A

A

A

Бүлэг: 1979

          Засгийн газрын 155 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

 

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ДҮРЭМТ ХУВЦАСНЫ 

МӨНГӨН ХАНГАМЖ ОЛГОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь цагдаагийн алба хаагч (цаашид “алба хаагч” гэх)-д дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. Алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгоход шаардагдах хөрөнгийг цагдаагийн  байгууллагын тухайн жилийн төсвийн дүрэмт хувцас, хэрэглэлийн зардлаас санхүүжүүлнэ.

1.3. Цагдаагийн байгууллагын дараах алба хаагчдад дүрэмт хувцасны мөнгөн хангамжийг олгож болно:

               1.3.1. цагдаагийн байгууллагын нууцалбал зохих албаны гүйцэтгэх ажилтан;

1.3.2. эрүүгийн төлөөлөгч;

1.3.3. бусад алба хаагч.

            1.4. Дүрэмт хувцасны мөнгөн хангамж авах алба хаагч нь нэг ээлжийн дүрэмт хувцас, хэрэглэлээр бүрэн хангагдсан байна.

Хоёр. Дүрэмт хувцас, хэрэглэлийн үнэлгээг тогтоох

2.1. Алба хаагчийн дүрэмт хувцас, хэрэглэлийн үнэлгээг дараах байдлаар тогтооно:

            2.1.1. дүрэмт хувцас, хэрэглэлийг бэлэн бүтээгдэхүүн хэлбэрээр нийлүүлсэн гэрээний үнийг орлогод авсан үнээр;

            2.1.2. дүрэмт хувцас, хэрэглэлийг оёж бэлтгэсэн тохиолдолд тухайн хувцас, хэрэглэлийн үндсэн болон туслах материалын зардал дээр ажлын хөлсийг нэмж тооцсон үнэлгээг орлогод авсан үнээр;

            2.1.3. тухайн жилд бэлтгэгдээгүй дүрэмт хувцас, хэрэглэлийн үнэлгээг урд жилд бэлтгэн орлогод авсан үнээр.  

           2.2. Дүрэмт хувцас, хэрэглэлийн үнэлгээг энэхүү журмын 2.1-д заасан үнийг үндэслэн цагдаагийн байгууллагын чиг үүрэг, төрлөөр ангилж, жилийн бүрийн 1 дүгээр сарын 20-ны дотор цагдаагийн төв байгууллагын дарга батална.

Гурав. Дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох

3.1. Цагдаагийн төв байгууллагын харьяа алба, нэгж нь дүрэмт хувцасны мөнгөн хангамж авах алба хаагчдын захиалгыг жил бүрийн 6 дугаар сарын 25-ны дотор цагдаагийн төв байгууллагад хүргүүлнэ.

3.2. Цагдаагийн төв байгууллага алба хаагчдын дүрэмт хувцас, хэрэглэл болон дүрэмт хувцасны мөнгөн хангамжийн дараа жилийн төсвийн төслийг боловсруулан төсвийн ерөнхийлөн захирагчид  жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор хүргүүлнэ.

3.3. Дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох захиалгыг тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан биет хэлбэрээр бэлтгэх дүрэмт хувцас, хэрэглэлийн хэрэгцээтэй нийцүүлэн төлөвлөнө.

3.4. Дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгоход шаардагдах санхүүжилтийг цагдаагийн байгууллагын тухайн жилийн дүрэмт хувцас, хэрэглэлийн төсвийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцон төлөвлөнө.  

3.5. Дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох алба хаагчдын жагсаалт, санхүүжилтийн хуваарийг цагдаагийн төв байгууллага батлах бөгөөд мөнгөн хангамжийг батлагдсан хуваарийн дагуу тухайн жилийн 6 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 25-ны дотор олгоно.

3.6. Цагдаагийн төв байгууллага дүрэмт хувцасны мөнгөн хангамжийг энэхүү журмын 3.5-д заасан санхүүжилтийн хуваарийн дагуу алба хаагч нэг бүрийн хувийн харилцах дансанд шилжүүлнэ.

3.7. Дүрэмт хувцасны мөнгөн хангамж авсан алба хаагч өөр албанд шилжиж, дүрэмт хувцас, хэрэглэлийн загвар өөрчлөгдсөн тохиолдолд дүрэмт хувцас, хэрэглэл дахин авах хүсэлтээ цагдаагийн төв байгууллагад гаргана. Цагдаагийн төв байгууллага тухайн алба хаагчийн дүрэмт хувцас, хэрэглэлийн эдэлгээний дутуу байгаа хугацааг тодорхойлж, үнийн зөрүүг тооцно.

3.8. Дүрэмт хувцас, хэрэглэл дахин авах хүсэлт гаргасан алба хаагч энэхүү журмын 3.7-д заасны дагуу тооцсон эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны үнийн зөрүүг төлнө. 

3.9. Энэхүү журмын 3.8-д заасны дагуу дүрэмт хувцасны үнийн зөрүүг төлсөн баримтыг үндэслэн тухайн алба хаагчийн хувцасны картад тэмдэглэл үйлдэн баталгаажуулж, түүнд шинэ дүрэмт хувцас, хэрэглэл олгоно.

Дөрөв. Бусад

4.1. Тухайн жилд бэлтгэгдээгүй дүрэмт хувцас болон дүрэмт хувцасны хангалт хийгдээгүй алба хаагчид мөнгөн хангамж олгохыг хориглоно.

4.2. Дүрэмт хувцасны хэрэглэл (бүх төрлийн малгайн тэмдэг, цолны болон таних тэмдэг, мөрдэс, ханцуйн бэлгэдэл, нэрийн бичиглэл, хувийн дугаар, цусны бүлэг)-ийн үнийг мөнгөн хангамжид оруулан тооцож, олгохыг хориглоно.

4.3. Алба хаагчид олгох дүрэмт хувцасны мөнгөн хангамжид Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.6-д заасны дагуу албан татвар ногдуулахгүй.

4.4. Энэхүү журмын 3.1-д заасан хугацаанд дүрэмт хувцасны мөнгөн хангамж авах захиалга ирүүлээгүй цагдаагийн байгууллагын алба хаагчдад тухайн жилд мөнгөн хангамж олгохгүй. 

 

---о0о---