- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДЫН АРБИТР БОЛОН ГАДААД УЛСЫН ШҮҮХЭД МАРГААН ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, МАРГААНЫГ ХЭЛЭЛЦЭЭНИЙ ЗАМААР ШИЙДВЭРЛЭХ, МАРГААН ҮҮССЭН ТОХИОЛДОЛД БАРИМТЛАХ ЖУРАМ
Засгийн газрын 2017 оны 160 дугаар
тогтоолын хавсралт
ГАДААДЫН АРБИТР БОЛОН ГАДААД УЛСЫН ШҮҮХЭД МАРГААН ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,
МАРГААНЫГ ХЭЛЭЛЦЭЭНИЙ ЗАМААР ШИЙДВЭРЛЭХ, МАРГААН ҮҮССЭН ТОХИОЛДОЛД БАРИМТЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь гадаадын арбитр болон гадаад улсын шүүхэд маргаан (цаашид “маргаан” гэх) үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргааныг шүүх, арбитраар шийдвэрлэх шатанд төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа, дотоод зохион байгуулалттай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Монгол Улсын яам, Засгийн газрын агентлаг, төрийн холбогдох бусад байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд (цаашид “Эрх бүхий этгээд” гэх) маргааныг гадаадын арбитр, гадаад улсын шүүхээр шийдвэрлүүлэх заалт бүхий гэрээ байгуулах, талуудын хооронд үүссэн маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, шүүх, арбитрийн шатанд маргааныг шийдвэрлэх бүх үе шатанд энэхүү журмыг баримтална.
1.3. Энэхүү журмын 1.2-т заасан байгууллага гадаад улсын хуулийн этгээдтэй гэрээ байгуулах, түүнийг хэрэгжүүлэх явцад маргаан үүсгэхээс урьдчилан сэргийлэх, маргаан үүссэн тохиолдолд асуудлыг хэлэлцээний замаар шийдвэрлэхийг эрмэлзэж ажиллана.
Хоёр. Маргаанаас урьдчилан сэргийлэх
2.1. Маргаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг гэрээний төсөл боловсруулах болон гомдол гаргасан шатанд эрх бүхий этгээд авч хэрэгжүүлнэ.
2.2. Гэрээгээр зохицуулах асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гэрээний төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд санал, дүгнэлт гаргах байгууллагын төлөөлөл оролцсон тохиолдолд санал, дүгнэлт өгсөнд тооцно.
2.3. Маргааныг гадаадын арбитр, гадаад улсын шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалт бүхий хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, түүнд нэгдэн ороход уг олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Олон улсын гэрээний тухай хуулийн 9.3-т заасны дагуу холбогдох бусад байгууллагын санал, дүгнэлтийг авна.
2.4. Маргааныг гадаадын арбитр, гадаад улсын шүүхээр шийдвэрлүүлэх тухай заалт бүхий хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, түүнд нэгдэн ороход Олон улсын гэрээний тухай хуульд заасан журмын дагуу тухай бүр хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудтай тохиролцоно.
2.5. Эрх бүхий этгээд нь гадаадын улсын хуулийн этгээдтэй байгуулах орд ашиглах, хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн хуваах, Засгийн газрын бондтой холбоотой болон концессын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд санхүү, төсөв, хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөллийг заавал оруулах бөгөөд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх), холбогдох бусад байгууллагын санал, дүгнэлтийг авна.
2.6. Энэхүү журмын 2.5-д заасан байгууллага нь санал, дүгнэлт гаргахдаа тухайн байгууллагын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн бодлого, Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжид нийцсэн байдал, эрсдэлийг урьдчилан тооцно.
2.7. Хоёр болон олон талт олон улсын гэрээг бүртгэх, хадгалуулах асуудлыг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу зохицуулна. Энэхүү журмын 2.4-т заасан гэрээг байгуулмагц талууд зөвшөөрсөн тохиолдолд хуулбарыг нь гэрээ байгуулсан этгээд хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон Зөвлөлд тус тус хүргүүлнэ.
2.8. Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэхүү журмын 2.7-д зааснаас бусад гэрээг бүртгэн мэдээллийн нэгдсэн санг хөтөлнө.
Гурав. Маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх
3.1. Хөрөнгө оруулагчаас ирүүлсэн гадаадын арбитр, гадаад улсын шүүхэд маргаан үүсгэх тухай албан бичиг, мэдэгдлийг хүлээн авсан эрх бүхий этгээд уг асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Зөвлөлд нэн даруй бичгээр мэдэгдэнэ.
3.2. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү журмын 3.1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор тухайн маргаанд холбогдох яам, агентлаг, байгууллагын эрх бүхий төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулна.
3.3. Ажлын хэсэг нь ажлын 21 хоногийн дотор маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх боломжийг судалж санал боловсруулан Зөвлөлөөр хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
3.4. Энэхүү журмын 3.2-т заасан ажлын хэсэг нь дор дурдсан эрх, үүрэгтэй:
3.4.1. шаардлагатай мэдээ, мэдээллийг холбогдох төрийн байгууллагаас шуурхай гаргуулан авах;
3.4.2. тодорхой асуудлаар шинжээч, мэргэжилтэн томилж, дүгнэлт гаргуулах, шаардлагатай тохиолдолд зөвлөх үйлчилгээ авах;
3.4.3. Засгийн газар маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэхийг даалгасан тохиолдолд хэлэлцээ хийх эрх бүхий этгээдийг томилох, шаардлагатай тохиолдолд зуучлах үйлчилгээ авах, баримтлах журам, чиглэл, удирдамжийн талаарх саналаа Засгийн газарт танилцуулах;
3.4.4. шаардлагатай бусад.
3.5. Засгийн газар маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэхээр тогтсон тохиолдолд түүнийг төлөөлж хэлэлцээ хийх эрх олгох, хэлэлцээ хийх чиглэл, удирдамжтай холбоотой асуудлыг энэхүү журмын 3.2-т заасан ажлын хэсгийн саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.
3.6. Маргалдагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг нь хэлэлцээний явцыг ажлын 10 хоног тутам Засгийн газарт танилцуулж, чиглэл авна.
Дөрөв. Маргааныг шүүх, арбитрын шатанд шийдвэрлэх
4.1. Хөрөнгө оруулагч маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн гадаадын арбитр, гадаад улсын шүүхэд нэхэмжлэл гаргах талаар Засгийн газарт мэдэгдсэн, эсхүл гаргасан бол хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шаардлагатай тохиолдолд холбогдох асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар ахлуулан ажлын хэсэг байгуулна. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2020 оны 91 дүгээр тогтоолоор нэмэлт орсон)
4.2. Энэ журмын 4.1-д заасан ажлын хэсгийг Засгийн газрын шийдвэрээр байгуулах бөгөөд дараах бүрэн эрхтэй байна:
4.2.1. шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг холбогдох байгууллагаас шуурхай, саадгүй гаргуулж авах;
4.2.2. холбогдох албан тушаалтныг ажлын хэсгийн хуралд дуудаж, мэдээлэл авах;
4.2.3. хуулийн зөвлөх компани (цаашид “Зөвлөх компани” гэх)-ийн талаар судалгаа хийж Засгийн газарт танилцуулах;
4.2.4. Засгийн газрын шийдвэрээр сонгогдсон зөвлөх компанитай гэрээ байгуулах. Шаардлагатай тохиолдолд орчуулагч сонгож, гэрээ байгуулах;
4.2.5. зөвлөх компанийн санал болгосон арбитрчдын талаар судалгаа хийж, Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх;
4.2.6. шаардлагатай тохиолдолд шинжээч компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулах, Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр гэрээ байгуулж ажиллуулах;
4.2.7. Засгийн газрыг маргааны нөхцөл байдал, явц, зөвлөх компанийн ажлын гүйцэтгэл болон шаардлагатай бусад мэдээллээр шуурхай, тогтмол хангах;
4.2.8. энэхүү журмын 4.2.4-т заасан хуулийн зөвлөх компанийг шаардлагатай мэдээлэл, баримт бичиг, нотлох баримтаар хангах арга хэмжээ авах.
4.3. Энэхүү журмын 3.4.2, 3.4.3, 4.2.3-т заасан ажиллагааг явуулахад дараах шалгуурыг харгалзаж болно:
4.3.1. тухайн салбар дахь нэр хүнд, туршлага, ажлын амжилт;
4.3.2. тухайн төрлийн маргаан болон холбогдох салбараар мэргэшсэн байдал;
4.3.3. санал болгож байгаа үйлчилгээний хөлс, бусад хөнгөлөлт;
4.3.4. ашиг сонирхлын зөрчилгүй байх;
4.3.5. бусад.
Тав. Шүүх, арбитрын ажиллагааны зардал
5.1. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 4.2.5-д заасны дагуу гэрээ байгуулсан зөвлөх компани болон орчуулагчийн үйлчилгээний хөлс, арбитрын төлбөрийг тухай бүр холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлнэ.
5.2. Энэхүү журмын 5.1-д заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага арбитрын төлбөр, олон улсын хуулийн зөвлөх компани болон орчуулагчийн үйлчилгээний хөлсийг холбогдох дансанд шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулна.
5.3. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага арбитрын ажиллагаатай холбогдон гарах гадаад томилолтын зардлыг дараа жилийн төсөвт тусгуулах арга хэмжээ авна.
Зургаа. Бусад
6.1. Эрх бүхий этгээд энэ журмын хэрэгжилтийг тухай бүр Зөвлөлд танилцуулна.
6.2. Энэхүү журмын 3.5, 4.1-д заасан ажлын хэсгийн гишүүд, олон улсын хуулийн зөвлөх компани, гэрээ байгуулсан орчуулагч болон ажлын журмаар нууцын зэрэглэлтэй мэдээ, баримт бичигтэй танилцсан аливаа этгээд хуулиар хамгаалагдсан мэдээ, баримт бичгийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглаж, хадгалж, хамгаална.
Тайлбар: Төрийн болон албаны нууцын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хүртэлх хугацаанд Төрийн нууцын тухай болон Байгууллагын нууцын тухай хуулийг баримтална.
6.3. Энэ журмын 3.5, 4.1-д заасан ажлын хэсгийн гишүүн төрийн албанаас чөлөөлөгдсөн буюу өөр ажил, албан тушаалд шилжсэн бол маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл нууцыг хадгална.
6.4. Энэ журамд заасан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах албан тушаалтан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу ашиг сонирхлын зөрчилгүй тухай мэдэгдэл гаргана.
---oOo---
Текст томруулах
A
A
A