- Нүүр
- Сайдын тушаал
- ХАЛААЛТЫН СИСТЕМД МЕТАЛЛ ПОЛИМЕР ХООЛОЙГ ТӨЛӨВЛӨХ БА УГСРАХ
ХАЛААЛТЫН СИСТЕМД МЕТАЛЛ ПОЛИМЕР ХООЛОЙГ ТӨЛӨВЛӨХ БА УГСРАХ
DESIGN AND INSTALLATION OF PIPELINES FOR HEATING SYSTEMS USING METALPOLIMERIC PIPES
2008 оны … дугаар сарын …-ны
өдрөөс эхлэн мөрдөнө.
Энэхүү дүрэм нь металл полимер хоолойг ашиглан зураг төсөл зохиох, угсралт ажил гүйцэтгэхэд мөрдөнө.
Металл полимер хоолой нь дотор гадна талаас нь цавуу түрхэж түүний дараа полиэтилен “оёсон” нимгэн ханатай хөнгөн цагаан голтой таван үетэй байна.
Металл полимер хоолой нь ган болон пластмассан хоолойноос дараах давуу талуудтай байна:
- хүчилтөрөгч 100 хувь нэвтрэхгүй;
- зэврэлтэнд тэсвэртэй;
- хоолойн хананд минерал үлдэц наалдахгүй
- ашиглалтын хугацаа 25 жилээс дээш;
- хөлдөлтөнд тэсвэртэй;
- газар хөдлөлтийн бүсэд найдвартай;
- дуу шингээх өндөр чадвартай;
- тээвэрлэхэд хялбар;
- угсралтын ажил гүйцэтгэхэд хялбар. Хялбархан нугардаг, өрөөнд байгаа ямар нэг саадыг амархан тойрч гарах боломжтой, заавал нарийн хэмжээний дагуу угсрах шаардлагагүй.
- угсралтын ажлыг гагнуургүй, эрээс гаргахгүйгээр тусгай багаж, тоног төхөөрөмж ашиглан ган, пластмассан, латунан холбох хэрэгсэл, эд ангиар гүйцэтгэх боломжтой.
1. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ.
1.1.Металл полимер хоолойг /цаашид хоолой/ нормативын баримт бичиг туршилтын гэрчилгээг үндэслэн 90оС ихгүй температуртай, хоолойн дээрх даралт нь 1.0 МПа ихгүй халаалтын системийг төлөвлөх, угсрахад хэрэглэнэ.
1.2.Металл полимер хоолойг орон сууц, олон нийт, захиргаа аж ахуй, үйлдвэрийн барилгын төвлөрсөн болон бие даасан халаалтын системд болон хүлэмжийн хөрсний халаалтанд хэрэглэж болно.
1.3.Галын аюулын Г зэрэглэлийн болон гадаргуугийн температур нь 150оС-ээс их дулаан ялгаруулдаг эх үүсвэртэй өрөө тасалгаанд металл полимер хоолойг төлөвлөж угсрахыг хориглоно.
1.4.Осол гарсан үед металл полимер хоолойг хамгаалах арга хэмжээ (хамгаалах экран) авсны дараа цахилгаан, болон хийн гагнуур ажлыг гүйцэтгэнэ.
1.5.Зураг төсөл, угсралтын ажлын үед халаалтын системтэй холбогдох бусад норматив баримт бичгийн заалтуудыг мөрдөх хэрэгтэй.
2. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ.
2.1.Энэхүү дүрэм нь одоо үйлчилж буй норматив баримт бичигт зөвлөмж болох бөгөөд төвлөрсөн болон бие даасан халаалтын системийн зураг төсөл, угсралтын ажил гүйцэтгэхэд мөрдөнө.
2.2.Халаалтын системд иж бүрнээр металл полимер хоолой эсвэл бусад төрлийн хоолойтой /ган, зэс гм/ хослуулан хэрэглэж болно.
2.3.Халаалтын системд хэрэглэх металл полимер хоолой нь норматив баримт бичгийн шаардлага хангасан эсэх талаар тодорхойлсон техникийн үзүүлэлт бүхий гэрчилгээтэй байна.
2.4.Халаалтын системд ашиглах хоолойн ашиглалтын хугацаа нь 25 жилээс багагүй байна.
2.5.Металл полимер хоолойн төрөл, хэмжээ, техникийн үзүүлэлтийг үйлдвэрлэгчийн өгөгдөлөөр А хавсралтанд үзүүлэв. /Хүснэгт А1, А2/
Энэхүү дүрмийн шаардлага болон бусад холбогдох норматив баримт бичигт дурдсан үзүүлэлтээс илүү үзүүлэлт бүхий хоолойг гэрчилгээ болон техникийн үзүүлэлтийг үндэслэн халаалтын системд хэрэглэж болно.
2.6.Үйлдвэрлэгч, импортлогч нь металл полимер хоолойг латунаар хийсэн холбох хэрэгсэлийг гэрчилгээний хамтаар нийлүүлсэн байх ёстой. Зарим үйлдвэрлэгчийн холбох хэрэгслийн хувилбарыг В ба Г хавсралтанд үзүүлэв.
3.ХАЛААЛТЫН СИСТЕМД МЕТАЛЛ ПОЛИМЕР ХООЛОЙГ ТӨЛӨВЛӨХ
Ерөнхий заавар
3.1.Металл полимер хоолойтой халаалтын системийн зураг төслийн ажил нь хоолойн төрөл, түүний холбох хэрэгсэл, хаалт арматур, дулаан зөөгчийн үзүүлэлт сонгох болон дулаан техникийн болон гидравликийн тооцоог хийх, материал, холбох хэрэгсэлийн ашиглалтын хугацааны нөхцлийг тооцон угсрах аргыг сонгох зэргээс бүрдэнэ.
3.2.Хоолойн ажиллах горим, даралт, температур, ашиглалтын шаардлагатай хугацаа, угсрах газар, өрөөний зориулалт зэргээс хамааруулан хоолойн төрлийг сонгоно.
3.3.Халаалтын системийн хоолойг плинтусны ард, сувагт, шалны хийцэд угсрана. Гадны нөлөөллөөс болж механик болон дулааны гэмтэл үүсэхгүй, хэт ягаан туяаны нөлөөлөлгүй бол ил угсрахыг зөвшөөрнө.
Хэрэв барилгын ашиглалтын хугацаа 20 жилээс бага, хоолойн ашиглалтын хугацаа 40 жилээс их байх тохиолдолд хоолойг барилгын хийцэд хамгаалалтгүйгээр цутгамал хийцэд угсарч болно.
Хоолойг далд угсрахдаа түүний холбоосыг засварлах боломжоор хангах хэрэгтэй.
3.4.Дулаан хангамжийн сүлжээнд дулаан зөөгчийн үзүүлэлтийг /даралт, температур/ зөвшөөрөгдөх хязгаараас хэтрэхээс хамгаалах зорилгоор түүнийг автомат тохируулгын хэрэгсэлээр тоноглох хэрэгтэй. Металл полимер хоолойг дулааны элеваторын зангилаатай системд хэрэглэхийг хориглоно.
Металл полимер хоолойг дулааны зангилаанд хаах хаалтны дараа хэрэглэхээр төлөвлөх хэрэгтэй.
Металл полимер хоолойг тэлэлтийн, урьдчилан сэргийлэлтийн, халилтын, дохионы дамжуулах хоолойнд ашиглахыг хориглоно.
3.5.Металл полимер хоолойг иж бүрэн болон хэсэгчлэн ашигласан халаалтын систем нь зарчмын хувьд дараах байдлаар ангилагдана:
а) Металл полимер хоолой нь нэгэн зэрэг халаах хэрэгсэлийн элемент болох шалны халаалтын систем, / дулаан зөөгчийн температур нь 55оС-ээс ихгүй/
б) Халаах хэрэгсэлтэй /радиатор, конвектор/ буюу агаарын кондиционертэй хосолсон металл полимер хоолойтой систем.
3.6.Металл полимер хоолойг ашигласан халаалтын системийн тооцоог одоо байгаа аргачлалыг ашиглаж номограмаар, математикийн хамаарлаар болон компютерээр гүйцэтгэж болно.
3.7.Шалны халаалтын системийг хувийн сууц, зарим олон нийтийн барилга /сургуулийн өмнөх насны хүүхдийн барилга, зочид буудал/ захиргааны барилга, шалны халаалтын системийг хэрэглэхийг технологийн шаардлагаар зөвшөөрсөн тусгай зориулалтын барилгуудад хэрэглэж болно.
Металл полимер хоолойг ашигласан шалны халаалтын системийг өөрийн эх үүсвэрээр халаах болон төвлөрсөн халаалттай үед хамааралгүй схемээр холбох үед зөвшөөрнө.
3.8.Шалны халаалтын системийг угсрах хувилбаруудыг 2 дугаар зурагт үзүүлэв:
А схем - дангаар угсрах; Хоолойг угсрахад хялбараас гадна шалны гадаргуугаар температур нь жигд тархана. Гол давуу тал нь шалны бүх төрлийн хийцэд амархан зохицдогт оршино.
В схем - өгөх буцах шугамыг зэрэгцээ угсрах; Жигд дундаж температурыг хангах ба энэ үед жижиг талбайд температурын хэлбэлзэлийг их байлгах боломжтой.
С схем - өгөх буцах шугамыг зэрэгцээ ороомог маягаар угсрах; Дулаан их шаарддаг орон сууцны барилгад илүү тохиромжтой.
С схем нь халаалтын системийн өгөх хоолойг гадна хананд ойр угсрах хэрэгтэй.
3.9.Шалны гадаргуугийн дундаж температурыг норматив баримт бичгийн шаардлага болон тухайн материалын температурын хязгаарлалтыг үндэслэн авна. (Паркетэн шалны гадаргуугийн хамгийн их зөвшөөрөгдөх температур нь 27°С-ээс ихгүй байна.)
3.10.Зохиомол материалаар хийгдсэн гадаргуугийн хучилт нь эрүүл ахуйн хувьд дулаан шалны хийцэд хэрэглэж болно гэсэн гэрчилгээтэй байх ёстой.
3.11.Өрөөний тав тухтай нөхцөлд шалны гадаргуугийн температураас гадна шалны гадаргуу дээрх температурын тархалтын жигд биш байдал нөлөөлнө. Шалны халаалтын системийн шалны хэсгүүдийн гадаргуу дээрх температурын зөрүү 10°С-ээс их байхыг хориглоно. ( Зохистой нь 5°С ).
3.12.Шалны хийцэд металл полимер хоолойн халаах элементтэй халаалтын системийн дамжуулах хоолойг угсрах хувилбарыг 3 дугаар зурагт үзүүлэв.
3.13.Металл полимер хоолойг шалны хийцэд угсрах гүнийг дулаан зөөгчийн температур, шалны материалаас хамааруулан тодорхойлно.
3.14.Металл полимер хоолойг зэрэгцээ угсрах зохистой зай хэмжээг шалны гадаргуу дээрх температурын хэлбэлзэл, эдийн засгийн үндэслэлээр тодорхойлно.
Металл полимер хоолойг барилгын хийцэд дулаалгатай угсарна.
3.15.Иж бүрэн металл полимер хоолой болон хэсэгчилэн металл полимерээр хоолойгоор төлөвлөсөн халаалтын систем нь дээрээс болон доороос түгээлттэй, нэг болон хоёр хоолойтой байж болно.
Хоолойг дараах системүүдэд төлөвлөхийг зөвлөж байна:
- Зэрэгцээ - Цуваа холбогдсон бүлэг халаах хэрэгсэлтэй хэвтээ хоёр хоолойтой системд (зураг 4,5);
- Цуваа холбосон бүлэг халаах хэрэгсэлтэй хэвтээ нэг хоолойтой систем. (зураг 6);
- Хуваарьлах коллектортой (зураг 7,8);
Хуваарьлах коллектортой системд халаах хэрэгсэлийг холбохдоо металл полимер хоолойг “Хэлхээ” хэлбэртэйгээр шалны хийцэд эсвэл ханын дагуу плинтусын дотор угсарна. Нэг коллекторт 8 хүртэл хэлхээг холбож болно.
Хэлхээ бүр нь нэг өрөөг буюу нэг хэрэглэгчийн бүлэг өрөөг үйлчлэхээр төлөвлөх нь зүйтэй.
9дүгээр зурагт халаах хэрэгсэлийг босоо дамжуулах хоолойд холбох хувилбарыг үзүүлсэн болно.
Металл полимер хоолой дахь дулаан зөөгчийн зөвшөөрөгдөх хурдыг ган хоолойноос 20 хувь хүртэл нэмэгдүүлж тооцож болно.
3.16.Металл полимер хоолойтой халаалтын системд халаах хэрэгсэл болон хуваарьлах коллектор дээр автомат болон гар хий зайлуулагч төлөвлөх хэрэгтэй.
3.33.Хөнгөн бетонд пластификатортай далд жийрэгтэй дан хоолойн тооцооны дулааны урсгалыг 1.1-1.15 дахин ихэсгэж тооцно.
3.34.Стандартын ховилд жийрэгтэй хоолойд бүрэн дүүргэгдсэн өөрөө хатуурдаг хөөсөнцөр тусгаарлагчтай тохиолдолд хоолойн дулааны урсгалыг гадна хананд 15%-20%, дотор хамар хананд 5%-10% буурахаар тооцно.
4. МЕТАЛЛ ПОЛИМЕР ХООЛОЙГ ТЭЭВЭРЛЭХ БА ХАДГАЛАХ
4.1.Металл полимер хоолойг тээвэрлэх, ачих, буулгах ажлыг гадна агаарын температур хасах 20°С-ээс багагүй тохиолдолд гүйцэтгэнэ.
4.2.Металл полимер хоолойг хэсэгчлэн болон бөөнөөр тээвэрлэхэд бүх төрлийн тээврийн хэрэгсэлийг /боломжтой бол битүү машин юмуу вагон/ ашиглаж болох ба хэвтээ байрлалтайгаар тээвэрлэнэ.
4.3.Металл полимер хоолойг ачих, буулгах, тээвэрлэх, хадгалахад механик гэмтэл учруулахаас болгоомжлох шаардлагатай. Хоолойг тээврийн хэрэгсэлээс чулуудах, гадаргуугаар нь гулсуулахыг хориглоно. Хоолойг ачих үед зөөлөн материалаар хийгдсэн оосорыг ашиглана.
4.4.Металл полимер хоолойг битүү байранд болон саравчин доор хэвтээ байрлалд, тэгш гадаргуу дээр, тавцан болон шитэнд нарны шууд тусгалаас хамгаалан хадгална. Хураах өндөр нь 2 м-ээс хэтрэхгүй байна. Хоолойг агуулахад хадгалах үед орчны температур нь 50°С-ээс хэтэрч болохгүй ба халаах хэрэгсэлээс 1 м-ээс багагүй зайд байрлуулна.
5. МЕТАЛЛ ПОЛИМЕР ХООЛОЙГООР ХАЛААЛТЫН СИСТЕМИЙГ УГСРАХ
Ерөнхий заалт
5.1.Металл полимер хоолойн угсралтыг зураг төслийн дагуу орчны температур 10°С-ээс багагүй нөхцөлд гүйцэтгэнэ.
5.2.Металл полимер хоолойг битүү байранд суурилуулахад цахилгаан хийн бүх гагнуурын ажлыг дуусгаж, бэхэлгээний элементүүдийг байрлуулсан байх ба ил газраар татах үед тухайн хэсгийн ажлыг дуусгасан байна.
Хоолойг далд угсрах үед салбарласан холболт болон арматур байх хэсэгт нээлхий юмуу хурц ирмэггүй авагддаг таг ашиглана.
Босоо шугамуудыг суваг, хөндий, ховил, чимэглэлийн хавтангийн цаана эсвэл хананд нягт байрлуулсан байна.
Хэвтээ хоолой болон халаах хэрэгсэлд холбогдох хэсгийг далд эсвэл плинтусын цаана байрлуулах ёстой. (Зураг 14) Ил хэсгийг чимэглэлийн элементүүдээр халхалж болно.
Металл полимер хоолойг механик болон дулааны гэмтэлд өртөхөөргүй, хэт ягаан туяаны шууд тусгал өртөхөөргүй газар ил угсарч болно.
5.3.Угсралтын үед хоолойг хэв гажилтад оруулах, нугалах, хугалахыг хориглоно.
Хоолойд нугаралт /хавтайлт/ үүссэн тохиолдолд тэгшилж, модон эсвэл хаймран алхаар цилиндр хэлбэрт оруулах ба ийм ажиллагааг тухайн хэсэгт нэг удаа хийнэ.
5.4.Хасах температурт /бэлтгэлийн хэсэгт/ хадгалагдаж байсан болон тээвэрлэгдэж ирсэн металл полимер хоолойг тэнийлгэхийн өмнө 10°С-аас доошгүй температуртай орчинд 24 цагийн турш байлгах шаардлагатай.
Хоолойг ороодосноос гаргах, монтажлах үед хоолой мушгирахаас сэргийлэх
Хоолойг угсрах үед суналтын хүч үйлчлэхээс сэргийлэх ба гадны бохир, хог шороо оруулахгүйн тулд сул үзүүрүүдийг бөглөх шаардлагатай.
5.5.Хоолойг нугалах радиус нь хоолойн гадна голчоос 5-аас доошгүй дахин их байх ёстой. 5 dн-ээс бага үед спираль пружиныг ашиглана. Хоолойг хүйтэн байдалд халаахгүйгээр нугална.
5.6.Шалны халаалттай системийн угсралтын үед дараахь нөхцлийг хангасан байна. Үүнд:
- Нэг өрөөний халаалтын хоолой залгаасгүй байх;
- Дулаан болон ус тусгаарлах үе нь завсаргүй байх;
- Хоолойг бетонон цутгамал бүтээцийн деформацийн заадас доогуур татахаас зайлсхийх шаардлагатай бөгөөд татсан тохиолдолд 1 м-ээс багагүй урттай хамгаалалтын бүрээс хийсэн байх;
- Хоолойн дулаан тусгаарлагчийг U маягийн тусгай бэхэлгээний тусламжтайгаар бэхэлнэ. Хоолойг төмөр торонд зөөлөн жийргэвч бүхий утсаар бэхлэхийг зөвшөөрнө;
- Шалны халаалтын дамжуулах хоолойн битүүмжлэлийг туршин шалгасны дараа түүнийг бетон зуурмагаар шавах буюу битүү хучна. Битүү шавах, хучих үед хоолой 0,3 МПа-ийн даралтыг даах шинж чанартай байх;
- Нэг цагираг хоолойн халаах гадаргуу нь хамгийн ихдээ 8 м урттай, 30 м2-аас ихгүй талбайтай байна. Нэг төрлийн бетонон хучилтын хооронд 0.5 см деформацийн заадас хийж түүнийг уян харимхай материалаар дүүргэнэ. Зуурмагийн давхрагыг маш сайн тэгшилсэн байх ёстой.
- Бетондох үед хоолойг ямар нэгэн шилжилт хөдөлгөөнд оруулах, босоо нугалаа гаргах, хэт дарах, гэмтээхээс хамгаалах;
- Хоолойн гадаргуу дээрх цутгамалын хамгийн бага өндөр нь 3 см-ээс багагүй байна. Цемент-элсний холимог пластификатор бүхий зуурмагын марк нь 400 маркаас доошгүй байх ёстой.
5.7.Хоолойг барилгын бүтээцийн дундуур татахад хамгаалалтын гильзийг ашиглах хэрэгтэй. Гильзийн дотор голч нь татаж буй хоолойн гадна голчоос 5 мм-10 мм-ээр их байна. /Зураг 15/. Хоолой болон гильзийн хоорондын зайг шатдаггүй зөөлөн материалаар чигжих ба энэ нь хоолойг уртынхаа дагуу шилжих боломжийг хангасан байна.
5.8.Барилгын бүтээц болон түүний дагуу татсан металл полимер хоолой хоорондын зай 20 мм-ээс багагүй байна.
5.9.Халаалтын болон хэрэглээний халуун усны системд ашиглагдаж байгаа металл полимер хоолойг бусад дамжуулах хоолойн түвшнээс дээш 50 мм-ээс багагүй зайд байрлуулна.
5.10.Металл полимер хоолойг бусад ган хоолой, тохируулгын арматур, халаалтын төхөөрөмжүүдтэй холбогч тусгай деталийн тусламжтайгаар эрэгдэж холбоно. (Хавсралт В. Г)
Хоолой ба холбох хэрэгслийн иж бүрдлийг урьдчилан шалгах
5.11.Металл полимер хоолойг угсрахын өмнө холбох хэрэгсэл, хаалт арматур, бэхэлгээний хэрэгсэлийг урьдчилан шалгасан байна. Хоолой, холбогч хэрэгсэл, бэхэлгээний хэрэгсэл нь тэдгээрт тавигдах шаардлагыг баталгаажуулсан дагалдах баримт бичигтэй байх ёстой.
5.12.Хоолой нь голч, зөвшөөрөгдөх температур, даралтыг заасан тэмдэглэгээтэй байх ёстой. Хоолойн гадаргууд механик гэмтэл, хугаралт байх ёсгүй. Хоолой нь мушгиралдсан, хавтайсан байж болохгүй.
5.13.Холбогч эд ангийн эрэг, шурагийн эрчлүүр нь холбогдох стандартын шаардлагыг хангасан байна. Дагалдах хэрэгсэлүүд нь хонхорхой, цөмөрхий, сэтэрхий, ан цавтай байх ёсгүй. Резинэн жийргэвчүүд нь геометрийн зөв хэлбэртэй байна.
5.14.Металл полимер хоолойг бэхлэх хэрэгсэлүүд нь хоолойд механик гэмтэл учруулахааргүй гадаргуутай байх ёстой. Бэхэлгээний хэрэгсэл нь хурц ирмэг, сэтэрхийгүй байна. Бөгж, тогтоогч, бариул нь хоолойн голчид тохирсон байна. Метал бэхэлгээ нь зөөлөн жийргэвчтэй, зэврэлтээс хамгаалсан бүрхэвчтэй байна.
Бэлтгэл ажлын технологи
5.15.Хоолойг угсрахын өмнө дараахь бэлтгэл ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
- хянаж шалгасан хоолой, холбох хэрэгсэлийг сонгож авах;
- зургийн дагуу эсвэл материалын ашиглалт хамгийн их байлгахын тулд дараа дараагийнх нь сунгалт, бусад ажилбарыг тооцсон ажлын байран дээр хоолойд тэмдэглэгээ хийх. Дамжуулах хоолойд хийх тэмдэглэгээг стандартын хэмжих хэрэгсэл, хэмжих шугам, эвхдэг метр, рулетка /ороодог метр/, тусгайлан бэлтгэсэн шаблон болон тэмдэглэгээ хийх туслах хэрэгсэлийн тусламжтайгаар гүйцэтгэх;
- Хоолойг таслах тэмдэглэгээг харандаа юмуу бусад тэмдэг тавих зориулалт бүхий хэрэгсэлээр /маркер/ гүйцэтгэх;
- хоолойн гадаргуу дээр ямар нэгэн гэмтэл, зүсэлт гаргахыг хориглоно.
5.16.Хоолойг тавьсан тэмдэглэгээний дагуу хайчаар хоолойн тэнхлэг /ось/-д 90°-ийн өнцөг үүсгэн огтлох ба хоолойд хонхорхой үүсгэх, ямар нэгэн сэтэр гаргахыг хориглоно. Огтлолын хавтгайн хэвийлт нь 5°-аас ихгүй байна.
Хоолойн тайрдсын алдааг эргэдэг багажийн тусламжтайгаар хоолойн үзүүрт тохируулга хийх замаар арилгана. Тайрдсын зуйвангийн хэмжээ 1%-иас ихгүй байна.
Хоолойг холбох хаалт арматуртай холбох
5.17.Шахах гайкаар холболт хийх хувилбар дараахь ажилбаруудаас бүрдэнэ:
- Хоолойг r < 5 dн (гадна голч) нугалах үед пружин ашиглах;
- Пружин ашиглан хоолойн илүү тахируудыг тэгшлэх /ойролцоогоор 150-160 мм/;
- Тусгай хайч ашиглан хоолойн тэнхлэг /ось/-т 90°-ын өнцгөөр огтлол хийх;
- Тохируулгын хэрэгсэлээр хоолойн гадаргууг засварлах /эхлээд нэг талаар нь гадна гадаргууг гүн рүү нь боловсруулалт /тохируулга/ хийж дараа нь 2 дахь талаар нь дотоод фаскийг авах/;
- Хоолойд шахах гуулин гайкийг оруулах;
- 16-8 мм, 20-10 мм, 25-12 мм-ийн гадна диаметр бүхий хоолойн хувьд холбогч элементийг тултал нь гараар шахах;
Гадна талдаа эрээс бүхий хоолойн холболтыг харьцаж байгаа гадаргуугаар нь гайкийн нягтруулагагүйгээр хийнэ.
Хоолойг дотор талдаа эрээс бүхий эд ангид холбохдоо эрээсний хэсэгтээ нягтруулга бүхий ниппел холбогчийг ашиглана.
5.18.Дотор талдаа эрээс бүхий хэмжих хэрэгсэлд холбохдоо шахах гайктай холболт юмуу эсвэл эрээсний хэсэгтээ нягтруулгатай шахах бөгж /кольцо/-г хэрэглэнэ. /Зураг 16/
5.19.Ган хоолой болон хаалт арматуртай эрээсээр холбох нягтруулгад маалингийн багц, ФУМ лент, эсвэл дурын бусад нягтруулгын материал ашиглаж болно.
5.20.Шахах холхивч /втулка/ бүхий холбогчийг /хавсралт Г/ дараахь маягаар ашиглана.
- Хоолойн тайрдасын дотор талын гадаргууд 45°-ын өнцөгөөр фаск гаргах
- Хоолойд шахах бөгж /втулк/ углах
- Холбогч эд ангийн штуцерт гайк, нягтруулагч кольцо углах
- Багаж хэрэгсэлийн тусламжтайгаар хоолойд штуцерийг тогтоох
- Втулкийг штуцерээр хоолой руу татах
- Хоолойг багажнаас салгах
- Втулкийг багажийн тусламжтайгаар хоолойд шахаж, хоолойг багажнаас салгах
Хоолойг бэхлэх
5.21.Металл полимер хоолойн бэхэлгээг дамжуулах хоолойн материалын температурын шугаман тэлэлтийг тооцож суурилуулна.
5.22.Бэхэлгээний суурийн хоорондын зайг 6-р хүснэгтэд зааснаар авна.
Эргэлт болон дамжуулах хоолойг салбарлах үеийн бэхэлгээг анхаарах шаардлагатай.
5.23.Ашиглалтын үед дамжуулах хоолойд дамжуулах хүчийг устгахын тулд хуваарилах коллектор, хаах болон тохируулгын арматуруудыг бие даасан үл хөдлөх бэхэлгээнд бэхэлнэ.
5.24.Хоолой бэхлэхдээ пластмассан хоолойд хэрэглэгддэг, үйлдвэрлэгчийн катологийн дагуу зөвшөөрөгдсөн хоолой болон бусад тулгуурыг ашиглана. /Зураг 17.18/
Халаалтын системийн туршилт
5.26.Угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгасны дараа халаалтын системийн битүү байдлыг ажлын даралтаас 1.5 дахин их, гэхдээ 0.6 МПа-аас багагүй даралттай, тогтмол температур бүхий усаар туршина.
5.27.Халаалтын системийг гидравлик туршилт хийхийн өмнө:
- Хэрэв тухайн хаалт арматурын зөвшөөрөгдөх даралт 5.25 зүйлд заасан туршилтын даралтаас бага байвал хамгаалах кллапан, тохируулгын хаалт, датчик болон бусад зүйлсийг таслах /түр зуур салгах/;
- Таслагдсан элементүүдийг хаалт арматурын зөвшөөрөгдөх даралт нь туршилтын даралтаас их хаалт арматураар солих;
- Системд 0.01 МПа нарийвчлал бүхий манометрийг холбох;
5.28.Системийг усаар алгуур дүүргэх бөгөөд агаарын бөглөрөлт үүсгэхгүйн тулд хий авагчийг нээлттэй байлгах хэрэгтэй.
5.29.Гидравлик туршилтыг тогтмол температурт 2 үе шаттайгаар гүйцэтгэнэ:
1-р үе: 30 минутын туршид 10 минут тутамд даралтыг 2 удаа тооцоолсон хэмжээнд хүртэл өсгөнө. Дараагийн 30 минутад даралтыг 0.06 МПа-аас ихгүйгээр бууруулна.
2-р үе: Дараалсан 2 даралтын уналт /1-р шатанд хүрсэн даралт/ 0,02 МПа-аас ихгүй байна.
5.30.Шалны халаалтын системийн гидравлик туршилтыг дамжуулах хоолойг бетонон зуурмагаар далдлахаас өмнө гүйцэтгэнэ.
5.31.Металл полимер хоолойгоор хийгдсэн шалны халаалтын системийн дулааны туршилтыг хучсан бетон нь бүрэн хатуурсны дараа буюу 20-28 өдрийн дараа хийнэ. Туршилтыг 25°С бүхий дулаан зөөгчөөр хийж эхлэх ба дунджаар өдөрт 5°С-ээр нэмэх замаар төслийн хэмжээнд хүргэж туршина.
Засварын ажил
5.32.Засварын ажил гүйцэтгэх сантехникийн слесариуд металл полимер хоолойн шинж чанар, түүнийг боловсруулах технологитой сайтар танилцсан байх шаардлагатай.
5.33.Засварын ажлын үед хоолойг солихдоо хоолойн голчийг багасгахыг хориглоно.
5.34.Хоолойн хэсэг гэмтсэн бол зөвхөн гэмтсэн хэсгийг нь тайрах нь илүү зохимжтой. Хоолойг солихдоо шаардлагатай урт бүхий тайрдсыг тусгай холбогч эд ангийн тусламжтайгаар холбох замаар хийнэ. Холболтыг хийхдээ эрчлээсийн хэсэгтээ нягтруулгатай ниппел дундуур накидний гайкаар эсвэл 2 талын холболт бүхий шахах гайк, эрчлээсийн хэсэгтээ нягтруулагагүй шахах бөгжөөр гүйцэтгэнэ.
5.35.Хоолойд дулааны болон механик гэмтэл учруулж болох газар гагнуурын ажил болон ил галтай ажлыг хийхэд хаалт заавал тавьсан байна.
5.36.Хоолойн гадна гадаргууг цэвэрлэхдээ механик гэмтэл учруулахааргүй материал ашиглана.
5.37.Халаалтын систем хөлдсөн үед хоолойд бөглөрөлт үүссэнийг хоолойн голч тэлсэн хэсгээр юмуу гадаргуу дээрхи мөсдөлт зэргээр тодорхойлно.
5.38.Барилгын хийцийн дундуур өнгөрсөн хоолойн, түүний хамгаалалтын гильз 2-ын хооронд хийсэн чигжээс суларсан байвал галд шатдаггүй материалаар битүүлнэ.
6. УГСРАЛТЫН ҮЕИЙН ТЕХНИК АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ШААРДЛАГА
6.1.Халаалтын системийг металл полимер хоолойгоор угсрах үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа барилгын норм дүрмийн дагуу техникийн аюулгүй ажиллагааг хангана.
6.2.Бэлтгэл болон угсралтын үед металл полимер хоолойн эргэн тойронд 2 м-ээс бага зайд цахилгаан гагнуурын ажил хийхийг хориглоно.
Металл полимер хоолой нь дөл авалцахдаа хүнд шатамхай материалын категорид хамрагдана. Гал унтраах хэрэгсэл нь шүрссэн ус, хөөс, элс, эсгий г.м байна.
6.3.Металл полимер хоолой нь ашиглалт, угсралтын үед хүрээлэн буй орчинд хорт бодис ялгаруулдаггүй, шууд харьцах үед хүний биед хортой нөлөө үзүүлдэггүй байх ёстой.
6.4.Металл полимер хоолойн угсралтыг энэ төрлийн материалын онцлогтой танилцсан, тусгайлан сургагдсан сантехникийн слесарь гүйцэтгэнэ. Эдгээр хоолойгоор халаалтын дотор системийн угсралтыг гүйцэтгэхэд ашиглалтын нөхцлийн дагуу гэмтэл согоггүй багажаар гүйцэтгэнэ.
6.5.Гидравлик туршилтыг мастер юмуу ажил гүйцэтгэгчийн оролцоотойгоор гүйцэтгэнэ. Бөглөө мултарах үед туршилт хийж буй слесар аюулгүй байх газар байна.
Текст томруулах
A
A
A