A

A

A

Бүлэг: 1979

Харилцаа холбооны зохицуулах хорооны

 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн

18 тоот тогтоолын

хавсралт

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ

ТОГТООХ АРГАЧЛАЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү зөвлөмж аргачлал нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд өөрийн үйлчилгээний үнэ, тарифыг урт хугацааны турш үр ашигтайгаар тогтооход дэмжлэг үзүүлэх зорилготой болно.
  2. Харилцаа холбооны зах зээл дээр үйлчилгээ эрхлэгчид нь өөрийн үйлчилгээний үнэ, тарифыг тогтоохдоо Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-аас гаргасан зөвлөмж (ITU regulation toolkit), Дэлхийн банк болон Дэлхийн худалдааны байгууллага (WTO)-ын аргачлалаар хүлээн зөвшөөрөгдсөн үнэ, тариф тогтоох аргачлалуудыг  баримтална.
  3. Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үндсэн үйл ажиллагааны ашигт ажиллагааны төвшинг хангах боломжтой үнэ тарифын бодлогоо зөв тодорхойлох болон тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгөө тооцоход энэ аргачлалыг ашиглана.
  4. Харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгч нь тухайн зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон бол үндсэн үйлчилгээний үнэ тарифыг ирүүлж, хянуулна.
  5. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нар нь үндсэн үйлчилгээний тарифыг хянуулахдаа тухайн үйлчилгээ эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө дараах материалуудыг тариф тогтоох саналын хамт зохицуулах хороонд ирүүлнэ.Үүнд:
  6. Байгууллагын санхүүгийн тайлан тэнцэл;
  7. Өртөгт суурилан тариф тогтоож байгаа бол үйлчилгээ тус бүрээр тооцсон өртгийн тооцоо;
  8. Харьцуулах аргаар тарифаа тогтоож байгаа бол харьцуулсан судалгаанууд;
  9. Хосолмол дунджийн арга ашигласан бол багцын бүрэлдэхүүнд орсон үйлчилгээнүүдийн өртөг, тарифын ялгааг нэг бүрчлэн тооцсон тооцоонууд;
  10. Тарифын саналтай холбогдсон бусад зардлуудын тооцоо, судалгаанууд;

Хоёр. Эдийн засгийн үр ашгийг тооцох зарчим

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-аас гаргасан зөвлөмжийн дагуу үйлчилгээний үнэ тарифыг тогтоохдоо доорх 3 төрлийн эдийн засгийн үр ашгийг зайлшгүй харгалзан үзнэ. Үүнд:

  1. Нөөцийг зөв хуваарилах үр ашиг (Allocative efficiency) гэдэг нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, нөөцийг сонирхогч талуудад хэрхэн хуваарилах зарчимд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нь тухайн бараа үйлчилгээнд зориулагдсан нөөцөд зарцуулагдсан зардалд тохирох үнийг төлнө.
  2. Үйлдвэрлэлийн үр ашиг(Productive efficiency) гэдэг нь тухайн зах зээлд оролцогчид  хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулахад оршиж байгаа юм. Энэ нь хамгийн үр ашигтай үйлчилгээ эрхлэгчийг зах зээлд өрсөлдөх нөхцлөөр нь хангана.
  3. Динамик үр ашиг (Dynamic efficiency) гэдэг нь давамгайлагч болон шинээр үйлчилгээ эрхлэгчид нь ямар нэг ялгаваргүй шинэ техник технологид хөрөнгө оруулах зардлыг багасгах, бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах эрмэлзэлд тулгуурласан байна.

Үнэ, тарифт эдгээр үр ашгийг нэгэн зэрэг тооцоход бэрхшээлтэй бөгөөд эдийн засгийн бодит өсөлтийг хангахын тулд дараах зарчмыг харгалзан тогтооно. 

Үүнд:

  • Хөрөнгө оруулалтын өгөөжийг хангах;
  • Эцсийн хэрэглэгч хүлээн авч болохуйц /affordable/;
  • Бөөний үйлчилгээ авч буй хэрэглэгчдэд боломжтой байх /affordable/;
  • Нийгмийн зорилтыг хэрэгжүүлэх шаардлагад нийцэх /USO-бүх нийтийн үүрэгт үйлчилгээ/

Үндсэн үнэ, тариф тогтоох сонгодог арга нь тухайн үйлчилгээг явуулахтай холбогдон гарах зардал, тухайн үйлчилгээнд оруулсан хөрөнгө оруулалтыг тодорхой хугацааны дараа бүрэн нөхөж дахин хөрөнгө оруулалт хийх хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх хэмжээний ашгийг шингээсэн байна. Энд оновчтой үнэ, тариф тогтоох чухал хүчин зүйл нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг зөв тодорхойлно.

             Т= Ө+A

Т- нэгж үйлчилгээний тариф

Ө- нэгж үйлчилгээний өртөг

А- нэгж үйлчилгээний ашгийн хэмжээ

  1. Гурав. Үйлчилгээний үнэ, тарифыг тогтоох аргачлал

Үйлчилгээний үнэ тарифыг тогтоох дараах үндсэн аргачлалууд байдаг. Үүнд: өртөгт суурилсан арга, үнийн харьцуулалт хийх арга (Benchmarking),  хосолмол дунджийн арга.

Доорх арга, аргачлалуудыг тохируулан хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээг хавсралтад заасан байдлаар сонгон ашиглаж болно. /Хавсралт 1/

3.1Өртөгт суурилсан арга

Тарифыг өртөгт суурилан тогтоохдоо өртгийг Дээрээс доош” (Top Down), “Доороос дээш” (Bottom-Up) -  аргачлалуудаар тооцож болохыг олон улсын цахилгаан холбооны байгууллага зөвлөмж болгодог. Практикт энэ хоёр аргачлалыг гол төлөв авч ашигладаг боловч зарим тохиолдолд өөр бусад аргачлалуудтай хослуулан ашиглана. (Энэ аргачлалын давуу болон сул талын шинжилгээг /SWOT analyse/ хавсралт 2-т үзүүлэв)

3.1.1 Дээрээс доош” (Top Down) аргачлал нь түүхэн өртөгт суурилдаг ба Өртгийг бүрэн хуваарилах – (Fully distributed cost) зарчимтай дүйцдэг. Энэ аргачлалаар өртгийг тооцох нь сүлжээний бөөний үйлчилгээний үнэ, анхны хөрөнгө оруулалтын дараа бараа үйлчилгээний үнэ тарифыг тогтооход ашиглахад илүү тохиромжтой байдаг. Энэ үед холбогдох бүх зардлыг үйлчилгээ эрхлэгчийн бараа, үйлчилгээнд  бүрэн хуваарилна гэсэн үг юм. (Жишээ нь: АТС –ийн сүлжээнд холбох шугамуудын 70% нь хотын доторх ярианд, 20% нь хот хоорондын ярианд, 10% нь улс хоорондын ярианд оролцсон бол, Өртгийг бүрэн хуваарилах зарчмаар тэдгээр шугамын нийт зардлуудыг дээрх хувиар үйлчилгээ тус бүрт хуваарилдаг. Энэ арга нь өртөг хуваарилах тусгай зарчим, хувь хэмжээ баримталдаггүй) Энэ төрлийн аргачлал нь нийт сүлжээний хувьд өртгийг тооцох шаардлагагүй байдаг бөгөөд компанийн хөрөнгө ба зардлуудыг үйлчилгээний зориулалтаар нь төрөлжүүлэн хуваарилж бусад харилцан холболттой холбогдох зардлыг нэмж тусган тооцоолоход оршиж байна. Энэ аргачлал нь 5 үе шатаас бүрдэнэ. Үүнд:

Нэгдүгээр үе шат. Компанийн үйлчилгээний төрлүүдийг тодорхойлох. Энд харилцан холболтыг оруулахгүй.

Хоёрдугаар үе шат. Бүх зардал ба хөрөнгийг тодорхойлох бөгөөд салгах. Энд тухайн компанийн бүртгэлд байгаа хөрөнгийг оруулна.

Гуравдугаар үе шат. Шууд хамаарагдах бүх зардлыг хуваарилах. Хэрэв аль нэг бараа эсвэл хөрөнгөтэй холбоотой зардал нь зөвхөн нэг төрлийн үйлчилгээнд хамаарагдаж байвал түүнийг шууд уг үйлчилгээнд нь хамааруулна.

Дөрөвдүгээр үе шат. Нийтлэг болон хуваагдах боломжтой зардлуудыг дахин хуваарилах. Энд үйлчилгээ хоорондын хамаарлаас шалтгаалж зардал хуваарилах зарчим тохирно. Энэхүү хуваарилалтыг үндсэндээ дурын аргаар хийх боломжтой боловч шаардлагатай тохиолдолд техникийн нөхцлөөр хийж болно. Үүнд:

а/ Нийлмэл тест арга. Энд урт хугацааны өсөн нэмэгдүүлсэн зардал буюу LRIC (long-run incremental costs) болон SAC аргачлалуудын нийлмэл (Subscriber acquisition cost (SAC) is the average cost of signing up a new customer.)

б/ Бүрэн хуваарилагдах зардал.

Тавдугаар үе шат. Үйлчилгээ тус бүрээр урт хугацааны өсөн нэмэгдүүлсэн зардлынаргаар тооцоолох. Энд тухайн үйлчилгээнд хуваарилагдсан зардлыг хүртэл нэмж тооцно. Мөн тухайн үйлчилгээнд хуваарилж буй хөрөнгийн зохистой өгөөжийг тооцож тусгана.

Дээрээс доошзагвар  нь уламжлалт нягтлан бодох бүртгэлийн зардлаас илүүтэйгээр компанийн одоогийн үйл ажиллагааны зардалд тулгуурласан байдаг. (Өөрөөр хэлбэл хөрөнгийг капиталжуулснаас хойш тооцогдох зардал /HCA- historic cost accounting/)

3.1.2.Доороос дээш” (Bottom-Up)” аргачлал нь хэтийн төлөвийг тусгаж өртөг тооцдог ба  урт хугацааны өсөн нэмэгдүүлсэн зардал LRIC-(long-run incremental costs) загварыг дүйцүүлэн зөвхөн тухайн бараа үйлчилгээтэй холбоотой нэмэгдүүлсэн зардлыг тооцон тухайн компанийн үнэ тарифыг тогтоож болно. Энэ аргачлалаар заавал түүхэн өртгийг авч үзэх шаардлагагүй байдаг. Өөр өртөг тооцох олон хувилбар байж болох боловч үндсэндээ урт хугацааны өсөн нэмэгдүүлсэн зардлыг тооцохзарчмыг сайн ойлгож хэрэгжүүлснээр компани харьцангуй хямд үнэ, тариф тогтоох боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл энэ аргаар өртөг тооцсоноор үйлчилгээ эрхлэгч компаниуд өөрийн зардлаа урт хугацаандаа бүрэн нөхөх бололцоотой байна.

Энэ загвар нь хэрэглэгч, ачаалал, сүлжээний загварчлалын нөхцлүүдийн төлөвлөж байгаа эрэлтэд суурилсан өртөг тооцох аргачлал юм. Энэ загварыг дараах үе шатуудаар тодорхойлж болно.

Нэгдүгээр үе шат. Үйлчилгээний төрлийг тодорхойлох. Хэрэглэгчдийн тоо болон байршлыг тодорхойлох ажил энэ шатанд хамаарах;

Хоёрдугаар үе шат. Сүлжээний загварчлалыг тодорхойлох. Үүний тулд тухайн үйлчилгээг бий болгоход шаардлагатай  тоног төхөөрөмж, мөн тэдгээрийн байршлыг тодорхойлох, сүлжээний бүтэц загварыг оновчтой болгох;

Гуравдугаар үе шат. Тоо хэмжээг тодорхойлох.Сүлжээ байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн төрөл зүйлийг тодорхой болгох;

Дөрөвдүгээр үе шат. Элемент бүрийн зардлыг тооцоолох. Хөрөнгө оруулалтын нийт өртгийг тооцохын тулд тоног төхөөрөмж бүрийг шаардлагатай тоо хэмжээгээр үржүүлэн тооцох;

Тавдугаар үе шат. Сүлжээний элемент бүрийн хувьд нийт хөрөнгө оруулалтыг жилээр тооцох.Энэ нь тухайн сүлжээний элэгдлийн зардалтай тэнцдэг байхаар тооцоолох;

Зургадугаар үе шат. Урсгал зардлыг тооцоолох. Энд үйл ажиллагааны болон засвар үйлчилгээний зардал, сүлжээний бус зардал, хөрөнгө оруулалтын дагалдах шууд ба шууд бус зардлыг тооцох;

Долдугаар үе шат.Нийт зардлыг тооцох. 5 ба 6-р шатанд тооцоолсон зардлуудын дүнг жилээр /сараар/ тооцоолж нэмэх аргаар нийт зардлыг тооцоолох;

Наймдугаар үе шат. Зардлаа нэгжид шилжүүлэх. Нийт зардлыг элемент бүрт хувааж нэгж зардлыг тооцоолох;

3.2  Үнийн харьцуулалт хийх арга (Benchmarking)

Дээрх хоёр өртөг тооцох аргыг хязгаарлагдмал нөөцтэй хөгжиж буй улсууд ихэвчлэн авч хэрэглэж байна. Гэхдээ илүү хямд арга нь үнийн харьцуулалт хийх аргабуюу Benchmarking юм.

Энэ аргаар үйлчилгээний үнэ тарифыг тогтоохдоо бусад орны ижил төрлийн үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээний үнэ тарифтай харьцуулалт хийсний үндсэн дээр өөрийн орны зах зээлийн нөхцөлд тохирсон үнэ, тарифыг тогтоож байна. Үнийн харьцуулалт хийх аргыг шинэ үйлчилгээний үнэ тарифыг тогтооход ашиглах нь илүү тохиромжтой.

Зардлыг “Доороос дээш” (bottom-up) болон “Дээрээс доош” хуваарилах (top-down) загваруудыг хэрэглэхэд нарийн түвэгтэй байдаг бөгөөд заримдаа тодорхойгүй үр дүнд хүргэдэг байна. Зохицуулах байгууллагууд яг адил төстэй загварыг адил бараа бүтээгдэхүүнд хэрэглэдэг ч практикт үнэ тарифыг тогтооход өөр өөр загварыг  хэрэглэх тохиолдол гардаг байна. Иймд хөгжиж буй улсууд ихэнхдээ Үнийн харьцуулалт хийх арга”-ыг сонгож хэрэглэдэг байна. Ингэхдээ дараах зарчмуудыг баримталдаг.

  • Тухайн үйлчилгээний үнэ тариф нь үйлчилгээний чанар, хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн байх;
  • Хэрэглэгчдийн төлбөрийн чадварт тохирсон уян хатан байх;
  • Үнэ тариф нь шударга бус аргаар ижил төрлийн үйлчлэгчийг гаргах зорилго агуулаагүй байх;
  • Хэрэглэгчдэд үзүүлэх ижил төрлийн үйлчилгээнд ялгавартай үнэ тариф тогтоохгүй байх;
  • Үнэ тариф нь төгрөгийн ханшийн өөрчлөлттэй уялдан зохицсон байх.

3.3 Хосолмол дунджийн арга

Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээнүүдийн нэгдэн нийлэх процесс нь үйлчилгээ эрхлэгчдэд уламжлалт үйлчилгээнээс гадна шинэ үйлчилгээг эрхлэх боломжийг олгож байгаа нь компанийн хувьд үнэ тарифын шинэ бодлого хэрэгжүүлэх шаардлагыг бий болгодог.  Энэ тохиолдолд багцад шилжүүлэн тооцох аргачлалыг олон улсад хэрэгжүүлэн мөрддөг.

Хосолмол дунджийн арга нь хоёр ба түүнээс дээш үйлчилгээг багцлан үзүүлэх үед ашиглагдах бөгөөд үнэ тарифыг тогтоохдоо өмнө дурдсан аргачлалуудыг хослуулан багцад орж буй үйлчилгээний өртөг зардлыг тооцож, аль нэг үйлчилгээг суурь болгон ашиг нэмэх замаар багцын үнэ тарифыг тогтоох, эсхүл багцад орж буй бүх үйлчилгээний зардлыг тооцож зах зээл дээрх үнэ тарифтай харьцуулах замаар тогтооно.

 

– о О о –

 

 

“Харилцаа холбооны үйлчилгээний

тариф тогтоох аргачлал”-ын

1 дүгээр хавсралт

 

Зах зээлийн төрөл

Ангилал

Үйлчилгээ, бүтээгдэхүүний нэр төрөл

Сонгох аргачлал

Өрсөлдөөн хязгаарлагдмал зах зээл

 

Мэдээлэл холбооны сүлжээ

Монополь шинжтэй үйлчилгээ 

 

  • Худаг, Сувагчлал

Өртөгт суурилсан

Цөөн нийлүүлэгчтэй үйлчилгээ

 

  • Дэд бүтэц түрээслэх /байр, талбай, цамхаг, зай тэжээл /

Өртөгт суурилсан, үнийн харьцуулалт

  • Дамжуулах байгууламж түрээслэх /суваг, шөрмөс гэх мэт/

Өртөгт суурилсан, үнийн харьцуулалт

  • Өргөн зурвасын бөөний үйлчилгээ

Өртөгт суурилсан, үнийн харьцуулалт

Өрсөлдөөнт зах зээл

Мэдээлэл холбооны үйлчилгээ

Монополь шинжтэй үйлчилгээ 

 

  • Харилцан холболт
  • Сүлжээнд холбогдох

Өртөгт суурилсан

Олон нийлүүлэгчтэй үйлчилгээ

 

  • Яриа

Өртөгт суурилсан, үнийн харьцуулалт, хосолмол  дундаж

  • Интернет, өгөгдөл

Өртөгт суурилсан, үнийн харьцуулалт

  • Өргөн зурвасын үйлчилгээ

Өртөгт суурилсан, үнийн харьцуулалт хосолмол  дундаж

Өргөн нэвтрүүлэг

  • ТВ, суваг, радио
  • Олон суваг дамжуулах

Өртөгт суурилсан, үнийн харьцуулалт

Шуудан

  • Буухиа шуудан
  • Илгээлт
  • Логистик

Өртөгт суурилсан, үнийн харьцуулалт

 

– о О о –

 

 

“Харилцаа холбооны үйлчилгээний

тариф тогтоох аргачлал”-ын

2 дугаар хавсралт

 

Өртөгт суурилсан үнэ (Cost Based Prices)

Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан зөвлөмжид “Эдийн засгийн үр өгөөжтэй, ил тод, өртөгт үндэслэн тарифыг тогтоох” талаар тодорхой тусгасан  байдаг. Үнэ тарифыг тогтоох уян хатан, өргөн боломжийг үйлчилгээ эрхлэгчдэд олгосны дээр тухайн улс орнууд өөрсдийн онцлогт тааруулан үнэ тарифаа тогтоох боломж олгодог давуу талтай юм. Үндсэндээ “Доороос дээш” (bottom-up), “Дээрээс доош” (top-down) гэсэн 2 төрлийн зардал тооцох аргачлалыг мөрддөг бөгөөд заримдаа холимог хувилбарыг хэрэглэж байна. Доорх хүснэгтээр давуу ба сул талыг харуулъя.

 

 

“Доороос дээш”

“Доороос дээш”

Давуу тал

Энд зардлын моделийг үр ашигтай байдлаар нь доорх байдлаар авч үзэж болно. Үүнд:

  1. Уян хатан /урьдчилсан төсөөллөө хялбархан өөрчлөх
  2. Ил тод /Ихэнх мэдээллүүд нь олон нийтэд нээлттэй байдаг/

Энэ үед бодит зардлуудыг тооцдог.

  1. Туршилтын үр дүнд ашиглахад боломжтой
  2. Хэрэглэхэд зардал багатай илүү хурдан гэвч санхүүгийн бүртгэл нь дата өгөгдөлтэй хэр тохирч байгаагаас хамаарна.

Сул тал

  1. Зардлыг хэт ихэсгэх, багасгах оптимизац хийх үед үйлчилгээ эрхлэгч нөхөн төлбөр авах эсвэл сүлжээнд хийх хөрөнгө оруулалтаа багасгах болно.
  2. Бодит зардалд биш үйл ажиллагааны зардлын модель нь ердийн ашиг дээр суурилсан байдаг.
  3. Тухайн модельд тохирох өгөгдөл байхгүй байж болох талтай.
  4. Тухайн моделийн процесс нь цаг хугацаа их шаардсан зардал ихтэй байх талтай. 
  1. Зөвхөн бодит зардлыг оруулж тооцсоноор үр ашгийг багасгах талтай
  2. Ил тод байдлаар дутмаг тул бусад хөрөнгө оруулагчдад мэдээллээр хомс байдаг.
  3. Шаардлагатай хэлбэрт тохирох өгөгдөл байхгүй байж болох талтай.
  4. Талууд зардлыг хэрхэн хуваарилах тал дээр маргаан гаргах магадлалтай /Тусгайлсан үйлчилгээнүүдийн дунд төрөл бүрийн зардлыг хуваарилах журамтай холбоотой/

 

– о О о –

 

 

“Харилцаа холбооны үйлчилгээний

тариф тогтоох аргачлал”-ын

3 дугаар хавсралт

 

Аргачлалдах гадаад үгсийн тайлбар

 

ITU regulation toolkit - Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан зөвлөмж

WTO - Дэлхийн худалдааны байгууллага

Benchmarking - Үнийн харьцуулалт хийх арга

LRIC (long-run incremental costs) -Урт хугацааны өсөн нэмэгдүүлсэн зардал

FDC- (Fully distributed cost) - Өртгийг бүрэн хуваарилах

HCA- (historic cost accounting) - Хөрөнгийг капиталжуулснаас хойш тооцогдох зардал

SAC - (Subscriber acquisition cost (SAC) is the average cost of signing up a new customer) – Шинэ хэрэглэгчтэй холбогдох зардал

SWOTanalyze (Strength Weakness Opportunity Threats) - Давуу ба сул талын шинжилгээ

 

– о О о –