- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНД ТАВИХ ШААРДЛАГА
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2016 оны 9/10 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт
ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНД ТАВИХ ШААРДЛАГА
Нэг. Сурталчилгааны байгууламж
1.1.Гадна зар сурталчилгааны төлөвлөлтийг зохион байгуулахдаа “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичгийг мөрдөж, түүнтэй уялдуулна.
1.2.Гадна зар сурталчилгааны байгууламж нь гадна, эсхүл дотор гэрэлтүүлэгтэй байна.
1.3.Гадна зар сурталчилгааны байгууламжийг “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”, “Цахилгаан техникийн угсралтын дүрэм”, Барилгын норм, нормативын дагуу байрлуулж, ашиглалтад оруулна.
1.4.Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахдаа нэг орон зайд нэгэн жигд загвар, хэмжээтэй байх зарчмыг баримтална.
1.5.Гадна зар сурталчилгааны байгууламж нь замын хөдөлгөөний болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын тэмдгийн үзэгдэх орчныг халхлахгүй байна.
1.6.Гадна зар сурталчилгааны байршил, хугацаа нь хот тохижилт, инженерийн хангамжийн байгууллагуудын бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлын график, төлөвлөгөөтэй нягт уялдсан байна.
1.7.Гадна зар сурталчилгааг дэд бүтцийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст байрлуулахгүй.
1.8.Гадна зар сурталчилгаа нь авто зам болон явган замын зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй байх бөгөөд замын байгууламжаас хэвтээ проекцоор 1 м зайтай байна.
1.9.Барилга байгууламжийн хана, дээвэрт байрлуулсан сурталчилгааны байгууламж нь тухайн барилгын аюулгүй, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулахгүй байна.
1.10.Бусдын эзэмшил газар, барилга байгууламж, обьектыг ашиглан нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд гадна сурталчилгаа түгээх бол түүний эзэмшигчээс албан ёсоор зөвшилцсөн байна.
1.11.Гадна зар сурталчилгааны байгууламж дээрх сурталчилгааны бичвэр нь Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын 5-д заасны дагуу монгол /крилл/ үсгээр алдаагүй бичигдсэн байх ба зохиогчийн эрхээр баталгаажсан бараа, бүтээгдэхүүний лого дээрх бичвэрт энэ нь хамаарахгүй.
1.12.Гадна зар сурталчилгааны байгууламжийн бүрэн бүтэн, өнгө үзэмжтэй, аюулгүй байдлыг хариуцах; урсгал засвар арчилгааг байнга хийж гүйцэтгэдэг байна.
1.13.Нийтийн тээврийн зогсоол дахь сурталчилгааны байгууламж дээр нийтийн тээврийн хэрэгслийн маршрут, мэдээллийг байрлуулсан байна.
Хоёр. Хаягийн байгууламж
2.1.Гадна хаягийн байгууламжийн бичвэрийг Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын 5 дахь заалтын дагуу Монгол хэл /крилл/-ээр үг, үсгийн алдаагүй бичих бөгөөд Монгол бичиг /уйгаржин/-ээр бичиж болно.
2.2.Шаардлагатай нөхцөл /бараа, бүтээгдэхүүний нэр, лого нь зохиогчийн эрхээр баталгаажсан, гадаадын иргэд олноор үйлчлүүлдэг/-д гадна хаяг, мэдээллийн байгууламжийн бичвэрийг англи хэлээр бичих бөгөөд бичвэр нь монгол бичвэрийн доод талд байрлаж, түүнээс 2 дахин бага өндөртэй байх, эсхүл Монгол /крилл/ бичвэрийн зүүн гар талд байрлаж, түүнтэй ижил өндөртэй байна.
2.3.Гадна хаягийн байгууламжийг нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлуулах нөхцөлд дараахь хэм хэмжээг баримтална:
2.3.1.автомашин болон явган хүний хөдөлгөөнд саад учруулахгүй, үзэгдэх орчныг хязгаарлахгүй байх;
2.3.2.замын байгууламжаас 1 метрээс багагүй зайд байрлах;
2.3.3.авто зам, инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэхээр төлөвлөж байгаа газарт байрлуулахгүй байх.
2.4.Барилгын хана, фасад дээвэрт байрлуулах гадна хаягийн байгууламж нь тухайн барилга болон хөрш зэргэлдээ обьектын цонх, хаалга, үзэгдэх орчныг халхлахгүй байна.
2.5.Гадна хаягийн байгууламж нь гадна, эсхүл дотор гэрэлтүүлэгтэй байна.
2.6.Гадна хаягийн байгууламжийг байрлуулахдаа цахилгаан болон барилга угсралтын аюулгүй ажиллагааны талаарх холбогдох норм, стандартыг баримталсан байна.
2.7.Барилгын даац, гадна фасадны бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байхын зэрэгцээ хууль ёсны эзэмшигч, ашиглагч нараас албан ёсоор зөвшөөрөл авсан байна.
2.8.Нэг барилга, обьектэд хэд хэдэн байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тэдгээрийн гадна хаяг, мэдээллийн байгууламж нь дараахь шаардлагыг хангасан байна:
2.8.1.нэг барилга байгууламжид байрлаж байгаа хэд хэдэн байгууллага, аж ахуйн нэгжийн гадна хаягийн байгууламжийн нийт овор хэмжээ нь жигд өндөрт байрлаж, ижил технологи материал ашиглан хийгдсэн байх бөгөөд өнгө, лого болон бичвэрийг тус тусын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн байрлуулах;
2.8.2.нийт хаягийн талбайн хэмжээ фасадны 20 хувиас хэтрэхгүй хэмжээтэй байх;
2.8.3.нэг барилгад үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн байгууллагын гадна хаягийн байгууламжийг нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахаар бол бүх байгууллагын мэдээллийг агуулсан нэгдсэн хаягийн байгууламжийг тухайн барилгын эзэмшигч, өмчлөгчийн зүгээс байрлуулах;
2.8.4.аль нэг байгууллага солигдох, мэдээлэл нь шинэчлэх үед мэдээллийг хялбар өөрчилж болох шийдэлтэй байх.
2.9.Гадна хаяг, мэдээллийн байгууламж нь хотын өнгө үзэмжид нийцсэн, орчин үеийн технологийн шийдлийг ашигласан байх бөгөөд засвар, үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байдлыг хангуулна.
Гурав. Хөдөлгөөнт гадна сурталчилгаа
3.1.Нийтийн тээврийн автобус болон тролейбусны гадаргууд сурталчилгаа байрлуулахдаа дараах шаардлагыг хангасан байна:
3.1.1.Тээврийн хэрэгслийн баруун талд зорчигчийн буух хаалганаас хойш, зурагт үзүүлсэн хэсэгт автобусны өндрийн ⅓ –ээс хэтрэхгүй өндөртэй байрлуулах /доорх зурагт харуулсанаар/;
3.1.2.Тээврийн хэрэгслийн зүүн талд урд дугуйнаас хойш, гадаад гэрлэн хэрэгсэл, граж дугаарыг халхлахгүй, автобусны өндрийн ⅓ –ээс хэтрэхгүй өндөртэй байрлуулах /доорх зурагт харуулсанаар/;
3.2.Нийтийн тээврийн хэрэгслийн гадаргууд сурталчилгаа байрлуулахад дараах зүйлсийг хориглоно:
3.2.1.Сурталчилгаа байрлуулахдаа гэрэл буцаах нөлөөтэй хучилт, элементийг ашиглах, тээврийн хэрэгслийн үндсэн өнгийг алдагдуулах;
3.2.2.Гадаад гэрлэн хэрэгсэл, дугаар, мэдээллийн бичиг, тэмдгийг халхалсан сурталчилгаа байрлуулах
3.2.3.Тусгай болон шуурхай албаны авто тээврийн хэрэгсэл дүрс, өнгө графикийн схемтэй төстэй реклам байрлуулах
---o0o---
Текст томруулах
A
A
A