A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2017 оны 123 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ
ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.  Монгол Улсын Хөгжлийн банк (цаашид ”Банк” гэх)-ны төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн гишүүнийг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтална.

1.2.  ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулахдаа хууль дээдлэх, ашиг сонирхлоос ангид байх, шударга, ил тод, хараат бус байх, эрх тэгш хандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно.

Хоёр. Сонгон шалгаруулалт зохион байгуулах шийдвэр гаргах

2.1.  ТУЗ-ийн гишүүний сул орон тоо гарсан тохиолдолд Банк нь энэ тухай хувьцаа эзэмшигчид мэдэгдэнэ.

2.2.  ТУЗ-ийн гишүүнийг сонгон шалгаруулах шийдвэрийг хувьцаа эзэмшигч гаргаж, уг ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг (цаашид “Ажлын хэсэг” гэх)-ийг байгуулна.

2.3.  Энэхүү журмын 2.2-т заасан шийдвэрт орон гарсан ТУЗ-ийн гишүүнийг сонгох сонгон шалгаруулалт зохион байгуулах хугацаа, удирдамж, шаардлагатай бусад асуудлыг тусгана.

Гурав. Ажлын хэсэг, түүний чиг үүрэг

3.1.  Энэхүү журмын 2.2-т заасан Ажлын хэсэг нь 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдэнэ.

3.2.  Ажлын хэсгийн дарга, гишүүн, нарийн бичгийн дарга тус бүр саналын эрхтэй байна.

3.3.  Ажлын хэсэг сонгон шалгаруулалттай холбогдсон аливаа асуудлыг хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж, тэмдэглэл үйлдэнэ.

3.4.  Ажлын хэсэг дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

     3.4.1. ТУЗ-ийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг хүлээн авч хянах, бүртгэх;

     3.4.2. сонгон шалгаруулалтын дүнг гаргаж, ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа оролцогчийн материалыг сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлангийн хамт хувьцаа эзэмшигчид хүргүүлэх; (Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

     3.4.3. сонгон шалгаруулалттай холбоотой аливаа баримт бичиг, лавлагаа, мэдээллийг эрх бүхий байгууллагаас гаргуулан авах.

3.5. Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

     3.5.1. сонгон шалгаруулалттай холбогдсон аливаа асуудлаар Ажлын хэсгийн даргын удирдамжийн дагуу өдөр тутмын ажлыг зохион байгуулж, түүнийг мэдээллээр хангах;

     3.5.2. сонгон шалгаруулалттай холбогдсон санал, хүсэлтийг хүлээн авч Ажлын хэсгийн даргад танилцуулах;

     3.5.3. Ажлын хэсгийн хурлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах, шийдвэрт дарга, гишүүдийн гарын үсгийг зуруулан баталгаажуулах;

     3.5.4. Ажлын хэсгийн даргаас өгсөн бусад чиг үүрэг.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын тухай мэдээлэх

4.1.  Ажлын хэсэг нь байгуулагдсанаас хойш ажлын 5 өдрийн дотор ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах тухай зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Ердийн гишүүнийг сонгон шалгаруулах тохиолдолд энэ журмын 5.3-5.4-д заасан арга хэмжээг авна. (Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

4.2.  Сонгон шалгаруулалтын зард ТУЗ-ийн гишүүнд тавигдах шалгуур, бүрдүүлэх материал, материал хүлээн авах хаяг, хугацаа, харилцах утасны дугаар болон шаардлагатай бусад мэдээллийг  тусгана.

4.3. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацааг сонгон шалгаруулах тухай зарыг нийтэд мэдээлсэн эсвэл энэ журмын 5.3-5.4-т заасны дагуу холбогдох байгууллагуудад хүргүүлснээс хойш ажлын 5-аас доошгүй өдөр байхаар тогтооно. (Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

Тав. Материал хүлээн авах, бүртгэх

5.1.  Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос дараах баримт бичгийг энэ журмын 4.3-т заасан хугацааны дотор хүлээн авч бүртгэнэ:

     5.1.1. төрийн албан хаагчийн анкет, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, гурван үеийн намтар;

     5.1.2. иргэний үнэмлэхийн хуулбар;

     5.1.3. боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

     5.1.4. 4х6 см хэмжээтэй 2 хувь цээж зураг;

     5.1.5. нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

     5.1.6. сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;

     5.1.7. оршин суугаа газрын тодорхойлолт;

     5.1.8. иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;

     5.1.9. Монголбанкнаас “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” болон “Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй” тухай тодорхойлолт;

     5.1.10. “эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа, “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолт;

     5.1.11. Ажлын хэсгээс шаардлагатай гэж үзсэн бусад материал.

5.2.  Энэ журмын 5.1-д заасан материал дутуу ирүүлсэн оролцогчийг бүртгэхгүй бөгөөд ирүүлсэн материалын үнэн зөвийг сонгон шалгаруулалтад оролцогч өөрөө хариуцна.

5.3. Ажлын хэсэг төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцох төрийн захиргааны албан хаагчийн нэрийг ирүүлэх тухай албан бичгийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлнэ. (Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

5.4.  Энэ журмын 5.3-т заасан албан бичгийг хүлээн авсан байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах байгууллагуудаас ТУЗ-ийн ердийн гишүүний сонгон шалгаруулалтад оролцох төрийн захиргааны албан хаагчийг нээлттэй шалгаруулж, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагыг хангасан оролцогчийн нэрийг энэхүү журмын 5.1-д заасан материалын хамт Ажлын хэсэгт хүргүүлнэ. (Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

5.5.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын гишүүдээс ирүүлсэн сонгон шалгаруулалтад оролцогчдын нэрсийг нэгтгэн, холбогдох материалын хамт Ажлын хэсэгт хүргүүлнэ.(Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор хассан) 

Зургаа. Сонгон шалгаруулах ажиллагаа

6.1.  Сонгон шалгаруулах ажиллагаа нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан шалгуураас гадна боловсролын түвшин, мэргэшил, ур чадвар, туршлагыг нарийвчлан тогтооход чиглэгдэнэ.

6.2.  Ажлын хэсэг нь сонгон шалгаруулах ажиллагааг анкетын болон ярилцлагын гэсэн 2 үе шаттайгаар зохион байгуулна.

6.3.  Анкетыг үндэслэсэн шалгаруулалтын шатанд Ажлын хэсэг оролцогчдын материалыг хянан үзээд дараах байдлаар оноо өгч, нийлбэр дүнгээр 12 болон түүнээс дээш оноо авсан оролцогчийг дараагийн шатны буюу ярилцлагын шалгаруулалтад оролцуулна:

6.3.1. хуульд заасан шаардлага хангаж байгаа байдал: 0-10 оноо.

6.3.2. боловсрол, мэргэшил, туршлага, ур чадварын байдал: 0-10 оноо;

6.4.  Ярилцлагын шалгаруулалтад оролцогчдод ярилцлагын үр дүнгээс хамаарч 0-10 оноо өгнө.

6.5.  Сонгон шалгаруулалтад оролцогч нь 21 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд сонгон шалгаруулалтад тэнцсэн гэж үзнэ.

6.6.  Энэхүү журмын 6.3, 6.4-т заасны дагуу өгсөн онооны нийлбэрээр хамгийн өндөр оноо авсан байдлаар сонгон шалгаруулалтад оролцогчдыг эрэмблэн жагсааж, дүнг гаргана.

6.7. Банк, улсын төсөв, санхүүгийн бодлого боловсруулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно. (Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор нэмсэн)

Долоо. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох

7.1. Ажлын хэсэг сонгон шалгаруулалтын дүнг холбогдох материалын хамт хувьцаа эзэмшигчид танилцуулна. (Засгийн газрын 2020 оны 129 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

7.2.  Хувьцаа эзэмшигчдийн хурлаас ТУЗ-ийн гишүүнээр томилох тухай шийдвэр гаргана.

7.3.  Хувьцаа эзэмшигчдийн хурлаас тодорхой үндэслэлээр нэр дэвшигчийг томилохоос татгалзсан тохиолдолд сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос дараагийн өндөр оноо авсан оролцогчийг нэр дэвшүүлнэ.

 


---оОо---