- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГАА БАЙРЛУУЛАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2017 оны 9/10 дүгээр тогтоолын
1 дүгээр хавсралт
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГАА
БАЙРЛУУЛАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Гадна зар сурталчилгааг нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд зорчиж байгаа иргэд, үйлчлүүлэгчдэд зориулан тухайн барилга байгууламжийн архитектур, дизайнтай уялдуулан хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангасны үндсэн дээр байрлуулж болно.
1.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулах үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг мөрдөж ажиллана.
Хоёр. Гадна зар сурталчилгааны ангилал, төрөл
2.1.Гадна зар сурталчилгааг доор дурдсанаар ангилна:
2.1.1.сурталчилгааны байгууламж;
2.1.2.хаягийн байгууламж;
2.1.3.зарлалын хуудас.
2.2.Гадна зар сурталчилгааг байрлаж байгаа газар, барилга байгууламж, обьектын хувьд доор дурдсанаар ангилна:
2.2.1.нийтийн эзэмшил дэх;
2.2.2.хувийн эзэмшил дэх.
2.3.Сурталчилгааны байгууламж дараахь төрөлтэй байна:
2.3.1.дээврийн байгууламж;
2.3.2.тулгуурт байгууламж;
2.3.3.түр байгууламж;
2.3.4.барилга байгууламжийн ханан дахь байгууламж;
2.3.5.барилга байгууламжийн хашаа хаалт дээрх байгууламж;
2.3.6.гүүрэн байгууламж;
2.3.7.нийтийн тээврийн зогсоол дахь байгууламж;
2.3.8.загварт байгууламж;
2.3.9.хоргот байгууламж;
2.3.10.лед гэрлэн байгууламж;
2.3.11.нүхэн гарцын байгууламж;
2.3.12 агаарын байгууламж;
2.3.13. хөдөлгөөнт байгууламж.
2.4.Хаягийн байгууламж дараахь төрөлтэй байна:
2.4.1.нэгдсэн хаягийн байгууламж;
2.4.2.гэрэлт хайрцаг;
2.4.3.эзэлхүүнт үсэг бүхий байгууламж;
2.4.4.неон гэрлэн байгууламж;
2.4.5.лед гэрлэн;
2.4.6.хулдаасан, давуун хэвлэл бүхий;
2.4.7.туг далбаат.
Гурав. Гадна зар сурталчилгаа байрлуулах
зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага
3.1.Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон барилга байгууламжид сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрлийг доор дурдсан байгууллага олгоно:
3.1.1.Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба;
3.1.2.Налайх дүүрэгт Налайх хотын Захирагчийн ажлын алба;
3.1.3.Багануур дүүрэгт Багануур хотын Захирагчийн ажлын алба;
3.1.4.Багахангай дүүрэгт тус дүүргийн Засаг даргын Тамгын газар.
3.2.Хувийн эзэмшлийн барилга байгууламж, обьектын хана, дээвэрт байрлуулах сурталчилгааны байгууламж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шаардлагад нийцсэн байна.
3.3.Хувийн эзэмшил дэх газарт сурталчилгааны байгууламж байрлуулах тохиолдолд сурталчилгааны байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдлын шаардлагыг тухайн газрыг эзэмшигч хангуулж ажиллана.
3.4.Зарлалын хуудсыг зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагын байр, үйлчилгээний газар, орон сууцны хорооллын доторх зориулалтын мэдээллийн самбарт, эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр байрлуулж болно.
Дөрөв. Гадна зар сурталчилгааг байрлуулах
зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах
4.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гадна зар сурталчилгаа байрлуулах хүсэлтээ энэ журмын 3.1-д заасан байгууллагад гаргана. Хүсэлтэд дараахь баримтыг хавсаргасан байна:
4.1.1.гадна зар сурталчилгаа байрлуулах үндэслэл;
4.1.2.гадна зар сурталчилгаа байрлуулах газрын зураг, солбилцлын цэг;
4.1.3.байгууламжийн ангилал, төрөл, тоо, хэмжээ, эскиз зураг;
4.1.4.байрлуулах газрын фото монтаж, газрын зураг болон байгууламжийн зургийн эвлүүлэг;
4.1.5.хүсэлт гаргасан этгээд нь аж ахуйн нэгж, байгууллага бол гэрчилгээний хуулбар, тухайн байгууллагын танилцуулга;
4.1.6.хүсэлт гаргасан этгээд нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар.
4.2.Энэ журмын 3.1-д заасан байгууллага гадна зар сурталчилгаа байрлуулах хүсэлтийг хүлээн авч, дараахь шаардлагыг хангасан тохиолдолд 30 хоногийн дотор зөвшөөрөл олгоно:
4.2.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан шаардлагыг хангасан байх;
4.2.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хориглосон байршилд хамаарахгүй байх;
4.2.3. Хот төлөвлөлт, газар эзэмшил, шугам сүлжээ, улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийх хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн хангамжийн бүтээн байгуулалт, засварын ажлуудтай уялдсан байх;
4.2.4.орон сууцны зориулалттай барилгын цонхгүй цул хана, дээвэрт сурталчилгааны байгууламж байрлуулах бол тухайн сурталчилгаа байрлуулах хэсэгт хамааралтай орон сууц өмчлөгчдийн дийлэнх олонхи зөвшөөрсөн нөхцөлд Сууц өмчлөгдийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэсэн байх.
4.3.Гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөлийг 1-3 хүртэлх жилээр олгох бөгөөд зөвшөөрөл олгосон иргэн, хуулийн этгээдтэй ажлын 5 хоногийн дотор 1 жилийн хугацаатай ашиглалтын гэрээ байгуулна.
4.4. Зөвшөөрөл авч, гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд нь эрх бүхий байгууллагаар гадна зар сурталчилгааны байгууламжийн ажлын зургийг хийлгэж, барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгжээр сурталчилгааны байгууламжийг хийлгэж байрлуулна.
4.5.Гадна сурталчилгааны байгууламжийн эзэмшигч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх бөгөөд гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалтын гэрээний хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргана.
4.6.Гэрээний хугацааг сунгах эсэхийг гэрээний биелэлтийг дүгнэж, энэ журамд нийцүүлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба шийдвэрлэнэ.
4.7.Гадна зар сурталчилгааны зөвшөөрлийг дараахь тохиолдолд цуцална:
4.7.1. Ажлын зураггүй, барилга угсралтын зөвшөөрөлгүйгээр гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах;
4.7.2. Гадна зар сурталчилгааны байгууламж өнгө үзэмж, аюулгүй байдлын хувьд тавих шаардлагыг хангахгүй бөгөөд зөрчлийг арилгах талаар энэ журмын 3.1-д заасан байгууллага болон мэргэжлийн улсын хяналтын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй;
4.7.3.Гадна зар сурталчилгааны байгууламжийн байршил хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлын талбайд орох болсон;
4.7.4.Иргэн, хуулийн этгээд нь төлбөрөө гэрээний дагуу төлөөгүй.
4.8.Энэ журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийн гадна зар сурталчилгааны байгууламжийн зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг энэ журмын 3.1-д заасан байгууллага гаргана.
4.9.Гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах, ашиглах, хяналт тавихтай холбогдсон бусад харилцааг гэрээгээр зохицуулна.
Тав. Гадна зар сурталчилгааг буулгах
5.1.Гадна зар сурталчилгааны байгууламжийн эзэмшигч дараахь тохиолдолд тухайн байгууламжийг өөрийн зардлаар буулгана:
5.1.1 Ажлын зураггүй, барилга угсралтын зөвшөөрөлгүйгээр гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулсан;
5.1.2.ашиглалтын гэрээний хугацаа дуусгавар болсон;
5.1.3.энэ журмын 4.7-д заасны дагуу зөвшөөрлийг цуцалсан.
5.2.Гадна зар сурталчилгааны байгууламжийг эзэмшигч нь энэ журмын 5.1-д заасан тохиолдолд түүнийг 10 хоногийн дотор өөрийн зардлаар буулгаж, орчны тохижилт, ногоон байгууламжийн нөхөн сэргээлтийг хийнэ.
5.3.Гадна зар сурталчилгааны байгууламжийг эзэмшигч нь энэ журмын 5.2-т заасныг зөрчсөн тохиолдолд албадан буулгах арга хэмжээ авч, холбогдох зардлыг түүгээр нөхөн төлүүлнэ.
Зургаа. Гадна сурталчилгааны зөвлөл
6.1.Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэд гадна зар сурталчилгаанд тавигдах шаардлага, байршил, тоо, хэмжээ, загвар, бүсчлэл, төлбөрийн зэрэглэл, хэтийн чиг хандлагыг тогтоох зөвлөмж боловсруулах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана.
6.2.Зөвлөлийн дарга нь Улаанбаатар хотын Ерөнхий менежер байна.
6.3.Зөвлөлийн бүрэлдэхүүн, чиг үүрэг, ажиллах хуваарийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер батална.
6.4.Зөвлөл дараахь байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ:
6.4.1.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба;
6.4.2.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс;
6.4.3.Улаанбаатар хотын Цагдаагийн газар;
6.4.4.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар;
6.4.5.Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар;
6.4.6.Нийслэлийн Авто замын хөгжлийн газар;
6.4.7.Нийслэлийн Газрын алба;
6.4.8.”Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ;
6.4.9. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ;
6.4.10.төрийн бус байгууллагын төлөөлөл.
Долоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
болон холбогдох бусад байгууллагын эрх, үүрэг
7.1.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба гадна зар сурталчилгааны талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.1.1.гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих;
7.1.2.энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтарсан үзлэг, шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг шуурхай арилгуулах;
7.1.3.энэ журмыг хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих зорилгоор гадна зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
7.1.4.зөвшөөрөлгүй болон энэ журмыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах арга хэмжээг зохион байгуулах;
7.1.5.согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хаягийн байгууламж энэ журамд заасан шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавих;
7.1.6. Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдтэй ашиглалтын гэрээ байгуулж, төлбөрийг төсөвт төвлөрүүлэх;
7.1.7.хууль тогтоомжид заасан бусад.
7.2.Багануур, Налайх хотын Захирагчийн ажлын алба энэ журмын 7.1.2-7.1.5-д зааснаас гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.2.1 дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах зөвшөөрлийг энэ журмын 4.3-д заасны дагуу олгож, зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээдтэй ашиглалтын гэрээ байгуулж, төлбөрийг төсөвт төвлөрүүлэх;
7.2.1.энэ журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авсан арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тогтоосон хугацаанд тайлагнах;
7.2.2.хууль тогтоомжид заасан бусад.
7.3.Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.3.1.хаягийн байгууламжид тавих шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах;
7.3.2.аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, хамтран ажиллах гэрээ байгуулахдаа хаягийн байгууламжид тавих шаардлагыг чанд мөрдүүлэх;
7.3.3.энэ журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд авсан арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд тогтоосон хугацаанд тайлагнах;
7.3.4.нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, барилга байгууламж, эд хогшил, гэрэлтүүлгийн шон, хайс хашлага дээр нааж байрлуулсан зарлалын хуудсыг арилгуулах арга хэмжээ авах;
7.3.5.хууль тогтоомжид заасан бусад.
7.4.Нийслэлийн Засаг даргын дараах хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар гадны зар сурталчилгааны талаар доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
7.4.1.Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь шинээр барих барилга байгууламжийн зураг төслийг батлахдаа шаардлагатай хаягийн байгууламжийн орон зайг уялдуулан төлөвлөж, тусгуулах;
7.4.2.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс нь нийслэлийн хэмжээнд байрлуулсан гадна зар сурталчилгаа, хаягийн байгууламжийн өнгө үзэмж, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулан, хариуцлага тооцож ажиллах;
7.4.3.Нийслэлийн Газрын алба нь хувийн эзэмшлийн газарт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд энэ журамд заасан шаардлагыг биелүүлэх тухай нөхцөл тусгаж, хэрэгжилтэд нь мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж ажиллах, гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах;
7.4.4.Нийслэлийн Авто замын хөгжлийн газар нь тухайн жилд хийх авто замын барилга, засвар, өргөтгөлийн ажлын төлөвлөгөөний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албыг урьдчилсан мэдээллээр шуурхай хангаж ажиллах;
7.4.5.Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь эмнэлэг, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохдоо хаягийн байгууламжид тавих шаардлагыг хангуулах;
7.4.6.Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь зочид буудал, аялал жуулчлалын баазуудын хаягийн байгууламжид тавих шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, мөрдүүлэх;
7.4.7.Нийслэлийн Боловсролын газар нь төрийн өмчийн болон хувийн хэвшлийн бүх шатны сургууль, цэцэрлэг, боловсролын салбарын бусад байгууллагын хаягийн байгууламжид тавих шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, мөрдүүлэх;
7.4.8.Нийслэлийн Соёл, урлагийн газар нь театр, караоке гэх мэт урлаг, соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хаягийн байгууламжид тавих шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, мөрдүүлэх;
7.4.9.Улаанбаатар хотын Цагдаагийн газар нь Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд зохих журмын дагуу хариуцлага тооцож ажиллах;
7.4.10 Нийслэлийн Тээврийн газар нь нийтийн тээврийн хэрэгсэл /автобус, такси гэх мэт/-ийн гадаргууд байрлуулсан сурталчилгааны тавигдах шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, мөрдүүлэх.
7.5.Энэ журмын 7.4-т заасан байгууллага нь эрхэлсэн асуудлын хүрээнд авсан арга хэмжээний талаарх тайлан, мэдээг хагас жил тутамд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд цахим хэлбэрээр хүргүүлж байна.
Найм. Иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг
8.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар дараахь үүрэгтэй:
8.1.1.хууль тогтоомж болон энэ журмыг зөрчсөний улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцаж арилгах;
8.1.2.нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулсан тохиолдолд дүйцэх төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх;
8.1.3.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж болон энэ журмыг зөрчсөний улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг бүрэн хариуцаж арилгах;
8.1.4.нийслэл, дүүрэг, харьяа байгууллагуудаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаа, арга хэмжээг олон нийтэд сурталчлах зорилгоор сурталчилгааны байгууламжаа улирал бүр 10 хүртэлх хоногоор үнэ төлбөргүй ашиглуулах;
8.1.5.хууль тогтоомжид заасан бусад.
---о0о---

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 42
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.12 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны "Журам шинэчлэн батлах тухай" 9/10 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Баталсан тогтоолын өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (Б.Батбямба)-нд даалгасугай.
ДАРГА Ж.БАТБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A