага хийснийг нотлох үүргийг хүлээнэ.
2.Шалгалтад оролцогч Шалгалтын зохион байгуулалтын комисст энэ журмын 3.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан материалыг шаардсан хугацаанд гаргаж өгнө.
3.2 дугаар зүйл. Бүрдүүлэх материал
1. Энэ журмын 2 дугаар бүлэгт заасан мэргэжлийн дадлага хийснийг тооцуулахад дараахь баримт бичгийг бүрдүүлж, Хуульчдын холбооны шалгалтын асуудал эрхэлсэн хороонд шаардсан хугацаанд гаргана:
1.1.Хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон бусад гэрээ;
1.2.Бүрэн бичилт бүхий нийгмийн даатгалын дэвтэр;
1.3.Хөдөлмөрийн харилцааг эхлүүлсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон тухай ажил олгогчийн тушаал;
1.4.Ажил олгогчийн тодорхойлолт болон ажлын байрны тодорхойлолт;
1.5.Шалгалтад орохыг хүсэгч нь өмгөөлөгчийн туслахаар ажилласан бол Хуульчдын холбооны Өмгөөлөгчийн туслахын нэгдсэн бүртгэлээс гаргаж өгсөн тодорхойлолт.
2.Өмгөөллийн үйлчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд туслах ажлыг мэргэжлийн дадлагад багц цагт шилжүүлэн тооцуулахад энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
2.1.удирдаж ажилласан хуульчийн тодорхойлолт;
2.2. бусад нотлох баримт.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД
4.1 дүгээр зүйл. Сургалт зохион байгуулах
1.Мэргэжлийн дадлага хийж байгаа шалгалтад орох этгээдэд мэргэжлийн ур чадвар, дадал олгох сургалтыг Хуульчдын холбооны сургалтын асуудал эрхэлсэн хороо зохион байгуулж болно.
4.2 дугаар зүйл. Гомдол гаргах эрх
1.Шалгалтад орох өргөдөл гаргасан этгээдийн мэргэжлийн дадлагыг тооцохтой холбоотой гомдлыг Шалгалтын зохион байгуулалтын комисст гаргаж шийдвэрлүүлнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Шалгалтын зохион байгуулалтын комиссын хянан шийдвэрлэсэн асуудлаар Хуульчдын холбооны шалгалтын асуудал эрхэлсэн хороонд гомдол гаргаж болно.
4.3 дугаар зүйл.Зөрчлийн талаар мэдэгдэх
1.Шалгалтын зохион байгуулалтын комисс энэ журамд заасан мэргэжлийн дадлагыг хийсэн болохыг нотлох зорилгоор хуурамч мэдээлэл өгөх, баримт бичиг үйлдэх, гаргаж өгсөн нь тогтоогдсон хуульчийн талаар Хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн хариуцлагын асуудал эрхэлсэн хороонд мэдэгдэнэ.
4.4 дүгээр зүйл. Журам хүчин төгөлдөр болох
1.Энэ журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
-----оОо----
Текст томруулах
A
A
A