- Нүүр
- Сайдын тушаал
- ТАМГА, ТЭМДЭГ, БАТАЛГААНЫ ТЭМДЭГ ХИЙЛГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ, ЛАВЛАГАА ОЛГОХ ЖУРАМ /ХЗДХС-ын 2018 оны А/216 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ХЗДХС-ын 2018 оны А/216 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/159 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
ТАМГА, ТЭМДЭГ, БАТАЛГААНЫ ТЭМДЭГ
ХИЙЛГЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ,
ЛАВЛАГАА ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэгт хяналтын дугаар олгох, олгогдсон хяналтын дугаарыг хүчингүй болгох, хураан авах, устгах, бүртгэл хөтлөх, лавлагаа олгох үйл ажиллагааг улсын бүртгэлийн байгууллага хэрэгжүүлнэ.
1.3. Хяналтын дугаар нь дахин давтагдахгүй 10 оронтой тоо байх ба эхний 2 орон нь хяналтын дугаар олгосон улсын бүртгэлийн байгууллагын индекс, дараагийн 2 орон нь хяналтын дугаар олгосон оны сүүлийн хоёр тоо, сүүлийн 6 орон нь улсын бүртгэлийн мэдээллийн сангаас олгосон дугаар байна.
1.4. Улсын бүртгэлийн байгууллага тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарыг иргэн, байгууллагад харьяаллын дагуу олгоно.
1.5. Хяналтын дугаарыг дараах иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад олгоно:
1.5.1. хуулийн этгээд;
1.5.2. хуулийн этгээдийн эрхгүй этгээд /хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, харьяа нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар, улсын бүртгэлд бүртгэлд бүртгэгдээгүй нөхөрлөл, холбоо/;
1.5.3. тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэн /өмгөөлөгч, нотариатч, эмч, хөрөнгийн үнэлгээчин гэх мэт/;
1.5.4. бусад.
Хоёр. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх, хяналт тавих
2.1. Тамга, тэмдэгт оноосон нэр, хуулийн этгээдийн хэлбэр, регистрийн дугаар, тамга, тэмдэг үйлдвэрлэгчийн код /цаашид “үйлдвэрлэгчийн код” гэх/, хяналтын дугаарыг бичсэн байна.
2.2. Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, харьяа нэгжийн тэмдэгт харьяалах дээд байгууллагын нэр, регистрийн дугаар, зохион байгуулалтын нэгжийн нэр, үйлдвэрлэгчийн код, хяналтын дугаарыг бичсэн байна.
2.3. Иргэний баталгааны тэмдэгт эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй бол тусгай зөвшөөрлийн нэр, бусад иргэний хувьд регистрийн дугаар, үйлдвэрлэгчийн код, хяналтын дугаарыг бичсэн байна.
2.4. Төрийн байгууллагын тамга, тэмдэг, бусад хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын тэмдэг, иргэний баталгааны тэмдгийг хийлгэхэд дараах баримт бичгийг бүрдүүлж, улсын бүртгэлийн байгууллагаас хяналтын дугаар авна:
2.4.1. төрийн байгууллагын тамга хийлгэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас олгосон зөвшөөрөл;
2.4.2. шинээр байгуулагдсан хуулийн этгээд, хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын хувьд хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээ;
2.4.3. энэ журмын 2.4.2-т зааснаас бусад хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын хувьд хүсэлт, татварын албаны тодорхойлолт;
2.4.4. хуулийн этгээдийн харьяа нэгжийн хувьд түүнийг харъяалах дээд байгууллагын шийдвэр, хүсэлт улсын бүртгэлийн гэрчилгээ;
2.4.5. иргэний хувьд хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.4.6. өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийн хувьд шинээр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ, хүсэлт, өмнөх тамга, тэмдгээ хураалгасан баримт;
2.4.7. ашиглалтын шаардлага хангахгүй болсон тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг дахин хийлгэхэд хураалгасан баримт;
2.5. Тамга, тэмдэг, баталгааны тэмдгээ үрэгдүүлсэн шалтгаанаар дахин хийлгэх бол доорх баримт бичгийг бүрдүүлж, улсын бүртгэлийн байгууллагаас хяналтын дугаар авна:
2.5.1. иргэн, байгууллагын хүсэлт, 2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол эрх бүхий этгээдээс гаргасан хүчин төгөлдөр тогтоол;
2.5.2. өдөр тутмын сонин эсхүл тухайн нутаг дэвсгэрт хэвлэгддэг сонинд зарлуулсан сонингийн эх хувь;
2.5.3. хяналтын дугаарыг хүчингүйд тооцсон хяналтын улсын байцаагчийн дүгнэлт;
2.5.4. хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээснийг нотлох баримт.
2.6. Иргэн, байгууллага нь улсын бүртгэлийн байгууллагаас хяналтын дугаар олгосноос хойш 30 хоногт багтаан тамга, тэмдэг, баталгааны тэмдгээ хийлгээгүй бол уг дугаарыг хүчингүйд тооцох ба энэхүү журмын 2.4, 2.5-д заасан баримт бичгийг дахин бүрдүүлнэ.
2.7. Улсын бүртгэгч нь иргэн, байгууллагын баримт бичгийн бүрдүүлбэрт үндэслэн цахим сангаас хяналтын дугаарын хуудсыг хэвлэн гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулж иргэн, байгууллагад олгоно.
2.8. Тамга, тэмдэг үйлдвэрлэгч нь улсын бүртгэлийн байгууллагаас иргэн, байгууллагад олгосон хяналтын дугаар бүхий хуудсыг үндэслэн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг үйлдвэрлэх захиалга авна.
2.9. Үйлдвэрлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээний нүүрэн талын баруун дээд өнцөгт тамга, тэмдэг, баталгааны тэмдэг үйлдвэрлэсэн тухай тэмдэглэгээ хийнэ.
2.10. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг захиалаагүй байхад улсын бүртгэлийн гэрчилгээн дээр үйлдвэрлэсэн тухай тэмдэглэгээ дарахыг хориглоно.
2.11. Үйлдвэрлэгч нь хяналтын дугаар бүхий хуудас, захиалгыг үндэслэн холбогдох шаардлага хангасан тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг үйлдвэрлэж, дардсыг баталгаажуулан бүртгэл хөтөлнө.
Гурав. Мэдээллийн сан үүсгэх, лавлагаа олгох
3.1. Үйлдвэрлэгчээс үйлдвэрлэсэн тамга, тэмдгийн тухайн сарын тайландаа хяналтын дугаарын маягтыг хавсарган сар бүрийн 5-ны дотор улсын бүртгэлийн байгууллагад бичгээр эсхүл цахим хэлбэрээр ирүүлнэ.
3.2. Үйлдвэрлэгчээс ирүүлсэн тайланг улсын бүртгэгч хүлээн авч хяналтын дугаар болон бусад мэдээлэлтэй тулган шалгаж, цаасан болон цахим хэлбэрээр архивт хүлээлгэн өгнө.
3.3. Улсын бүртгэлийн байгууллага нь олгосон хяналтын дугаарын болон хүчингүй болгосон бүртгэлийг хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлнэ.
3.4. Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн талаарх лавлагааг тухайн иргэний, байгууллага бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээдийн хүсэлтийг үндэслэн ажлын 2 өдрийн дотор олгоно.
3.5. Энэ журмын 3.4-т заасан лавлагаа олгоход Засгийн газрын 2010 оны 237 дугаар тогтоолоор баталсан “Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээ”-ний 3.2-т заасан хэмжээгээр үйлчилгээний хураамж хураана.
Дөрөв. Тамга, тэмдгийг хураан авах, хүчингүй болгох, устгах
4.1. Хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага татан буугдсан, улсын бүртгэлээс хасагдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл тамга, тэмдэг нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон бол улсын бүртгэлийн байгууллагад тамга, тэмдэг, баталгааны тэмдгээ хураалгаж, хяналтын дугаарыг хүчингүй болгуулна.
4.2. Гээгдүүлсэн шалтгаанаар хүчингүйд тооцсон тамга, тэмдэг, баталгааны тэмдэг олдсон тохиолдолд түүнийг дахин хэрэглэхгүй бөгөөд улсын бүртгэлийн байгууллагад хураалгана.
4.3. Хүчингүйд тооцсон хяналтын дугаарыг тухай бүр улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хяналтын нэгж байгууллагын цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.
4.4. Улсын бүртгэгч нь тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгосон болон иргэн, байгууллагаас хураалгахаар ирүүлсэн тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягтын дагуу хөтөлнө.
4.5. Хүчингүй болсон, олдсон, бусад шалтгаанаар ирүүлсэн тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг бүртгэлийн байгууллагад авчирч өгсөн тухайн иргэний бичиг баримтад үндэслэн хүлээн авч, журналд хөтлөн, хадгалалт, хамгааллын шаардлага хангасан сейф шүүгээнд хадгална.
4.6. Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон эсхүл хяналтын улсын байцаагчийн хүчингүйд тооцсон тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг холбогдох этгээд ашиглахгүй.
4.7. Улсын бүртгэгч нь хураан авсан тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг энэхүү журмын 3.5-д заасан бүртгэлд бүртгэсэн өдрөөс хойш ажлын 2 өдөрт багтаан жагсаалт үйлдэж, хуулийн этгээдийн бүртгэлийн архивт хүлээлгэн өгнө.
4.8. Улсын бүртгэгч иргэн, байгууллагад олгосон тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарын тайлан болон тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгосон бүртгэлийн мэдээг сар бүр гаргаж, тайлагнана.
4.9. Хүчингүй болсон тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар байгуулагдсан комиссын саналыг үндэслэн нийслэлд улирал тутам, орон нутагт хагас жил тутамд устгал хийнэ.
Тав. Бусад
5.1. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх баримт бичиг, тайлан, хураагдсан тамга, тэмдэг, баталгааны тэмдгийг архивт хадгалахтай холбоотой харилцааг Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журмаар зохицуулна.
5.2. Үйлдвэрлэгч нь тамга, тэмдэг үйлдвэрлэхдээ энэ журмыг зөрчвөл тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах тухай саналыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
5.3. Тамга, тэмдэг, баталгааны тэмдэгтэй холбоотой маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.
---оооОооо---
Текст томруулах
A
A
A