- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДҮРЭМ (Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2017 оны 123 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДҮРЭМ
(Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
Зорилт
1.1. Энэхүү дүрмийн зорилт нь Монгол Улсын Хөгжлийн банк (цаашид “Банк” гэх)-ны үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Хоёр. Банкны оноосон нэр
2.1. Банкны оноосон нэрийг монгол хэлээр “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК (товчоор “МУХБ”), англи хэлээр “Development Bank of Mongolia” LLC (товчоор “DBM”) гэнэ.
Гурав. Банкны тэмдэг, бэлгэдэл
3.1. Банк нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
3.2. Банк өөрийн бэлгэдэлтэй байх бөгөөд түүний загвар, тодорхойлолтыг төлөөлөн удирдах зөвлөл батална.
Дөрөв. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө
4.1. Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 1,000,000,000,000 (нэг их наяд) төгрөг байх бөгөөд нэг бүр нь 100,000 (нэг зуун мянган) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000,000 (арван сая) ширхэг энгийн хувьцаанд хуваагдана.
Тав. Банкны үйл ажиллагаа
5.1. Банк нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8-17 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлнэ.
5.2. Банк нь өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, бусад хуулийн этгээдтэй харилцаж, хамтран ажиллах гэрээ, хэлцэл байгуулна.
5.3. Банк нь төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөө, тухайн жилийн бизнес төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулна.
5.4. Банк нь өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалт, судалгааны алба дэргэдээ байгуулж болно.
5.5. Банк нь ил тод байдлыг хангах зорилгоор шаардлагатай мэдээллийг хуульд заасны дагуу гаргаж өгөх бөгөөд мэдээлэл гаргах журмыг гүйцэтгэх захирал батална.
Зургаа. Банкны үйл ажиллагаанд хориглох зүйл
6.1. Банк дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
6.1.1. хууль тогтоомж болон Банкны дотоод журамд заасны дагуу өөрийн банкны ажилтанд санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээс бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх;
6.1.2. улс төрийн нам, эвсэл, иргэн, хуулийн этгээдэд хандив өгөх.
Долоо. Банкны эрх барих дээд байгууллага
7.1. Банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна.
Найм. Төлөөлөн удирдах зөвлөл
8.1. Төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
8.2. Төлөөлөн удирдах зөвлөл нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 9.1-д заасан зээл авах, 13.1-д заасан үнэт цаас гаргах болон өөрийн хөрөнгийн 0,6 хувиас дээш үнийн дүнтэй гэрээ, хэлцэл хийх шийдвэрийг гаргана.
8.3. Энэ дүрмийн 8.2-т заасан гэрээ, хэлцэлд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1.10, 11.1, 13.2, 14.1-д заасан үйл ажиллагаатай холбогдох гэрээ, хэлцэл хамаарахгүй бөгөөд эдгээр гэрээ, хэлцэл хийх шийдвэрийг гүйцэтгэх захирал гаргана.
8.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 19.2, 19.3-т заасан журмын дагуу томилно.
8.5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн удаан хугацаагаар үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсонтой холбогдуулан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, эсхүл хууль тогтоомж болон энэ дүрмийн 8.6-д заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл нас барсан бол түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлнө. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлийн саналын дагуу хувьцаа эзэмшигч шийдвэрлэнэ. Төлөөлөн удирдах зөвлөлийн шинэ гишүүнийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж томилно.
8.6. Хувьцаа эзэмшигчээс эрх олгосон этгээд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй гэрээ байгуулна.
8.7. Энэ дүрмийн 8.6-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний эрх, үүрэг, хариуцлага, баталгааны талаар тусгана.
8.8. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрснөөр Банкийг төлөөлөн гадаад, дотоодын банк, санхүүгийн болон бусад байгууллага, хуулийн этгээдтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж болно.
8.9. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд олгох урамшууллын хэмжээг хувьцаа эзэмшигч тогтооно.
8.10. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг албан томилолтоор ажиллуулах шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргана.
8.11. Төлөөлөн удирдах зөвлөлийн тухайн жилийн ээлжит болон ээлжит бус хурлын гуравны нэгээс дээш хувьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй, санал өгөөгүй нь төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх үндэслэл болно.
8.12. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Хурал нь ээлжит болон ээлжит бус байна.
8.13. Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлыг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20.3-т заасны дагуу сард нэгээс доошгүй удаа хуралдуулна.
8.14. Банкны үйл ажиллагаатай холбоотой шуурхай шийдвэрлэх асуудал гарсан тохиолдолд гүйцэтгэх удирдлагын саналыг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна.
8.15. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.
8.16. Төлөөлөн удирдах зөвлөл эчнээ санал хураалтаар шийдвэр гаргаж болно. Банкны зохион байгуулалтын бүтэц, стратеги төлөвлөгөө, төсөв батлах, гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх, санхүүгийн тайлан хэлэлцэх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлийн эчнээ санал хураалтаар шийдвэрлэхийг хориглоно.
8.17. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1.6-д заасны дагуу хамтын удирдлагад үндэслэсэн байна.
8.18. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол, тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд түүнд төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурна.
8.19. Төлөөлөн удирдах зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
8.20. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг Банкны жил бүрийн төсөвт тусгана.
8.21. Төлөөлөн удирдах зөвлөл нь дэргэдээ аудитын, нэр дэвшүүлэх, цалин, урамшууллын, эрсдэлийн зэрэг хороотой байж болно.
Ес. Банкны гүйцэтгэх удирдлага
9.1. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21.2-т заасны дагуу Банкны гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал хэрэгжүүлж, Банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
9.2. Гүйцэтгэх захирал нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21.5, 21.6-д заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах бөгөөд шийдвэр нь тушаал хэлбэртэй байна.
9.3. Гүйцэтгэх захирал нь энэхүү дүрмийн 8.2-т зааснаас бусад гэрээ, хэлцэлд хамаарах төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах, гадаад валют худалдах, худалдан авах, хадгалуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээ үзүүлэх, экспорт, импортын санхүүжилт хийх, төлбөрийн чадварыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор богино, дунд хугацаатай санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлэх зэрэг шийдвэрийг гаргана.
9.4. Тэргүүн дэд захирал, газрын захирлыг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21.3-т заасан журмын дагуу төлөөлөн удирдах зөвлөл томилох бөгөөд тэдэнтэй гүйцэтгэх захирал гэрээ байгуулна.
9.5. Тэргүүн дэд захирал, газрын захиралд тавигдах шаардлага, тэдгээрийг сонгон шалгаруулах журмыг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20.1.4-т заасан журамд тусгана.
9.6. Банкны бодлогын газар болох актив, пассив хөрөнгийн удирдлага болон зээл, хяналт шалгалт, эрсдэлийн асуудал хариуцсан газрын захирал нь дэд захирлын статустай байж болох бөгөөд уг асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэнэ.
9.7. Хуульд төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэхээр зааснаас бусад асуудлаар гүйцэтгэх захирал Банкийг төлөөлөх, гэрээ, хэлцэл байгуулах шийдвэр гаргана. Гүйцэтгэх захирлын түр эзгүйд, түүнээс эрх олгосноор тэргүүн дэд захирал энэхүү эрхийг эдэлнэ.
9.8. Тэргүүн дэд захирал, газрын захирал нь үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцүүлэн гаргасан гүйцэтгэх захирлын тушаал, үүрэг, даалгаврыг удирдлага болгоно.
9.9. Гүйцэтгэх захирлын дэргэд түүнийг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллээр хангах, зөвлөх чиг үүрэг бүхий Захирлуудын зөвлөл ажиллана.
9.10. Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг гүйцэтгэх захирал тогтооно.
9.11. Гүйцэтгэх захирал төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудлыг Захирлуудын зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцүүлсэн байна.
Арав. Эрх бүхий албан тушаалтан
10.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал, нэгжийн дарга, захирал, мэргэжлийн хороодын гишүүд, ерөнхий нягтлан бодогч, аудитор нь Банкны эрх бүхий албан тушаалтанд хамаарна.
Арван нэг. Банкны зохион байгуулалтын бүтэц
11.1. Банкны зохион байгуулалтын бүтцийг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20.1.5-д заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл батална. Зохион байгуулалтын бүтцийн төслийг төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд гүйцэтгэх захирал танилцуулна.
11.2. Банк нь Актив, пассив хөрөнгийн удирдлагын, Зээлийн удирдлагын, Эрсдэлийн удирдлагын зэрэг мэргэжлийн хороотой байна. Хороодын бүрэлдэхүүнийг гүйцэтгэх захирал, үйл ажиллагааны болон шийдвэр гаргах журмыг төлөөлөн удирдах зөвлөл тус тус батална.
11.3. Хороод нь холбогдох тооцоо, судалгаа, шинжилгээнд суурилсан дүгнэлт гаргана.
11.4. Төлөөлөн удирдах зөвлөл зээл авах, үнэт цаас гаргах, өөрийн хөрөнгийн 0,6 хувиас дээш үнийн дүнтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэрийг гаргах болон гүйцэтгэх захирал төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх, баталгаа, батлан даалттай холбоотой шийдвэрийг гаргахад тус тус энэ дүрмийн 11.3-т заасан дүгнэлтийг үндэслэнэ.
11.5. Хороо нь дүгнэлт гаргахдаа хорооны нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналыг үндэслэнэ.
Арван хоёр. Хөндлөнгийн хяналт шалгалт
12.1. Банкны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналт шалгалтыг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасны дагуу Засгийн газар, Монголбанк хэрэгжүүлнэ.
Арван гурав. Дотоод аудит
13.1. Банк нь дотоод аудитын албатай байна. Дотоод аудитын алба Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 26.2-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
13.2. Дотоод аудитын алба нь өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар аудит хийж, дүгнэлтээ зөвлөмжийн хамт төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлнэ.
Арван дөрөв. Хянан шалгагч
14.1. Банкны эх үүсвэрийг ашиглаж байгаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгагчийг гүйцэтгэх захирал томилж, чөлөөлнө.
14.2. Хянан шалгагчийн бүрэн эрхийн хугацаа 3 жил байна.
14.3. Хянан шалгагч нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 27.2-т зааснаас гадна дараах эрхтэй байна:
14.3.1. хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Банкны бусад нэгжийн албан тушаалтныг татан оролцуулах, холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах;
14.3.2. хяналт шалгалт хийх обьектод саадгүй нэвтрэх.
14.4. Хянан шалгагч дараах үүрэгтэй байна:
14.4.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх;
14.4.2. хяналт шалгалт хийхдээ аливаа байгууллага, албан тушаалтан, иргэний ашиг сонирхол, нөлөөнд автахгүй, хараат бусаар хэрэгжүүлэх;
14.4.3. хяналт шалгалтын тайлан мэдээ, санал, дүгнэлтийг үнэн зөв, бодитой гаргах.
14.5. Хянан шалгагч нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд түүнд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
----oOo----
Текст томруулах
A
A
A