A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАДНА ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР АШИГЛАЖ БАЙГАА ДҮРС БИЧЛЭГИЙН ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СҮЛЖЭЭНД ХОЛБОХ ЖУРАМ /ЦЕГ-ын даргын 2020 оны А/48 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЦЕГ-ын даргын 2020 оны А/48 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 21 -ны  өдрийн А/120 дугаар тушаалын хавсралт

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАДНА ОРЧНЫ АЮУЛГҮЙ

БАЙДЛЫГ ХАНГАХ ЗОРИЛГООР АШИГЛАЖ БАЙГАА ДҮРС

БИЧЛЭГИЙН ТЕХНИК, ХЭРЭГСЛИЙГ ЦАГДААГИЙН

БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН

СҮЛЖЭЭНД ХОЛБОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээ /цаашид “теле хяналтын нэгдсэн сүлжээ” гэх/-нд холбох харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, стандартуудыг мөрдлөг болгоно.

Хоёр. Дүрс бичлэгийн техник, хэрэгсэлд тавигдах шаардлага

2.1.Нэгдсэн системд холбогдсон, эсхүл нэг бүрийн зориулалттай, хууль сахиулах ажиллагаанд шаардлагатай нотлох баримт болох дууны, дүрсний, дуу-дүрсний мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах боломж бүхий хөдөлгөөнт болон суурин дүрс бичлэгийн техник, хэрэгсэл нь Монгол Улсын “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер, Ерөнхий шаардлага /MNS 6423:2013/, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.4-т заасан стандарт болон олон улсын IP67 стандарт”-д нийцэхээс гадна дараах шаардлагыг хангасан байна:

2.1.1.шилэн кабелийн холболтын үйлчилгээ үзүүлэгч байгууллагад холболт хийгдсэн, бие даасан дэд сүлжээ буюу өөрийн сүлжээний тоног төхөөрөмж, кабель, монтаж болон техникийн өрөөтэй байх;

2.1.2.дүрсний нягтаршил HD1080 Мегапикселээс багагүй байх;

2.1.3.харанхуйд бичлэг хийх чадвартай байх;

2.1.4.төхөөрөмж нь нэг секундэд 24 болон түүнээс дээш /frame /зураг авах, дууг 128 bitrate /kb/s/ болон түүнээс дээш үзүүлэлтээр бичлэг хийх боломжтой байх;

2.1.5.хүний царай зүс, гадаад дүр төрх, содон шинж тэмдгийг татаж томруулах боломжтой байх;

2.1.6.нэгдсэн системд холбогдсон төхөөрөмж нь 168, нэг бүрийн төхөөрөмж нь 72 цагаас багагүй хугацаанд мэдээллийг хадгалах багтаамжтай байх;

2.1.7.газар хөдлөлтийн 8 баллд болон -400 хэмээс +400 хэмд тэсвэртэй байх;

2.1.8.камер, бичлэгийн төхөөрөмжийн тохиргооны горим нь англи болон монгол хэлтэй байх;

2.1.9.шилэн кабелийн сүлжээний хурд нь хандалт хийх камерыг хамгийн багадаа HD720 Мегапиксел дүрсний нягтралаар харах нөхцөлийг хангасан байх;

2.1.10.тоон технологид суурилсан /IP/ камерын систем нь сүлжээний хаягжилт хийж, тохируулах боломжтой байх;

2.1.11.мэдээлэл, өгөгдөл, түүнийг дэмжих дэд бүтцийн нууцлал, аюулгүй байдлыг хангасан байх.

Гурав.Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг теле хяналтын

 нэгдсэн сүлжээнд холбох

3.1.Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн технологи, холбоо хариуцсан нэгж нь барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбоход дор дурдсан эрх, үүрэгтэй:

3.1.1.дүрс бичлэгийн техник, хэрэгслийг теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбох ажлыг зохион байгуулж, хяналт тавих;

3.1.2.теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбогдсон барилга байгууламжийн дотоод сүлжээний төхөөрөмжийн хаягжилтыг өөрчлөх, тохируулах;

3.1.3.энэ журмын 2.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах талаар барилга байгууламжийг эзэмшиж, өмчилж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага /Цаашид “этгээд” гэх/-д шаардлага тавих.

Тайлбар: энэ журамд заасан “Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээ” гэдгийг 24 цагаар тасралтгүй ажиллах, цагдаагийн байгууллага, алба хаагчийн албаны компьютер нь цагдаагийн байгууллагын сервер компьютерт хандалт хийх боломжтой байхаар байгуулсан сүлжээг ойлгоно:

3.2.Барилга байгууламжийг эзэмшиж, өмчилж байгаа этгээд дор дурдсан  үүрэгтэй:

3.2.1.энэ журмын 2.1-д заасан шаардлагыг бүрэн биелүүлэх;

3.2.2.цагдаагийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу үүрэг, туслалцаа үзүүлэх;

3.2.3.барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн аюулгүй байдал, засвар үйлчилгээ бусад холбогдох зардлыг хариуцах;

3.2.4.дүрс бичлэгийн техник, хэрэгсэл гэмтэх, эвдрэх, ашиглалтын шаардлага хангахгүй тохиолдолд даруй засах, солих.

3.3.Барилга байгууламжийг эзэмшиж, өмчилж байгаа этгээд сүлжээнд холбогдсон тоног төхөөрөмжийн цахилгаан тэжээлийн тасралтгүй хэвийн ажиллагааг хангана.

Дөрөв. Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг хэрэглэх

4.1.Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөн зохицуулах үүрэг гүйцэтгэхэд ашиглана.

4.2.Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг ашигласан тохиолдол бүрт тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд аль байгууллагын, ямар дүрс бичлэгийн техник, хэрэгслийг ямар зорилгоор ашигласан, мэдээлэл бичигдсэн огноо, цаг, минут, багтаамж, мэдээллийг авсан этгээдийн албан тушаал, овог, нэр, хувийн дугаарыг заавал тусгана. Тэмдэглэлийг тухайн хяналт хийлгэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хариуцаж, тоног төхөөрөмжийн бүртгэлтэй техникийн дэвтэр хөтөлнө.

4.3.Төхөөрөмжийн мэдээлэл нь хэрэг зөрчлийн шинжтэй, дахин ашиглах хэрэгцээ шаардлагатай бол хэрэгт хавсаргах нэг хувийг дахин бичих боломжгүй мэдээлэл зөөвөрлөх хэрэгсэлд /DVD-R/ болон тухайн байгууллагын төв сервер компьютерт давхар хадгална.

4.4.Эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хяналтын төхөөрөмжийн мэдээллийг дараах хэлбэрээр ашиглаж болно:

4.4.1.мэдээллийг харилцан солилцох;

4.4.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор сэрэмжлүүлэг мэдээлэл бэлтгэх;

4.4.3.сургалтад ашиглах;

Тайлбар: энэ зүйлд заасан эрх бүхий албан тушаалтанд цагдаагийн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, гэмт хэрэг, зөрчлийг шалгах хуулиар эрх олгогдсон алба хаагч, тэдгээрийн удирдах албан тушаалтан хамаарна.

4.5.Мэдээллийг хадгалах, хуулбарлах, олшруулах үед мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах, ил болгох, өөрчлөх, хуулах, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагааг тасалдуулах, хянахаас хамгаалах зэргээр мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах арга хэмжээг заавал авна.

4.6.Эрх бүхий албан тушаалтан дүрс бичлэгийн техник, хэрэгслийг бүртгэх, олгох, буцаан авах, хадгалалт, хамгаалалтад хяналт тавина.

4.7.Дүрс бичлэгийн техник, хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хэрэглэх дадлага чадвар эзэмшүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулна.

4.8.Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг ашиглаж байгаа этгээд дор дурдсан тохиолдолд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ:

4.8.1.теле хяналтын системд хандах, давуу  эрхийг хязгаарлах, хандалтыг таслах, тоног төхөөрөмжийн холболт, тохиргоог өөрчлөх;

4.8.2.камер, бичлэгийн тоног төхөөрөмжийн сүлжээний хаягжилтыг өөрчлөх, зөвшөөрөлгүй иргэнээр хандалт тохируулах;

4.8.3.нэгдсэн сүлжээнд камер, бичлэгийн төхөөрөмжөөс бусад сүлжээний тоног төхөөрөмжийг залгах.

Тав.Бусад

5.1.Мэдээллийг Архивын ерөнхий газрын даргын 2014 оны А/34 дүгээр тушаалаар баталсан “Кино, дуу, дүрсний баримтын хадгалалт, хамгаалалтын заавар”-ын дагуу архивлан, хадгална.

5.2.Мэдээлэлтэй танилцсан эрх бүхий албан тушаалтан албаны, хувь хүний, байгууллагын нууцыг задруулахыг хориглоно.

5.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбуулах үүрэгтэй.

 

 

 

---оОо---