- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХОС ТЭЖЭЭЛТ АВТОМАШИН, ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙГЭЭР АЖИЛЛАДАГ АВТОМАШИН, ЦАХИЛГААН ТЭЖЭЭЛТ АВТОМАШИНД НОГДУУЛСАН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 165 дугаар
тогтоолын хавсралт
ХОС ТЭЖЭЭЛТ АВТОМАШИН, ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙГЭЭР АЖИЛЛАДАГ
АВТОМАШИН, ЦАХИЛГААН ТЭЖЭЭЛТ АВТОМАШИНД НОГДУУЛСАН
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ БУЦААН ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Онцгой албан татварын тухай хуульд заасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэхүү журмын 1.1-д заасан хугацаанд хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргах, ногдуулсан онцгой албан татварыг буцаан олгох ажлыг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт
2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1. “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад энэхүү журмын 1.1-д заасан хугацаанд мэдүүлсэн аливаа этгээдийг;
2.1.2. “автомашин” гэж хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг болон цахилгаан тэжээлт суудлын автомашиныг.
Гурав. Онцгой албан татварыг буцаан олгох иргэн, аж ахуйн
нэгжийн жагсаалтыг гаргах, хянах
3.1. Гаалийн байгууллага нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд импортоор оруулж, гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашины жагсаалтыг гаалийн мэдүүлгийн сангаас энэхүү журмын маягт №1-ийн дагуу нэгтгэн гаргана.
3.2. Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох эрх бүхий байгууллага (цаашид “Автотээврийн үндэсний төв” гэх) нь энэхүү журмын 3.1-д заасны дагуу гаргасан жагсаалтад багтсан автомашины улсын дугаар, гэрчилгээ, эзэмшигчийн талаарх мэдээллийг мөн журмын маягт №2-ын дагуу нэгтгэн гаргаж, гаалийн байгууллагад хүргүүлнэ.
3.3. Гаалийн байгуулага энэхүү журмын 3.2-т заасны дагуу ирүүлсэн мэдээллийг үндэслэн буцаан олгох онцгой албан татварыг тооцож, онцгой албан татвар буцаан олгох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг мөн журмын маягт №3-ын дагуу нэгтгэн Сангийн яаманд хүргүүлнэ.
3.4. Гаалийн байгууллага энэхүү журмын 3.3-т заасан жагсаалтад багтсан онцгой албан татвар буцаан олгох иргэн, аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг тухайн иргэн, аж ахуйн нэгжид мэдээлэх ажлыг зохион байгуулна.
Дөрөв. Буцаан олгох онцгой албан татварыг
шалган баталгаажуулах
4.1. Энэхүү журмын 1.1-д заасан хугацаанд импортоор оруулж, гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашины онцгой албан татварыг дараах иргэн, аж ахуйн нэгжид буцаан олгоно:
4.1.1. импортоор оруулж ирсэн автомашинаа худалдан борлуулаагүй, эсхүл тухайн автомашины өмчлөх эрхийг бусдад шилжүүлээгүй бол мэдүүлэгчид;
4.1.2. импортоор оруулж ирсэн автомашиныг худалдаж авсан, эсхүл тухайн автомашиныг өмчлөх эрх тухайн иргэн, хуулийн этгээдэд бүрэн шилжсэн болох нь холбогдох баримт, Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр нотлогдсон тохиолдолд автомашин өмчлөгчид;
4.1.3. энэхүү журмын 4.1.2-т заасныг үл харгалзан мэдүүлэгч импортоор оруулж ирсэн автомашинаа худалдан борлуулахдаа онцгой албан татварын дүнг нэмж тооцоогүй нь худалдан авсан этгээдийн гаргасан өргөдлөөр нотлогдсон тохиолдолд мэдүүлэгчид.
4.2. Энэхүү журмын 4.1-д зааснаас бусад тохиолдол, үндэслэлээр онцгой албан татварыг тухайн иргэн, аж ахуйн нэгжид буцаан олгохгүй.
4.3. Энэхүү журмын 4.1.3-т заасан импортоор оруулж ирсэн автомашинаа худалдан борлуулахдаа онцгой албан татварын дүнг нэмж тооцсон эсэх талаар мэдүүлэгч, автомашин худалдан авсан этгээдийн хооронд маргаан үүссэн тохиолдолд гаалийн болон татварын байгууллага хамтарсан шалгалт хийж, маргааныг шийдвэрлэнэ.
4.4. Энэ журмын 3.3-т заасан жагсаалтад багтсан онцгой албан татвар буцаан авах иргэн, аж ахуйн нэгж төлсөн албан татварыг буцаан авах талаарх хүсэлтээ гаалийн байгууллагад бичгээр гаргана. Хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргасан байна:
4.4.1. иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
4.4.2. автомашин импортоор оруулж ирсэн тухай гаалийн бичиг, түүний хуулбар;
4.4.3. тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;
4.4.4. нотариатаар баталгаажуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ;
4.4.5. албан татварын буцаан олголтыг хүлээж авах банк, дансны дугаарын мэдээлэл.
4.5. Гаалийн байгууллага онцгой албан татвар буцаан авах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг ажлын 10 хоногт багтаан тухайн автомашины гаалийн мэдүүлэг, импортлогчийн мэдээлэл, Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн автомашин өмчлөгчийн мэдээлэлтэй тулган шалгаж нэг машинд ногдуулсан онцгой албан татварыг давхардуулан олгохгүй байхаар асуудлыг шийдвэрлэнэ.
4.6. Гаалийн байгууллага хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг шалгаж онцгой албан татварыг буцаан олгох, эсхүл дахин шалгахаар шийдвэрлэж, энэ талаар хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ. Онцгой албан татварын буцаан олголтын дүн өөрчлөгдсөн бол өөрчлөгдсөн шалтгаан болон дахин шалгах болсон шаардлага, үндэслэлийг албан бичигт тодорхой дурдсан байна.
4.7. Энэхүү журмын 4.4-т заасан хүсэлтийг үндэслэн гаалийн байгууллага тухайн бараанд хамаарах мэдүүлэгт өөрчлөлт оруулна.
4.8. Гаалийн байгууллага онцгой албан татвар буцаан олгох шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид онцгой албан татварыг буцаан олгох талаар албан бичгийг холбогдох бичиг баримтын хамт Сангийн яаманд хүргүүлнэ.
Тав. Онцгой албан татварыг буцаан олгох
5.1. Сангийн яам энэхүү журмын 4.8-д заасан албан бичгийг хүлээн авснаас хойш ажлын 45 хоногт багтаан гаалийн байгууллагаас ирүүлсэн жагсаалтыг хянаж, онцгой албан татварыг буцаан олгох санхүүжилтийн эрхийг нээж, иргэн, аж ахуйн нэгжид буцаан олгох онцгой албан татварыг тэдгээрийн дансанд шилжүүлнэ.
5.2. Сангийн яам энэхүү журмын 5.1-д заасан буцаан олголтыг төсөвт бүртгэхдээ тухайн орлогыг бууруулж бүртгэнэ.
5.3. Онцгой албан татварын буцаан олголт хийгдсэний дараа гаалийн байгууллага гаалийн мэдүүлэгт орсон татварын өөрчлөлттэй холбогдох дансны бичилтийг нягтлан бодох бүртгэлийн дагуу хөтлөлт хийх, татварын орлогын мэдээ, тайланд өөрчлөлт оруулах, татвар буцаан олгосон талаар тайлан, мэдээг нэгтгэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлнэ.
-----o0o----
Текст томруулах
A
A
A