A

A

A

Бүлэг: 1979

 ТЕГ, ГЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан 2017 оны 06 сарын 23-ны өдрийн А/52/А/148/А/123 дугаар тушаалын хавсралт 

 

ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ, ДУУРАЙЛГАН ХИЙХ,

ГАДААД УЛСААС ОРУУЛЖ ИРЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

            1.1.Цагдаагийн албаны тухай хуулийн 50.3-т заасны дагуу нэг бүрийн, олон хүнд нөлөөлөх болон бусад тусгай хэрэгсэл, тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл /Цаашид “Тусгай хэрэгсэл” гэх/”-ийг үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулах зөвшөөрөл олгоход энэ журмыг мөрдөнө.

1.2.Тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулах зөвшөөрөл олгоход Цагдаагийн албаны тухай хууль, Гаалийн тухай хууль тогтоомж, энэхүү журмыг баримтална.

1.3.Цагдаагийн албаны тухай хуулийн 50.3-т заасны дагуу цагдаагийн төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр тусгай хэрэгслийг үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулахыг хориглоно.

Хоёр. Зөвшөөрөл олгох, хяналт тавих

2.1.Иргэн, хуулийн этгээд нь тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулах хүсэлтээ нийслэлд цагдаагийн төв байгууллагын харьяа зөвшөөрөл, бүртгэл хариуцсан нэгж /цаашид “Зөвшөөрөл, бүртгэл хариуцсан нэгж” гэх/-д, аймагт нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад гаргана.

2.2.Иргэн, хуулийн этгээд /цаашид “Хүсэлт гаргагч” гэх/-ээс дараахь баримт, бичгийг хүлээн авна:

а/өргөдөл /тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэх, үйл ажиллагаа явуулах хугацаа/;

б/хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

в/иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, оршин суух хаягийн тодорхойлолт;

г/тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх бол үйл ажиллагаа явуулах газрын байршил, тоног төхөөрөмж, түүний гэрэл зураг;

д/тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, үйлдвэрлэсэн тусгай хэрэгслийг туршиж шалгахад зориулсан байр, тоног төхөөрөмжийн танилцуулга;

е/ажиллах боловсон хүчний танилцуулга;

ж/хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч, ажилтны ял шийтгэл эдэлж байсан эсэх тухай лавлагаа.

2.3.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага хүсэлт гаргагчаас ирүүлсэн хүсэлтийг судалж, Зөвшөөрөл, бүртгэл хариуцсан нэгжид ажлын 3 хоногийн дотор хүргүүлнэ.

2.4.Зөвшөөрөл, бүртгэл хариуцсан нэгж хүсэлт гаргагчийн бүрдүүлсэн материалыг хүлээн авснаас хойш зөвшөөрөл олгох эсэхийг 7 хоногийн дотор судалж, шаардлага хангасан тохиолдолд маягт /Маягт №-1/-ын дагуу зөвшөөрөл олгоно.

2.5.Энэ журмын 2.2-т заасан материал бүрдүүлэлтийн шаардлага хангаагүйн улмаас хүсэлт гаргагчид зөвшөөрөл өгөхөөс татгалзах бол үндэслэлийг зааж, албан бичгээр хариу өгнө.

2.6.Зөвшөөрөл, бүртгэл хариуцсан нэгж тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулах иргэн, хуулийн этгээдэд зөвшөөрлийг тухай бүр олгоно.

2.7.Бүртгэлд авч, зөвшөөрлийн гэрчилгээ /цаашид “Гэрчилгээ” гэх/-г олгосноор тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулах үйл ажиллагаа эрхлэх эрх үүснэ /Маягт-1/.

2.8.Зөвшөөрөл, бүртгэл хариуцсан нэгж болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын хэв журам хариуцсан нэгжийн ахлах байцаагч тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулах  үйл ажиллагаанд хяналт тавьж, сан бүрдүүлнэ.

2.9.Тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулах үйл ажиллагаанд хяналт тавихад хэсгийн төлөөлөгч, байцаагч байнгын дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

2.10.Энэ журмын 2.8-д заасан мэдээллийн сангаас тагнуулын төв байгууллага авч ашиглаж болно.

2.11.Тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулж ирэхийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг хориглоно.

Гурав.Гэрчилгээг хүчингүй болгох

3.1.Тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулах гэрчилгээг Зөвшөөрөл, бүртгэл хариуцсан нэгж нь дараахь тохиолдолд хүчингүй болгоно:

а/хууль тогтоомж зөрчсөн;

б/хуулийн этгээдийн удирдлага, ажилтнаас удаа дараа гэмт хэрэг, зөрчил гаргасан, зөрчлийг нуун дарагдуулсан, тухайн зөрчилд арга хэмжээ аваагүй;

в/иргэн, хуулийн этгээд нь өөрөө хүсэлт гаргасан, хуулийн этгээд татан буугдсан, үйл ажиллагаатай нь холбогдуулан цагдаагийн болон бусад эрх бүхий төрийн байгууллагаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй.

3.2.Гэрчилгээг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор гэрчилгээ эзэмшигч иргэн, хуулийн этгээд, харьяалах татварын албанд албан бичгээр мэдэгдэнэ.

3.3.Тагнуул, гааль, цагдаагийн байгууллага тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулах иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавина.

3.4.Шаардлагатай тохиолдолд тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх, гадаад улсаас оруулах үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг иж бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар шалгаж болно.

Дөрөв.Тусгай хэрэгсэл үйлдвэрлэх, дуурайлган хийх,

 гадаад улсаас оруулахад тавигдах шаардлага

4.1.Тусгай хэрэгсэл нь техникийн норм, дүрэм, стандарт, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, үйлдвэрлэгчийн тодорхойлолтоор баталгаажсан байна.

4.2.Гадаад улсаас оруулах тусгай хэрэгсэл нь үйлдвэрлэгч улсын стандарт, техникийн норм, дүрэм, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан, үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолтоор баталгаажсан байна.

4.3.Тусгай хэрэгслийг үйлдвэрлэсэн, дуурайлган хийсэн иргэн, хуулийн этгээд тусгай хэрэгслийн техникийн үзүүлэлт, аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцэж байгааг зохих баримт бичгээр баталгаажуулна.

Тав.Тусгай хэрэгсэл хилээр нэвтрүүлэхэд хийх гаалийн шалгалт

5.1.Зөвшөөрөл, бүртгэл хариуцсан нэгж нь улсын хилээр тусгай хэрэгсэл нэвтрүүлэх хүсэлтийг хүлээн авч, ажлын 7 хоногийн дотор судалж, маягт /Маягт №2/-ын дагуу зөвшөөрөл олгоно.

5.2.Тусгай хэрэгсэл хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд нь гаалийн мэдүүлгийг дагалдах бичиг баримтын хамт гаалийн байгууллагад гаргаж өгнө.

5.3.Гаалийн байгууллага нь гаалийн мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт хүлээн авч, гаалийн хууль тогтоомжийн дагуу бичиг баримт болон бараанд шалгалт хийж, тусгай хэрэгслийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах эсэхийг шийдвэрлэнэ.

5.4.Хилээр нэвтрүүлсэн тусгай хэрэгслийн зөвшөөрөлд гаалийн байгууллага тэмдэглэл хийж, гаалийн мэдүүлэгт хавсаргаж үлдээнэ /Маягт-2/.

5.5.Гаалийн байгууллага “Тусгай хэрэгслийг улсын хилээр оруулсан мэдээ"-г гаалийн удирдах төв байгууллагын гаалийн хяналт шалгалт хариуцсан нэгжид сар бүрийн 30-ны өдрийн дотор ирүүлнэ.

5.6.Гаалийн хяналт шалгалт хариуцсан нэгж нь мэдээг нэгтгэн дараа сарын 5-ны өдрийн дотор цагдаагийн төв байгууллагын гэрчилгээ олгосон нэгжид хүргүүлнэ.

5.7.Гаалийн хууль тогтоомжийн зөрчлийн улмаас хураагдсан болон нягтлан шалгах зорилгоор саатуулагдсан тусгай хэрэгслийг гаалийн удирдах төв байгууллагад, мэдээллийг цагдаагийн байгууллагын Зөвшөөрөл, бүртгэл хариуцсан нэгжид хүргүүлнэ.

 

----оОо----