A

A

A

Бүлэг: 1979

/СЕХ-ны 2020 оны 17 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/                           

                                         Сонгуулийн Ерөнхий Хорооны

                                                                   2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн

                                                                          11 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

ГАДААДЫН БОЛОН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА СОНГУУЛИЙГ

 АЖИГЛАХ ТУХАЙ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Гадаадын болон олон улсын байгууллага Монгол Улсын сонгуулийг ажиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч /цаашид гадаадын ажиглагч гэх/ нь сонгуулийг ажиглахдаа Сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

1.3.Гадаадын болон олон улсын байгууллага нь сонгуулийг ажиглахдаа байгууллагаа төлөөлөх ажиглагчийг томилж, шийдвэр гаргасан байна.

1.4.Гадаадын болон олон улсын байгууллагыг төлөөлж сонгуулийг ажиглах ажиглагч нь Монгол Улсын иргэн эсхүл гадаадын иргэн байж болно. Ажиглагч нь Сонгуулийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д заасан шаардлага хангасан этгээд байна.

1.5.Гадаадын ажиглагчийн эрх, үүрэг нь Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлснээр эхэлж сонгуулийн албан ёсны дүн гарсанаар дуусгавар болно.

                                                                                                                                             

Хоёр. Гадаадын ажиглагчийг бүртгэж, үнэмлэх олгох

2.1.Гадаадын болон олон улсын байгууллага нь ажиглагч бүртгүүлэх хүсэлтээ энэ журмын 2.4-т заасан баримт бичгийн хамт санал авах өдрөөс өмнө Сонгуулийн Ерөнхий Хороонд албан бичгээр гаргаж ирүүлэх бөгөөд Сонгуулийн Ерөнхий Хороо энэ журмын 1.4-т заасан шаардлага хангасан этгээдийг бүртгэж гадаадын ажиглагчийн үнэмлэх олгоно.

2.2.Гадаадын болон олон улсын байгууллага нь энэ журамд нийцүүлэн сонгуулийг ажиглах хүсэлтээ Монгол Улсын Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчийн газраар уламжлуулан Сонгуулийн Ерөнхий Хороонд гаргаж болно.

2.3.Гадаадын болон олон улсын байгууллага нь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглах бол гадаадын ажиглагч нь энэ журамд заасны дагуу бүртгүүлэх бөгөөд ажиглагчийн үнэмлэхийг салбар комисс олгоно.

2.4.Гадаадын ажиглагчийн орчуулагч нь гадаадын ажиглагчийн нэгэн адил бүртгүүлж, үнэмлэх авсан байна. Орчуулагч нь гадаадын ажиглагчид орчуулга хийх үүрэгтэй байна.

2.5.Гадаадын ажиглагч нь Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлэхдээ дор дурдсан баримт бичгийг ирүүлнэ:

2.5.1.ажиглагчаар томилсон шийдвэрийн хуулбар;

2.5.2.ажиглагчийн товч анкет;

2.5.3.ажиглагчаар томилогдсон этгээдийн 3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг;

2.5.4.Биеийн байцаалтын хуулбар /паспорт, үнэмлэх/.

 

Гурав. Сонгуулийн байгууллагын эрх, үүрэг

          3.1.Сонгуулийн байгууллага ажиглагчийг сонгуулийн хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх боломжоор хангана.

              3.2.Сонгуулийн байгууллага нь гадаадын ажиглагчийн үйл ажиллагаа сонгуулийн хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах бөгөөд энэ талаар шаардлага тавих эрхтэй.

              3.3.Гадаадын ажиглагч нь Сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын бусад хууль тогтоомжийг зөрчвөл сонгуулийн байгууллагын дарга, ахлах зохион байгуулагч үнэмлэхийг нь хураан, эрхийг нь түдгэлзүүлж, бүртгэлээс хасуулах тухай саналыг Сонгуулийн Ерөнхий Хороонд нэн даруй уламжлана. Сонгуулийн Ерөнхий Хороо зөрчил гаргасан гадаадын ажиглагчийг бүртгэлээс хассан бол түүний эрх дуусгавар болно.

              3.4.Гадаадын ажиглагч нь ажиглагчийн бүртгэлээс хасагдсан бол түүний орны хүнийг томилохгүй.

              3.5.Сонгуулийн байгууллага гадаадын ажиглагчийг хуульд заасан эрхээ эдлэхэд нь аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно.

             

Дөрөв. Ажиглагчийн эрх, үүрэг

            4.1.Гадаадын ажиглагч нь Сонгуулийн тухай хуулийн 108, 110 дугаар зүйлд заасан холбогдох эрхийг эдэлнэ.

            4.2.Гадаадын ажиглагч нь сонгуулийг ажиглахдаа дараах үүрэг хүлээнэ:

             4.2.1.Сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөх;

            4.2.2.сонгуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, зөвхөн ажиглалт хийх;

            4.2.3.сонгуулийн байгууллагаас хууль биелүүлж ажиллах талаар тавьсан шаардлагыг биелүүлэх;

            4.2.4.сонгууль ажиглах үедээ ажиглагчийн үнэмлэхээ бусдад харагдахуйц байдлаар энгэртээ зүүсэн байх.

            4.3.Гадаадын ажиглагч нь сонгууль ажиглахтай холбогдон гарах зардлаа бүрэн хариуцана.

4.4.Гадаадын ажиглагч дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

            4.4.1.саналаа нууцаар гаргаж буй сонгогчид аливаа хэлбэрээр саад учруулах;

4.4.2.санал тоолох, дүн гаргах ажиллагаанд саад учруулах;

            4.4.3.сонгуулийн сурталчилгаа, түүнтэй холбоотой аливаа хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулах;

            4.4.4.санал бэлтгэх бүхээгт сонгогчтой хамт байх;

            4.4.5.сонгогчтой сонголтынх нь талаар асууж, ярилцах;

            4.4.6.сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараах.

                       

Тав. Хариуцлага

5.1.Гадаадын ажиглагч нь Сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын бусад хууль тогтоомж, энэ журамд заасныг зөрчвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---оОо---