A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн ИТХ-ын 2017 оны 5 дугаар сарын 31-ний  өдрийн
Ээлжит VII хуралдааны 7/02 дугаар тогтоолын  хавсралт 

                           

ОРХОН АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ

ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ,  ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4, 6, 7, 8 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5 дахь зүйл заалтыг тус тус хэрэгжүүлэхэд оршино.

1.2. Орхон аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-ийг аж ахуйн нэгжид олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь  хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэр болон  журмын  дагуу зохицуулагдна.

1.4. Энэхүү журам нь Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа, Улсын бүртгэлд бүртгэгдсэн аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон гадаадын байгууллагад нэгэн адил үйлчилнэ.

1.5. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу согтууруулах ундаа худалдах,  түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий газруудын үйл ажиллагаа явуулах  цагийн хязгаарыг  аймгийн Засаг дарга тогтоож, сумын  Засаг дарга  “Ажиллах цагийн хуваарь”-ийг баталж мөрдүүлнэ.

1.6. Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт аймгийн нэгдсэн камержуулалтын систем, Цагдаагийн газрын бүрэн хяналтын дор согтууруулах ундааг 00:00 цагаас хойш худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжид  сонгон шалгаруулах замаар  тусгай зөвшөөрөл олгож  болно.

1.7. Согтууруулах ундааг шөнийн 00.00 цагаас хойш  худалдах, үйлчлэх   тусгай зөвшөөрөл олгохдоо байршил, худалдаа үйлчилгээний төрөл хэлбэр болон бусад үзүүлэлтийг сонгон шалгаруулалтын материалд нарийвчлан зааж өгнө.

Хоёр.Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

2.1. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлнэ.

Гурав.Тусгай зөвшөөрөл эзэмшигч  аж ахуйн нэгжид тавигдах шаардлага

3.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж нь дараах шаардлага хангасан байна.

3.1.1. Үйл ажиллагааны төрлөөс хамаарч “Худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага MNS 5021:2007”, “Худалдааны газрын ангилал, нэр томьёо MNS 6506:2015”, “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага  MNS 4946:2005” стандартын шаардлагыг хангаж, тохирлын гэрчилгээг авсан байх.

3.1.2. Мэргэжлийн хяналтын газрын эрсдлийн үнэлгээ (дүгнэлт)-г хийлгэсэн байх.

3.1.3. Үйл ажиллагаа явуулж байгаа газрын байршлын дагуу багийн ажлын албанд бүртгүүлж, худалдаа, үйлчилгээ эрхлэх болон тохижилт хог хаягдлын гэрээ байгуулсан байх.

3.1.4. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хориглосон газарт байршаагүй байх.

3.1.5. Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор стандартад нийцсэн дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан байх.

3.1.6. Хуульд заасан бусад шаардлага.

Дөрөв. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах

4.1. Холбогдох хууль тогтоомж,  стандарт болон энэ журмын 2.1,  3.1-д заасан нөхцөл шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын  захирамжаар  2 жилийн хугацаагаар  олгох буюу сунгана.

4.2.  Аж ахуйн нэгж нь тусгай зөвшөөрөл авах /шинээр авах, сунгах/  хүсэлтийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан баримт бичгийн хамт  аймгийн Засаг даргад ирүүлнэ.

4.3. Тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгжийн ирүүлсэн материалыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан орон тооны бус ажлын хэсэг судалж, саналаа  аймгийн Засаг даргад  уламжилж шийдвэрлүүлнэ.

4.4. Тусгай зөвшөөрлийг үйлчилгээний төрөл стандартаас хамааран дараах төрлүүдээр олгоно.

            4.4.1. Худалдааны чиглэлээр:

 а/ Хүнсний дэлгүүр, минимаркет, супермаркет, хайпермаркет, хүнсний бөөний төв, хүнсний агуулах худалдааны төвд  спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах.

           4.4.2. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр:

а/ Ресторан, бааранд - спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх.

б/ Кафед - спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх.

           4.4.3. Зочид буудалд:

а/ Одны зэрэглэл авсан  зочид буудал нь бүх төрлийн согтууруулах ундаа борлуулах хөргөгч байрлуулж,  мини баараар  үйлчлэх.

4.5. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох буюу сунгахаар шийдвэрлэсэн нөхцөлд хуулийн дагуу улсын тэмдэгтийн хураамжийг төлнө.

4.6. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох шийдвэр гарсан  нөхцөлд  аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан агуулга бүхий гэрчилгээг тухайн аж ахуйн нэгжид олгоно.

4.7. Нэг объектод үйл ажиллагаа явуулж байгаа газруудад стандартад заагдсан ангиллын дагуу тус тусд нь шийдвэрийг гаргаж  тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгоно.

4.8. Тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэрийг ажлын 3 өдөрт багтаан аймгийн Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар болон сумдын Засаг даргын Тамгын газарт онлайнаар хүргэж, erdenet.mn сайтад байршуулна.

4.9. Тусгай зөвшөөрлийн хугацааг  сунгахад  Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4-т заасан журмыг баримтлана.

4.10. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас  30 хоногийн өмнө  аймгийн Засаг даргад  гаргана.

4.11. Тусгай зөвшөөрлийг сунгахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ. Үүнд:

4.11.1. Энэхүү журмын 3.1-т заасан шаардлагыг хангасан эсэх

4.11.2. Худалдаа, үйлчилгээ явуулах тухайн цэгт 2 удаа зөрчил гаргасны улмаас тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон аж ахуйн нэгж нэрээ өөрчлөн хүсэлт гаргасан эсэх

4.11.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас удаа дараа гомдол гаргасан нь үндэслэлтэй болох нь тогтоогдсон эсэх

4.11.4. Насанд хүрээгүй хүүхдүүд олноор тоглодог компьютер болон хүрдэт тоглоомын газарт үйл ажиллагаа явуулж байгаа эсэх

4.11.5. Нийтийн орон сууцны байрны нэг ба суурийн давхарт барилгын зураг төслийн дагуу тусгай зориулалтаар барьсанаас бусад  байршилд  үйл ажиллагаа явуулж байгаа эсэх           

        Тав. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх

5.1. Аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэнэ.

           5.1.1. Тусгай зөвшөөрөл бичигдсэнээс хойш  2 сарын хугацаанд тусгай зөвшөөрөл хүсэгч тэмдэгтийн хураамжаа төлж зөвшөөрлөө аваагүй.

5.1.2. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 1 сараас дээш хугацаагаар хэтэрсэн.

            5.1.3.  Аймаг, сумын Засаг даргын гаргасан  шийдвэрийг зөрчсөн.

            5.1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж,  дүрэм, журам, захирамжийг зөрчсөн.

             5.1.5. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Ээлжит YIII хуралдааны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Орхон аймгийн нийтийн эзэмшлийн газар,  эд аж ахуйг арчлан хамгаалах талаар нийтээр дагаж мөрдөх журам”-ыг мөрдөж ажиллаагүй.

            5.1.6. Аймгийн ЗДТГ-т холбогдох мэргэжлийн байгууллагуудаас санал дүгнэлт ирүүлсэн тохиолдолд.

           5.1.7.  Аж ахуйн нэгж өөрөө хүсэлт ирүүлсэн нөхцөлд

5.2.  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу  тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд  тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл  хугацаагаар түдгэлзүүлнэ.

           5.3. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилган,  зөрчлөө арилгасан тухай нотлох баримтуудыг бүрдүүлж аймгийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын дэргэдэх ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж  шийдвэрлэнэ.

Зургаа. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

6.1. Аймгийн Засаг дарга дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

           6.1.1. Албан татвар төлөөгүй болон суутгасан татвараа харьяалах татварын албатай тооцоо хийгээгүй,  татварын өр төлбөртэй,  удаа дараа ноцтой зөрчил гаргасан.

           6.1.2. Тусгай зөвшөөрлийг бусдад дамжуулан шилжүүлсэн, худалдсан, барьцаалсан.

           6.1.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж өөрөө хүсэлт ирүүлсэн

           6.1.4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж татан буугдсан.

           6.1.5.Тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон.

           6.1.6. Энэхүү журмын  7.1-д заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан.

           6.1.7. Монгол улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн.

Долоо. Хориглох зүйл

7.1. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн   7 дугаар зүйлд зааснаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно. Үүнд: 

           7.1.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.3-д зааснаар тусгай зөвшөөрлийг хувилж олшруулах, өөр ажлын байранд шилжүүлэх, бусдад ашиглуулах, түрээслэх, худалдах, барьцаалах, бэлэглэх  зэргээр бусдад шилжүүлэх  

            7.1.2. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 17 дугаар зүйлийн 17.1.7-д  заасны дагуу  нийтийн зориулалттай орон сууцанд согтууруулах ундаагаар үйлчилдэг бол  орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, өргөтгөл хийх, 40 дцб-аас их хэмжээний дуу чимээ гаргах

            7.1.3. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар  улсын техникийн зохицуулалт, стандартын шаардлага хангаагүй, чанар аюулгүй байдлыг баталгаажуулаагүй, тохирлын гэрчилгээ аваагүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх.

           7.1.4  Хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.                     

            Найм.  Хяналт

8.1. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд бүх шатны Засаг дарга болон эрх  олгосон төрийн болон төрийн бус байгууллагууд хяналт тавина.

8.2. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид холбогдох байгууллагууд энэ журмын 3.1-т заасан шаардлагын дагуу чиглэлийн болон төлөвлөгөөт хяналт шалгалт хийх ба 18 сард нэг удаа төвшин тогтоох шалгалтыг явуулна.

8.3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд цагийн хуваарь зөрчсөн, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсантай холбоотой зөрчлийн талаарх тодорхой баримт бүхий мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж шийдвэрлүүлнэ.

8.4. Аймгийн Засаг даргын Тамгын газар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

         Ес. Хариуцлага

9.1. Тусгай зөвшөөрөл олгох, сунгах, олгохоос татгалзах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сэргээхтэй холбогдон гарсан аливаа маргааныг аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газарт хандаж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

9.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.